Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 253

 

 

 

 

 

  2020         02         13                                       2020/ШЦТ/253

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Хохирогч Ц.Оргил,

Шүүгдэгч М.Ч, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Чад холбогдох 1906 07170 0051 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн дэргэдэх Урлаг-Урлан мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн “Тайз засал, зураач чимэглэгч”-ийн 11 дүгээр ангид сурдаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь Эхийн 1 дүгээр гудамжны 1449А тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, О овогт Мын Ч /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

М.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн дээд сургуулийн 3 давхрын коридорт иргэн Ц.Оргилтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Чын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Оргилын өгсөн: “Намайг ангидаа хэвтэж байхад орж ирээд “одоо гараад ир, одоо чамайг алаад өгнө” гэж хэлээд хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би ардаас нь гараад явж байхдаа Чын шилэн хүзүүнээс нь барьж байгаад түлхчихсэн. Тэгсэн чинь эргэж хараад гараараа миний хамар луу цохисон. Би хамраа янзлуулмаар байна. Эм тариагаа авч чадахгүй байгаа. Одоо 700.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би толгойныхоо зургийг авхуулсан тэр нь 100.000 төгрөг болсон. Хамраа янзлуулахаар эмнэлэг орж асуусан 300.000-400.000 төгрөг болно гэсэн. Эм тарианы мөнгө 300.000 төгрөг болно...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Оргилын өгсөн: “... хажуу ангид ганцаараа хэвтэж байхад Ч орж ирээд “Яасан, одоо гараад ир” гээд миний хөл рүү өшиглөсөн. Би Чын ардаас нь явж байхдаа нуруу луу нь түлхэхэд Ч эргэж хараад миний хамар луу цохьсон. Миний хамарнаас цус гарсан... сургуулийн баруун талд ТҮЦ-ний орчим тэр хэд дээр би түрүүлээд очиход Ч намайг цохьсон... Ч миний хамар луу цохиход миний толгой доргисон... тухайн үед Ч намайг цохихоор нь би дэгээдэж унагаахад хамт байсан хүүхдүүд салгаад, бужигнаад байх шиг байсан. Бид хоёроос өөр хүн зодоонд оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх.6-9/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Одончимэгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14367 дугаартай:

“1. Ц.Оргилын биед хамар ясны хугарал, зүүн зовхи, эрүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жамъянмядагийн өгсөн: “... Ч Оргилыг 315 тоот ангиас “Учраа ольё” гэж дуудсан чинь Оргил гарч ирээд Чыг 3 давхрын коридорт “Бацаан минь чи надтай ингэж харьцах болоогүй шүү” гээд дагз руу нь алгадсан. Тэгэхээр нь Ч эргэж хараад нүүрэн тус газар нь цохьсон чинь хамарнаас нь цус гарахад Э.Азжаргал салгаад бид нар сургуулиас гараад тарцгаасан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Будрагчаагийн өгсөн: “... мухрын анги руу орсон чинь Оргил сандал дээр унтаж байхаар нь Ч дуудсан чинь сонсоогүй. Тэгэхээр нь очоод хөл рүү нь өшиглөж сэрээсэн. Тэгээд гараад явж байсан чинь Оргил “Бацаанууд надтай ингэж ярьдаг болсон уу” гээд Чын дагз руу алгадсан. Тэгэхээр нь эргэж хараад нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон чинь хамарнаас нь цус гарсан байдалтай, түүнийг заамдсан зогсож байсан чинь Ч Оргилыг “гаръя” гэсэн... Энэ үед Ч “Манай найзууд ирсэн байна” гээд уулзахаар сургуулийн баруун талд уулзаад зогсож байгаад Чын куртик нь цус болсон байхаар нь ТҮЦ-нээс салфетка авч ирэхээр явах үед Оргил “Тэд нарыг ирж байна” гэсэн... Оргил нүүрээ дарсан доошоо тонгойсон байсан. Тэгээд цаана зогсож байсан нөгөө хэд дээр очсон чинь “Ч намайг батирч унагаагаад дээрээс цохьсон. Манай хоёр салгаж ороод намайг босгож ирсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мэндсайханы өгсөн: “... хичээл тарсны дараа Ч Оргилыг дагуулаад 3 давхрын коридорт явж байхад Оргил Чыг “Чи муу бацаан надтай ингэж ярих болоогүй шүү” гээд дагз руу нь цохьсон чинь Ч уурлан эргэж хараад хамар луу нь цохин цус гаргаж, тэр хоёр барилцаад авахаар нь Азжаргал бид хоёр салгаад Ч бид 3 гарсан...” гэх мэдүүлэг /хх.27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Азжаргалын өгсөн: “... 3 давхрын коридорт явж байхад Оргил Чыг “Чи муу бацаан надтай ингэж ярих болоогүй шүү” гээд дагз руу нь цохьсон чинь Ч уурлан эргэж хараад хамар луу нь цохиж, цус гаргаж, тэр хоёр барьцалдаад авахаар нь Мэндсайхан бид хоёр салгаад Ч бид 3 гарсан...” гэх мэдүүлэг /хх.29-30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Чын яллагдагчаар өгсөн: “... Оргил босож ирээд духаараа тулаад “Хэн юм бэ чи” гэсэн. Тэгэхээр нь “Гараад учраа олъё” гээд гарсан чинь араас нуруу луу түлхээд, дагз руу цохьсон. Тэгэхээр нь эргэж хараад хамар луу нь цохьсон чинь хамарнаас нь цус гарсан... би хохирогчид учруулсан гэмтлийг цохиж учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Учирсан бодит хохирлыг төлж барагдуулна... хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.59-61/,

Нас тоолсон тэмдэглэл /хх.41/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.42/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.43-54/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн дээд сургуулийн 3 давхрын коридорт иргэн Ц.Оргилтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Оргилын өгсөн: “... Би Чын ардаас нь явж байхдаа нуруу луу нь түлхэхэд Ч эргэж хараад миний хамар луу цохьсон. Миний хамарнаас цус гарсан... сургуулийн баруун талд ТҮЦ-ний орчим тэр хэд дээр би түрүүлээд очиход Ч намайг цохьсон.. Ч миний хамар луу цохиход миний толгой доргисон...” гэх мэдүүлэг /хх.6-9/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Одончимэгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14367 дугаартай:

“1. Ц.Оргилын биед хамар ясны хугарал, зүүн зовхи, эрүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жамъянмядагийн өгсөн: “... Ч Оргилыг 315 тоот ангиас “Учраа ольё” гэж дуудсан чинь Оргил гарч ирээд Чыг 3 давхрын коридорт “Бацаан минь чи надтай ингэж харьцах болоогүй шүү” гээд дагз руу нь алгадсан. Тэгэхээр нь Ч эргэж хараад нүүрэн тус газар нь цохьсон чинь хамарнаас нь цус гарахад Э.Азжаргал салгаад бид нар сургуулиас гараад тарцгаасан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Будрагчаагийн өгсөн: “... Оргил "Бацаанууд надтай ингэж ярьдаг болсон уу" гээд Чын дагз руу алгадсан. Тэгэхээр нь эргэж хараад нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон чинь хамарнаас нь цус гарсан... Чын куртик нь цус болсон... Оргил нүүрээ дарсан доошоо тонгойсон байсан... “Ч намайг батирч унагаагаад дээрээс цохьсон...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мэндсайханы өгсөн: “... 3 давхрын коридорт явж байхад Оргил Чыг “Чи муу бацаан надтай ингэж ярих болоогүй шүү” гээд дагз руу цохьсон чинь Ч уурлаад эргэж хараад хамар луу нь цохин цус гаргаж...” гэх мэдүүлэг /хх.27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Азжаргалын өгсөн: “... 3 давхрын коридорт явж байхад Оргил Чыг "Чи муу бацаан надтай ингэж ярих болоогүй шүү" гээд дагз руу нь цохьсон чинь Ч уурлан эргэж хараад хамар луу нь цохин цус гаргаж...” гэх мэдүүлэг /хх.29-30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Чын яллагдагчаар өгсөн: “... Оргил ... араас нуруу руу түлхээд, дагз руу цохьсон. Тэгэхээр нь эргэж хараад хамар луу нь цохьсон чинь хамарнаас нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.59-61/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Оргилын өгсөн: “... Тэгсэн чинь эргэж хараад гараараа миний хамар луу цохисон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт М.Чын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Чыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

М.Чын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Ц.Оргилын эмчилгээний зардал 700.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч М.Чаас шүүх эмнэлгийн шинжилгээний төлбөр 8.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Харин хохирогч Ц.Оргил нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Чаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

М.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Чын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 160 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

М.Чад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Чад торгох ял оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсч байх боловч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгаагүй байх тул дээрх хүсэлтийг хангах шаардлагагүй гэж үзлээ.

М.Чад оногдуулсан 160 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Шүүгдэгч М.Ч нь цагдан хОдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. О овогт Мын Чыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чад 160 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Чад сануулсугай.

          4. М.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд марийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Чаас 8.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Оргилд олгосугай.

          6. Хохирогч Ц.Оргил нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Чаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                     С.ӨСӨХБАЯР