Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2088

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/05999 дүгээр шийдвэртэй

              

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдох

 

Зээлийн үүрэгт 2 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч болон хариуцагчийн ХХХХ гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                 ХХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХХХ би ХХХХ, түүний эхнэр ХХХХ нарт 2014 оны 2 дугаар сарын 28-нд итгэлцлийн журмаар 2 200 000 төгрөг, 1 сарын хугацаатай түр зээлдүүлсэн болно. Хариуцагч уг хүмүүс нь LEXUS 470 машинтай 9911 тэй дугаар барьдаг, ресторан караоке ажиллуулдаг. Зээлийн хугацаа дуусаад мөнгөө нэхэхэд бид хоёр өгнө, одоохондоо мөнгөгүй байна, хүлээж байгаад мөнгөө ав гэсэн. Намайг мөнгө өгч байхыг хамт ажилладаг, нягтлан бодогч Г.Алтай гэдэг хүн харж байсан. Одоо утсаа авахгүй, намайг элдвээр доромжилж шүүхэд өг гээд өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй байгаа учир зээлүүлсэн 2 200 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон хариуцагчийн ХХХХ гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХХ нь ХХХХХ ээс 2 200 000 төгрөгийг гуйж авч хэрэглэсэн нь үнэн. Бид ямар ч хүү тохиролцоогүй. Мөнгө авснаасаа хойш Офицеруудын ордны хойно Хаан банкны салбараас ХХХХ-ийн Хаан банкны дансруу 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү гүйлгээний мэдээллийг шалгаж өгнө үү. Үлдэгдэл 700 000 төгрөгийг ХХХХ нь бэлнээр төлж барагдуулсан гэдэг. Иймд 2 200 000 төгрөгийг барагдуулсан гэж үзэж байна. ХХХХХ нь үүнээс хойш таг чимээгүй байсан. Гэтэл жил гаруй хугацаа өнгөрсний дараа мөнгөний хүү гэж нэхэмжилж ахин гарч ирэх болсон. Нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ХХХХ гаас урьд нь зээл авсан талаар би мэдэхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ, ХХХХ нараас 2 050 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХХ д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХХ ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ХХХХ, ХХХХ нараас 47 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХХ д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч болон хариуцагчийн ХХХХ гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:   ...Нэхэмжлэгч ямар нотлох баримтын үндсэн дээр 2.200.000 төгрөгийг хариуцагчаас шаардаад байгаагаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн шүүх хуралд амаар гаргасан тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн. Хариуцагч бид авсан зээлээ төлсөн байхад шүүх үнэлээгүй, нэхэмжлэгч бидний хоорондын үүрэг харилцаа дууссан байхад нэхэмжлэгчийн үндэслэлгүй, нотлох баримтгүй нэхэмжилсэн мөнгийг хариуцагч нараас гаргуулах шийдвэр гаргасанд гомдолтой байна. Монгол Улсын Үндсэн Хуульд хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн заалттай байхад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд хариуцагч нар LEXUX 470 машинтай, 9911 тэй дугаар барьдаг, ресторан караоке ажиллуулдаг гэх зэргийг нэхэмжлэлдээ тусгаснаар ямар ч үндэслэлгүй, дээрх бичсэн зүлд тулгуурлан шүүх шийдвэр гаргасан мэт харагдахаар байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч ХХХХ , ХХХХ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс 2 200 000 төгрөгийг зээлж авсан асуудлаар маргаагүй бөгөөд харин уг зээлийн үүргийг төлж барагдуулсан гэсэн тайлбарыг гаргажээ.

 

            Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч ХХХХХ нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас буцаан шаардах эрхтэй юм. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цугуулах үүрэгтэй” байдаг бөгөөд хариуцагч ХХХХ зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч ХХХХ-ийн ХААН банкны дансаар 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн, 700 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч нараас 150 000 төгрөг авсан гэсэн тайлбар гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж,  хариуцагч ХХХХ , ХХХХ нараас зээлийн гэрээний үүрэгт 2 050 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХХ д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХХХ нь хариуцагч ХХХХд итггэмжлэл олгосон бөгөөд тэрээр хариуцагч ХХХХ г давхар төлөөлөн оролцсон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалттай нийцсэн байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/05999 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа хариуцагч ХХХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

                                                                                           Ц.ИЧИНХОРЛОО