Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00466

 

О.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 285 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар магадлалтай,

О.Бгийн нэхэмжлэлтэй

МЭТХГЗ-ндхолбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Н.Лгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б миний бие нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар Монгол элсний тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар ажилд орсон бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймд ажлаас буруу халсан гэж үзэж байгаа учир урьд эрхэлж байсан байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан бүх хугацааны цалинг гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол элсний тусгай хамгаалалттай газарт байгаль хамгаалагчаар ажилд орсон. 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн байгаа учраас ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. О.Б нь төрийн үйлчилгээний албан хаагч, байгаль хамгаалагчид төрийн албаны шалгалт өгөх шалгуур байхгүй. О.Бгийн оронд хүн оруулахдаа зүгээр малчин хийж байсан боловсролгүй хүн авч ирээд томилсон байгаа. Тэгэхээр байгаль хамгаалагчид ямар ч шалгуур байдаггүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие О.Бгийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Учир нь нэгдүгээрт: О.Б нь мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт шаардлага хангахгүй байгаль орчны чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдаагүй төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа тул ажлаас чөлөөлсөн. Иймд энэ хүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 285 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан МЭТХГЗ-ндхолбогдох байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Боржигон овогтой Оросын О.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 285 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан О.Бг МЭТХГЗны байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар О.Бгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 2.145.885 төгрөгийн нөхөн олговрыг олгосугай...” гэж, 2.тогтоох хэсгийн 2 дахь заалтыг "...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч МЭТХГЗнаас улсын тэмдэгтийн хураамж 49.284 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай..." гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалт хэсгийн хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Л хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.Давж заалдах шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үүнд: 1. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж магадлалдаа дурьдсан атлаа хуулийн шаардлагыг ямар зохицуулалтаар хангаагүй хэсгийг тодорхой томъёолоогүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2. Нэхэмжлэгч О.Бг Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд О.Б нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дэх заалтыг тус тус зөрчсөн тул МЭУТХГНХЗ-ны даргын 2017.05.15-ны өдрийн Б/01 тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийн материалд цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх үнэлж шийдвэр гаргасан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зохицуулсан хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

О.Б нь хариуцагч МЭТХГЗ-ндхолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Ажил олгогчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дүгээр тушаалд Байгаль орчны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ийг баримталж, О.Б нь мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилт шаардлагыг хангаагүй, байгаль орчны чиглэлээр мэргэжлийн сургалтанд хамрагдаагүй, төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр байгаль хамгаалагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тушаалд заасан үндэслэл нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд хийж буй ажилдаа тэнцэхгүй гэсэн агуулгатай ба энэ талаар тухайн салбар болон байгууллагын мэргэжил, ур чадварын талаарх албан ёсны дүгнэлт шийдвэр гараагүй, ажилтныг халсан үндэслэл тогтоогдоогүй талаар давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Түүнээс гадна ажил олгогчийн зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажилтанд өгсөн мэдэгдэлд “...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгаа тул гэрээг цуцлах” талаар дурдсан атлаа 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/01 тоот тушаалаар тухайн байгууллагад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн гэж уг баримтыг шүүхэд гаргаж өгсөн, ажлаас халсан 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дүгээр тушаалд “...ажилтан ажилдаа тэнцэхгүй...” гэсэн агуулга тусгаснаас үзвэл ажилтныг ажлаас нь чөлөөлөхдөө өөр өөр үндэслэл гаргасан, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтантай байгуулсан гэрээг цуцлаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийг МЭТХГ-ынбайгаль хамгаалагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 49 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА