| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2016/4326/И |
| Дугаар | 6168 |
| Огноо | 2015-10-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 6168
| 2016 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2016/06168 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 5 дугаар гудамж, 100 тоотод оршин суух, 53 настай, эрэгтэй, Шижээгийн Баярсайханы /РД: ИХ63111011/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 7 дугаар гудамж, 198б тоотод оршин суух, 26 настай, эрэгтэй, Дашдаваагийн Мягмардоржид /РД: УХ90122516/ холбогдох
10.070.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Мягмардорж нь Ш.Баярсайханы хүүтэй 1 ангид хамт суралцдаг байсан. Ш.Баярсайханд өөрийгөө “Их Эрхт трейд“ ХХК-ийн захирал гэж танилцуулсан байсан. Тэрээр Ховд аймгийн гааль дээр бараа ирээд авч чадахгүй байгаа талаараа хэлж мөнгө зээлэхийг хүссэн.
Ингээд Д.Мягмардоржид 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 9.000.000 төгрөгийг зээлсэн ба мөнгийг нь 2 хоногийн дараа өгөхөөр, мөн өөрийн гараар мөнгө авсан тухайгаа бичиж өгсөн. Компанийнхаа тамгыг дарж мөнгө авсанаа баталгаажуулсан бөгөөд компанид бус хүүгийн найз, иргэнийх нь хувьд түүнд мөнгө зээлсэн.
Мөнгийг хугацаандаа өгөөгүй бөгөөд нэхэхэд янз бүрийн шалтаг хэлэх болсон ба 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Д.Мягмардоржид холбогдуулан 9.000.000 төгрөг нэхэмжлэн тус шүүхэд нэхэмжлэл гаргахад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 28160 дугаар захирамжаар түүний оршин суух хаягийг тодорхой бус үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 7050 дугаар шийдвэрээр Д.Мягмардоржийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь олж тогтоохыг Тахарын албанд даалгасан ба тэрээр Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 7 дугаар гудамж, 198б тоотод оршин суудаг болох нь тогтоогдсон.
Зээлдэгч Д.Мягмардоржоос зээлийн гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 1.000.000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт 10.070.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Баярсайхан нь хариуцагч Д.Мягмардоржид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 9.000.000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 1.000.000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд төлсөн 70.200 төгрөг, нийт 10.070.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Ш.Баярсайхан нь Д.Мягмардоржтой харилцан тохиролцож, Д.Мягмардоржид 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 9.000.000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай, хүүгүйгээр зээлсэн болох нь зохигчийн шүүхэд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, зээлдэгч мөн өдөр нь дээрхи мөнгийг зээлсэн талаараа бичиж өгсөн баримт бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрхээс дүгнэхэд талууд зээлийн гэрээний харилцаанд орж байх ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зээлдүүлэгч Ш.Баярсайхан, зээлдэгч Д.Мягмардорж нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
/ХХ-ийн 5 дугаар тал/
Зээлдэгч Ш.Баярсайхан нь 9.000.000 төгрөгийг “Их Эрхт трейд констракшн“ ХХК-ийн захиралд бус иргэн Д.Мягмардоржид зээлсэн хэмээн тайлбарласан ба Д.Мягмардоржийн мөнгө зээлсэн талаараа үйлдсэн баримт бичгээс үзэхэд тэрээр иргэний хувиар мөнгө зээлжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Зээлдэгч Д.Мягмардорж нь зээлдүүлэгч Ш.Баярсайханаас 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлсэн 9.000.000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Ш.Баярсайхан түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй“,
227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно“ гэж заасны дагуу Ш.Баярсайхан нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хариуцагч Д.Мягмардоржоос хохирол буюу эд хөрөнгийн алдагдал шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Ш.Баярсайхан нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Д.Мягмардоржоос шаардах зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Мягмардоржийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн нь мөн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17050 дугаар шийдвэрээр тогтоогдлоо.
Тэрээр урьд нь Д.Мягмардоржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахад мөн шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 28160 дугаар захирамжаар хариуцагч Д.Мягмардоржийн оршин суугаа хаяг тодорхой бус үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг дурдлаа.
/ХХ-ийн 9-11 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь бусдаас эрх зүйн туслалцаа авах эсэх нь түүний эрхийн асуудал бөгөөд өмгөөлөгчид хөлс төлсөн нь нөгөө талын буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөлс хэмээн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд хариуцагч Д.Мягмардоржоос 9.070.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Баярсайханд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Ш.Баярсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Д.Мягмардоржид 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаан болохыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжидийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Д.Мягмардоржоос 9.070.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Баярсайханд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мягмардоржоос 160.074 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Баярсайханд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН