| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 170/2017/0040/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2017-10-12 |
| Зүйл хэсэг | 150.2., 150.3., 233.2., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 26
Ш.Э-д холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Д.Пүрэвдагва Шүүгдэгч Ш.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 34 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Э-ийн давж заалдсан гомдлоор Ш.Э-д холбогдох 201613000144 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Идэр сумд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын **** багийн ***** хэсэгт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй ******* овгийн Ш-ын Э
Шүүгдэгч Ш.Э- нь 2002 оны Эрүүгийн хуулийн150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг завших, мөн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан буюу хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргүүдэд холбогджээ.
Анхан шатны шүүх: ******* овогт Ш-ын Э-ийг хөрөнгө завших болон хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ш.Э-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Э-ид Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240/хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 10.000.000/арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойшх 3 /гурван/ жил тутам тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ш.Э- торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдаж, шүүгдэгч Ш.Э-ид өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелэгдэж дуустал түүний эзэмшлийн хөрөнгө болох 9.0 сая төгрөгийн үнэлгээтэй, **-** ЗАА улсын дугаартай, “ISUZU” ELF маркийн ачааны авто машины битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ш.Э- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирол нөхөн төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болох, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч нар, хохирогчид тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчид, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Ш.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ******* овогт Ш-ын Э миний бие нь 1963 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 54 настай, эмэгтэй дээд боловсролтой нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт Улиастай сумын **** багийн **** оршин суух, урьд ял шийтгэлгүй. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаатайгаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Шүүхээс оногдуулсан ялыг миний бие гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байгаа болно. Би зүрх, сахарын өвчтэй эмчийн хяналтанд ороод 2 жил болж байгаа бөгөөд нөхөр бид 2 бага ангийн 1 хүүхэд, зээ хүүгээ асран хамгаалж байна. Нөхөр ******* нь барилга засвар, заслын тусгай зөвшөөрөлтэй “******* *******” ХХК-ны ерөнхий захирлаар ажиллаж байна. Одоо уг компани нь Идэр сумд “Тайга” хөрөө ажиллуулж банз палк зүсэн ISUZU маркийн автомашинаар тээвэрлэн борлуулалт хийж байна. “Ричфинанс” ББСанхүүгийн байгууллагад учруулсан хохирлыг бүрэн барагдуулж уг байгууллагад төлөх төлбөргүй, гомдол саналгүй гэдгээ бичгээр ирүүлсэн. Иймд надад оногдуулсан Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж бидний амьдралд тусалж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Ш.Э- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн Идэр сумд нөхрийн хамт хөрөө рам ажиллуулж байгаа болохоор өдөр болгон аймаг руу ирэх боломжгүй байна. Өдөр болгон Идэр сумаас наашаа аймагруу ирээд яваад байх нөхцөл бололцоо байхгүй, 2 бага насны хүүхдээ орхиод ирж болохгүй. Мөн охиныхоо жаахан хүүхдийг хардаг. Өөрийн 5 дугаар ангийн 1 хүүхэдтэй. Би сахарын өвчтэй өдөр болгон эм уудаг, даралт ихэсдэг, нөхрийнхөө халамжинд байдаг. 2 газар байх боломжгүй учраас өөрийн амьдралын нөхцөл байдлыг тооцоолон давж заалдах гомдол гаргасан юм. Давж заалдсан гомдлоо дэмжиж байна гэв.
Прокурор Д.Пүрэвдагва давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Завхан аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэвдагва би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар Ш-ын Э-д холбогдох 201613000144 дугаартай эрүүгийн хэрэгт дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ш.Э- нь 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Ричфинанс” банк бус санхүүгийн байгууллагын захиралын 02/215 дугаартай тушаалаар Завхан аймаг дахь салбарын эрхлэгчээр томилогдон ажиллах хугацаандаа тухайн байгууллагатай зээлийн гэрээ байгуулж байсан нэр бүхийн 15 харилцагч нарын зээлийн гэрээ, түүнтэй холбогдох хувийн баримт бичгүүдийг ашиглан дахин зээл гаргах аргаар 25.458.000 төгрөг буюу их хэмжээний хохирлыг тус байгууллагад учруулсан. Мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн Б, Т, С, Ц, Ц, Э, О, Ц, Б, Б, А, Ө, Г.Б, Б нарын тухай банк бус санхүүгийн байгууллагатай өмнө байгууллаж эрх олгосон болон үүргээс чөлөөлж байсан. Зээлийн гэрээ тэдгээртэй, холбоотой зээлийн гэрээг ашиглан тэд нарын нэр дээр зээлийн гэрээг хуурамчаар үйлдэн уг гэрээг “Ричфинанс” банк бус санхүүгийн байгууллагаас 25458000 төгрөгийг хувьдаа ашиглаж уг банк бус санхүүгийн байгууллагад үлэмж их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н, гэрч нарын мэдүүлэг, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлт, харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан тогтоол, тэмдэглэлүүд, кримналистикийн шинжээчийн дүгнэлтүүд, хуурамч зээлийн гэрээ, арилжааны байгууллагын лавлагаанууд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн анхан шатны шүүхээс Ш.Э-ид холбогдох дээрх хэргийг шүүгдэгчид ашигтайгаар буюу Эрүүгийн хэргийн 1.9 дүгээр зүйлд заасны дагуу буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан зүйл анги маань шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасантай хамаарч байна. Шинэ Эрүүгийн хуулийн 2002 оны 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шинээр мөрдөгдсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд хамаарч байна гэж үзэн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгүүлэх ялыг тус тус эдлүүлсэн. Прокуророос анх шилжүүлсэн зүйлчлэлийн хувьд үзэхэд шинжээчийн дүгнэлт 23.000.000 төгрөг гэсэн зүйл яригддаг. Энэ нь тухайн шүүгдэгч зээл хувьдаа гаргаж аваад түүнээс зээлийн хүүг төлсөн түүнээс хассан дүн 23000000 төгрөг гэж гаргасан тэрнээс бол 25458000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр хэлсэн. Тэгэхээр энэ зүйлчлэлээрээ тохирч байна гэж үзсэн. Мөн бичиг баримт хуурамчаар ашигласан, хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг нь Улсын дээд шүүхийн тайлбараар залилан мэхлэх гэмт хэргийн үйлдлийн арга нь бичиг баримт хуурамчаар үйлдэх байж болно гэж заасан эд хөрөнгө завших гэмт хэрэг дээр үйлдлийн арга байх гэж заагаагүй учраас дээрх зүйл анги руу шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж үзсэн. Шүүгдэгчийн давж заалдсан гомдолд эмчийн хяналтанд байдаг 2 хүүхдээ асардаг гэдэг зүйлийг яриад байгаа. Гэвч дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялд түүний дээрх 2 үндэслэл нь ял шийтгэл оногдуулахгүй байхад хамаарах үндэслэл биш тиймээс дээрх ялыг оногдуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд түүнд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр заасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү? гэсэн саналыг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Э- нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд “Ричфинанс” банк бус санхүүгийн байгууллагын Завхан аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа тухайн байгууллагатай зээлийн гэрээ байгуулж байсан нэр бүхий 15 харилцагчийн зээлийн гэрээ түүнтэй холбоотой баримтуудыг ашиглан дахин зээл гаргаж 25.458.000 төгрөгийг хувьдаа завшиж “Ричфинанс” банк бус санхүүгийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч байгууллагын төлөөлөгч М.Н, гэрч Б.А, Х.Б, М.Б, Д.Ц, Д.Ц, Б.Э, нарын мэдүүлгүүд, эдийн засгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт, зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч Ш.Э-ийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэсэн гэмт хэргийн шинжтэй дүйцэж байна гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Түүнчлэн шүүх шүүгдэгч Ш.Э-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохируулан шинэ хуучин /2002, 2015 оны/ Эрүүгийн хуулиудыг хооронд нь харьцуулан дүйцүүлж шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй болжээ. Харин шүүгдэгч Ш.Э-ийн “Ричфинанс” банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээ байгуулан зээл авч байсан хүмүүсийн материалуудыг ашиглан дахин зээл гаргаж хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдэхдээ хуурамчаар ашигласан баримт бичиг нь биеэ даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан арга нь байсан байна. Иймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Э-д 2015 оны Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, 1.4 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 34 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шинээр “... ******* овгийн Ш-ын Э-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, Мөн 1 дэх заалтаас “2015 оны Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрх олгосон, үүргээс чөлөөлсөн, баримт бичгийг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2, 3 дахь заалтын ... шүүгдэгч Ш.Э-ийн эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй гэсэн хэсгийн заалтуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Э-ийн давж заалдсан гомдлыг хүлээн авсугай.
2. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ