Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 6038

 

              

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 3 дугаар гудамж, 22 тоотод оршин суух Боржигон овогт Цэвээндоржийн  Бямбадорж /Регистрийн дугаар ТК79042776/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 28 гудамж, 442 тоотод оршин суух Жаран овогт Батбаатарын Мөнхтэмүүлэн /Регистрийн дугаар ЕС90081401/-д холбогдох,

 

Гэрээ цуцлагдсантай холбоотой гэрээний төлбөрт төлсөн 12,999,999 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Ц.Бямбадорж нь 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Б.Мөнхтэмүүлэнтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн Хьюндай маркийн 22-63 УНЛ улсын дугаартай ачааны автомашин, 21-93 ТЧ цэнхэр өнгөтэй чиргүүлийг тус бүрийг нь 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч худалдах худалдан авах гэрээ байгуулж сар бүрийн 25-нд нэг сая төгрөг төлөхөөр харилцан тохирч автомашин болон чиргүүлийг өөртөө авсан. Энэ хугацаанд хариуцагч Б.Мөнхтэмүүлэнд 6,500,000 төгрөгийг гэрээний дагуу цувуулан төлсөн. Миний бие нь автомашиныг анх авахад мотор нь эвдэрхий байсан тул засвар хийх шаардлагатай байсан тул засварын мөнгийг худалдагчаас шаардахад тавь тавин хувиар тооцож засвар хийхэд шаардлагатай зардлыг төлөхөөр тохирсон. Моторын сэлбэг хэрэгсэл худалдан авахад 6,691,000 төгрөг, засварчинд 1,200,000 төгрөг, нийт 7,891,000 төгрөг зарцуулж машиныг засаж ашиглахад бэлэн болгосон үйл баримтыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00825 дугаартай шийдвэрээр нотлогдон тогтоогдсон. Худалдах худалдан авах гэрээ байгуулсан Б.Мөнхтэмүүлэн нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч надаас машины үнийн үлдэгдэл 13,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж улмаар тус шүүх миний төлсөн мөнгө 6,500,000 төгрөг, мөн моторын засварт гарсан зардлыг 2 хувааж 3,345,000 төгрөгийг хасаж тооцон 10,154,000 төгрөгийг Б.Мөнхтэмүүлэнд төлөхөөр шийдвэрлэсэн. Гэрээний дагуу машин чиргүүлийн эзэмших эрхийг Б.Мөнхтэмүүлэн надад шилжүүлээгүй байсан ба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгдсөн чиргүүл, мөн машиныг хамтад нь битүүмжилсэн бөгөөд худалдагч тал Б.Мөнхтэмүүлэн нь 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэрээгээ цуцлахаар шийдвэрлэж улмаар 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ цуцлах тухай хэлцлүүдийг нотариатаар баталгаажуулан байгуулсан. Энэ хэлцлийг байгуулснаар бидний хооронд байгуулсан машин болон чиргүүл худалдан авах гэрээ цуцлагдаж бид гэрээ байгуулахаас өмнөх байдлаа харилцан шилжүүлсэн зүйлсээ буцаан авах хууль зүйн үр дагавар үүссэн Гэтэл хариуцагч нь машин болон чиргүүл аваад миний төлсөн мөнгө, мөн засварт зарцуулсан мөнгийг буцаан өгөхгүй гэсэн тайлбар гаргаж надад санхүүгийн хохирол учруулж байна. Хэрвээ машиныг худалдан авахгүй байсан бол миний бие нь 6,691,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэх ямар ч шаардлагагүй байсан бөгөөд гэрээ байгуулсан тул дээрх зардлыг хувиасаа гаргаж хүний машиныг засахгүй байсан. Б.Мөнхтэмүүлэн нь мотор нь эвдэрхий машинаа надаар засуулж өнөөдөр ашиглах бүрэн боломжтой болмогц миний эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан буцаан авсан тул би хариуцагчаас засварт зарцуулсан 6,691,000, мөн чиргүүлийн төлбөрт төлсөн 6,500,000 төгрөг, нийт 13,191,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах ёстой. Гэхдээ шүүхээс Б.Мөнхтэмүүлэнд 10,154,000 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул зөрүү 154,000 төгрөгийг мөн нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж нийт 12,999,999 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэний хуулинд худалдах, худалдан авах гэрээг цуцалсан бол талууд өмнөх байдалдаа эргэн очихоор зохицуулсан байх тул хариуцагч надаас авсан мөнгөө эргүүлэн төлөх үүрэгтэй байна” гэв.

 

Хариуцагч Б.Мөнхтэмүүлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Анхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Мөнхтэмүүлэн миний бие 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ц.Бямбадоржтой Хьюндай маркийн 22-63 УНЛ улсын дугаартай ачааны автомашин, 21-93 ТЧ цэнхэр өнгөтэй чиргүүлийг тус бүрийг нь 10,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулж сар бүрийн 25-нд 1,000,000 төгрөг төлж, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төлбөрөө бүрэн төлж гэрээ дуусгавар болох байсан. Гэвч  Ц.Бямбадорж эхний 3 сарын төлбөрөө төлөөд алга болсон нэхэл дагал болж байж сүүлд 500,000 төгрөг авсан. Ингээд би Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00825 дугаартай шийдвэрээр надад 10,331,922 төгрөгийг Ц.Бямбадоржоос гаргуулахаар болсон. Миний машиныг 22 сар тасралтгүй ашигласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас машиныг чиргүүлийн хамт Ц.Бямбадоржид итгэл өгч унаж явах нөхцөлтэй битүүмжилсэн гэтэл машины моторыг сольчихсон байсан тул Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгуулахаар өргөдөл өгсөн. Гэтэл Ц.Бямбадорж 2016 оны 05 дугаар сарын 18-нд шийдвэр гүйцэтгэгчийг байлцуулан надтай уулзаж төлбөрийг барагдуулах мөнгө байхгүй тул машин, чиргүүлээ ав тэгээд тооцоогоо дуусгая гэсэн өөр боломж байхгүй байгаа тул би зөвшөөрч Ц.Бямбадорж шийдвэр гүйцэтгэх албанд өөрт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж өгөхийг хүссэн, ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 16/515 тогтоол батлагдсан. Ц.Бямбадорж нь тус машин чиргүүлийг 22 сар хэрэглэхдээ маш их муутгаж эвдэлсэн байсан тул хохирлоо би бүрэн авч чадаагүй. Ц.Бямбадорж нь өөрөө хүсэлтээ гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасан, одоо ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Бямбадорж нь Зээлээр худалдах-худалдан авах гэрээ цуцалсантай холбогдуулан гэрээний төлбөрт төлсөн 12,999,999 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Мөнхтэмүүлэн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Б.Мөнхтэмүүлэнгийн өмчлөлийн HYUNDAI маркийн 2263 УНЛ улсын дугаартай ачааны автомашин, 2193 ТЧ улсын дугаартай цэнхэр өнгийн чиргүүлийг Ц.Бямбадорж худалдан авахаар 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулж нотариатын 2670, 2671 дугаарт бүртгүүлэн баталгаажуулсан байна. /хавтаст хэргийн 9, 10 дахь тал/

 

Гэрээнд заасны дагуу Б.Мөнхтэмүүлэн нь автомашин, чиргүүлийг тус бүрийг 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгөөр худалдах, Ц.Бямбадорж нь төлбөрийг сар бүр 1,000,000 төгрөгийг тус тус төлж, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төлбөрийг төлж дуусгахаар харилцан тохиролцжээ. Ц.Бямбадорж нь 6,500,000 төгрөгийг Б.Мөнхтэмүүлэнд төлсөн байна.

 

Б.Мөнхтэмүүлэн нь гэрээний төлбөрийн үлдэгдэл 13,500,000 төгрөгийг Ц.Бямбадоржоос гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасныг тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00825 дугаартай шийдвэрээр “...худалдагч Б.Мөнхтэмүүлэнгийн худалдсан автомашины мотор ажиллахгүй байсныг худалдан авагч Ц.Бямбадорж сольсон, худалдагч нь эд хөрөнгийн доголдлоос учирсан хохирол 6,691,000 төгрөгийн тал хувь болох 3,345,500 төгрөгийг хариуцах нь зүйтэй гэж үзэн нэхэмжилсэн 13,500,000 төгрөгөөс хасч, үлдэх 10,154,500 төгрөгийг Ц.Бямбадоржоос гаргуулж Б.Мөнхтэмүүлэнд олгох...”-оор шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 12-14 дэх тал/

 

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б.Мөнхтэмүүлэн, Ц.Бямбадорж нар нь гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоо хийгдээгүй тул талуудын хооронд байгуулсан автомашин болон чиргүүлийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцлахаар “Гэрээ цуцлах тухай хэлцэл"-ийг тус тус байгуулжээ. /хавтаст хэргийн 7, 8 дахь тал/

 

Ц.Бямбадорж нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд “...Б.Мөнхтэмүүлэнтэй харилцан тохиролцож 2263 УНЛ улсын дугаартай HYUNDAI маркийн ачааны автомашин, 2193 ТЧ улсын дугаартай цэнхэр өнгийн чиргүүлийн хамт хүлээлгэн өгсөн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгах” хүсэлтийг өгсөн байна. /хавтаст хэргийн 22 дахь тал/

 

2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16/515 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол”-оор “Төлбөр төлөгч Ц.Бямбадорж, төлбөр авагч Б.Мөнхтэмүүлэн нар харилцан тохиролцож 10,331,922 төгрөгийг дуусгавар болгосон” гэх үндэслэлээр Ц.Бямбадоржод холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. /хавтаст хэргийн 23 дахь тал/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

 

Нэхэмжлэгч Ц.Бямбадорж нь талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж, автомашин болон чиргүүлийг  Б.Мөнхтэмүүлэнд буцаан өгсөн тул харилцан шилжүүлсэн зүйлээ буцаан авах хууль зүйн үр дагавар үүссэн гэж үзэн хариуцагчаас машин болон чиргүүл аваад төлсөн мөнгө, мөн засварт зарцуулсан мөнгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээх үүрэгтэй ба нэхэмжлэгч Ц.Бямбадорж нь автомашин болон чиргүүлийг шилжүүлэн авч, төлбөрт нь 6,500,000 төгрөг төлсөн байна. Худалдсан автомашины мотор эвдрэлтэй байсныг Ц.Бямбадорж сольж шинэ мотор тавьсан, мотор солихтой холбоотой 6,691,000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 13 дахь тал/

 

Б.Мөнхтэмүүлэн, Ц.Бямбадорж нар нь 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр HYUNDAI маркийн 2263 УНЛ улсын дугаартай ачааны автомашин, 2193 ТЧ улсын дугаартай цэнхэр өнгийн чиргүүлийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож нотариатын  2670, 2671 дугаарт бүртгүүлэн баталгаажуулсан “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоо хийгдээгүй тул талуудын хооронд байгуулсан автомашин болон чиргүүлийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцлахаар “Гэрээ цуцлах тухай хэлцэл"-ийг тус тус байгуулжээ. /хавтаст хэргийн 7, 8 дахь тал/

 

Гэрээний аль нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээний нэг тал болох Ц.Бямбадорж гэрээний төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр зохигчид гэрээнээс татгалзаж гэрээ цуцлах тухай хэлцэл байгуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Ц.Бямбадорж нь автомашин болон чиргүүлийг хариуцагч Б.Мөнхтэмүүлэнд буцаан өгсөн тул хариуцагчаас автомашин болон чиргүүлийн төлбөрт төлсөн 6,500,000 төгрөг, автомашины мотор сольсонтой холбоотой зардал  6,691,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцаан өгсөн, үнийг төлсөн, эсхүл энэ хуулийн 205.4.1, 205.4.2-т заасны дагуу гэрээний зүйлийг буцааж өгөх буюу хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

Хариуцагч нь “...Ц.Бямбадорж нь тус машин, чиргүүлийг 22 сар хэрэглэхдээ маш их муутгаж, эвдэлсэн байсан тул хохирлоо бүрэн авч чадаагүй. Ц.Бямбадорж нь өөрөө хүсэлтээ гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасан, одоо ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй”  гэх тайлбарыг өгсөн боловч өөрийн тайлбартай холбогдох баримтыг ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт  зааснаар нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч Б.Мөнхтэмүүлэн нь автомашин болон чиргүүлийн төлбөрт төлсөн 6,500,000 төгрөг, автомашины мотор сольсонтой холбоотой зардал  6,691,000 төгрөг, нийт 13,191,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Бямбадоржод төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Бямбадорж нь 13,191,000 төгрөгөөс 154,000 төгрөгийг хасч 12,999,999 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэргийн хариуцагчаар иргэн Б.Мөнхтэмүүлэн татагдсан, хариуцагч нь иргэн С.Анхбаярт итгэмжлэл олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Анхбаяр нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

 

            Шүүх хариуцагч Б.Мөнхтэмүүлэнгээс Зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс зохигчид татгалзсантай холбогдуулан талууд авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийн дагуу 12,999,999 төгрөг  гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                               

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Б.Мөнхтэмүүлэнгээс 12,999,999 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бямбадоржод олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Б.Мөнхтэмүүлэнгээс 222,949 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бямбадоржод олгох, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 51 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бямбадоржод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР