Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2047

 

Ж.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/00609 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох,

 

15 сарын цалинтай тэнцэх тэтгэмж гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Автобус-1 баазад 1991 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 333 тоот тушаалаар Хайлааст-1 чиглэлийн кондукторын ажилд орсон. “Зорчигт тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/208 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Тус байгууллагад тасралтгүй 24 жил 9 сар ажилласан бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах ёстой байтал өгөлгүй миний эрхийг зөрчсөн.

Иймд “Зорчигт тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардалага гаргасан боловч 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг авсан тул 15 сарын цалинтай тэнцэх тэтгэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг нь Автобус-1 дүгээр баазад 1991 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр кондукторын ажилд ороод, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 403 тоот тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин буюу 1 781 737 төгрөг олгосон. 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ж.Алтанцэцэгийн хувийн данс руу уг мөнгийг шилжүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь Автобус-1 болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан. Автобус-1 гэх байгууллага Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 захирамжаар татан буугдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид мөрдөнө гэж заасанчлан Автобус-1 гэх газар нь татан буугдсан учир 2014 оны 10 дугаар сарын    01-ний өдөр хүртэл хамтын гэрээг мөрдөх байсан. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь дөрвөн Үйлдвэрчний эвлэлийн хороотой, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага түүний нэгж, хэсгийг байгуулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасан. Тэгэхээр манай байгууллага энэ олон хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Нийслэлийн Засаг даргын А/778 захирамжаар татан буулгах тухай захирамжаар    Автобус-1 орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгасан байдаг. 2001 оны албан хэрэг хөтлөлтийн журам, 2009 оны түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан журманд зааснаар захирамжлалын баримт бичгийн захирамжлах хэсгийн утга нь заавал биелэгдэх шинжийг өөртөө агуулна гэсэн стандарт байдаг. Нийслэлийн Засаг даргын гаргасан А/778 захирамж хүчин төгөлдөр үйлчилж байхад тухайн байгууллагыг татан буугдаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 18 дугаар зүйлийн 18.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 15 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 8 908 680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 157 489 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын хамтын гэрээ нь 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Автобус-1” ОНӨААТҮГ болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан бөгөөд 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар бүртгэгдэн 1 жилийн хугацаанд үйлчилсэн. Уг хамтын гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд “энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан. Гэсэн хэдий ч Автобус-1 нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулагдсан. Нэхэмжлэгчийн шаардлагаа үндэслээд байгаа хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийгдээгүй болохыг тайлбарласан боловч шүүх үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гаргахад дутуу олгогдсон 15 сарын цалинтай тэнцэх тэтгэмж гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ж.Алтанцэцэг нь хариуцагч байгууллагад 1991 оноос 2016 он хүртэл 24 жил, 5 сар ажилласан, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч нь “Автобус-1” ОНӨААТҮГ-т ажиллаж байсан ба Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 тоот тогтоолоор тус үйлдвэрийн газрыг татан буулгаж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т нэгтгэсэн тул тус байгууллагын эрх, үүрэг хариуцлага нь хариуцагчид шилжсэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

“Автобус-1” үйлдвэрийн газар нь Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсныг Хан-Уул дүүргийн Тамгын газарт бүртгүүлсэн бөгөөд  хамтын гэрээгээр талууд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаанд энэ гэрээ хүчинтэй байх талаар тохиролцсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иймд хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хамтын гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг нь 24 жил, 5 сар ажиллаж хамтын гэрээний 8.5 дахь хэсэгт зааснаар 18 сарын тэтгэмж авах болзлыг хангасан бөгөөд үүнээс нэхэмжлэгчид олгосон 3 сарын тэтгэмжийг хасч 15 сараар тогтоож, хариуцагч байгууллагаас 8 908 680  төгрөгийг гаргуулсан нь зөв байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэснийг зөвтгөх нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх заалтаар хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрт гаргасан давж заалдах гомдлын дагуу шүүх шийдвэрлэх маргааны харьяаллыг тогтоосон нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянагдаж буй хамтын гэрээний үүрэг шаардах маргаанд хамаарахгүй юм.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн зохицуулалт ажлаас халагдсаны тэтгэмж шаардахад хамааралтай байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт хамтын гэрээгээр зохицуулах харилцааг нэрлэн заасан нь ажилтан хамтын гэрээний үүргээ биелүүлэхийг ажил олгогчоос шаардах эрхийн зохицуулалт биш юм.

 

Иймд хууль хэрэглээний алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/00609 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 18 дугаар зүйлийн 18.1, 42 дугаар зүйлийн 42.1” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 5 дугаар зүйлийн 5.2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                

                                                                

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

                                                            Э.ЗОЛЗАЯА