| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0157/Э |
| Дугаар | 210 |
| Огноо | 2020-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 210
2020 02 04 2020/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Хохирогч П.Шүрэнчимэг,
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тд холбогдох 1906 07503 0029 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймагт 1976 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хюза“ ХХК-д барилгын өрлөгчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөрхааны 165 дугаар байрны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2в байрны 158 тоотод түр оршин суух, урьд нь Хэнтий аймаг дах Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551-р зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаас 3 жилийн хугацааг хасч 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Ш овогт Дын Т /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.Т нь согтуурсан үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Алтан цайз зочид буудлын орчим иргэн П.Шүрэнчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний алим, дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Тын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Шүрэнчимэгийн өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 09-ний өглөө Д.Т, н.Алтанцэцэг хоёр намайг буудалд байна хүрээд ирээч гэж дуудсан. Намайг очиход тэр хоёр архи уугаад дуусаж байсан. Тэгээд буудлын цаг нь дуусаж Д.Т гар утсаа ломбарданд тавина гээд намайг тавьчих гэсэн. Ломбард авахгүй гээд байсан. 2 дахь ломбард мөн адил авахгүй байна гэж хэлэхэд Д.Т уурлаад намайг цохисон. Би гомдолтой байгаа. Би нүүрэндээ оёдол тавиулсан сорвитой байгаа. Сорви арилгах эмчилгээг нэг удаа хийлгэхэд 200.000 төгрөг гэсэн 2-3 удаа орж байж арилдаг гэсэн. Би эмчилгээний мөнгөө авах юм бол надад гомдол байхгүй. Өмнө авсан 728.000 төгрөгийг бид хамт эмнэлэг явж эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх.5-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Шүрэнчимэгийн өгсөн: “... Тухайн өдөр 10 цагийн орчим найз Алтанцэцэг “найз нь нөхөртэйгөө маргалдаад буудалд хонолоо, бие өвдөөд байна хүрээд ирээч” гэхээр нь нэг хүүхдээ айлд хүргэж өгөөд Алтанцайз нэртэй зочид буудлын 08 тоот өрөөнд ороход Алтанцэцэг, Т нар халаалттай 0.5 литрийн архи уугаад дуусаж байсан. Тэгээд бид гурав нийлээд 0.75 литрийн архи ууж дуусаж байтал буудлын гарах цаг болсон. Тэгээд бид гурав буудлаас гарч Т “гар утсаа ломбарданд тавих гэсэн юм, чи арай гайгүй байгаагаараа утас тавьчих” гэхээр нь бид гурав Цайз худалдааны төв ороход “утас авахгүй” гэсэн, дараа нь 1000 оюутны байрны дохионы хойд талд байх ХААН банкны байртай ломбард руу ороход мөн “утас авахгүй” гэхээр нь шатаар буугаад гарч явахад “чиний утсыг авахгүй юм байна” гэхэд Т нь ямар нэгэн үгийн зөрүүгүй, хоолойноос боон ноцолдож байгаад баруун талын нүд лүү нэг удаа гараараа хүчтэй цохьсон... миний баруун талын нүд хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтанцэцэгийн өгсөн: “... Дараагийн ломбард руу Шүрэнчимэг авч ороход “авахгүй байна” гэж хэлэхэд Т нь уурлаж баруун нүд лүү нь нэг удаа цохих үед хавдаж хөхөрсөн, мөн боож зууралдсан...” гэх мэдүүлэг /хх.17/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаартай:
“1. П.Шүрэнчимэгийн биед баруун нүдний алим, дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Тын яллагдагчаар өгсөн: “... Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би иргэн П.Шүрэнчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.26/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Т нь согтуурсан үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Алтан цайз зочид буудлын орчим иргэн П.Шүрэнчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний алим, дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх.5-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Шүрэнчимэгийн өгсөн: “... Т нь ямар нэгэн үгийн зөрүүгүй хоолойноос боож ноцолдож байгаад баруун талын нүд лүү нэг удаа гараараа хүчтэй цохьсон... миний баруун талын нүд хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтанцэцэгийн өгсөн: “... Дараагийн ломбард руу Шүрэнчимэг авч ороход авахгүй байна гэж хэлэхэд Т нь уурлаж баруун нүд лүү нь нэг удаа цохих үед хавдаж хөхөрсөн, мөн боож зууралдсан...” гэх мэдүүлэг /хх.17/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаартай:
“1. П.Шүрэнчимэгийн биед баруун нүдний алим, дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Тын яллагдагчаар өгсөн: “... Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би иргэн П.Шүрэнчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.26/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Шүрэнчимэгийн өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 09-ний өглөө Д.Т, н.Алтанцэцэг хоёр намайг буудалд байна хүрээд ирээч гэж дуудсан. Намайг очиход тэр хоёр архи уугаад дуусаж байсан. Тэгээд буудлын цаг нь дуусаж Д.Т гар утсаа ломбардад тавина гээд намайг тавьчих гэсэн. Ломбард авахгүй гээд байсан. 2 дахь ломбард мөн адил авахгүй байна гэж хэлэхэд Д.Т уурлаад намайг цохисон. Би гомдолтой байгаа. Би нүүрэндээ оёдол тавиулсан сорвитой байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Тын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Тын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Д.Т нь хохиролд 728.300 төгрөг нөхөн төлсөн, хохирогч П.Шүрэнчимэгийн цаашид гарах эмчилгээний зардал гэх 400.000 төгрөгийн нэхэмжлэлийг баримтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Хохирогч П.Шүрэнчимэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Таас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Тд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ш овогт Дын Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Тд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Тд сануулсугай.
5. Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 728.300 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч П.Шүрэнчимэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Таас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР