| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
| Хэргийн индекс | 128/2017/0492/З |
| Дугаар | 823 |
| Огноо | 2017-11-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 823
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийж, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй “нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Ц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Нэхэмжлэгч “Ц” ХХК нь 1997 онд байгуулагдсан бөгөөд соёл урлаг, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус компани нь Нийслэлийн Засаг даргын 1999 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/107 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны /одоо 3 дугаар хороо/ нутаг дэвсгэрт соёл гэгээрлийн барилгын зориулалтаар 0.06 га газрыг эзэмшиж, ашиглаж байгаа болно.
“Ц” ХХК-ийн өмчлөлийн Ц Хаус төвийн хойд талд “Д Т С” ХХК нь 5500 м.кв, зүүн талд “Р П” ХХК 21502 м.кв, “Х” ХХК 2859 м.кв газрыг тус тус эзэмшиж ирсэн бөгөөд баруун талдаа авто замтай болно.
Манай компани нь өөрийн эзэмшлийн 600 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэхээр удаа дараалан Нийслэлийн Засаг дарга болон газрын албанд хандаж хүсэлт гаргаж байсан боловч тодорхой бус шалтгаанаар татгалзсаар ирсэн бөгөөд хамгийн сүүлд газрын гэрчилгээгээ эх хувиар нь авч ирэхийг шаардсан болно. Гэвч манай компанийн газрын гэрчилгээ Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаагаас шалтгаалан эх хувийг гаргаж өгч чадаагүй болно.
Энэ хугацаанд “Ц” ХХК-ийн урд талд барилга барьж байгаа “Х” ХХК нь манай компанид хүсэлт тавьсны дагуу 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ц хаус төвийн барилгын доод давхарт байрлах граж руу орох хэсгийг /гарц/ өөрчлөн газрыг хязгаартайгаар ашиглах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусмагц эргүүлэн хуучин хэвэнд нь оруулж өгөхөөр тохиролцсон болно.
Гэрээний хугацаа дууссан даруйд бид гэрээнд заасны дагуу Ц хаус төвийн барилгын доор байрлах автомашины гражийн хаалга, гарц хэсгийг барилгын зураг төсөлд заасны дагуу буцаан хуучин байдалд нь оруулахыг “Х” ХХК-иас шаардсан боловч тус компани боломжгүй, манай компанийн эззмшлийн газар болсон гэсэн хариуг өгсөн болно.
Иймээс бид Нийслэлийн Газрын албанд “Х” ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож газар чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан боловч Нийслэлийн Газрын албанаас ирүүлсэн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03/2082 тоот албан бичигт Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамжаар “Х” ХХК нь газрын хэмжээгээ нэмэгдүүлэн 3222 м.кв талбайтай болсон тухай хариуг ирүүлсэн болно.
“Х” ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчин бидэнд мэдэгдэлгүй “Ц” ХХК-ийн барилгын доорх граж руу орох хэсгийн гарц бүхий газрыг өөрийн компанийн нэр дээр эзэмших хүсэлт гарган эзэмшилдээ авсан нь хууль бус гэж үзэж байна.
Учир нь “Ц” ХХК нь Нийслэлийн Газрын албанд хамгийн сүүлд гэхэд 2016 онд газраа нэмэгдүүлэх талаар хүсэлт тавьсан боловч огт хариу өгөлгүй нэг жил болсны дараа үндэслэлгүйгээр бусдын ашиглаж буй талбайг “Х” ХХК-ийн эзэмшилд шилжүүлснийг бид олж мэдлээ.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсэг нь бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, Ц Хаус төвийн барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдалд хүргээд байна.
Мөн Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмших хүсэлтийн шаардлагад дурдагдсан 31.3. “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэн заалтыг зөрчиж газар ашиглах гэрчилгээ олгосон байх тул энэхүү Нийслэлийн Засаг даргын захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасанчлан илт хууль бус актын шинжийг агуулсан байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус актад тооцож өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд:
“Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулу байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх “Х” ХХК нь 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2859 м.кв талбай бүхий газрыг “Ш*******” ХХК-иас шилжүүлэн ашиглах эрхтэй болсон байна.
2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/179 дүгээр захирамжаар газар ашиглах эрхээ 5 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд “Х” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16/112 тоот албан бичгээр ашиглаж буй газрын хэмжээг өөрчлөх тухай албан бичиг хүсэлтийг судлан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар барилгажилтын зөвлөл”-ийн 2014 оны 10 дугаар сарын 03, 12 дугаар сарын 07, 2015 оны 01 дүгээр сарын 10, 01 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг тус тус хянан үзээд 363 м.кв талбайг нэмэгдүүлэн 3222 м.кв талбай болгон өөрчлөн ашиглуулсан нь нэхэмжлэгч “А” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Х” ХХК нь 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаар захирамжаар Сүхбаатар “АСА” циркийн баруун талд 2859 м.кв газрыг ашиглах эрхийг “Ш*******” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/179 дүгээр захирамжаар газар ашиглах эрхээ 5 жилийн хугацаатайгаар сунгуулсан байдаг. “Х” ХХК нь өөрийн ашиглалтын газарт зохих зөвшөөрлийн дагуу 24 давхар, худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай өндөр зэрэглэлийн барилгыг барьж байгаа болно. Бид 2014 онд нэхэмжлэгч “Ц” ХХК-тай Түрээсийн гэрээ байгуулж, тус компанийн өмчлөлийн Ц Хаус барилгын 2, 3 давхрыг оффисын зориулалтаар түрээсэлж байсан. Тухайн үед нэхэмжлэгч маргаан бүхий газрыг “Ц” ХХК-ийн эзэмшлийн газар хэмээн бидэнд итгүүлж, уг газрыг бидэнд ашиглуулсны төлөө хариу төлбөр авч ирсэн. Энэ харилцаа 2016 оны сүүл хүртэл үргэлжилсэн бөгөөд 2016 оны сүүлээр бид тухайн газар нь хэн нэгний эзэмшил, ашиглалтын бус газар гэдгийг мэдсэн бөгөөд бид нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах ажилд бага хэмжээний хувь нэмэр оруулах үүднээс уг газарт ногоон байгууламж байгуулж, нийтийн эзэмшлийн зориулалттай тохижилт хийх зориулалтаар газрыг ашиглах хүсэлтэй байгаагаа Нийслэлийн Газрын албанд зохих ёсоор гаргасан. Нийслэлийн Газрын алба бидний хүсэлтийг хүлээн авч, шалгаад Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байдаг.
Манай компани хуульд заасан зохих журмын дагуу маргаан бүхий газрыг ашиглах эрхийг олж авсан боловч нэхэмжлэгч “Ц” ХХК нь “Х” ХХК-д газар ашиглах эрх олгож шийдвэрлэсэн нь илт хууль бус хэмээн тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлдээ дор дурдсан үндэслэлүүдийг дурдсан байна. Үүнд:
- Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлйин 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг зөрчиж, газар ашиглах эрх олгосон,
- Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус актын шинжийг агуулсан байна.
Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
1. Маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцалтай эсэх: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч тухайн газрыг өөрийн эзэмшлийн газартай давхцалтай байсан гэж маргадаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтын газрын кадастрын зургаас харахад тухайн газруудад ямар нэгэн давхцал байхгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргасан боловч газрын албанаас хүсэлтийг хангаагүй гэж дурдсан, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарт маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтын газар биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд тусгагдсан байдаг.
Иймд нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг үндэслэн маргаан бүхий газар түүний эзэмшлийн газартай давхцалтай гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу уг үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
2. “Ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал байгаа эсэх: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байдаг. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргаж буй этгээдийн хуульд заасан тодорхой эрх зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон байх ёстой байна. Учир нь маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээдэд ашиглуулахаар шийдвэрлэсэн 363.3 м.кв газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай ямар нэгэн давхцал байхгүй байдаг. Үүнийг нэхэмжлэгч ч өөрөө хүлээн зөвшөөрсөн нь хавтаст хэрэгт авагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд тусгагдсан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “ашиглаж байгаа газар нь манай компанийн доод талын граж хэсэгт байдаг... бид нар тэрийг бол эзэмшээгүй” гэсэн тайлбараас харагддаг.
Түүнчлэн хавтаст хэргийн 45 болон 47 дугаар талуудад авагдсан нотлох баримтуудаас харахад “Х” ХХК нь маргаан бүхий захиргааны актын дагуу олгогдсон 363.3 м.кв газарт ногоон байгууламж байгуулж, нийтийн эзэмшлийн талбай болгон тохижилт хийхээр төлөвлөсөн бөгөөд хариуцагч уг зориулалтаар газар ашиглах эрхийг гуравдагч этгээдэд олгосон байна. Маргаан бүхий газарт ногоон байгууламж байгуулж, нийтийн эзэмшлийн талбай болгон тохижилт хийснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал бий болохгүй. Харин эсрэгээрээ “Х” ХХК нь нэхэмжлэгч болоод тухайн ойр орчмын бүхий л байгууллага, оршин суугчдад ашигтай, тэдний тав тух, үзэгдэх орчинг сайжруулсан бүтээн байгуулалтыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа билээ. Иймд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй буюу нэхэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.
Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн бус талбайг ашиг олох зорилгоор түрээслүүлсэн нь хууль бус үйлдэл бөгөөд 2 жилийн хугацаанд биднийг хууран мэхэлж, ашиг олж байсан атлаа “Х” ХХК-ийн зохих журмын дагуу олж авсан газар ашиглах эрхийг илт хууль бус актад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүйгээс гадна зүй ёсонд нийцэхгүй байна.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын А/58 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүхэд “Ц” ХХК-иас анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгчийн эрх залгамжлагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэж өөрчилсөн тул энэхүү шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргалаа.
Шүүх “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд уг маргаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар “Х” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглаж буй 2859 м.кв газрыг 363 м.кв талбайгаар нэмэгдүүлэн нийт 3222 м.кв газар ашиглуулахаар шийдвэрлэж маргаан бүхий захиргааны актыг гаргаж, нэмэгдүүлсэн газрын хэмжээгээр 00345968 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан байна.
Харин “Ц” ХХК-д нийслэлийн Засаг даргын 1999 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А-107 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0,06 га газрыг олгосон бөгөөд уг газартаа 2000 оны 7 дугаар сараас 2002 оны 04 дүгээр сар хүртэл “Ц хаус” нэртэй барилгыг барьж ашиглалтад оруулжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Х” ХХК-д нэмж олгосон 363 м.кв маргаан бүхий газрыг нэхэмжлэгч компанийн өмчлөлийн барилгын зоорийн давхрын орц гарц байхаар төлөвлөгдөн баригдаж, зориулалтын дагуу ашиглагдаж байгаа болох нь тогтоогдож байна. Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн албан бичигт хавсаргаж ирүүлсэн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2010, 2013, 2014 онуудын агаарын зураг, “М” ХХК-ийн гүйцэтгэсэн “Ц” ХХК-ийн соёл гэгээрлийн төвийн ажлын зураг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлын хэсгийн 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 35/2002 дугаар акт, “Х” ХХК-ийн нэгж талбарын 18642310******* дугаартай 2859 м.кв талбай бүхий кадастрын зураг зэргээр.
Нөгөөтэйгүүр маргаан бүхий 363 м.кв газрыг “А” ХХК-ийн өмчлөлийн “Ц хаус” барилгын сууриар “Х” ХХК-д ашиглуулахаар нэмж олгосон нь нэгж талбарын 18642310******* дугаар кадастрын зураг, нийслэлийн Газрын мэдээллийн сангийн 2017 оны зурган мэдээллээр нотлогдсон болно.
Мөн ”барилгын суурийн дагуу гуравдагч этгээдэд нэмж газар ашиглуулахаар олгосон” гэх үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “...газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан эрхийн хүрээнд нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актаар “Х” ХХК-д 363 м.кв газрыг нэмж олгохдоо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчсөн гэж шүүхээс дүгнэлээ.
Тухайлбал, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгын орц гарцтай давхцуулан гуравдагч этгээдэд газар нэмж ашиглуулсан нь нэхэмжлэгчийг өөрийн өмчийг бүрэн хэмжээгээр ашиглах боломжгүй болгох улмаар захиран зарцуулах эрхийг ч хязгаарлах үр дагавартай тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр маргаан бүхий газрыг нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшээгүй хэдий боловч уг газарт нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгын зоорийн давхрын орц гарц байхаар төлөвлөгдөн баригдсан, уг зориулалтын дагуу ашиглагдаж байгаа бөгөөд урьдын жилүүдэд “Ц” ХХК нь өөрийн өмчлөлийн барилгын орчин тойронд хамаарах газрыг эзэмших хүсэлтийг Нийслэлийн газрын албанд удаа дараа гаргаж байсан гэх мэтгэлцээнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гуравдагч этгээд “Х” ХХК нэхэмжлэгч компанийн өмчлөлд буй барилгын хойд талд барилга угсралтын ажил явуулахдаа уг барилгын ажлаа дэмжих зорилгоор 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан гэрээнд “...“Х” ХХК нь барилгын ажил явуулах талбайн хойд талын “Ts h”-тай залгаа ханыг нурааж...”, ““Х” ХХК нь барилгын ажлыг дууссаны дараа нураасан хашааг дахин барьж, өөрчилсөн караокены үүдийг хуучин хэвэнд нь оруулна” гэж тохирчээ.
Иймээс бодит байдал дээр маргаан бүхий газар нь нэхэмжлэгч компанийн эзэмшилд байсан боловч гуравдагч этгээдийн хүсэлтээр орц гарцад хамаарах хэсгийг түр хугацаагаар буулгаж, багасгасан тул Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ”, 48.4-т “Газар эзэмшигч, ашиглагч нь газраа бусдад хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулснаас уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болбол тийнхүү ашиглахыг зогсоохыг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж байгаа этгээдээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь орц гарцыг хэвийн байдалд оруулахыг хязгаарлагдмал эртхэйгээр ашиглах эрх үүсгэсэн гуравдагч этгээдээс шаардах, хэвийн байдлаар үргэлжлүүлэн ашиглах эрхтэй болно.
Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “маргаан бүхий газрыг эзэмшүүлэхийг даалгах” гэж тодорхойлоогүй боловч 1994 оны Газрын тухай хуулийн зохицуулалтаар нийслэлийн Засаг дарга 1999 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А-107 дугаар захирамжаар анх “Ц” ХХК-д соёл, гэгээрлийн барилгын зориулалтаар 600 м.кв газар олгосон, энэхүү газрын хэмжээгээр барилга баригдсан болох нь тогтоогдож байх тул тус барилгын зоорийн давхрын автомашины зогсоол руу орж гарах гарцад хамаарах маргаан бүхий 363 м.кв газрыг “А” ХХК хуулийн хүрээнд эзэмших бүрэн эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг алдагдуулж нийслэлийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар “Х” ХХК-д 363 м.кв газар нэмж олгосон нь “А” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ