Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 834

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийж, Д.А-гийн нэхэмжлэлтэй “Нийслэлийн Боловсролын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Нийслэлийн Боловсролын газрын даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д  овогтой А  миний бие Нийслэлийн Боловсролын газрын даргын 2013.01.11-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2016.04.05-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар Боловсролын хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг, ёс зүй, үүргийг чандлан сахих жил бүрийн үр дүнгийн гэрээ, байгууллагын төлөвлөгөөний биелэлтийг ханган ажилласнаар Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс нь 2013, 2014, 2015 онуудад 3 жил дараалан Нийслэлийн тэргүүний Боловсролын хэлтсээр шалгарсан. Боловсролын салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь төр засгийн зүгээс өндрөөр үнэлж Д.А  миний биеийг 2014 онд Монгол Улсын Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр, 2014 онд Монголын Багш нарын холбооны “Боловсролын салбарын шинэчлэлийн шилдэг менежер” хүндэт өргөмжлөл, төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор тус тус шагнаж урамшуулсан. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/114 дүгээр тушаалын дагуу үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөний биелэлтийн үнэлгээгээр хангалттай дүгнэгдсэн тул 1,5 хүртэлх сарын цалингаар, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/230 дугаар тушаалаар 2015 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн тул 3 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг тус тус авсан. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт боловсролын салбарын үйл ажиллагааны онцлог, хэрэгцээ шаардлага, үүссэн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрд нь танилцуулан хамтран ажилласнаар Сүхбаатар дүүргийн Боловсролын салбарт 2013 онд 1,4 тэрбум, 2014 онд 3,9 тэрбум, 2015 онд 3,3 тэрбум, 2016 онд 2,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлүүлж төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын орчин, чанар хүртээмжийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмрийг оруулсан.

Гэтэл 2016 оны Улсын Их Хурал, Нийслэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дараагаар Нийслэлийн Боловсролын газрын удирдах бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээр солигдон газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Г томилогдон ажиллах болсон. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Г ын зүгээс дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга нарт хандан 2016 оны үйл ажиллагааны тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг ирүүлэх тухай үүрэг даалгавар өгөөгүй бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 23-нд багтаан ирүүлэх тухай хугацаа шахсан үүргийг өгсөн. Миний бие тогтоосон хугацаанд нь тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг боловсруулан өгсөн.

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Г аар ахлуулсан ажлын хэсэг үр дүнгийн гэрээний биелэлтийг танилцуулах ажиллагаа явуулсан. Уг ажиллагаан дээр Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Д нь 2016 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт хийгдсэн 48 ажлыг оруулан тооцох шаардлагагүй гэж хэлж байсан. /Үр дүнгийн гэрээний 2.1 дэх заалтад тусгагдсан байгаа ажлууд/

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Үр дүнгийн гэрээний биелэлтийн дүнг танилцуулахдаа: 

1. Нийт арга хэмжээ – 17,74 

2. Тусгай арга хэмжээ – 20,79

3. Манлайллын зорилт – 21,37 оноо нийт 59,9 оноо буюу “F” үнэлгээтэй байна гэсэн бөгөөд надад үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудсыг танилцуулаагүй зөвхөн дүнг хэлсэн. Мөн маргаашийн дотор тайлбар гарган өгч болно гэсэн. Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хариу тайлбар гаргахдаа үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудсыг үзээгүй тул чухам ямар заалтууд дээр хариу тайлбар гаргахаа мэдэхгүй байсан, мөн Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Г ын зүгээс ямар нэг чиглэл өгөөгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан үр дүнгийн гэрээний биелэлтийг танилцуулах явцад ажлын хэсгийн гишүүдийн зүгээс хэлсэн “зарим нэг заалтуудын давхцал, үг үсэг, найруулгын, хяналтын алдаа гаргасан” тухай шүүмжлэлийн дагуу хариу тайлбар гаргасан. Энэ хариу тайлбар дээрээ үр дүнгийн гэрээний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул биелэлтийг дахин танилцуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн хариуг өгөөгүй. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Д нь уулзалт хийж надаас үр дүнгийн гэрээний биелэлтэд өгсөн үнэлгээг хүлээн зөвшөөрч буй үгүй эсэх талаар асууж тэмдэглэл хөтөлсөн. Уг тэмдэглэлд Д.А  миний бие үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа дахин илэрхийлсэн. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Б, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.У  нь Нийслэлийн Боловсролын газрын 501 тоот өрөөнд надтай уулзан Нийслэлийн Боловсролын газрын дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллах санал дэвшүүлж санал танилцуулсан тэмдэглэл хөтөлсөн. Уг санал танилцуулах тэмдэглэлд “2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй буй тул энэхүү саналыг хүлээн авахаас татгалзаж байна” гэсэн тайлбарыг миний бие гаргаж өгсөн.

Боловсролын хэлтсийн даргыг томилох, чөлөөлөх эрх бүхий субъект болох Ж.Г ын зүгээс төсвийн шууд захирагч Л.А  надад Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын зүйл заалтуудыг хэрхэн мөрдөж үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн тухай нэг ч удаа уулзаж тайлбар, зөвлөгөө өгч харилцан ярилцаж байгаагүй, үр дүнгийн гэрээний биелэлтийг дахин дүгнүүлэх хүсэлт гаргасаар байхад 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр “Албан тушаал бууруулах” тушаалыг гаргасан.

Миний бие хийж бүтээсэн нийт 103 арга хэмжээнээс улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 48 ажил үйлчилгээг хасаж тооцсон болов уу гэж бодож байгаа /Гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсыг үзээгүй тул мэдэхгүй байна./ бөгөөд өмнөх онуудад үр дүнгийн гэрээг дүгнэхдээ улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг манай хийсэн ажил гэж дүгнэж байсан бөгөөд энэ удаад яагаад ингэж хандаж байгааг ойлгохгүй байна. Тэгээд ч Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт дахь “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 3 дугаар зүйлд “Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө нь үр дүнгийн гэрээний салшгүй бүрэлдэхүүн байх” талаар хуульчилсан бөгөөд миний бие өмнөх Нийслэлийн Боловсролын газрын даргатай байгуулсан Үр дүнгийн гэрээ болон байгууллагын 2016 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажил үйлчилгээг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн гэж бодож байна.

Сонгуульд ялсан намын үзэмжээр миний хийсэн ажлыг үнэлэн дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нийслэлийн Боловсролын газрын даргын хууль, дүрэм журам зөрчсөн үйл ажиллагаануудыг дурдвал:

1. Үр дүнгийн гэрээний дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтыг зөрчиж миний хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхгүй хязгаарлаж байна.

2. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх аргачлал”-ын 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудыг огт хэрэгжүүлээгүй.

3. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтын “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх заавар”-ын Гэрээний биелэлтийн үнэлгээ, хэрэгжүүлэх арга хэмжээний 5 дахь заалт буюу гэрээний баталгаажуулалт огт хийгдээгүй бөгөөд миний бие хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй болно.

4. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх дүгнэх журам”-ын 6.1 дэх заалт, Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ гэсэн заалтыг огт хэрэгжүүлээгүй.

Мөн журмын 6.2.5 дахь заалтад Гэрээний биелэлтийг дүгнэхдээ “Төсвийн ерөнхийлөн захирагч болон Төсвийн шууд захирагч нарын гэрээний биелэлтийн явцыг хэлэлцэж байсан мэдээлэлд үндэслэн хийнэ гэсэн заалт

6.5 дахь заалт Төсвийн шууд захирагч нь Төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлэхгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбар түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ гэсэн заалтыг огт хэрэгжүүлээгүй

6.7.Гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно.

6.8.”Илтгэх хуудас”-ыг 3 хувь үйлдэж, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч, үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж (албан хаагч) тус бүр 1 хувийг авна гэсэн олон заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Зохих ёсоор танилцуулаагүй, албан ёсоор баталгаажаагүй Үр дүнгийн гэрээний биелэлтийн дүгнэлт үнэлгээнд тулгуурлан Нийслэлийн Боловсролын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаал гаргасан нь төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна.

Энэ хууль бус актын талаар Төрийн албаны зөвлөлд хандсан боловч 2017 оны 04 дүгээр сарын 19-нд Нийслэлийн салбар зөвлөлд шилжүүлэн тус зөвлөлөөс 2017 оны 06 дугаар сарын 02-нд 106 дугаар тогтоол гарсныг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, Нийслэлийн Засаг даргад хандсан өргөдлийн хариуг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор хүлээн авсан тул шүүхэд хандаж байна.

Иймд хууль бус үр дүнгийн гэрээний дүгнэлтээс улбаалан гарсан Нийслэлийн Боловсролын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Нийслэлийн Боловсролын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаар тушаалаар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлэх ажлын хэсгийг байгуулсан.

Нийслэлийн Боловсролын газрын дарга болон ажлын хэсэг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарын 2016 оны үр дүнгийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч – Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх)-г үнэлж дүгнэх Үлгэрчилсэн загвар”-ыг үндэслэн үнэлж дүгнэсэн.

Уг үнэлгээгээр Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д  овогтой А  нь 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт 59.90 оноогоор үнэлэгдэж “F” буюу “Хангалтгүй” гэж дүгнэгдсэн.

Ингэж дүгнэхдээ “Төрийн жинхэнэ албан хаагч – Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх)-г үнэлж дүгнэх Үлгэрчилсэн загвар”-ын

“1.1. ...нийт арга хэмжээ бүрийн биелэлтэд 0-30 онооны үнэлгээ өгч, дундаж оноог гаргана. Тухайн арга хэмжээг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрээр хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрсэн бол 30, тухайн арга хэмжээг хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэлийн зарим шалгуур үзүүлэлтийг хангаагүй, үр дүнд бүрэн хүрээгүй бол 20-29, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн дуусаж, ажил хийгдэж байгаа бол энэ ажлын түвшинг харгалзан 14-19, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн бол энэ ажлын түвшинг харгалзан 5-13, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил хийгдэж эхэлсэн бол энэ ажлын түвшинг харгалзан 1-4 оноо өгч, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх талаар ямар нэг ажил хийгдээгүй бол оноо (“0” гэж тэмдэглэнэ) өгөхгүй.

1.2. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Загварын 1.2-ын тусгай арга хэмжээ тус бүрийн хэрэгжилтийг Загварын 1.1-ийн нийт арга хэмжээний хэрэгжилтийг үнэлсэн аргачлалаар дүгнэнэ. Загварын хавсралтын маягт (Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан)-ын харгалзах 3 дахь баганад тусгай арга хэмжээ бүрийн биелэлтэд 0-40 онооны үнэлгээ өгч, дундаж оноог гаргана. Тухайн арга хэмжээг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрээр хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрсэн бол 40, тухайн арга хэмжээг хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэлийн зарим шалгуур үзүүлэлтийг хангаагүй, үр дүнд бүрэн хүрээгүй бол 29-39, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн дуусаж, ажил хийгдэж байгаа бол энэ ажлын түвшинг харгалзан 18-28, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн бол энэ ажлын түвшинг харгалзан 7-17, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил хийгдэж эхэлсэн бол энэ ажлын түвшинг харгалзан 1-6 оноо өгч, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх талаар ямар нэг ажил хийгдээгүй бол оноо (“0” гэж тэмдэглэнэ) өгөхгүй.

Тусгай арга хэмжээний хэрэгжилтийн дундаж оноог тооцохдоо тусгай арга хэмжээ тус бүрт өгсөн онооны нийлбэрийг үнэлгээ өгсөн тусгай арга хэмжээний нийт тоонд хувааж гаргана.

1.3. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Загварын 1.3-ын манлайллын зорилт тус бүрийн хэрэгжилтийг Загварын хавсралт маягтын дагуу зорилт бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан зорилт бүрийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр уг маягтын харгалзах 3 дахь баганад зорилт бүрийн биелэлтэд 0-30 онооны үнэлгээ өгч, дундаж оноог гаргана.

Манлайллын зорилтын биелэлтийн үнэлгээний дундаж оноог тооцохдоо зорилт тус бүрт өгсөн онооны нийлбэрийг үнэлгээ өгсөн нийт зорилтын тоонд хувааж гаргана” гэж заасан аргачлал болон Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6 дугаар хэсэгт заасны дагуу гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулан 7 дугаар хэсэгт зааснаар үнэлгээний мөрөөр арга хэмжээ авсан.

Д.А  үр дүнгийн гэрээний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тухай 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр ирүүлсэн бөгөөд тайлбарыг хүлээн авч хэлэлцээд үндэслэл бүхий тайлбар гаргаагүй гэж үзэн урьд гаргасан үнэлгээг өөрчлөөгүй, гэрээний биелэлтийг дүгнэсэн “Илтгэх хуудас”-д тайлбарыг хавсаргасан.

Д.А  нь тайлбартаа “...үр дүнгийн гэрээний биелэлтэд дурдагдсан үг үсэг найруулгын алдаа засаж дахин боловсруулалт хийх үүрэг даалгавар чиглэл өгч ажиллаж байгаа, дахин хамгаалалт хийх тухай хүсэлтэй байгаа” тухай хүсэлт гаргасныг дахин хэлэлцэх үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна гэж үзэн Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Г үнэлгээг өөрчлөөгүй гэрээний биелэлтийг дүгнэсэн.

Уг “Илтгэх хуудас”-д Д.А  гарын үсэг зурахаас татгалзсан бөгөөд нийслэлийн Боловсролын газрын дарга гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан бөгөөд “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүнэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.5-д “Хэрэв төсвийн ерөнхийлөн захирагч үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн “Илтгэх хуудас”-нд тайлбарыг хавсарган төсвийн шууд захирагчийн Хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно.” гэж заасны дагуу гэрээг дүгнэсэнд тооцсон.

Ажлыг хэсэг болон нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Г дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар буюу төсвийн шууд захирагч нартай 2016 оны Үр дүнгийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ярилцан гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээ өгсөн.

Ингэхдээ Д.А д Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д “үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн биелэлт, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн талаар харьяалах дээд шатны удирдах ажилтны үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх” заасан эрхийг эдлүүлэхгүй хязгаарласан асуудал байхгүй бөгөөд Д.А  нь гэрээний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй гэсэн баримт болон эрх бүхий төрийн байгууллагад гомдол гарган, хариу авч байснаар тогтоогдож байна.

Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д  овогтой А г 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээгээр “F” буюу “Хангалтгүй үнэлэгдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ”, 23 дугаар зүйлийн 23.1.2. “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон”, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2.“хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1 “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно.” гэж заасныг үндэслэн Нийслэлийн Боловсролын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж тус газрын дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр мөн өдрөөс томилсон.

Гэвч Д.А  нь төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд томилсон албан тушаалд ажиллаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллах”, 13.1.4-д “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасныг зөрчин Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Иймээс Д.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А  нь Нийслэлийн Боловсролын газрын даргад  холбогдуулан “Нийслэлийн Боловсролын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... Д.А  нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн...” гэж мэтгэлцсэний талаар.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “...дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, 39.1.1-д “энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан” гэж заасны дагуу Д.А  нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 04 дугаар сарын 19-ний өдрийн 478 дугаар албан бичгээр Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу судлан, зохих ёсоор шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. 

Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бүтцийн салбар нэгжийн хувьд гомдлыг хянан үзээд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 106 дугаар тогтоолоороо дээрх тушаалыг үндэслэлтэй гэж үзжээ.

Иймд нэхэмжлэгч Д.А  2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй, хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан байна. 

Хоёр. Нийслэлийн Боловсролын газрын дарга 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаараа Д.А г 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан гэж үзэн Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж мэргэжилтнээр томилсон байна. Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 23 дугаар зүйлийн 23.1,  23.1.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.3, 16.5.5, 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь хэсгүүдийг тус тус үндэслэжээ.

Нийслэлийн Боловсролын газраас Д.А гийн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг “F” буюу “хангалтгүй” гэж дүгнэсэн үйл баримтад шүүх дараах дүгнэлтийг хийж шийдвэрээ гаргасан болно.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ”, 19.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болно”, 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэж тус тус заажээ.

Хуулийн заалтыг тодруулбал, “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэдэгт Төрийн албаны зөвлөлөөс баталсан төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу дүгнэсэн үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн байх ёстойгоос гадна хуулийн зохицуулалт ёсоор төрийн албан хаагч албан үүргээ чанарын хувьд доголдуулж гүйцэтгэсэн, төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн сахилгыг зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд захиргаа нь түүний албан тушаалыг бууруулах эрхийн хүрээнд гаргах шийдвэр нь үндэслэл бүхий болдог.

Боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар, нийслэлийн дүүрэгт боловсролын хэлтэс байна”, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т “төсвийн байгууллага” гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг”, 4.1.38-д “төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг” хэлнэ гэж заасны дагуу дүүргийн боловсролын хэлтсийн даргын албан тушаалыг эрхэлж буй иргэн нь төсвийн шууд захирагч болдог байна.

Иймээс нэхэмжлэгч Д.А гийн эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалын үйл ажиллагааны үр дүнг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-н дагуу дүгнэх ёстой. Энэхүү журмын 6.1-д “Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө  төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ”, 6.5-д “Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий  тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ” гэж зохицуулжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбараас дүгнэхэд хариуцагч нэхэмжлэгчийг  ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан гэж үзэн  маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Д.А гийн үйл ажиллагааны үр дүнд өгсөн үнэлгээний талаар ярилцлага хийгээгүй бөгөөд дахин үнэлгээ хийлгүүлэх эрхийг нь зохих хүсэлт гаргасаар байтал нэхэмжлэгчид эдлүүлээгүй байна.

Тодруулбал, Нийслэлийн Боловсролын газрын албан хаагч нарыг байлцуулан  2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Үр дүнгийн гэрээ дүгнэх ажлын хэсгийн тайлан” гэх албан бичгийг үйлдэж, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга нарын үр дүнгийн гэрээний биелэлтэд дүгнэлт өгчээ. Тайланд “...Ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09.00 цагаас 19.00 цаг хүртэл нийслэлийн Боловсролын газрын 501 тоотод дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарыг хуваарийн дагуу хүлээн авч 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж дүгнэн ажиллалаа” гэж дурдсан боловч энэхүү үйл баримт бодит байдал дээр болоогүй гэж шүүхээс үзлээ. Учир нь дээрх үйл баримтыг нотлох ямар нэгэн бичгийн нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүйгээс гадна нэхэмжлэгч Д.А  шүүх хуралдаанд үр дүнгийн гэрээг дүгнэхдээ ямар үндэслэлээр хангалтгүй дүн өгсөн, ямар баримтад тулгуурлан ийнхүү дүгнэсэн талаар захиргаа тайлбар хийгээгүй, түүнтэй ярилцлага хийгээгүй гэж тайлбарласан болно. 

Зүй нь Д.А гийн үр дүнгийн гэрээгээр хэрэгжүүлэх ёстой 105 арга хэмжээ тус бүр дээр хариуцагч нэхэмжлэгчтэй ярилцлага хийж үнэлгээ өгөх ёстой бөгөөд нэхэмжлэгч нь түүнийг албан тушаал бууруулах шийдвэртэй холбогдуулан үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлгээ тус бүрээр ямар баримтад үндэслэж дүгнэж байгаа талаар мэдэх эрхтэй бөгөөд үүнтэй холбогдуулан тайлбар авах нь захиргааны үүрэг юм.

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ажлын хэсгийн тайлангаар нийт 8 дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарын 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд хийсэн үнэлгээг гаргасан бөгөөд  Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн үйл ажиллагаанд ямар нэгэн дутагдал байгаа эсэх талаар танилцуулга хийгдээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.А  нь Нийслэлийн Боловсролын газарт 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээтэй холбоотой зохих тайлбарыг хүргүүлж, дахин асуудлыг хэлэлцүүлэхээр ханджээ. Гэвч 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр уулзалтын тэмдэглэл гэгч зүйлийг хөтөлсөн бөгөөд харин асуудлыг дахин авч үзээгүй байна. Иймд хариуцагч нь “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.1, 6.5 дах хэсэгт заасан зохицуулалтыг хэрэгжүүлээгүй тул Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Гурав. Шүүх үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээтэй холбоотой дараах дүгнэлтүүдийг хийлээ.

Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.А гийн 2016 үр дүнгийн гэрээний биелэлтийг хариуцагч дүгнэхдээ тусгай арга хэмжээнээс  бусад  хэрэгжүүлбэл зохих нийт  арга хэмжээнд /0-30/ 17.74, хэрэгжүүлбэл зохих тусгай арга хэмжээнд /0-40/ 20.79, манлайллын зорилтод /0-30/ 21.37 оноог тус тус өгчээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар  Д.А д 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн биелэлтэд өгсөн нийт 59,90 оноо буюу “хангалгүй” гэх үнэлгээг хариуцагч бодит баримтад тулгуурлалгүй, хийсвэр дүгнэлт хийж гаргасан болох нь дараах баримтаар тогтоогдож байна.

Тухайлбал, Д.А  Нийслэлийн Боловсролын газарт 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 53 хуудас бүхий Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн 2016 оны үйл ажиллагааны тайлан хүргүүлсэн байтал хариуцагч 2016 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөгөөр гүйцэтгэхээр тусгагдсан 105 арга хэмжээнээс арга хэмжээ тус бүрийг ямар үндэслэлээр хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “төсвийн зардлаар хийгдэх арга хэмжээнүүдийг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын санхүүжилтээр гүйцэтгэхээр санаачлага гаргаагүй” гэж мэтгэлцсэнийг шүүх дараах байдлаар хүлээн авах боломжгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Монгол Улсын төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд авах зарим арга хэмжээний тухай 38 дугаар тогтоолын 1.2 дахь заалтад “2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зарлахгүй”, 1.3 дахь заалтад “2016 он 08 дугаар сарын 17-ны өдрөөс  өмнө гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зохих журмын дагуу зогсоох” гэж бүх шатны төсвийн шууд захирагч нарт даалгасан байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 14/55 дугаар тогтоолоор тус дүүргийн 2016 оны төсвийг баталсан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15/57 дугаар, 11 дүгээр сарын 04-ний 17/58 дугаар тогтоолуудаар дүүргийн 2016 оны төсөвт өөрчлөлт оруулж байжээ. 

Дээрх Засгийн газрын тогтоол болон дүүргийн төсвийн өөрчлөлт ёсоор Сүхбаатар дүүргийн боловсролын салбарт хийгдэхээр тусгагдсан 12 төсөл, арга хэмжээнүүд хэрэгжээгүй болох нь тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3/3052 дугаар албан бичгээр нотлогдож байна.

     Төсвийн шууд захирагч буюу дүүргийн боловсролын хэлтсийн дарга нь боловсролын үйлчилгээг хэрэгжүүлдэг төсвийн байгууллагын үйл ажиллагааг хандив тусламжаар явуулах үүрэг хуулиар хүлээдэггүй тул Д.А гийн 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг дээрх шалтгаанаар үндэслэлгүй бууруулсан гэж үзэх үндэслэлтэй.

Нийслэлийн Аудитын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Сүхбаатар дүүргийн Боловсролын газрын 2016 оны үйл ажиллагааны санхүүгийн тайланг ямар нэгэн зөрчилгүй гэж хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “2016 онд Сүхбаатар дүүргийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол 2015 онтой харьцуулахад 59-өөр илүү ирсэн” гэх тайлбарыг шүүх хуралдаанд хийсэн. Энэхүү өргөдөл, гомдол нь Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн багш нартай холбоотой асуудал байсан бөгөөд гомдолд дурдсан асуудлууд нь Д.А гийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг болон нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын үйл ажиллагаатай шууд хамааралгүй байна. 

  Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд, хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх” зарчмыг алдагдуулж,  журмаар зохицуулсан харилцааг зөрчиж, тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, чанарын хувьд үүрэгт ажлаа доголдуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр төрийн албан хаагчийн хийсэн ажлын үнэлгээг бууруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байх тул Д.А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч Д.А гийн  Нийслэлийн Боловсролын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгох гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргасан бөгөөд, нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүү, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх асуудлаар маргаагүй болно. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34, 4.1.38, Боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгүүдийг тус тус баримтлан Д.А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Нийслэлийн Боловсролын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ТӨМӨРБАТ