Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

2020         01         29                                      2020/ШЦТ/161

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч Б.Бүжинлхам,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эод холбогдох 1806 05491 0223 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1971 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, “Хос даль” ХХК-й захирал ажилтай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 50 дугаар гудамжны 347 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн Рапид хотхоны 3 дугаар байрны 8 тоотод оршин суух, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бын Э /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Э нь 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаанд хаягдал аккумлятороос хар тугалга гаргах үйл ажиллагааг эрхлэн явуулж, аккумляторын шингэн буюу Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд болон Эрүүл Мэнд, Спортын Сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт, аюултай бодис болох хүхрийн хүчил /Sulfuric acid/-ийг хууль бусаар ялган авч хадгалж, химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэнд оруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн: “2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл хаягдал аккумулятор их гардаг. Би түүхий эд болох аккумуляторыг авсан. Тэгээд үйл ажиллагаагаа явуулах гэж байтал гэнэт зөвшөөрөл олгогдохгүй гэх асуудал гарч ирсэн. Өвөл бэлдчихсэн байсан аккумуляторууд шингэнээ алдаж эхэлсэн. Шингэнээ алдчихвал тэрнээс илүү эрсдэл үүсэх гээд байсан тул аккумуляторын шингэнийг ялгаж авсан. Анхнаасаа шингэнийг  нь ялгаж авах, авахдаа ахисан түвшинд аваад энэ үйл ажиллагаагаа чанарын ахисан түвшинд хийчихье гэж бодоод ийм зүйл хийсэн. Хуучин хаягдал аккумуляторыг шингэнгүй авдаг байсан бол одоо шингэнтэй аваад шингэнийг нь ялгаж авдаг болъё гэж бодсон. Ийм зорилготой анх эхэлсэн тэгээд удааж болохгүй, удаах юм бол илүү их эрсдэл үүсэх гээд байхаар нь би ялгаад авчихсан. Би нийт 31 тонн шингэн гаргаж авсан. Одоогоор Налайх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хашаанд хураалттай байгаа. 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл түүхий эдээ цуглуулсан. 2018 оны 04 дүгээр сараас 07 дугаар сар хүртэл шингэнийг ялгаруулж авсан...” гэх мэдүүлэг,

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос даль” ХХК-й хашаанд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр явуулсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.32-49, 115-130, 188-190/,

Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2/171 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн 1, 2-р шингэн шар ногоон өнгөтэй, бохирдсон байдалтай байсан бөгөөд эдгээр нь аккумляторын хаягдал шингэн буюу нэгэн төрлийн химийн бодисууд болно. Уг шингэн бодисын Монгол нэршил нь Хүхрийн хүчил, олон улсын нэршил нь Sulfuric acid. Хүхрийн хүчил гэж тогтоогдсон бодис нь Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд, Эрүүл Мэнд Спортын Сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3-р хавсралт дахь жагсаалтад орсон...” гэх шинжээчийн дүгнэлт /хх.1.198-199/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.1.201/,

“Экотон” ХХК-й 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт /хх.1.99-111/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Хайлдаагийн өгсөн: “... Би 2017 онд анх хуучин аккумулятор машинаараа зөөж Налайхын наана байрлах тугалганы үйлдвэрт аваачин өгч байсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 10-ны үеэр уг тугалганы үйлдвэрт очиж уулзаад туслах ажилтнаар өдрийн 35.000 төгрөгийн цалин аваад, хоол байр нь цаанаасаа гэсэн нөхцөлтэйгээр ажилд орсон. Тухайн үедээ би аккумулятор задалж эхлээд шингэнийг юүлэх том сав руу юүлээд тугалгыг хайрцагнаас нь салгадаг ажил хийж байсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын дундуур ажлаасаа гарч нутаг яваад хориод хоногийн өмнө дахин ирж уг тугалганы үйлдвэрт ковшийн жолоочоор өдрийн 35.000 төгрөгөөр ажилд орсон. Ингээд ирснээсээ хойш би ковш барьж талбай дээр хаа сайгүй тавьсан тугалгыг бөөгнүүлж түрдэг, мөн хайрцагуудыг нь том агуулах руу аваачиж хийдэг. Мөн нүүрс зөөдөг ажил хийж байсан... Миний ажиллаж байгаа байгууллага хуучин аккумлятор худалдаж аваад аккумлятороос хар тугалгыг гаргаж авч урагшаа гаргадаг байгууллага, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгал төлдөггүй... Цалинг урд өмнө нь Баттулга гэж хүн cap сард нь бэлнээр өгч байсан, одоо хэн өгч байгаа гэдгийг мэдэхгүй байна. Сүүлд ирснээс хойш цалин өгөөгүй байгаа... Зөвшөөрөл байхгүй гэдгийг өнөөдөр мэдэж байна. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаагүй... Намайг ирснээс хойш бүх шингэн нь байгаа. Одоогоор хаяагүй. Үйлдвэр дээр 1 тонны хэд хэдэн цагаан савнуудад байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.52-53, 141/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Нямбаатарын өгсөн: “... Би Дархан-Уул аймгийн Дархан суманд амьдардаг ба тодорхой эрхэлсэн ажилгүй, олдсон ажлаа л хийдэг байсан. Баяртүшиг гээд найздаа 2018 оны 10 сарын үеэс эхлэн “хийчих ажил байвал хэлээрэй” гэж байсан юм. 2018 оны 11 сарын 21-22-ны үед найз Баяртүшиг над руу утсаар яриад “хотод тугалгын үйлдвэрт тугалга хайлуулдаг ажил байна, чи хийх үү? чамтай өөр ажил хийчих хүн байна уу? Галлагаан дээр 3 хүн байх хэрэгтэй байна"”гэж асуухаар нь “тэгье” гэж хэлсэн. Би Дархан-Уул аймагт байсан Баянбилэг Эрдэнэбаатар гэх 2 найзтайгаа уулзаад хамт явахаар болсон. Баяртүшиг надад Э гэдэг хүний утасны дугаарыг өгөөд холбож өгсөн... бид 3 цугтаа 2018 оны 11 сарын 24-ний өдөр ... ирээд ... Налайхын бөмбөрцөг дээр буугаад Э гэдэг хүн рүү утсаар ярихад Портер машинтай нэг ажилчин нь гэх залуу ирж аваад Чойр явдаг замаар урагшаа явж байгаад нэг үйлдвэр дээр 17 цагийн үед очсон. Үйлдвэр дээр очоод Э гэдэг нь тосч авч уулзаад бид 3-т ажлын хувцас өгч шууд ажилд оруулж үйлдвэрийн галлагааны хэсэгт ажиллуулсан. Баянбилэг, Эрдэнэбаатар бид 3 үйлдвэр дээрээ байрлаад 4 хонож байхад буюу 2018 оны 11 сарын 28-ны өдөр цагдаа нар ирээд биднийг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Би ямар нэртэй үйлдвэрт ажилд орсноо мэдээгүй... Э гэдэг хүнтэй анх ирсэн өдрийнхөө орой л 1 удаа уулзсан. Ямар албан тушаал хашдагийг нь мэдээгүй. Үйлдвэрээ л хариуцдаг хүн шиг байсан... Үйлдвэр дээр 11-12 хүн ажилладаг юм шиг байна лээ. Ер нь миний харснаар уг үйлдвэр нь хуучин аккумлятор авч ирээд, үйлдвэрийн хашаанд задалж шингэнийг нь шууд урсгаад доторх хар тугалгыг нь авч гал руу хийн хайлуулж авдаг. Гадна хальсыг нь үйлдвэрийн хашааны зүүн талд нь хураагаад байдаг юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх.1.142-143/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Гомбогарьдын өгсөн: “... Би 2018 оны 11 сарын 25-ны өдөр “түр ажиллаад өгөөч” гэхээр нь би Налайхаас урагшаа байдаг нэг үйлдвэрт Алтангэрэл өөрөө дагуулан аваачиж үлдээсэн юм. Би уг үйлдвэрт галлагааны нүүрсийг буталж жижиглэдэг машин дээр нь ажилладаг байсан юм. 2018 оны 11 сарын 28-ны өдөр цагдаа нар ирээд биднийг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн... Үйлдвэр нь хуучин аккумлятор авчраад уг аккумляторуудаа зориулалтын задлагч машин, молдокоор задалж доторх хар тугалгыг нь авч хайлуулж авдаг юм байна лээ. Миний сонссоноор дотор шингэнийг нь саванд юүлж аваад урагшаа Хятад гаргадаг гэж байсан. Гадаргуу нь хашаан дотор хураалттай байдаг юм. Юунд хэрэглэдгийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.136/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Алтан-Өлзийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн “Хос даль” ХХК-д тогоочоор ажилд ороод ажиллаж эхэлсэн. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл 21 хоног ажиллаж байна... Би өдөрт дунджаар 10-12 хүний хоол хийдэг... Аккумлятор задлаад тугалга хайлуулдаг, надтай нийлээд 9 ажилчин байдаг... манайх өглөө 9 цагаас орой 19 цагийн хооронд ажилладаг...” гэх мэдүүлэг /хх.1.131-132/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Баттулгын өгсөн: “... Уг газар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлалтай, урьд нь тахианы фермийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 2 га газар байгаа юм. Би энэ газрыг 2017 оны 03 сард Эрхбатын Тунгалаг гэх хүнээс 81 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирч урьдчилгаа 40 сая төгрөг өгсөн. Газрынхаа бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа... Тэгээд би уг газрыг Б.Эод 1 сарын 7 сая төгрөгөөр түрээслэхээр тохирч ... гэрээ байгуулсан. Э түрээсэлсэн газар дээрээ хаягдал хуванцар, цаас дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж байсан. Гэвч ажил төрөл эхлээгүй гээд надад түрээсийн мөнгө төгрөг өгөөгүй... Э надаас түрээсэлсэн газар дээрээ хэдэн аккумулятор авч хураасан байгаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.181/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Золбоогийн өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Хос даль” ХХК-д шалгалт явуулж удирдамжид тусгагдсаны дагуу тус компанийн аккумулятор боловсруулах үйлдвэрийн хашаан дотроос хүчил асгарсан ул мөр бүхий хэсгийн 2 цэгээс хөрсний дээж авч Байгаль орчны төв лабораторид хүчлийн агууламжид, “SGS IMME” ХХК-й лабораторид хүнд металлын үзүүлэлтээр шинжилгээ хийлгэхээр хүргүүлсэн. Байгаль орчны төв лабораторид хүчлийн агууламжид шинжилгээ хийлгэхэд сульфат гэдэг нэгдлээр 1 дүгээр дээжинд 43729.8 мг/кг, 2 дугаар дээжинд 33369.9 мг/кг агууламжтай илэрсэн. Төсөлд тусгагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс сульфат 200 дахин их хэмжээтэйгээр илэрсэн байсан. Шинжилгээний дүнгээр дээж авсан хэсэгт хүхрийн хүчил асгарсан байсан нь нотлогдсон... Хаягдал аккумуляторыг боловсруулах үйл ажиллагаа нь Хог хаягдлын тухай хуулиар зохицуулагдана...” гэх мэдүүлэг /хх.1.185-187/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Удвалын өгсөн: “... Монгол улсад мөрдөгдөж байгаа MNS64582014 стандартын хэрэгжилтийг хангуулахын тулд химийн хорт болон аюултай бодис импортлогч, ашиглагч аж ахуй нэгж байгууллагууд агуулахын дүгнэлт гаргуулсан байх шаардлагатай байдаг. Манай байгууллагаас хөдөлмөрийн эрүүл ахуй, химийн хорт болон аюултай бодисын бүтээгдэхүүний ерөнхий шаардлага MNS64582014 стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж өгдөг... Тус компаний хувьд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авч аккумулятороос ялгаж авсан хүхрийн хүчил болох химийн хорт аюултай бодисыг тодорхой агуулахад стандартын дагуу хор аюулын лавлах мэдээлэлд заагдсанаар хадгалах естой. Аккумулятороос ялгаж авсан хүхрийн хүчил нь аюултай хог хаягдалд хамаарагддаг юм. Монгол улсад одоогоор аюултай хог хаягдал химийн бодисыг устгах устгалын цэг байгуулагдаагүй учир хуулийн хугацаанд аюултай хог хаягдлыг бүртгэлжүүлж хадгалсан байх ёстой юм... Тус компани манай байгууллагаас химийн агуулахын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж аваагүй, дүгнэлт гаргуулахаар хандаж байгаагүй, химийн хорт аюултай бодис хадгалах хадгалалтын горим зөрчиж хүхрийн хүчлийг хадгалсан байсан... Химийн бодис хадгалах агуулах нь химийн бодист тэсвэртэй, эпоксил будгаар будсан шалтай, дотроосоо онгойлгодог төмөр хаалгатай, шатдаггүй хөнгөхөн материалаар хийгдсэн дээвэртэй, химийн бодис тогтохооргүй гөлгөр гадаргуутай ханатай, химийн бодис гадагш урсахаас сэргийлж босгыг нь дотогш хагас налуу хийгдсэн, галын аюулаас хамгаалж галын аюулгүй байдлын самбар, хор аюулын мэдээлэлд заагдсан галын хор хэрэглэнэ. Хүхрийн хүчлийг шалнаас дээш бөх бат тавиур дээр хадгалах ёстой юм. Мөн агуулахад хүхрийн хүчил асгарсан тохиолдолд авах хариу арга хэмжээний иж бүрдэл болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөг боловсруулсан байна. Нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хор аюулын лавлах мэдээлэлд заагдсанаар байрлуулна... Хүхрийн хүчлийг ялгаж савлахдаа дамжлага бүрт аюулгүй ажиллагааны зааварчилгааг боловсруулж харьцан ажиллаж байгаа ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, сургалтад хамруулсан байна. Дохио өгөх санамж анхааруулах тэмдгийг стандартын дагуу байрлуулсан байх ёстой байдаг...” гэх мэдүүлэг /хх.1.182-184/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Оюуны өгсөн: “... Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд, Эрүүл Мэнд Спортын Сайдын 2015 оны А/356, 396 хамтарсан тушаалаар химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг баталсан. Хүхрийн хүчил нь энэ жагсаалтын 3 дугаар хавсралтын 408 дугаарт томъёологдсон байдаг. Хүхрийн хүчил маш идэмхий хүчтэй эрдэс хүчил учраас хүний арьсыг түлэх аюултай. Авто тээврийн гаралтай хаягдал аккумлятор нь Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Аюултай хог хаягдлын жагсаалтад орсон байдаг юм. Хог хаягдлын тухай хууль 2017 онд шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулийн 5 дугаар бүлэгт Аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, утсгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх аж, ахуй нэгж байгууллагад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл олгоно гэж заасан. Одоогоор уг зөвшөөрлийг 4 аж ахуй нэгж байгууллагад олгоод байна...” гэх мэдүүлэг /хх.2.58-60/,

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 06/3630 дугаартай: “... Хүхрийн хүчил нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалт, мөн "Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах" журамд тус журмаар зохицуулагдахгүйгээр заагдсан химийн бодис, химийн гаралтай бүтээгдэхүүнд ороогүй тул тус яамнаас химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл олгодог химийн хорт болон аюултай бодис болно...”

“... “Хос даль” ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрлийг тус яамнаас авч байгаагүй болно. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг тус яамаар батлуулаагүй байна...” гэх албан бичиг /хх.1.215/,

Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02-03/1879 дугаартай: “...  Химийн  хорт болон  аюултай  бодисын  бүтээгдэхүүний агуулахын ерөнхий шаардлага MNS64582014 стандартын дагуу “Хос даль” ХХК-й химийн бодисын агуулах, химийн хорт болон аюултай бодисын агуулахад дүгнэлт гаргаагүй болно” гэх албан бичиг /хх.1.224/,

Химийн хорт аюултай бодисын жагсаалт /хх.2.87-89/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Х.Хайратын өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээч томилож, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хос даль” ХХК-й үйл ажиллагаа явуулж байсан газарт хүнд металлын судалгаа хийж дүгнэлт гаргасан. Уг газрын хөрснөөс авч шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүнгээс үзэхэд аккумляторыг задалж, шингэн, тугалга, гаднах нийлэг эд бүхий бүрхүүлийг авч байгаа хэсгийн хөрс төдийгүй, үйлдвэрийн орчин тойрон болон аккумляторыг задалж буй хэсгийн талбай хар тугалгаар хэт их хэмжээгээр бохирдсон байсан. Мөн хүхрийн хүчлийг замбараагүй асгах, ил задгай хадгалж байгаа нь гүний усыг бохирдуулах нөхцөл бүрдүүлсэн байна. Ил задгай хүхрийн хүчил хадгалах сангийн дотор хана цуурсан, доторлогоо шавар нь ховхорч тоосгоны заагаар хүчил алдагдаж хөрс болон гүний усыг бохирдуулах, хүрээгээ тэлэх нөхцөл бүрдсэн байсан. 2018 оны 11-р сарын байдлаар “Хос даль” ХХК-й үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэр нь Заламт голын ус бүрдэх эх, цэвдэг бүхий талбайд байрласан байгаа нь гүний ус, хөрс, газрын хэвлийд асгарсан болон асгарсан хүхрийн хүчил цуглуулах сангийн үйл ажиллагаа доголдсон зэрэг бохирдол тархах нөхцөл бүрдүүлээд байна. Нөгөө талаас “Хос даль” ХХК-й үйл ажиллагааны үзүүлэлтүүд нь тодорхойгүй байгаа нь агаар орчны бохирдол тооцоход хүндрэл учруулсан. Мөн үйлдвэрлэл жигд ажилласан үед агаар орчныг бохирдуулж байгаа талаар бодит дүгнэлт хийх бололцоотой. Хар тугалганы хэмжээ хүлцэх агууламжаас 53 дахин их гарсан, энэ бол маш их хэмжээ юм. Тухайн газар нийт 135.831.136 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Ер нь хар тугалга бол байгаль дээр исэл, сульфат байдлаар тохиолддог химийн элемент юм. Хар тугалга нь уран, тори зэрэг цацраг идэвхт элементүүдийн задралын эцсийн бүтээгдэхүүний найрлагад ордог. Хар тугалганы гексафторсиликат нь тодорхой зорилгоор ашиглах зориулалтаар бүтээсэн химийн бодис юм. Бидний судалгаагаар хөрсөнд илэрсэн хар тугалга нь цэвэр хар тугалга юм. Тийм учраас аккумлятороос ялгаж авсан хар тугалга нь химийн хорт аюултай бодисын жагсаалтад ороогүй болно...” гэх мэдүүлэг /хх.1.234-236/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эын яллагдагчаар өгсөн: “... Би уг нь өөрөө энэ үйл ажиллагааг явуулаад эхэлж байсан юм. “Хос даль” ХХК нь хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Анх мэргэжлийн хяналтын байцаагчид ирээд энэ ямар компани вэ? гэж дахин дахин асуугаад байхаар нь “Хос даль” гээд хэлчихсэн юм. Яг энэ үйл ажиллагааг “Хос даль” ХХК-й ашиг сонирхлын төлөө, энэ компанийн нэрийн өмнөөс явуулсан зүйл байхгүй. Ямар нэгэн зөвшөөрөл бичиг баримт бүрдүүлж амжаагүй хөөцөлдөж байгаад бүтээгүй больчихсон юм. Би зөвшөөрөлгүйгээр химийн хорт бодис олж авч хадгалсан буруугаа хүлээн зөвшөөрч байна, улсад учирсан хохирлоо төлж барагдуулна....” гэх мэдүүлэг /хх.2.39-41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Э нь 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаанд хаягдал аккумлятороос хар тугалга гаргах үйл ажиллагааг эрхлэн явуулж, аккумляторын шингэн буюу Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд Болон Эрүүл Мэнд, Спортын Сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт, аюултай бодис болох хүхрийн хүчил /Sulfuric acid/-ийг хууль бусаар ялган авч хадгалж, химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэнд оруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос даль” ХХК-й хашаанд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр явуулсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.32-49, 115-130, 188-190/,

Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2/171 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн 1, 2-р шингэн шар ногоон өнгөтэй, бохирдсон байдалтай байсан бөгөөд эдгээр нь аккумляторын хаягдал шингэн буюу нэгэн төрлийн химийн бодисууд болно. Уг шингэн бодисын Монгол нэршил нь Хүхрийн хүчил, олон улсын нэршил нь Sulfuric acid. Хүхрийн хүчил гэж тогтоогдсон бодис нь Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд, Эрүүл Мэнд Спортын Сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3-р хавсралт дахь жагсаалтад орсон...” гэх шинжээчийн дүгнэлт /хх.1.198-199/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.1.201/,

“Экотон” ХХК-й 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт /хх.1.99-111/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Хайлдаагийн өгсөн: “... Тухайн үедээ би аккумулятор задалж эхлээд шингэнийг юүлэх том сав руу юүлээд тугалгыг хайрцагнаас нь салгадаг ажил хийж байсан... Ингээд ирснээсээ хойш би ковш барьж талбай дээр хаа сайгүй тавьсан тугалгыг бөөгнүүлж түрдэг, мөн хайрцагуудыг нь том агуулах руу аваачиж хийдэг... Миний ажиллаж байгаа байгууллага хуучин аккумлятор худалдаж аваад аккумлятороос хар тугалгыг гаргаж авч урагшаа гаргадаг байгууллага... Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаагүй... Намайг ирснээс хойш бүх шингэн нь байгаа. Одоогоор хаяагүй. Үйлдвэр дээр 1 тонны хэд хэдэн цагаан савнуудад байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.52-53, 141/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Нямбаатарын өгсөн: “... Ер нь миний харснаар уг үйлдвэр нь хуучин аккумлятор авч ирээд, үйлдвэрийн хашаанд задалж шингэнийг нь шууд урсгаад доторх хар тугалгыг нь авч гал руу хийн хайлуулж авдаг. Гадна хальсыг нь үйлдвэрийн хашааны зүүн талд нь хураагаад байдаг юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх.1.142-143/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Гомбогарьдын өгсөн: “... Үйлдвэр нь хуучин аккумлятор авчраад уг аккумляторуудаа зориулалтын задлагч машин, молдокоор задалж доторх хар тугалгыг нь авч хайлуулж авдаг юм байна лээ. Миний сонссоноор дотор шингэнийг нь саванд юүлж аваад урагшаа Хятад гаргадаг гэж байсан. Гадаргуу нь хашаан дотор хураалттай байдаг юм...” гэх мэдүүлэг /хх.1.136/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Алтан-Өлзийн өгсөн: “... Аккумлятор задлаад тугалга хайлуулдаг...” гэх мэдүүлэг /хх.1.131-132/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Баттулгын өгсөн: “... Э надаас түрээсэлсэн газар дээрээ хэдэн аккумулятор авч хураасан байгаа ... гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.181/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Золбоогийн өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Хос даль” ХХК-д шалгалт явуулж удирдамжид тусгагдсаны дагуу тус компанийн аккумулятор боловсруулах үйлдвэрийн хашаан дотроос хүчил асгарсан ул мөр бүхий хэсгийн 2 цэгээс хөрсний дээж авч Байгаль орчны төв лабораторид хүчлийн агууламжид, “SGS IMME” ХХК-й лабораторид хүнд металлын үзүүлэлтээр шинжилгээ хийлгэхээр хүргүүлсэн. Байгаль орчны төв лабораторид хүчлийн агууламжид шинжилгээ хийлгэхэд сульфат гэдэг нэгдлээр 1 дүгээр дээжинд 43729.8 мг/кг, 2 дугаар дээжинд 33369.9 мг/кг агууламжтай илэрсэн. Төсөлд тусгагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс сульфат 200 дахин их хэмжээтэйгээр илэрсэн байсан. Шинжилгээний дүнгээр дээж авсан хэсэгт хүхрийн хүчил асгарсан байсан нь нотлогдсон...” гэх мэдүүлэг /хх.1.185-187/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Удвалын өгсөн: “... Тус компани манай байгууллагаас химийн агуулахын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж аваагүй, дүгнэлт гаргуулахаар хандаж байгаагүй, химийн хорт аюултай бодис хадгалах хадгалалтын горим зөрчиж хүхрийн хүчлийг хадгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.182-184/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Оюуны өгсөн: “... Авто тээврийн гаралтай хаягдал аккумлятор нь Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Аюултай хог хаягдлын жагсаалтад орсон байдаг юм...” гэх мэдүүлэг /хх.2.58-60/,

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 06/3630 дугаартай: “... “Хос даль” ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрлийг тус яамнаас авч байгаагүй болно. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг тус яамаар батлуулаагүй байна...” гэх албан бичиг /хх.1.215/,

Химийн хорт аюултай бодисын жагсаалт /хх.2.87-89/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Х.Хайратын өгсөн: “... Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хос даль” ХХК-й үйл ажиллагаа явуулж байсан газарт хүнд металлын судалгаа хийж дүгнэлт гаргасан. Уг газрын хөрснөөс авч шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүнгээс үзэхэд аккумляторыг задалж, шингэн, тугалга, гаднах нийлэг эд бүхий бүрхүүлийг авч байгаа хэсгийн хөрс төдийгүй, үйлдвэрийн орчин тойрон болон аккумляторыг задалж буй хэсгийн талбай хар тугалгаар хэт их хэмжээгээр бохирдсон байсан. Мөн хүхрийн хүчлийг замбараагүй асгах, ил задгай хадгалж байгаа нь гүний усыг бохирдуулах нөхцөл бүрдүүлсэн байна. Ил задгай хүхрийн хүчил хадгалах сангийн дотор хана цуурсан, доторлогоо шавар нь ховхорч тоосгоны заагаар хүчил алдагдаж хөрс болон гүний усыг бохирдуулах, хүрээгээ тэлэх нөхцөл бүрдсэн байсан. 2018 оны 11 дүгээр сарын байдлаар “Хос даль” ХХК-й үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэр нь Заламт голын ус бүрдэх эх, цэвдэг бүхий талбайд байрласан байгаа нь гүний ус, хөрс, газрын хэвлийд асгарсан болон асгарсан хүхрийн хүчил цуглуулах сангийн үйл ажиллагаа доголдсон зэрэг бохирдол тархах нөхцөл бүрдүүлээд байна. Нөгөө талаас “Хос даль” ХХК-й үйл ажиллагааны үзүүлэлтүүд нь тодорхойгүй байгаа нь агаар орчны бохирдол тооцоход хүндрэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.1.234-236/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эын яллагдагчаар өгсөн: “... Би уг нь өөрөө энэ үйл ажиллагааг явуулаад эхэлж байсан юм... Би зөвшөөрөлгүйгээр химийн хорт бодис олж авч хадгалсан буруугаа хүлээн зөвшөөрч байна, улсад учирсан хохирлоо төлж барагдуулна....” гэх мэдүүлэг /хх.2.39-41/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Энхбодлын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Эод эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б.Эод оногдуулсан 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Б.Эыг цагдан хорьсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал байна.

          Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Б.Эын өмчлөлийн Ү-2206016940 улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Рапид харш” хотхоны 8 дугаар байрны 3 тоот хаягт байрлах 73,63 мкв 2 өрөө орон сууцыг шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтийг хангах зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хос даль” ХХК-й хашаанд хадгалагдаж байгаа 1 тонны багтаамжтай цагаан өнгийн хуванцар 31 ширхэг савтай /31 тонн/ хүхрийн хүчлийг саармагжуулж устгуулахаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон Онцгой Байдлын Ерөнхий газарт даалгавал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Бын Эыг “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Эод оногдуулсан 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Эод сануулсугай.

          5. Б.Эыг цагдан хорьсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Б.Эын өмчлөлийн Ү-2206016940 улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Рапид харш” хотхоны 8 дугаар байрны 3 тоот хаягт байрлах 73,63 мкв 2 өрөө орон сууцыг шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтийг зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хос даль” ХХК-ийн хашаанд хадгалагдаж байгаа 1 тонны багтаамжтай цагаан өнгийн хуванцар 31 ширхэг савтай /31 тонн/ хүхрийн хүчлийг саармагжуулж устгуулахаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон Онцгой Байдлын Ерөнхий газарт даалгасугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР