| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2016/6417/И |
| Дугаар | 6507 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 6507
| 2016 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 101/ШШ2016/06507 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: ххххххххххх тоотод оршин суух, Д.Бгийн /РД: ............/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................ тоотод оршин суух, М. Эт /РД:............. нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 259.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б,
Хариуцагч М.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2012-2014 оны хооронд М.Эт цувуулан 650.900 төгрөг зээлсэн бөгөөд буцаан төлөх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд хандаж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ххххххххх тоот шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрээр надад 116.900 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн авсан. Мөн шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа 160.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.
Би М.Эт түүний ээж М.Аийн Хаан банк дах хххххххххх тоот дансаар нь 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 30.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 100.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 30.000 төгрөг, нийт 160.000 төгрөгийг зээлсэн байсан. Үүнийгээ нэхэмжилж байгаа.
Иймд хариуцагч М.Эээс уг шүүхийн шийдвэрээр хангаагүй 90.000 төгрөг болон дансны хуулгаар нотлогдох 160.000 төгрөг, нийт 259.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Б бид хоёр найз нөхдийн харилцаатай, бие биедээ тусалж байсан. Д.Б нь хувийн атаа, жөтөөний улмаас нэр хүндэд маань халдаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд намайг гүтгэж цагдаад өгч шалгуулж байсан.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ххххххххх тоот шийдвэрээр надаас 116.900 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөг тус тус гаргуулж Д.Бд олгож шийдвэрлэснийг би төлж барагдуулсан.
Би өөрийн ээж М.Аийн Хаан банк дах хххххххххх тоот дансаар нь 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 30.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 100.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 30.000 төгрөг, нийт 160.000 төгрөгийг зээлсэн. Гэхдээ төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч М.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 259.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
/Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 0000тоот шийдвэрээр хангаагүй үлдсэн 99.000 төгрөг,
мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 9586 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 160.000 төгрөг, нийт 259.000 төгрөг/
Д.Б нь М.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2014 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн 30.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлсэн 90.000 төгрөгөөс 900 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зээлсэн 185.000 төгрөг, нийт 215.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Дээрхи иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 0000тоот шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй гэж үзэн хариуцагч М.Эийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу /86.000+30.000/ 116.900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 99.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Д.Б нь 2012 оноос хойш М.Эт мөнгө зээлж байсан талаараа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шүүх шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссан талаар талууд маргаагүй.
Хариуцагч М.Э нь нэхэмжлэгч Д.Бгээс зээлсэн гэх 99.000 төгрөгтэй холбоотой маргааны талаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан байх ба нэхэмжлэгч Д.Б нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нэхэмжлэлийн үндэслэл болгон шаардаж байгаа нь үндэслэлгүй.
/ХХ-ийн 13-16, 19 дүгээр тал/
Хариуцагч М.Э нь нэхэмжлэгч Д.Бгээс эх М.Аийн Хаан банк дах хххххххххх тоот дансаар дамжуулан 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 30.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 100.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 30.000 төгрөг, нийт 160.000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргахгүй байгаа бөгөөд уг мөнгийг нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн хэмээн тайлбарлаж байна.
/ХХ-ийн 17 дугаар тал/
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа хөөн хэлэлцэх хугацаа 3 жил“ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч М.Бгээс 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж нэхэмжлэл гаргаж байгаагүй, мөн түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд хариуцагч М.Бд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 259.000 төгрөг гаргуулах тухай Д.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч М.Эт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 259.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН