Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 845

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийж, Б.Б гийн нэхэмжлэлтэй “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , түүний өмгөөлөгч Ц.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р , түүний өмгөөлөгч Ц.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах дараах эрх зүйн үндэслэл байна гэж үзэж байна. Үүнд:

1. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт “хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл түүний ажлын алба нь захиргааны байгууллага мөн болно.

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурал нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /цаашид “Үндэсний зөвлөл” гэх/-ийг байгуулж ажиллуулна. Үндэсний зөвлөл ажлаа Улсын Их Хуралд тайлагнана.”, 27 дугаар зүйлийн 2-т “Үндэсний зөвлөл нь ажлын албатай байна”, 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын Их Хурлын Байнгын хорооны 03 дугаар тогтоолоор баталсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (орон тооны бус)-ийн дүрмийн 1.8-д “зөвлөл нь тогтоосон журмын дагуу тэмдэг, билэгдэл, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. 1.9-д “зөвлөл биеэ даасан төсөвтэй байна. Төсвийг нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлын санхүүжилтын тодорхой хэсгээс гаргахаар Улсын Их Хурын Нийгмийн бодлогын байнгын хороо батална” гэж тус тус заасны дагуу төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг, бие даан шийдвэр гаргадаг захиргааны чиг үүрэг бүхий субъект юм. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл түүний ажлын алба нь улсын төсвөөс санхүүждэг, ажлын албаны бүтэц, орон тоог Улсын Их Хурлын НББСШУБХорооноос баталдаг мөн ажлаа Улсын Их Хурлын байнгын хороонд тайлагнадаг захиргааны байгууллага болно.

3. Миний бие 2012 оноос төрийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн 14 дүгээр тогтоолоор удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн болно.

4. Миний бие 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэд дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны 05 дугаар сарын 17-нд Төрийн өөр байгууллагад шилжих үндэслэлээр Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргаар томилогдсон бөгөөд 2014 оноос төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тасралтгүй ажилласан тул төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан болно. 

5. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолтын тавигдах шаардлагын туршлага хэсэгт Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх гэж заасан байна.

6. Мөн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 14 дүгээр тогтоолын Үндэслэх хэсэгт Улсын Их Хурлын 1995 оны “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай” 73 дугаар тогтоолыг үндэслэсэн болно.

7. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга нь 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай 332 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар цалинждаг болно.

8. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж заасан.

9. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 02 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн боловч өнөөдрийг хүртэл Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.” гэх заалтаа хэрэгжүүлэхгүй байгаа нь захиргааны хууль бус акт болох нь нотлогдож байна.

Иймд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 02 дугаар тогтоол болох хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, мөн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

“Нэг. Хэргийн харьяалал буюу нэхэмжлэгчийн албан тушаал төрийн жинхэнэ албанд хамаардаггүй талаар: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д төрийн захиргааны албан тушаалд хамаарах албан тушаалыг заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Б гийн эрхэлж байсан албан тушаал нь эдгээр албан тушаалд хамаардаггүй тул төрийн захиргааны албан хаагч биш болно.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд буюу хувийн эрх зүйн хүрээнд үүсч буй ажил олгогч, ажилтан хоёрын хооронд үүссэн юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан тул нэхэмжлэгч Б.Б  болон ажил олгогч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд хувийн эрх зүйн хүрээнд үүссэн маргаан тул уг маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх зохицуулалттай байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа ямар нэгэн нийтийн эрх ашгийн үүднээс нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны акт гаргаагүй бөгөөд ажил олгогчийн хувьд ажилтнаа чөлөөлсөн шийдвэр гаргасан байна.

Хоёр. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна: Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан. Энэхүү хуулийн зохицуулалтаар үзвэл нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж буй тохиолдолд Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж шийдвэрлүүлэх ёстой байна.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараах маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ.” гэжээ. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзвэл Төрийн албаны зөвлөл нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх ёстой байна. Гэтэл нэхэмжлэгч өөрийгөө төрийн жинхэнэ албан хаагч гэж тодорхойлсон хэрнээ Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаагүй нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангалгүйгээр шүүхэд хандсаныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Гурав. Нэхэмжлэгчийн өөрийн бичгээр гаргасан хүсэлтийнх нь дагуу ажлаас чөлөөлсөн тухай: Б.Б гийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох асуудлыг ажил олгогч бус ажилтны санаачилгаар шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хандаж өөр ажилд шилжүүлж өгөх хүсэлтийг гаргасан байх бөгөөд энэ дагуу ажил олгогч болох Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Мөн өргөдөлд дурдсан өөр ажилд буюу Орхон аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргыг томилох асуудлыг Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл шийдвэрлэх боломжгүй тул холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  нь шүүхэд “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад холбогдуулан гаргажээ.

Хэргийн оролцогч, төлөөлөгч, өмгөөлөгч, нараас нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж Б.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын албан тушаал нь төрийн албанд хамаардаггүй тул захиргааны хэргийн шүүхийн харъяалалын маргаан биш” гэх мэтгэлцээний талаар.

 “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2009 оны 06 дугаар тогтоол, “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоол зэргээр  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоож өгөөгүй боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үндэсний зөвлөл ажлаа Улсын Их Хуралд тайлагнана”, 27.2 дахь хэсгийн 3-т “...Үндэсний зөвлөл ажлын албатай байна” гэж заасан байна.

 Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2000 оны 03 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг баталсан бөгөөд дүрмийн 1.2-т “Зөвлөл нь нийгмийн даатгалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах байгууллага мөн”, 2.3-т “Ажлын алба 10 орон тоотой байна”, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 05 дугаар  сарын 29-ний өдрийн 14 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам”-н 2.1-д “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын томилсон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга” гэж тус тус зохицуулжээ.

 Нийгмийн даатгалын холбогдолтой хууль тогтоомжийн биелэлт болон даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих, нийгмийн даатгалын асуудлаар санал дүгнэлт, зөвлөмж, тогтоол гаргах, нийгмийн даатгалын багц хуулиудыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангах үүргийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба хүлээсэн байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга нь төрийн албан хаагч нартай нэгэн адил үр дүнгийн гэрээ байгуулдаг, ажлын байрны тодорхойлолтоор заагдсан чиг үүргийг хэрэгжүүлдгээс гадна тухайн албан тушаалд томилогдож байгаа иргэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг эрх бүхий байгууллагаар хянуулах зохицуулалттай байна. 

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-т “хуульд заасан бусад албан тушаалтан”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж заасны дагуу албан тушаалд тавигдах шаардлага болон эрхэлж байгаа ажлын чиг үүрэг, онцлогтой нь уялдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын албыг эрхэлж буй иргэн нь төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамрах төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлтэй.

Харин төрийн захиргааны алба болох Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргатай Үр дүнгийн гэрээ байгуулахын зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа нь хууль бус болно. 

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга, маргааны үйл баримт болон  маргаж буй акттай нь холбогдуулан захиргааны хэргийн харьяаллын маргаан мөн байна. 

Хоёр. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар.

Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Б.Б г Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нь “маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн  22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан шилжүүлэн ажиллуулах заалтыг үндэслэсэн нь хариуцагчийн алдаа бөгөөд угтаа 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсгийг үндэслэж нэхэмжлэгчийн өөрийн гаргасан хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн” гэж мэтгэлцсэн. 

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж зааснаар төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахдаа шилжин ажиллах төрийн байгууллага зөвшөөрсөн, хуулийн шаардлагын дагуу зохих нөхцөл нь бүрдсэн тохиолдолд захиргаанаас гарах шийдвэр юм.

 Нэхэмжлэгч Б.Б  нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад хаяглан “...Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар шилжүүлэн томилж өгнө үү” гэж өргөдөл гаргасан бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 8/418 дугаар албан бичгээр “...Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга томилогдсон..” гэж хариу ирснээр төрийн өөр байгууллагад шилжин ажиллах боломжгүй болж, асуудал дуусгавар болжээ. Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд оролцогч нарын гаргасан тайлбараар Б.Б г шилжүүлэх ажлын зайлшгүй шаардлага байгаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.3-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж заасан хуулийн зохицуулалт нь захиргааны аливаа шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан хүсэлтээр эрхэлж буй төрийн албанаас чөлөөлөгдөх бичгээр гаргасан өргөдөл байх ёстой.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар Б.Б  нь эрхэлж буй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргаагүй, тийм хүсэл зоригийг илэрхийлж байгаагүй болох нь тогтоогдож байна. Гэтэл хариуцагч өмнө нь 2016 оны 10 дугаар сард шийдэгдсэн өргөдлийг ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоороо Б.Б г үүрэгт ажлаас нь чөлөөлснийг хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч Б.Б  нь шүүх хуралдаанд “хариуцагчийн удаа дараагийн шахалт шаардлага, дарамтаар шилжин ажиллах өргөдлийг бичсэн” гэж тайлбар хийснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч үгүйсгэж чадаагүйг дурдах нь зүйтэй. 

Нэгтгэн дүгнэхэд, хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа зохицуулалт бүхий хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх” зарчмыг алдагдуулан Б.Б гийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн болох нь нотлогдсон тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс бүхэлд нь хангасантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б гийн   нэг сарын үндсэн цалинг 978,427 төгрөгөөр тооцож 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл тооцоолон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.    

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 7 дугаар зүйлийн 7.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1, 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1. 24.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Б гийн нэг сарын үндсэн цалинг 978,427 төгрөгөөр тооцож 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өдөр хүртэл тооцоолон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ТӨМӨРБАТ