Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 733

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Б.Мөнх-Од,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 28ы өдрийн 688 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнх-Одын бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр Э.Х-д холбогдох эрүүгийн 2017 2502 0774 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.Х, 1993 оны 3 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Фэйшн” ХХК-д туслах ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 12 дугаар байрны 197 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УП93030918/,

 

Э.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр байрны 23 тоотод хохирогч Б.Тг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуралдаанд Э.Х- нь прокуророос гаргасан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрөхгүй талаар мэдүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана” гэсний дагуу тус хуулийн мөн зүйл, хэсгийн 4.4 дэх хэсэгт зааснаар “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэсэн заалтыг хангагдсан эсэхийг шүүх тодруулахаар зохицуулжээ.

Ийнхүү шүүх хуралдааны явцад Э.Х прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй үндэслэл тогтоогдсон тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Б.Мөнх-Од бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна. Үүнд:

1. Шүүгчийн захирамжид “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуралдаанд шүүгдэгч Э.Х- нь прокуророос гаргасан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-т заасан нөхцөл байдал хангагдаагүй үндэслэл тогтоогдсон тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв” гэжээ.

Нэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр хэсэг буюу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам”-ын 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуульчилсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд “зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-ыг зохицуулсан бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулахаар хуульчилжээ. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Э.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 хоногийн дотор хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж, прокурорт шилжүүлсэн байна.

Прокурор хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 48 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Э.Х-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг танилцуулж, хэргийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээг 8 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргүүдээс бусад гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжийг заасан.

Эдгээр хэргүүдийг шүүхээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж, хангагдсан тохиолдолд шүүх гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүйгээр шууд ял оногдуулах шүүх хуралдаан зарлахаар энэ зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулж өгсөн байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийн хувьд шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эхлээд шийдвэрлэсний дараа прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт хуульчилжээ.

Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокуророос гаргасан саналыг шүүгдэгч заавал зөвшөөрсөн байхыг шаардсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасныг зөрчсөн байна.

Хоёр: Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүх бүрэлдэхүүн Э.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шийдвэр гаргахаар зөвлөлдөж, улмаар шийдвэр гаргахдаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

Гурав: 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 688 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулна” гэсэн заалтыг зөрчиж, нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар буцаасан байна гэж үзнэ. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна.

 

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж үзэх үүрэгтэй бөгөөд эдгээр нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй бол өөрөөр хэлбэл яллагдагч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Э.Х нь шүүх хуралдаанд прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг хүлээн зөвшөөрөөгүй, торгох ялаар сольж өгөх тухай мэдүүлсэн байх ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр  дагаврыг ойлгосон эсэх нь эргэлзээтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж хуульчилсан байна.

 

Иймд Э.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй.

 

Харин шүүх, хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлах байтал мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан буцаасан нь үндэслэлгүй гэсэн прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 688 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЮУНЧУЛУУН

 

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

 

                                                                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ