Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0104

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М, гомдол гаргагчийн төлөөлөгч Ж.А, хариуцагч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дүгээр сарын 27-ны өдрийн 690 дугаар шийдвэртэй, “С” ХХК-ийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Г, Д.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дүгээр сарын 27-ны өдрийн 690 дүгээр шийдвэрээр:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Г, Д.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0294835 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч Ж.А тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: Манай компани нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын Байцаагч Г.Г, Д.Б нарын татварын холбогдох хуулиудыг зөрчсөн гэж нөхөн татвар 30,567,367.30, торгууль 9,170,210.20, алданги 6,113,473.50 нийт 45,851,051.00 төгрөг төлүүлэхээр өгсөн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй холбогдох тайлбарыг гаргаж санхүүгийн болон бусад баримт материалыг худалдан авахад, тухайн хуулийн этгээд буюу “И” ХХК, “Х” ХХК-иас бараа худалдан авсан барааны хамт татварын цахим системээр е-баримт шивж холбогдох санхүүгийн баримтууд өгсөн.

Татвар төлөгч, татварын алба хооронд үүссэн маргааны утга нь компани үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу бусдаас бараа материалыг худалдан авахад, тухайн хуулийн этгээдээс бараа худалдан авсаныг нотлох нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хуурамч байсан гэсэн асуудал юм. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх Татварын улсын байцаагчийн 0294835 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн.

Манай компани нь Монгол Улсын Татварын Ерөнхий Хуулийн 74 дүгээр зүйлд:74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхгүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эргүүлэн хариуцлага хүлээлгэхээргүй бол...татварын нөхөн төрүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.1.4 тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өгсөх, 74.1.6 баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах, 74.1.8 хууран мэхлэх, хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл хийх, 74.3 энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх... татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэсэн заалтыг зөрчсөн үйлдэлд 30567367,30 төгрөгийн нөхөн татвар, 9170210,20 төгрөгийн торгууль, 6113473,50 төгрөгийн алданги ногдуулсан.

Бид татвар ногдох орлого нуугаагүй тайлагнасан, баримт бичгийг хуурамчаар үйлдээгүй тухайн компаниудын тамга тэмдэг бүхий санхүүгийн баримтуудтай мөн татварын албаны хяналтан доорхи е-баримтаар шивэгдсэн нөат-ын падаан байсан.

2015 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга түлхүүр гардуулах ажлыг гүйцэтгэсэн ба сантехникийн материал, ган яндан, дулаалгын материал дагалдах холбох хэрэгслүүдийг “И” ХХК-аас нэмүү өртөгтэй үнээр, 2016 онд “Б” ХХК, “Э” ХХК-ийн захиалгаар 14 дүгээр хороолол гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна дулаан, цэвэр усны шугамын угсралтын ажлыг гүйцэтгэхдээ “Х” ХХК-аас Ф200 труба, бетон эдлэхүүнүүд, дулаалгын материалыг нэмүү өртөгтэй үнээр тус тус худалдан авсан ба татварын албан ёсны падаан (2015 он), татварын цахим системээр шивэгдсэн (2016 он) баримтууд байсан.

Мөн татвар төлөгч болох манай компани үүсгэн байгуулагдсан цагаас тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. 2020 онд Дэлхийн нийтэд коронавирусын цар тахал дэгдсэнээс болж манай улсад тодорхой хугацаагаар ажил үйлчилгээг хязгаарласаар ирлээ. 2020 онд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй зогсонги байдалтай байна. Татварын хууль тогтоомжид татвар төлөгчид хяналт шалгалт хийх, татвар төлөхийг шаардах, хариуцлага тооцож торгууль алданги тооцохоос гадна зөвлөгөө өгөх, мөн тайлан засаж тайлагнах боломж олгох ёстой. Цаашид компанийн хэвийн үйл ажиллагаа явуулахад хууль зүйн бололцоо олгож өгнө үү. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0294835 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Гомдол гаргагч “С” ХХК-аас “2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “0294835 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.Г, Д.Б нарт холбогдуулан гаргажээ.  

          Хариуцагч улсын байцаагч Г.Г, Д.Б нар нь Татварын хяналт, шалгалт хийх 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 35180800414 дугаар томилолт[1], Татварын Ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Н/108 тушаалын сүүлийн хагас жилийн “Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт”, Татварын хяналт, шалгалт хийх ерөнхий удирдамж зэргийг үндэслэн “С” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0294835 дугаар шийтгэлийн хуудсыг[2] гаргажээ.

          Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “С” ХХК-ийн 2015-2017 онуудад татвараа үнэн зөв тодорхойлж тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй асуудлыг шалган тус компанийг “И” ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18703660 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 64,748,672.70 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18708375 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 148,884,090.90 төгрөгийн, “Х” ХХК-аас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1161765569 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 92,040,909.10 төгрөгийн хуурамч падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан нийт 305,673,672.70 төгрөгийн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, дахь хэсэгт заасныг үндэслэн 30,567,367.30 төгрөгийн нөхөн татвар, 9,170,210.20 төгрөгийн торгууль, 6,113,473.50 төгрөгийн алданги, нийт 45,851,051.0 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10д/6590[3] тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын даргад “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээ хийлгэхэд дараах аж ахуйн нэгжүүдийн татвар тооцогдох зөрчил нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээ хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авч хариу ирүүлнэ үү” гэжээ.

          Хариуцагч улсын байцаагчаас “С” ХХК-ийн “И” ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18703660 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 64,748,672.70 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18708375 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 148,884,090.90 төгрөгийн, “Х” ХХК-аас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1161765569 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 92,040,909.10 төгрөгийн хуурамч падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан нийт 305,673,672.70 төгрөгийн зөрчлийг тус компанийн 2015, 2016 онуудын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, худалдан авалтын бүртгэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг нотлох баримтуудаар шалган тогтоож, тус компани нь 2015, 2016 онуудад хуурамч падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан нийт 305,673,672.70 төгрөгийн зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

          Учир нь “И” ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18703660 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 64,748,672.70 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18708375 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 148,884,090.90 төгрөгийн, “Х” ХХК-аас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1161765569 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 92,040,909.10 төгрөгийн худалдан авалтуудыг нэхэмжлэгч “С” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын 2015, 2016 оны тайлангийнхаа худалдан авалт хэсэгт тусгасан боловч энэхүү падаануудаар тодорхойлогдох борлуулалт, худалдан авалтыг эдгээр компаниуд бодитойгоор хийгээгүй буюу падаанууд хуурамч, хий бичилттэй болох зөрчлийг Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоол[4], 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 032 дугаартай шинжээчийн дүгнэлт[5], 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлт[6], Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10д/6590[7] дугаар албан бичиг зэргээс тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

          Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2016 оноос дагаж мөрдсөн) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.” гэж заасныг нэхэмжлэгч “С” ХХК-иас зөрчиж нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилттэй буюу хий бичилттэй падааныг үндэслэн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийсэн, нэхэмжлэгч компанийн төсөвт төлөх татвар нь буурсан гэж үзнэ.

Ийнхүү падаан нь хуурамч, хий бичилттэй гэдэг нь тогтоогдож байхад нэхэмжлэгч талаас гарган өгсөн бараа материалыг худалдан авсан санхүүгийн анхан шатны бусад баримтуудыг үнэн зөв гэж үзэх, уг анхан шатны баримтуудыг  үндэслэн нэхэмжлэгч компанийг тухайн компаниудаас “бодитой” худалдан авалт хийсэн, нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар тодорхойлсон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн гэж үзэх нь хуульд нийцэхгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгч талын “...материалыг нэмүү өртөгтэй үнээр тус тус худалдан авсан ба татварын албан ёсны падаан, татварын цахим системээр шивэгдсэн баримтууд байсан...” гэх давж заалдах гомдлыг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй байна.

          Гомдол гаргагчийн давж заалдах гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.4-т заасныг тусгах шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрийн аль үндэслэл, заалтыг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаар тодорхой тусгаагүй байгааг тэмдэглэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 690 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “С” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 94 дэх тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал  

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал

[4] 2 дугаар хавтаст хэргийн 23-33 дахь тал

[5] 3 дугаар хавтаст хэргийн 22-28 дахь тал

[6] 2 дугаар хавтаст хэргийн 40-83 дахь тал

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал