Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

2020         02         04                                      2020/ШЦТ/209

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бод холбогдох 1906 03887 1645 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Заамар суманд 1979 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 40 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Элэгний төвд их эмч ажилтай, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамжны 660-б тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 510 дугаар байрны 168 тоотод түр оршин суух, ам бүл 3, хүүхэд, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, А овогт Дгийн Б /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.Б нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунелийн гэрлэн дохионы уулзвар дээр эхнэр Б.Тунгалагтай маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тунгалагийн өгсөн: “... Харин өнөөдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сансарын тунелийн дээр нөхөр Д.Б, охин Б.Бөртэ-Үжингийн хамт шүдний эмнэлэг рүү явж УБМ 40-52 улсын дугаартай приус-30 маркын машинтай явж байхад би нөхөртөө хандан “одоо угаасаа хоёулаа салж байгаа юм чинь чи ямар бодолтой байна, намайг хоосон хоцроох гээд байгаа юм уу” гэхэд үгийн зөрүүгүй нүүр лүү цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх.9/,

“... 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №8154 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг нөхөр Д.Б нь машин барьж яваад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунелийн уулзварын орчимд хүүхдүүдийнхээ шүдийг эмчид үзүүлэх гээд явж байсан ба нөхөр Д.Б нь гэр бүлийн гадуурх харилцаатай байсан. Мөн хүүхдүүдийнхээ асуудлын талаар ярьж байхад Д.Б юу ч хэлэлгүйгээр миний зүүн талын нүд рүү нэг удаа гараараа атгаж байгаад чанга цохисон. Цохисоныхоо дараа хараалын үг хэлээд машинаас буугаад явсан. Охин Бөртэ дараа нь Д.Бын ажил дээр очоод “та ээжийн нүдийг яагаад хөхрүүлж байгаа юм бэ” гэхэд “би зөөлхөн цохисон шүү дээ” гээд уучлалт гуйх ч үгүй гэж хэлж байсан гэсэн. Дээрх гэмтлийг нөхөр Д.Б гараараа санаатайгаар 1 удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх.10-13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 8154 дугаартай:

“1. Д.Тунгалагийн биед зүүн дээд доод зовхинд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бын яллагдагчаар өгсөн: “... Би 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр салсан эхнэр Тунгалаг өглөө 10 цагийн үед ирээд ажил хийлгэхгүй дарамтлаад юм хийлгэхгүй байж байгаад охиныг дуудаад охиныг ирэхэд хүүхдийнхээ шүдийг үзүүл гэхээр нь цайны цагаараа эмнэлэг явж байхдаа буюу Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын тунелийн гэрлэн дохион дээр зогсож байхад намайг янз бүрийн үгээр доромжилж байснаа миний зүүн талын мөр, гар луу 2-3 цохиход дахиад цохих гэхээр нь гараараа хаахад түүний нүд рүү цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх.38-39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.Б нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунелийн гэрлэн дохионы уулзвар дээр эхнэр Б.Тунгалагтай маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тунгалагийн өгсөн: “... би нөхөртөө хандан “одоо угаасаа хоёулаа салж байгаа юм чинь чи ямар бодолтой байна, намайг хоосон хоцроох гээд байгаа юм уу” гэхэд үгийн зөрүүгүй нүүр лүү цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх.9/,

“... Мөн хүүхдүүдийнхээ асуудлын талаар ярьж байхад Д.Б юу ч хэлэлгүйгээр миний зүүн талын нүд рүү нэг удаа гараараа атгаж байгаад чанга цохисон... Дээрх гэмтлийг нөхөр Д.Б гараараа санаатайгаар 1 удаа цохиж учруулсан..." гэх мэдүүлэг /хх.10-13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 8154 дугаартай:

“1. Д.Тунгалагийн биед зүүн дээд доод зовхинд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бын яллагдагчаар өгсөн: “... намайг янз бүрийн үгээр доромжилж байснаа миний зүүн талын мөр, гар руу 2-3 цохиход дахиад цохих гэхээр нь гараараа хаахад түүний нүд рүү цохих шиг болсон..." гэх мэдүүлэг /хх.38-39/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Тунгалаг нь хохирлын нэхэмжлэл гаргаагүй боловч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Боос жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Д.Бод эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Бод оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. А овогт Дгийн Быг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Бод оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Бод сануулсугай.

          5. Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.Тунгалаг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Боос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

         7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                        С.ӨСӨХБАЯР