| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0199/Э |
| Дугаар | 247 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 247
2020 02 12 2019/ШЦТ/247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч А.Ариунаа,
Хохирогч М.Доржжанцан,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 1906 07177 0035 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогт Бын Б /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 118 дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоотод иргэн М.Доржжанцантай маргалдаж түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөн, гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Доржжанцангийн өгсөн: “Тэр өдөр хүргэн ахтай хамт 1 пиво хувааж уугаад сууж байхад манай хойд аавын 2 хүүхэд орж ирсэн. Бид 4 хамтдаа дахиад 2 шил пиво уусан. Би хойд аавынхаа 2 хүүхэдтэй олон жил уулзаагүй байсан, хэдэн үг хэлсэн. Тэгээд “зайлаарай” гэсэн чинь хүргэн ах “чи намайг зайл” гэж хэллээ гэхээр нь “би таныг юу гэж тэгж хэлэх юм” гэсэн чинь “би Сансарт багтахаа больчихсон юм байна, зайлаад өгье” гэхээр нь “зайлаа, зайл” гэж хэлсэн. Тэгээд хүргэн ах гараад явсан. Би дотор тайвшраад сууж байсан чинь орж ирээд өшиглөсөн. Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Доржжанцангийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Доржжанцангийн өгсөн: “... Хүргэн Б “чи намайг май гэж хэллээ” гэхээр нь би “таныг тэгээгүй шүү дээ, та юу яриад байгаа юм” гэтэл “Сансарт би багтаж шингэхээ больчихсон юм байна, зайлаад өгье” гэхээр нь би “зайлаа зайл” гэж хэлсэн чинь “чи муу намайг яахаараа хөөдөг юм” гээд нүүр лүү мөргөөд зодчихсон... Нүүр лүү нэг удаа мөргөсөн, толгой руу баруун гараараа 5-6 удаа цохисон, нүүр лүү 2 удаа хөлөөрөө өшиглөсөн... Миний хувьд томографикт үзүүлсэн, бусад эм тариа хийлгүүлсэн гээд ойролцоогоор 200.000 гаруй төгрөгийн хохирол учирсан байна. Би одоогоор шүдний эмнэлгээр явж шүдээ хийлгэх талаар хөөцөлдөж явсан боловч үнэ өртөг өндөртэй, 1 шүд нь 1.500.000-3.000.000 төгрөгний үнэтэй байгаа болохоор би өөрөө хийлгүүлж чадахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.15-16, 18/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14207 дугаартай:
“1. М.Доржжанцангийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дээд үүдэн хоёр шүдний булгарал, буйл, уруул, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Хохирогч М.Доржжанцангийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хх.55/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бы яллагдагчаар өгсөн: “... М.Доржжанцан орж ирээд намайг цохих гээд байхаар нь би түрүүлж М.Доржжанцангийн нүүр лүү мөргөөд газар унагаасан, газар унасан байхад нь би нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохичихсон... Намайг ороход М.Доржжанцан гэрийнхээ хамаг юмыг буулгачихсан байдалтай байхад нь би цээж рүү нь нэг удаа өшиглөчихөөд, хадам ээж Батсайханы гэр лүү орж унтсан... Миний хувьд аль боломжтой талаараа хохирлыг нөхөн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.35-36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 118 дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоотод иргэн М.Доржжанцантай маргалдаж түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөн, гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч М.Доржжанцангийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Доржжанцангийн өгсөн: “... Хүргэн Б ... Нүүр лүү нэг удаа мөргөсөн, толгой руу баруун гараараа 5-6 удаа цохисон, нүүр лүү 2 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.15-16, 18/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14207 дугаартай:
“1. М.Доржжанцангийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дээд үүдэн хоёр шүдний булгарал, буйл, уруул, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Хохирогч М.Доржжанцангийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хх.55/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бы яллагдагчаар өгсөн: “... М.Доржжанцангийн нүүр лүү мөргөөд газар унагаасан, газар унасан байхад нь би нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохичихсон...” гэх мэдүүлэг /хх.35-36/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Доржжанцангийн өгсөн: “... Би дотор тайвшираад сууж байсан чинь орж ирээд өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Бы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Бы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Б.Б нь хохирогчид 200.000 төгрөгийн шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн, хохирогч М.Доржжанцан нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Баас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Бы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Д овогт Бын Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бд сануулсугай.
5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 200.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд марийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч М.Доржжанцан нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР