Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2021/0133

 

 

 

                                                   “С” ХХК-ийн гомдолтой              

                                                 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, С.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Я.Э хариуцагч Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.П, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Г.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч Н.Т-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн онцгой байдлын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг баримтлан Нийслэлийн онцгой байдлын гал түймрийн хяналтын улсын байцаагч Н.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дүгээр шийтгэлийн хуудсаар “... “С” ХХК-иас хохиролд 426,370,409 төгрөгийг гаргуулж, “Н” ХХК-д төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн хэсэгт холбогдох гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч Л.Ж давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын байцаагч Н.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай.

71 дүгээр шийдвэрийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бичгээр гарсныг гардан аваад зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын байцаагч Н.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь шүүх хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу дүгнэж, гэм буруугийн асуудалд эцэслэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь гомдол гаргагч талын эрх хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байгаа нь дор дурдсан үндэслэлээр тогтоогдоно.

Нэг. Хууль буруу хэрэглэсэн тухайд.

1.1 Шvvхээс “С” ХХК-ийн Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д “Холбогдох хууль тогтоомж галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилох” гэж заасныг зөрчсөн гэж шийдвэрлэсэн. Уг үндэслэлийг гомдол гаргагч талаас огт хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй байгаа бөгөөд гал гарснаас хойш зөрчил хянан шийдвэрлэх зорилгоор цагдаагийн хэрэг бүртгэл, онцгой байдлын ажиллагаа, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн маргаан хүртэл бүхий л үе, шатуудад “С” ХХК чухам ямар зөрчил гаргасныг эцэслэн тогтоогоогүйг галын улсын байцаагч Н.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дүгээр шийтгэлийн хуудас болон шүүхэд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Тухайлбал, галын улсын байцаагч Н.Т нь зөрчил шалган шийдвэрлэхдээ өөрийн зүгээс уг хэрэгт хяналт, шалгалт, шинжилгээ зэргийг огт хийгээгүй байтлаа Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байдаг.

1.2 Галын улсын байцаагч Н.Т нь шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан үүрэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “...эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа... хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтоосон байна” гэж заасан үүргээ тус тус зөрчсөн байхад анхан шатны шүүхээс Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосон нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл галын улсын байцаагч Н.Т-д хуульд заасан эрх, үүрэг, зөрчлийг эцэслэн тогтоох цаг хугацаа, эрх мэдэл байсан боловч огтоос тийм үйлдэл хийгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно.

1.3 Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-д  “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасны дагуу “С” ХХК нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан 11 үүрэг шаардлагыг яг алийг нь хэрэгжүүлээгүй, 17.2.1 дотроо яг аль төрлийн зөрчлийг гаргасан гэж үзсэн нь шийтгэлийн хуудсаас тодорхойгүй, түүнд хуулийн шаардлагыг хангуулж дурдаагүй, үүнийг эрх бүхий албан тушаалтан тогтоогоогүй, ийм зөрчил байхгүй байхад анхан шатны шүүхийн шүүгч ийнхүү эрх бүхий албан тушаалтны өмнөөс дүгнэлт хийжээ.

Хоёр: Гэм буруугийн асуудалд дүгнэлт өгөөгүй тухайд.

2.1 Гомдол гаргагч шүүхэд анхан шатны журмаар гомдол гаргахдаа галын улсын байцаагч Н.Т-ын гаргасан 0034001 дүгээр шийтгэлийн хуудас нь “С” ХХК-ийн буруутай үйлдлийг тогтоосон мэтээр дүгнэж, шийдвэр гаргаснаас болж гэм хорын асуудал үүсч байгаа тул уг шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс гэм буруу, шалтгаант холбоо, асуудалд огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасан хуулийн шаардлагыг зөрчсөн үйлдэл болсон байна. Учир нь, 2.1-д “Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ “Прокурорын тогтоолоор Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1511 дүгээр Прокурорын тогтоолын Олсон нь хэсэгт ...дүгнэлт, гэрч нарын модуль, шинжээч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гал гарсан үйлдэл явдал нь хэн нэгний буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болсон нь тогтоогдоогүй. “Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна, харин Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих буюу Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд заасан зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулах үндэслэлтэй байна” гэсэн прокурорын шийдвэрийг үндэслэсэн байна. Цагдаа, прокурорын байгууллагаас гэм буруугийн асуудал тогтоогдохгүй байна гэж тогтоосон байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэм буруу, шалтгаант холбооны асуудалд дүгнэлт хийгээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болсон.

2.2 Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материал зэргээс үзэхэд гал гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагч утсанд шилжилтийн эсэргүүцэл, богино холболт, гэх мэтээс үүдэн гэмтэл үүсч улмаар гал гарахад хүргэсэн байх магадлалтай” гэсэн дүгнэлт гарсан.

Анхан шатны шүүхээс уг гал гарах үндсэн шалтгааныг тогтоох боломжтой шинжээчийн дүгнэлтийг буруу тайлбарлаж, үндэслэсэн байна. Тухайлбал, чухам яг шилжилтийн эсэргүүцлээс, эсхүл богино холболтоос үүдэн гал гарсан эсэх, хэрэв тийм бол гомдол гаргагч талын ямар буруутай үйлдлийн улмаас шилжилтийн эсэргүүцэл, богино холболт болсныг эрх бүхий байгууллагын хууль ёсны, хүчин төгөлдөр эрх зүйн актаар тогтоогдсон тохиолдолд, мөн “гэх мэт”  /энэ нь өөр бусад олон шалтгааны улмаас гал гарсан байж болзошгүй гэсэн утгыг илэрхийлж байна/ бусад үйлдлээс ч болж гал гарсан байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан байтал ерөнхий байдлаар тоймлон бусдыг гэм буруутайд тооцсон нь нотлох баримтад дутуу, буруу үнэлэлт өгч шударга ёсны зарчим зөрчсөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг зөрчсөн үйлдэл болсон байна.

2.3 Гамшиг судлалын хүрээлэн, аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12/119 дүгээр шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх үндэслэл болгосон байна. Уг дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүссэн байна. Бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсвэл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр гаднаас буюу гуравдагч этгээдийн үйлдэл байж болно шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсч бөмбөлөг үүсдэг” гэж дүгнэлт гаргасан байна.

Дээр дурдсанчлан анхан шатны шүүх, галын улсын байцагч нь гомдол гаргагч талын ямар буруутай үйлдэл гаргасны улмаас гал гаргаж, зөрчил үйлдсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоогүй байж гэм буруутайд тооцож байгаа хуульд нийцэхгүй байна. Мөн гал чухам юунаас болж гарсан, хэний ямар буруутай үйлдэл байгааг тогтоох боломжтой дүгнэлтийг эрх бүхий байгууллага болох Геологийн төв лаборатори, төрийн өмчит үйлдвэрийн газар гаргах боломжтой байсан боловч 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 677 дугаар албан бичгээр “Геологийн төв лабораторийн хүчилтөрөгч тодорхойлдог VARIO MACRO CUBE-elementar багаж нь тодорхой шалтгааны улмаас 2019, 2020 онуудад бүрэн ажиллаагүй болно” өөрөөр хэлбэл, гал юунаас болж гарсныг шинжлэх боломжгүй байна гэсэн баримтыг анхан шатны шүүх нотлох баримт хэмжээнд үнэлж, дүгнэлт өгөөгүй байна.

2.4 Галын улсын байцаагч Н.Т нь прокурорын байгууллагаас 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Онцгой байдлын газарт хэргийг шилжүүлснээс хойш өөрийн гаргасан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дүгээр шийтгэлийн хуудас гарах хүртэл дөрвөн сар гаруйн хугацаанд хуульд тусгайлан зааснаар уг асуудлыг шалгах, үнэн зөв, бодитоор шийдэх боломж, цаг хугацаа, эрх, үүрэг байсныг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоох боломжтой байсан. Улсын байцаагч нь энэ хугацаанд буюу шийтгэлийн хуудас гаргахаас 9 хоногийн өмнө цорын ганц ажиллагаа хийсэн нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Геологийн төв лаборатори, төрийн өмчит үйлдвэрийн газарт лавлагаа хүссэн албан бичиг явуулсан байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно.

 2.5 Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... “С” ХХК нь тухайн барилга байгууламжийн /гал гарсан хэсгийн/ өмчлөгч, уг байгууламжийн түрээслэгч этгээдийн хувьд объектын бүрэн бүтэн, аюулгүй байдал, тухайн объектод үйл ажиллагаа явуулж байгаа болон түүгээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах үүрэг бүхий субъект... улмаар зөрчихгүй байх нийтлэг үүрэгтэй” гэж “С” ХХК-ийн хувьд Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаж ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан олон баримтаар тогтоогдох бөгөөд нөгөө талаар объектын өмчлөгч л бол тухайн объектод гарсан гар түймрийн гэм буруутан, хохирлыг хариуцах этгээд гэж үзэх, тийм хуулийн зохицуулалт байхгүй юм.

Галын улсын байцаагч н.Т нь хэргийг үнэн зөв, бодитоор, эцэслэн шийдвэрлэх зорилгоор Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3511 дүгээр тогтоолын Олсон нь хэсэгт “...дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, шинжээч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гал гарсан үйлдэл явдал нь хэн нэгний буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болсон нь тогтоогдоогүй” гэсэн хэсгийг хэрэв хүлээн зөвшөөрөхгүй байсан бол холбогдох хуульд тусгайлан заасны дагуу өөрийн санаачилгаар хэргийг шалгаж, эцэслэн, эцсийн дүгнэлтийг гаргах бүрэн боломжтой байсан бөгөөд түүнд хуульд зааснаар эрх, үүрэг, цаг хугацаа ч мөн хангалттай байсан.

Гэвч прокуророос шилжүүлсэн хэрэгт “Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих буюу Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд заасан зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлж, шалгуулах үндэслэлтэй байна” гэснийг хүлээн авч биелүүлэхдээ шалгалт, шинж үзлэг хийгээгүй байтлаа ерөнхийлөн, тоймлон гомдол гаргагч тал Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлийг зөрчсөн, үүнийг анхан шатны шүүх 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалт, нийтлэг журам зөрчсөн нь гомдол гаргагч талын гэм бурууг тогтоож, улмаар гэм буруугийн шалтгаант холбооны улмаас гэм хорын асуудал яригдах нь зүйтэй мэтээр дүгнэсэн байна. Зүй нь нийтлэг журам зөрчих нь эрх зүйн нэг асуудал, харин гэм бурууг тогтоож, шалтгаант холбооны дагуу гэм хорын асуудал үүсэх нь эрх зүйн өөр харилцаа болох тухай Захиргааны хэргийн анхан шатны шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэл бүхий гомдлын шаардлагаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 71 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Онцгой байдлын гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, галын улсын байцаагч Н.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагч Н.Т нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, И март худалдааны төвийн В1 давхраас 6 давхар хүртэл цахилгаан дамжуулах утсанд гал түймэр гарч эд зүйлс шатаж, бараа материал тортог үүссэн гэх асуудлыг шалган, “С” ХХК нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гал гарсан болох нь хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт, холбогдох гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж үзэн, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дугаартай шийтгэлийн хуудсаар “С” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хохирлын 426,370,409 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсаар оногдуулсан хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүргийг нарийвчлан тодорхойлон, 19 дүгээр зүйлд галын аюулгүй байдлыг хангах талаар тавих нийтлэг шаардлагыг нэрлэн заасан.

Мөн Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.5-д зааснаар барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь тухайн барилга байгууламжийг галын аюулаас урьдчилан сэргийлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн болон экологийн шаардлагыг хангуулах үүрэгтэй байна.

Гомдол гаргагчаас “...объектийн өмчлөгч л бол тухайн объектод гарсан гал түймрийн гэм буруутан, хохирлыг хариуцах этгээд гэж үзэх, тийм хуулийн зохицуулалт байхгүй, ... гомдол гаргагч ямар буруутай үйлдэл гаргасны улмаас гал гаргаж, зөрчил үйлдсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоогоогүй байж гэм буруутайд тооцож байгаа нь хуульд нийцэхгүй, гэм буруутай болохыг тогтоогоогүй, манай байгууллага Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаж ирсэн” гэх боловч гомдол гаргагч нь уг объектийн хууль ёсны өмчлөгч, түрээслэгчийн хувьд хуульд заасан нийтлэг үүргээ хэрэгжүүлж, барилга ашиглалтын үед иргэний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд үйлчлүүлэх, ажиллах, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангах, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй байх, галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хор хөнөөлийг хязгаарлах зэргээр бүхий л байдлаар хариуцлагатай үүрэг хүлээнэ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3511 дүгээр тогтоолоор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй ба хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан... байгууллагын галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй...-н улмаас гал гарсан байх тул Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх үндэслэлтэй...” гэж дүгнэсэн, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор “...үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гал гарсан үйл явдал нь хэн нэгний буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болсон нь тогтоогдоогүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна, харин Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих буюу Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд заасан зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулах үндэслэлтэй байна...” гэж өөрчилсөн.

Гамшиг судлалын хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12/119 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд илрүүлсэн цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүссэн. Бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсвэл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж, гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсч бөмбөлөг үүсдэг, бөмбөлөг илэрсэн цахилгааны утсыг нарийвчилсан шинжилгээнд хамруулж бөмбөлөгт агуулагдах хүчилтөрөгчийн агууламжийг тодорхойлсноор гал гарах шалтгаан нөхцөл болсон эсэхийг тодорхойлох боломжтой...” гэсэн,

 Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 252/1788 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...гал түймэр нь уг худалдааны төвийн 1 дүгээр давхрын цахилгаан өрөөнөөс үүсвэрлэн гарч улмаар В1 болон 6 дугаар давхар хүртэл цахилгаан дамжуулах утсаар дамжин тархсан байна, ...гал гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагч утсанд шилжилт эсэргүүцэл, богино холболт гэх мэтээс үүдэн гэмтэл үүсч улмаар гал гарахад хүргэсэн магадлалтай байна” гэсэн, уг дүгнэлтийг гаргасан шинжээч У.У “...тухайн обьектийн аюулгүй байдлыг холбогдох байгууллага өөрөө бүрэн хариуцах ёстой, ...барилга стандарт, шаардлага хангасан учраас улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулаад хэвийн ашиглаж байсан” гэж, шинжээч Б.Д “...байгууллагад гал болон цахилгааны аюулгүй байдлыг тусгайлан хариуцсан алба хаагч, ажилтан байдаг бол тухайн албан тушаалтан тогтмол хянаж хариуцна. Тийм албан тушаалтан байхгүй тохиолдолд тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага хохирол, эсрдэлийг бие даан хариуцна, ... галын аюулгүй байдал болон цахилгаан байгууламж ашиглалтын дүрэм зөрчигдсөнөөс болж гал түймэр гарсан гэдэг нь тогтоогдож байна. Ачаалал хэтэрсэн гэж үзэхээргүй байна” гэж тус тус мэдүүлсэн байна. 

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-д “Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана” гэж заасны дагуу хариуцагч нь гал гарсан шалтгааныг тогтоохтой холбоотой “хэргийн газраас авсан бөмбөлөг үүссэн цахилгааны утсанд хүчил төрөгчийн хэмжээг тодорхойлуулж гал гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох” итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт гаргуулах талаар шаардлагатай арга хэмжээг авсан болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, хариуцагчаас дээрх лабораторийн дүгнэлтийг гаргуулахаар Геологийн төв лабораторид хандахад тус лабораторийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 677 дугаар албан бичгээр “...хүчил төрөгч тодорхойлдог VARIO MACRO CUBE-elementar  багаж нь тодорхой шалтгааны улмаас 2019, 2020 онуудад бүрэн ажиллагаагүй” гэх шалтгаанаар дүгнэлт гаргах боломжгүй болсон хэдий ч дээр дурдсан бусад нотлох баримтаар гомдол гаргагч нь хуульд заасан галын аюулгүй байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон тул хариуцагч холбогдох шинжээчийн дүгнэлт, гэрч, шинжээч нарын мэдүүлэг бусад баримтуудыг үндэслэн гал гарсантай холбоотой хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 4.11 дүгээр зүйлийн 6-д “Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно” гэж заасан.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4.3-т “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах”, 4.11 дүгээр зүйлийн 6-д “Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэсний дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл дахин шинжилгээ хийлгэх, нэмэлт нотлох баримт цуглуулах зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргах эрхтэй бөгөөд гомдол гаргагч ийм хүсэлт гаргаагүй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн гэрч “М.Э.О” ХХК-ийн захирал Ч.П-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлэгт “...манай компани И.М худалдааны төвийн өндөр хүчдэлийн хуваарилах байгууламжийн үзлэг, сэлгэн залгалтыг хариуцан ажилладаг, И.М худалдааны төвийн дотор цахилгааны асуудлыг манай компани хариуцахгүй” гэж, “С” ХХК-ийн ерөнхий инженер Д.Б-ын “...манай инженерийн баг шалгалтын хуудсыг өдөр бүр хөтөлж байсан. Яг гал түймэр гардаг өглөө цахилгааны шалгалтын хуудас хөтлөгдөөгүй байсан” гэх зэргээр мэдүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд “С” ХХК-д шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасантай нийцэж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг нотлох баримтад үндэслэж, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, хуулийн зорилт, зарчимд нийцүүлэн зөв дүгнэж, гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.           

 

 

                 ШҮҮГЧ                                                        Э.ЗОРИГТБААТАР

                 ШҮҮГЧ                                                        Н.ХОНИНХҮҮ

                 ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН