Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

2020         01         30                                      2020/ШЦТ/176

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч Г.Б, О.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, О.Т нарт холбогдох 1906 03883 2492 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1997 оны 02 дугаар сарын 14-нд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн Баянбулаг гэх газар оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1050 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, О овогт Гын Б /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1995 оны 08 дугаар сарын 14-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 17 дугаар байрны 02 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овогт Оийн Т /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

О.Т, Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Пүрэвхүүгийн Хуавей нова-2 загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Тын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.7-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Пүрэвхүүгийн өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 28-ны шөнө ... ажлаасаа гараад замын хажуугаар алхаад явж байхад Сэлбийн гүүрний баруун үзүүрт үл таних согтуу 3 залуу надаас “гал байна уу” гэж асуухаар нь би үүрч явсан цүнхнээсээ гал гаргаж өгсөн. Тэгж байгаад миний талаар асууж эхэлсэн, “хаана юу хийдэг вэ” гэхээр нь би “нэг газар алт мөнгөний дархан хийдэг” гэж хэлээд тэр 3 залууг орхиж гүүрэн дээгүүр алхаад явж байтал нэг нь ирээд надаас “утсаараа нэг яриулаа”ч гэхээр нь би өөрөө утсаараа оролдож найз руугаа мэссэж бичиж байсан учир “жоохон байж байгаарай, би юм хийж байна” гэхэд зам дээр явж байсан машины хөдөлгөөн хэсэг зогсоход араас 2 нь ирээд хоёр гарнаас өргөж 1 нь араас түлхээд Сэлбийн гүүрний зүүн үзүүрийн шат руу өргөн авч ороод 1 нь хүзүүнээс боогоод 2 нь дээрээс дарахаар нь би эсэргүүцэл үзүүлээд босох гэхэд ахиж унагаад газар луу түлхсэн. Тэгсэн 2 залуу нь намайг Сэлбэ голын эрэг рүү түлхэх гэж оролдоход ногоон хувцастай залуу нь “намайг наадахаа түлхэж яах гээд байгаа юм бэ?” гээд татаж гаргасан. Тэр үед миний утсыг нэг залуу нь гарнаас булаагаад авсан. Тэгээд би ухаан алдах гэж байхад зам дээр явж байсан машинтай ах ирээд болиоч гэхэд нэг залуу нь миний утсыг аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

“... Тэр 3 залуугийн Б гэх залуу /зургаар таниулав/ миний утсыг гарнаас шүүрч аваад зугтаасан. Намайг миний барьж үлдсэн буюу Т гэх залуу нь намайг боосон..." гэх мэдүүлэг /хх 14-15/,

“Дамно” ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.61/,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офцер, цагдаагийн дэслэгч Б.Оюунболд, ахлах ахлагч Н.Мөнхцогт нарын илтгэх хуудас /хх.20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Т тэр залуугаас гал асуугаад урд тэр залуутай юм яриад явж байсан. Гүүр дөнгөж өнгөрөөд Т тэр залуутай барьцалдаж авсан юм. Би Түвшинжаргалтай хамт ард нь явж байсан. Улмаар Түвшинжаргал бид 2 очоод тэр залууг би түлхэж унагаасан... Т гүйгээрэй гэсэн, гүйж байгаад эргээд харахад Т тэр залуутай зууралдаад байж байсан...” гэх мэдүүлэг /хх. 59-60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Түвшинжаргалын яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед Хороололын Гандангийн тэнд нэг караокед орсон ямар нэртэй байсныг санахгүй байна. Тэндээ ороод 3 шил пиво захиалсан. Нэг шил архи захиалсан байсан байна лээ, би архи захиалсан гэж мэдээгүй, улмаар тэндээ сууж байгаад би пиво уугаад архи бол огт уугаагүй, нэг цаг дуулаад 21 цаг өнгөрч байхад гарсан. Гараад 100 айл руу алхан явж байгаад, 100 айлын Шинэ айл барилгын материалын тэнд явж байхад урд нэг залуу явж байсан. Т тэр залуугаас гал асуугаад урд тэр залуутай юм яриад явж байсан. Б бид хоёр ард нь зайтай явж байсан. Улмаар Т тэр залууг гүүрний цааш түлхээд уруудсан, тэгэхээр нь Баасансурэн араас нь гүйж очсон, улмаар би араас нь очиход тэр 3 барьцалдсан байж байсан. Т гap утсыг нь авсан байсан. Надад Т утсыг нь өгөөд “май чи энийг аваад байж бай” гэсэн, тэгэхээр нь би “үгүй үгүй” гэхэд Б утсыг нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд замд явж байсан машинтай хүмүүс болиочээ гэж байсан, тэр үед Б явъя гээд Т тэр залуу 2 хоорондоо барьцалдаад зогсож байсан, Б бид 2 явсан, Б явахдаа утсыг нь буцаагаад Тад өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх.63-64/,

Зарим яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх.87-88/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

О.Т, Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Пүрэвхүүгийн Хуавей нова-2 загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.7-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Пүрэвхүүгийн өгсөн: “... араас 2 нь ирээд хоёр гарнаас өргөж 1 нь араас түлхээд Сэлбийн гүүрний зүүн үзүүрийн шат руу өргөн авч ороод 1 нь хүзүүнээс боогоод 2 нь дээрээс дарахаар нь би эсэргүүцэл үзүүлээд босох гэхэл ахиж унагаад газар луу түлхсэн. Тэгсэн 2 залуу нь намайг Сэлбэ голын эрэг лүү түлхэх гэж оролдоход ногоон хувцастай залуу нь намайг “наадахаа түлхэж яах гээд байгаа юм бэ?” гээд татаж гаргасан. Тэр үед миний утсыг нэг залуу нь гарнаас булаагаад авсан. Тэгээд би ухаан алдах гэж байхад зам дээр явж байсан машинтай ах ирээд болиоч гэхэд нэг залуу нь миний утсыг аваад зугтаасан...’’ гэх мэдүүлэг /хх.12-13/,

“... Тэр 3 залуугийн Б гэх залуу /зургаар таниулав/ миний утсыг гарнаас шүүрч аваад зугтаасан. Намайг миний барьж үлдсэн буюу Т гэх залуу нь намайг боосон...” гэх мэдүүлэг /хх 14-15/,

“Дамно” ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.61/,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офцер, цагдаагийн дэслэгч Б.Оюунболд, ахлах ахлагч Н.Мөнхцогт нарын илтгэх хуудас /хх.20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Гүүр дөнгөж өнгөрөөд Т тэр залуутай барьцалдаж авсан юм. Би Түвшинжаргалтай хамт ард нь явж байсан. Улмаар Түвшинжаргал бид 2 очоод тэр залууг би түлхэж унагаасан... Т гүйгээрэй гэсэн гүйж байгаад эргэж харахад Т тэр залуутай зууралдаад байж байсан...” гэх мэдүүлэг /хх. 59-60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Түвшинжаргалын яллагдагчаар өгсөн: “... Т тэр залууг гүүрний цааш түлхээд уруудсан, тэгэхээр нь Баасансурэн араас нь гүйж очсон, улмаар би араас нь очиход тэр 3 барьцалдсан байж байсан. Т гap утсыг нь авсан байсан. Надад Т утсыг нь өгөөд “май чи энийг аваад байж бай” гэсэн, тэгэхээр нь би “үгүй үгүй” гэхэд Б утсыг нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд замд явж байсан машинтай хүмүүс болиочээ гэж байсан, тэр үед Б явъя гээд Т тэр залуу 2 хоорондоо барьцалдаад зогсож байсан, Б бид 2 явсан, Б явахдаа утсыг нь буцаагаад Тад өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх.63-64/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б, О.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.

Г.Б, О.Т  нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Н.Пүрэвхүү нь гар утсаа буцаан авсан, гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Г.Б, О.Т нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Г.Б, О.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Б, О.Т нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Г.Б, О.Т нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Г.Б, О.Т нар “хөнгөн ял шийтгэл оногдуулна уу” гэх боловч гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь ял шийтгэгдэж байсан шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэргээс үзэхэд уг хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

          Г.Б, О.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэд урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О овогт Гын Б, Б овогт Оийн Т нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, О.Т нарт 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт зааснаар, Г.Б, О.Т нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Г.Б, О.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Г.Б, О.Т нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Б, О.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР