| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2016/7431/И |
| Дугаар | 6228 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 6228
| 2016 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2016/06228 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........ тоотод оршин суух, 67 настай, эрэгтэй, М.Чийн /РД: ..../ нэхэмжлэлтэй
Хариуцагч: .......... тоотод оршин суух, 38 настай, эмэгтэй, М.Ст /РД: ........./ холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 17.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баянмөнх
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.С нь М.Чийн ажил дээр ирж түүнээс мөнгө зээлэх хүсэлт гаргасныг М.Ч нь хүлээн авч М.Ст 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн хүүг сар бүрийн 13-ны дотор өгч байхаар тохирч мөнгө авсан өдрөө М.С нь зээл авсан талаараа өөрийн гараар бичиж өгсөн.
2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн. Тухайн үед М.С хххххххххххх тоотод оршин суудаг бөгөөд шинэ орон сууцанд ороход маш яаралтай хэдэн төгрөг хэрэгтэй байна, удахгүй төлнө гэж байсан.
Зээлийн эргэн төлөх хугацаа өнгөрөөд хэд хонож байхад М.С хүндрэлтэй асуудлаа ярьж бид тохирч гэрээг дахин 2 сараар сунган нотариатчаар гэрчлүүлэн баталгаажуулсан.
М.С нь зээлийн хүүг cap бүрийн дундуур төлж байсан ба 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийн үндсэн зээл төлсөн бөгөөд үндсэн зээлээс 9.000.000 төгрөг үлдсэн. Зээлийн төлөлтийн хугацаа болж зээлээ төлөхийг шаардсан үеэс мөнгөний бололцоо муу байгаатай холбоотой шалтгаан тоочин банкны зээл авч эсхүл газраа зараад зээлээ төлнө гэж байгаад сүүлдээ утсаа авахаа больсон.
2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр биеэр уулзан ярилцсан боловч мөнгөгүй байна гэсэн бөгөөд өнгөрсөн 1 жил гаруйн хугацаанд зээлээ төлөхийг утсаар болон мессежээр 30 гаруй удаа мэдэгдсэн.
Зээлийн гэрээний 2.7 дахь заалтын дагуу зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг үндэслэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцсон ба үүнийг М.С төлөх ёстой.
М.Ст зээлсэн мөнгөн 9.000.000 төгрөгийн 0,5 хувь нь хоног тутамд 45.000 төгрөг. Үүнийг гэрээний хэтэрсэн хугацаа 370 хоногт үржүүлэхэд 16.650.000 төгрөг гарч байгаа бөгөөд үүн дээр үндсэн зээл 9.000.000 төгрөгийг нэмэхэд 25.650.000 төгрөг болж байна.
Гэвч М.Сын амьдралд тохиолдсон гачигдал, хүндрэлтэй байдлыг харгалзан үзээд үндсэн зээл 9.000.000 төгрөг, алданги 8.300.000 төгрөг, нийт 17.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч М.Чийн нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбараа гаргаж байна.
Нэхэмжлэгч М.Чоос 10.000.000 төгрөг зээлж зээлийн гэрээ байгуулсан гэж байгаа боловч тухайн нотариатын газар тэрхүү мөнгийг хүлээн аваагүй, бэлэн мөнгө хүлээлцсэн тухай ямарваа нэг бэлэн мөнгөний баримт үйлдээгүй. Өөрөөр хэлбэл тухайн нотариатын газар гэрээ хийсэн өдөр буюу 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мөнгө шилжүүлж өгөөгүй болно.
Энэ нь Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ“, мөн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно“ гэсэн хуулийн зохицуулалтуудтай нийцэхгүй бөгөөд хуулийн дагуу зээлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгчид хүү, алданги төлөх үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч М.Чид дээрх гэрээ хийхээс өмнө буюу 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр авсан 10.000.000 төгрөгийг гэрээ хийсэн өдрөөс хойш 2015 оны 4 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл сар бүр данс руу нь тогтмол шилжүүлж байсан бөгөөд 7.400.000 төгрөгийг өнөөдрийн байдлаар шилжүүлсэн байна.
Дээрх нэхэмжлэл нь зээлийн гэрээ нэрээр хувь иргэнийг сэтгэл зүйн дарамтанд оруулсан, эдийн засгаар хохироож, хэт өндөр төлбөр шаардсан нэхэмжлэл байх тул гэрээнээс өмнө авсан 10.000.000 төгрөгөөс төлөгдсөн 7.410.000 төгрөгийг хасаад 2.590.000 төгрөгийг төлж барагдуулах нь шударга ёсонд нийцнэ гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ч нь хариуцагч М.Ст холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 17.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
М.Ч нь М.Стай харилцан тохиролцож, М.Ст 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь зохигчийн шүүхэд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, зээлдэгч мөн өдөр нь дээрхи нөхцлөөр зээл авч байгаа талаараа бичиж өгсөн баримт бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч М.С нь нэхэмжлэгч М.Чоос 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг зээлсэн талаараа маргахгүй байгаа болно.
Дээрхээс дүгнэхэд талууд зээлийн гэрээний харилцаанд орж байх ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зээлдүүлэгч М.Ч, зээлдэгч М.С нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
/ХХ-ийн 3 дугаар тал/
Талууд дээрхи байдлаар зээлийн гэрээ байгуулсан тухайгаа 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нотариатчаар гэрчлүүлэн хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулсан бөгөөд үүнд зээл олгосон огноог 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, хугацааг 2 сар, хүү 4 хувь, зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрвэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар алданги тооцох талаараа тусгажээ.
Мөн гэрээний талууд дээрхи зээлийн гэрээний буюу 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний хугацаа болох 2 сарын хугацаа дуусмагц 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс гэрээний хугацааг 2 сараар сунган 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр сунгалтын гэрээ байгуулжээ.
/ХХ-ийн 4-5 дугаар тал/
Дээрх гэрээнүүдэд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Хариуцагч М.С нь нэхэмжлэгч М.Чоос 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй гэх боловч тэрээр 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан талаараа баримт бичиг үйлдэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэн уг хугацааг дууссаны дараа буюу 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр мөнгө төлөх хугацааг сунгаж гэрээ байгуулсан тул 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу бодитоор 10.000.000 төгрөг хүлээн аваагүй гэх хариуцагч М.Сын тайлбар үндэслэлгүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
282 дүгээр зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”,
282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”,
232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анкын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй “,
232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заажээ.
Хариуцагч М.С нь нэхэмжлэгч М.Чид зээлийн хүү хэмээн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 400.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 400.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 400.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, нийт 2.800.000 төгрөг төлжээ.
Ингээд тэрээр 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээл болох 10.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг төлсөн байна.
Хариуцагч М.С нь үүнээс хойш 9.000.000 төгрөгийн сар бүрийн хүү хэмээн 360.000 төгрөгийн хүүг доор дурдсан хугацаануудад буюу 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 370.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 360.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 360.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 360.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 360.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 360.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 360.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 360.000 төгрөг, нийт 2.890.000 төгрөг төлжээ.
Зээлдэгч М.С нь дээрх төлбөрийг төлөхдөө нэхэмжлэгч М.Чийн Хаан банк дахь 5006454816 тоот данс руу өөрийн мөн банк дахь 5009719848 тоот данснаас шилжүүлэн төлж байсан нь хэрэгт авагдсан талуудын мөн банк дахь зээлийн дансны хуулгаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 6-7, 14-35 дугаар тал/
Хариуцагч М.С нь 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр М.Чийн хүүгийн Хаан банк дахь 5029571931 тоот дансанд 400.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр мөн хүү гэж 360.000 төгрөг тус тус шилжүүлсэн гэх боловч тухайн 5029571931 тоот данс эзэмшигч хэн болох нь тодорхойгүйгээс гадна 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 360.000 төгрөгийг тэрээр хэнд шилжүүлсэн болох нь тодорхой бус тул нэхэмжлэгчид уг мөнгийг шилжүүлсэн гэж үзэхгүй.
Тэрээр дээрх мөнгийг нэхэмжлэгчид өгсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг зохигч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийнхээ дагуу үүнийг нотлоогүй.
/ХХ-ийн 17, 29 дүгээр тал/
Хариуцагч М.С нь 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр тохирсоны дагуу зээлийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч М.Ч түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.
Зохигчдын байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн болон 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн сунгалтын гэрээ тус бүрийн 3.2-т “... талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно”, 3.3-т “зээлдэгч зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлт тавьж болно” гэж тус тус заажээ.
Үүнийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т заасны дагуу үгийн шууд утгаар нь тайлбарлавал гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй нь зээл бүрэн төлөгдөх хүртэл хугацаанд хүү тооцох эрхийг зээлдүүлэгчид олгосон гэж үзэхээр байх ба зээлдэгч, зээлдүүлэгч хэн аль нь гэрээний хугацаа сунгаснаа хүлээн зөвшөөрч, зээлдэгч нь 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 10.000.000 төгрөгийн хүү болон 9.000.000 төгрөгийн хүүг өөрийн хүсэл зоригын дагуу төлж байсан нь дээр дурдсан хугацаануудад нэхэмжлэгчийн дансанд зээлийн хүү хэмээн гүйлгээний агуулгыг тусган мөнгө төлж байснаар нь нотлогдоно.
Тухайн үед хэн аль нь гэрээний хугацааг сунгаснаа хүлээн зөвшөөрч хүү төлж байсныг хожим үндсэн зээлд тооцон үндсэн зээлийн дүнгээс хасч тооцох боломжгүй болно.
Нэхэмжлэгч С.Ч нь үндсэн зээл хэмээн 9.000.000 төгрөг нэхэмжилсэн хэдий боловч хариуцагч М.С нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар буюу 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 360.000 төгрөг төлснийг үндсэн болох 9.000.000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй.
/ХХ-ийн 34 дүгээр тал/
Хариуцагч М.Сын гүйцэтгэх ёстой үүрэг 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ ёсоор
-Үндсэн зээл-8.640.000 төгрөг,
-Алданги-4.320.000 төгрөг /Алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/
-Нийт 12.960.000 төгрөг байна.
Иймд хариуцагч М.Саас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 12.960.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Чид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.340.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.Саас 12.960.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Чид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.340.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Чийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Саас 222.310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Чид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН