| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0201/Э |
| Дугаар | 238 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Аварзэд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 238
2020 02 11 2020/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч А.Аварзэд,
Хохирогч Д.Очирхуяг,
Шүүгдэгч Ц.Ю, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн /ҮД:2360/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Юид холбогдох 1906 00015 2470 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1968 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 1 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2а хэсгийн 949 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 813 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэгдэж байсан, Б овогт Цын Ю /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ц.Ю нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөмийн 1 тоотод иргэн Д.Очирхуягийг зодож түүний биед толгой, дагз, зүүн хөмсөгт, шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Юийн өгсөн: “Би энэ хүнийг зодож цохиогүй. Надад архи авч өгсөн нь үнэн. Би усанд явж ирээд толгойг нь угааж өгсөн. Би толгойг нь алчуураар боож өгсөн. Би өөрөө цагдаа дуудсан. Түргэн дуудсан. Д.Очирхуягийн эхнэр, дүү нь над дээр ирсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Очирхуягийн өгсөн: “Ю, Алтансүх бид 3 Дэлгэрийн гэрээс гараад Юндэн ахын гэрийн урд талын дэлгүүрээс 0.5 литр, 0.33 литрийн 2 архи зээлж аваад Юндэн ахын гэрт орж уусан. Юндэн ахын гэрт орж архиа уугаад би согтож мэдрэлгүй болчихсон байсан. Тэр үед хэсэг ухаан алдчихсан байж байгаад сэрсэн. Сэрэх үед Чапи нь байхгүй, Юндэн хажууд байсан. Сэрээд харахад би өөрөө цус болчихсон, Юндэн ахын гэрийн хөшиг нь цус болчихсон байсан. Юндэн миний толгой руу яг цохих гэж байсан. Би хүнд зодуулчихлаа гэж дүүдээ хэлээд манай дүү ирж цагдаа дуудсан. Машинд архи уугаагүй. Юндэн ахын гэрт бид 3 архи уусан. Би Юндэн ахын гэрээс гарч гадагшаа, дотогшоо яваагүй. Би Юндэн ахын гэрт амрах гээд гутал, оймсоо тайлчихсан байсан. Би гудамжинд архи уугаагүй. Цагдаа ирээд Юндэн ахыг баривчлаад явсан. Би гэмтэл орж толгойндоо оёдол хийлгэсэн...” гэх мэдүүлэг,
Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Очирхуягийн өгсөн: “... Юндэн, Алтанбаяр, бид гурав гарч дэлгүүрээс би 2 шил архи зээлээр аваад Юндэнгийн гэрт очин хувааж уусан... Тухайн хэрэг гардаг өдөр бол Юндэн, Алтанбаяр, бид гурав л байсан, өөр хүн байгаагүй... Миний хоёр шанаа хэсэг болон нүд хэсэгт Юндэн бас цохисон...” гэх мэдүүлэг /хх.17-19, 20-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Алтанбаярын өгсөн: “... Юндэнгийн гэрт очиж архиа ууцгаасан, жижиг архиа ууж дуусахад Оонжоо гараад явсан, Юндэн бид хоёр үлдсэн архиа задалж уун ярьж хөөрөөд сууж байгаад би гарч 00-д ороод бие засч байхад “үхлээ, Юндэн ахаа үхлээ” гээд Оонжоо гэж тэр залуу орилоод байсан, тэгээд би гэрт яваад ороход нил цус нөж болчихсон, нүүр нь цус болчихсон, урсчихсан байсан. Юндэн “за за дурак, хэлээд байхад чинь” гээд цэвэрлье гэж байсан, шалан дээр цус болчихсон байсан, би унаад юм уу гадаа явж байгаад тэгсэн юм болов уу гэж эхэндээ бодсон, эсхүл орны толгой мөргөчихсөн юм болов уу гэж бодсон. Тэгээд Юндэн намайг “яв яв” гээд байсан, тэгээд ч эхнэр залгаад байсан тул би явсан, гэртээ очоод бараг 5 минут болоогүй байхад 2 цагдаа орж ирсэн, “та хүн зодсон байна” гэхээр нь “би зодоогүй, Юндэн тэр хоёр үлдсэн” гэж хэлсэн, мөн утсандаа хийсэн байсан бичлэгээ үзүүлсэн... намайг жорлонд байхад “Юндэн ахаа үхлээ шүү дээ, үхлээ шүү дээ” гэж орилоод байсан... Би өөрөө 5 удаа ял шийтгэл эдэлж байсан, одоо мөн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, мөн нялх 2 охинтой хүн дахин хэрэгт холбогдчих вий гэсэн дээ бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг /хх.23-25/,
“... Д.Очирхуяг согтуу Дэлгэртэй маргалдан тэр хоёр барилцаж аваад хохирогч Дэлгэрийн нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохисон, тэгэхээр нь би салгаад “та нар архи зүгээр уувал уу?” ...” гэж хэлээд салгасан чинь Д.Очирхуяг төмөр орны хажуугаас хагас шилтэй архи гаргаж ирээд надад нэг хийж өгөхөөр нь би уугаад бид хоёр танилцсан, тэгээд хагас шилтэй архи уугаад сууж байхад Дэлгэрийн эхнэр София уурлаад “та нар одоо манай гэрээс гар, бид хоёр унтаж амармаар байна” гэхээр нь Юндэн, хохирогч Д.Очирхуяг бид гурав гараад Дэлгэрийн хашааны үүдэнд тавьсан Д.Очирхуягийн машинд суугаад ... зам руу явж, хүнсний дэлгүүр орж, Д.Очирхуяг өөрөө хоёр шил архи аваад, бид гурав Юндэнгийн гэрт очиж хувааж уусан, тэр үед хохирогч Д.Очирхуяг “машинаа унаж гарлаа” гэхээр нь Юндэн бид хоёр “машинтай явж хэрэггүй” гэж хэлсэн чинь үгэнд орохгүй гэрээс гараад явахаар нь Юндэн бид хоёр нэг шил архи дахиж задлаад хуваан ууж байгаад би бие засах гэж гараад жорлонд сууж байхад гэнэт Юндэнгийн гэр дотор нэг эрэгтэй хүн “Юндэн ахаа би үхлээ” гээд бархираад байхаар нь би гэр лүү ороход хохирогч Д.Очирхуяг гэрийн баруун талын орон дээр суучихсан, нүүр ам нь битүү цус болчихсон байхаар нь би шууд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн, яагаад гэвэл би өмнө нь 5 удаа ял шийтгэл эдэлж байсан болохоор дахин гэмт хэрэгт холбогдох байх гэж айгаад бичлэг хийсэн чинь Юндэн хохирогчийн нүүр амыг арчиж намайг “чи гэр лүүгээ яв, би цагдаа дуудсан, гэж хэлэхээр нь би яваад гэртээ ирсэн чинь араас удалгүй хоёр цагдаа ирээд намайг хүн зодсон байна гээд авч явсан... хэрэг болсны маргааш өглөө нь үүрээр Юндэн, Дэлгэрийн гэрт ороод эхнэр Софияд “би өчигдөр Д.Очирхуягийг арай дэндүү зодсон байна” гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Дэлгэрийн өгсөн: “... Хэрэг гардаг өдөр 14 цагийн үед хохирогч П.Очирхуяг согтуу орж ирээд надаас архи нэхээд байсан түүнээс болж маргалдан П.Очирхуяг намайг хоёр удаа цохисон түүнээс өөр зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх.29-30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Софиягийн өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өглөө үүрээр 7 цагийн үед Юндэн ах согтуу орж ирээд “ах нь өчигдөр шөнө нөгөө Оонжийг /буюу одоо хохирогч Д.Очирхуягийг/ арай дэндүү зодчихлоо, гэрийн хөшиг битүү цус болчихож, сая угаачихаад ирлээ” гэхээр нь “би унтлаа, та гар” гээд гэрээс гаргасан чинь өдөр харин 12 цагийн үед Юндэн ах дахин манай гэрт орж ирээд “өчигдөр Д.Очирхуяг манай гэрт хүнд зодуулчихсан орж ирэхээр нь би цагдаа, түргэн дуудаж өгсөн биш бүүр гай боллоо” гэж шал худлаа юм яриад байсан, тэгэхээр нь би “та чинь өглөө өөрөө Д.Очирхуягийг зодсон гэж надад хэлсэн биз дээ” гэж хэлсэн чинь гэнэт Юндэн ах уурлаад “би хэзээ тэгж хэлсэн юм, пизда минь ална шүү” гэж намайг дарамтлаад гэрээс гарч явсан... тэр өдөр ганц архи уугаагүй нь би байсан болохоор эрүүл байсан, мөн Юндэн ахын хэлсэн үгийг үнэн зөвөөр хэлж байна...” гэх мэдүүлэг /хх.31-32/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 385 дугаартай:
“1. Д.Очирхуягийн биед толгой, дагз, зүүн хөмсөгт шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Хохирогч Д.Очирхуягийн биед учирсан гэмтлийн гэрэл зургууд /хх.49-51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Юийн яллагдагчаар өгсөн: “... Би хохирогчтой хамт архи уусан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх.82/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлууд /хх.89, 93/,
Прокуророос гомдлын хариу мэдэгдэх хуудас /хх.95/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.Ю нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөмийн 1 тоотод иргэн Д.Очирхуягийг зодож түүний биед толгой, дагз, зүүн хөмсөгт, шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Очирхуягийн өгсөн: “... Миний хоёр шанаа хэсэг болон нүд хэсэгт Юндэн бас цохисон...” гэх мэдүүлэг /хх.17-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Алтанбаярын өгсөн: “... “үхлээ, Юндэн ахаа үхлээ” гээд Оонжоо гэж тэр залуу орилоод байсан, тэгээд би гэрт яваад ороход нил цус нөж болчихсон, нүүр нь цус болчихсон, урсчихсан байсан. Юндэн “за за дурак, хэлээд байхад чинь гээд цэвэрлье” гэж байсан шалан дээр цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.23-25/,
“... би бие засах гээд гараад жорлонд сууж байхад гэнэт Юндэнгийн гэрт дотор нэг эрэгтэй хүн “Юндэн ахаа, би үхлээ” бархираад байхаар нь би гэр лүү ороход хохирогч Д.Очирхуяг гэрийн баруун талын орон дээр суучихсан нүүр ам нь битүү цус болчихсон байхаар нь би шууд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн... чинь Юндэн хохирогчийн нүүр амыг арчиж намайг “чи гэр рүүгээ яв” би цагдаа дуудсан гэж хэлэхээр нь би яваад гэртээ ирсэн... хэрэг болсны маргааш өглөө нь үүрээр Юндэн, Дэлгэрийн гэрт ороод эхнэр Софияд “би өчигдөр Д.Очирхуягийг арай дэндүү зодсон байна” гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Софиягийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өглөө үүрээр 7 цагийн үед Юндэн ах согтуу орж ирээд “ах нь өчигдөр шөнө нөгөө Оонжийг /буюу одоо хохирогч Д.Очирхуягийг/ арай дэндүү зодчихлоо, гэрийн хөшиг битүү цус болчихож, сая угаачихаад ирлээ” гэхээр нь би “унтлаа та гар” гээд гэрээс гаргасан... өдөр харин 12 цагийн үед Юндэн ах дахин манай гэрт орж ирээд “өчигдөр Д.Очирхуяг манай гэрт хүнд зодуулчихсан орж ирэхээр нь би цагдаа, түргэн дуудаж өгсөн биш бүүр гай боллоо” гээд шал худлаа юм яриад байсан, тэгэхээр нь би “та чинь өглөө өөрөө Д.Очирхуягийг зодсон гэж надад хэлсэн биз дээ” гэж хэлсэн чинь гэнэт Юндэн ах уурлаад “би хэзээ тэгж хэлсэн юм пиздаа минь ална шүү” гэж намайг дарамтлаад гэрээс гарч явсан... тэр өдөр ганц архи уугаагүй нь би байсан болохоор эрүүл байсан мөн Юндэн ахын хэлсэн үгийг үнэн зөвөөр хэлж байна...” гэх мэдүүлэг /хх.31-32/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 385 дугаартай:
“1. Д.Очирхуягийн биед толгой, дагз, зүүн хөмсөгт шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Очирхуягийн өгсөн: “... Сэрэх үед Чапи нь байхгүй Юндэн хажууд байсан. Сэрээд харахад би өөрөө цус болчихсон, Юндэн ахын гэрийн хөшиг нь цус болчихсон байсан. Юндэн миний толгой руу яг цохих гэж байсан... Машинд архи уугаагүй. Юндэн ахын гэрт бид 3 архи уусан. Би Юндэн ахын гэрээс гарч гадагшаа, дотогшоо яваагүй... Би гудамжинд архи уугаагүй...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Юийн өгсөн: “... манай гэрт Д.Очирхуяг гаднаас зодуулсан байдалтай орж ирсэн, би хохирогчийг цохиж зодон гэмтэл учруулаагүй, гэмт хэрэг үйлдээгүй...” гэх мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “цагдаагийн байгууллагад хохирогчоос өөр хүмүүс гомдол гаргасан, цагдаад дуудлага өгсөн тэмдэглэл хэрэгт авагдаагүй, хохирогчийн мэдүүлэг гэрч нарын мэдүүлгээс зөрүүтэй, мөрдөгч зохиомол хэрэг бүрдүүлсэн, хохирогчийн явж байсан хүнсний дэлгүүрийн өмнө камер байсныг шалгаагүй, дэлгүүрийн хажуу дахь колонкын ажилтнаас гэрчийн мэдүүлэг аваагүй, хохирогчийн биед учирсан гэмтлийг ямар зүйлээр учруулсан болохыг тогтоогоогүй, шүүгдэгч болон өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулаагүй...” гэж дүгнэлт гарган мэтгэлзэж байх боловч хэрэгт гэмт хэргийн талаар гомдол мэдээллийн дагуу шалгасан, процессын ноцтой зөрчил болон мөрдөгч бусдаар худал мэдүүлэг өгүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийх шаардлагагүй байна гэж дүгнэв.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Юийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.Юийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Ц.Юоос шинжээчийн дүгнэлтийн төлбөр 8.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Очирхуягт олгох нь зүйтэй бөгөөд хохирогч Д.Очирхуяг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ц.Юид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Юид холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Ц.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Цын Юийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Юид холбогдох 1906 00015 2470 дугаартай эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Ц.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Юоос 8.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Очирхуягт олгосугай.
5. Хохирогч Д.Очирхуяг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Юоос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Юид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР