| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 101/2015/7323/и |
| Дугаар | 101/ШШ2016/00934 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2016/00934
| 2016 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2016/00934 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: БДТХ,
Хариуцагч: “ПОП” ХХК
татварын өр 183.130.014 төгрөг нэхэмжилсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 5313414 тоот регистрийн дугаартай “ПОП” ХХК нь “Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тус хэлтэст 2009 онд бүртгүүлсэн.
Тус компани нь 2015 оны 07 сарын 23-ны өдрийг хүртэл явуулсан үйл ажиллагаандаа хамаарах, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 111.012.267 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн 65.710.833 төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын тайлангийн 6.406.913 төгрөг, нийт 183.130.014 төгрөгийн татварын өрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулалгүй өр үүсгэсэнтэй холбогдуулан хариуцсан татварын улсын байцаагч нь “Татварын ерөнхий хууль”-д заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй татварын өр төлбөрийг төлж барагдуулахыг шаардах тухай 2014 оны 10 дугаар сарын 31 өдөр 24032014030182 тоот “мэдэгдэх хуудас”-г нягтлан бодогч Г.Э-д гардуулж, татвар төлөгчийн Татварын албанд бүртгүүлсэн Хаан банк дахь тус компаний харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан. Мөн хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураахаар “эд хөрөнгө цалин хөлс, бусдаас авах авлага, ногдол ашиг, түүний эзэмшиж буй хувьцаанаас өр төлбөрийг гаргуулах”аар холбогдох эрх бүхий газруудаас хөрөнгийн лавлагааг гаргуулан авсан боловч тухайн бүртгэлийн албадад бүртгэлтэй эд хөрөнгө байгаагүй.
Хууль тогтоомжид заасан эрх, үүргийнхээ дагуу Татварын улсын байцаагчаас дээрх үйл ажиллагааг явуулсан боловч тус компани нь татварын төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй. Иймд хариуцагчаас татварын өр төлбөр болох 183.130.014 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ПОП” ХХК нь Монгол улсын Нягтлан Бодох Бүртгэлийн хуулийн дагуу аккурэл суурийг үндэслэн аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгө орж ирсэн даруйд гэрээний үнийн нийт дүнгээр тухайн байгууллагаас авах авлагаар хүлээн зөвшөөрч, борлуулалтын орлогоо тооцсон ба татвар ногдох орлогоор 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 1.009.598,9 мя төгрөгөөр тайлагнасан бөгөөд харилцагч байгууллагаас авах авлага нь 886.658,9 мя төгрөг болоод байгаа юм. Бид энэхүү авлагыг цуглуулж татвараа төлөх төлөвлөгөөтэй байсан боловч улс оронд нүүрлээд байгаа эдийн засгийн хямралаар шалтаглан харилцагч байгууллагууд төлбөр төлөх чадваргүй болох, зарим нэгэн байгууллага нь байршлаа өөрчилж, утсаа авахгүй, эргэж холбоо барихгүй байгаа, Засгийн газрын тогтворгүй байдлын улмаас улсын төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанаас хамааран ихээхэн цаг хугацаа алдсан тул хугацааны алданги, бартерийн худалдааны алданги зэрэг нь татварын байгууллагад төлөх татварыг барагдуулж чадахгүй нөхцөл байдалд хүргэж байгаа болно.
Гэвч бид энэхүү өрийг төлөх талаар санаа тавьж үндсэн үйл ажиллагааныхаа дагуу шинээр ажил хайж байгаа бөгөөд үүнээс шалтгаалан компанийн үйл ажиллагааг түр зогсоон, дампуурах байдалд орсон байгаатай уялдан ажилчдаа цалингүйгээр амрааж, эдийн засгийн хувьд хүнд байдалтай байгаа болно. Энэхүү орлогыг гэрээний биелэлтээр тусгаж болох байсан ба Нягтлан Бодох Бүртгэлийн хуулийн дагуу аккурэл суурийг үндэслэн тусгасан нь уул уурхайн салбарын ажил тендер шалгаруулалтын дүнд олгодогтой холбоотойгоор үүссэн болно. Бид энэхүү татварын өрийг шинээр ажил олсон болон өр авлагаа цуглуулан аль болох түргэн хугацаанд барагдуулах болно гэжээ.
Шүүх Татварын улсын байцаагчийн тэмдэглэл, татвар төлөгчийн карт, татварын тооцоолол, мэдэгдэх хуудас гардуулсан тэмдэглэл, тайлан, ярилцлагын тэмдэглэл, татварын байцаагчийн шүүхээс урьд шатанд хийсэн ажлын материал, компаний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
БДТХ нь “ПОП” ХХК-аас 183.130.014 төгрөгийн татварын өрийг нэхэмжилсэн байна.
“ПОП” ХХК нь 2009 онд байгуулагдан технологийн зураг төсөл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байх бөгөөд 2015 оны 07 сарын 23-ны өдрийг хүртэл явуулсан үйл ажиллагаандаа хамаарах, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 111.012.267 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн 65.710.833 төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын тайлангийн 6.406.913 төгрөг, нийт 183.130.014 төгрөгийн татварыг төлөлгүй өр үүсгэсэн байна.
Татварын улсын байцаагч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө өөрийн эрх хэмжээний дагуу хариуцагчаар татварын өрийг төлүүлэх арга хэмжээг авсан боловч татвар төлөгдөөгүй байна.
“ПОП” ХХК нь улс оронд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал, харилцагч байгууллагуудын төлбөр төлөх чадваргүй болсон нөхцөл байдлаас шалтгаалж татвараа төлж чадахгүй байгаа гэсэн тайлбарыг ирүүлсэн байх ба энэ нь түүнийг зөвтгөхгүй юм.
Хариуцагчаар татварын өрийг төлүүлэхгүй байх үндэслэл алга байна.
Иймд БДТХ-ннэхэмжилсэн татварын өр 183.130.014 төгрөгийг хариуцагч “ПОП” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид төлүүлэхээр шийдвэрлэв.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлзээгүй болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийг баримтлан “ПОП” ХХК-аас 183.130.014 төгрөгийг гаргуулж БДТХт олгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар “ПОП” ХХК-аас тэмдэгтийн хураамжинд 1.073.600 төгрөгийг гаргуулж улсад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С. БУД