Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0063/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                               Б.Бямбасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Бадамгэрэл,

Шүүгдэгч                                                       М.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох 193900.......... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, М.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн 97-83 ДОР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Шар хөл” гэх газарт онхолдож зорчигч Б.Г, Б.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн 97-83 ДОР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Шар хөл” гэх газарт онхолдож зорчигч Б.Г, Б.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус  учруулсан болох нь:

1. Хохирогч  Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би гомдолтой байна. Зам тээврийн осол гарсанаас хойш жолооч Б надтай нэг удаа ч холбогдоогүй. Би эм тарианд 78000 төгрөг, зураг авахуулахад 60000 төгрөг, унааны зардалд 60000 төгрөг, өөрөөсөө зарцуулсан. Би Пенин ХХК-д 2019 оны 01  дүгээр сараас ажиллаж байсан. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зам тээврийн осолд орж ажиллахгүй эмнэлгийн чөлөөтэй байгаа. Би сарын 650.000 төгрөгийн цалинтай байсан. Өвчтэй байх хугацаанд цалин авахгүй байгаа. Би энэ 2 сарын хугацаанд ажилгүй байсан тул 2 сарын хөдөлмөрийн хөлс болох 1.300.000 төгрөгийг нэхэмжилнэ. Би нийт 1.498.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. ...Б гэдэг хүн надад 50000 төгрөг өгсөн. Улаанбаатар хотод лазер мед эмнэлэгт зураг авахуулсан. Энэ зураг авахуулсан зардлыг Б гэдэг хүн төлсөн байх. Би хэдэн төгрөгөөр зураг авахуулсан гэдгийг мэдэхгүй байна. Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй хагалгаанд ороогүй. ...Би ажлын газрынхаа хүмүүстэй Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас Хэнтий аймгийн Дадал сум руу стана маркийн тээврийн хэрэгсэл хөлсөлж зугаалж яваад 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн орчимд осолд орсон. ... Нийт 10 хүн явсан. Пенин ХХК-д ажилладаг Ганбаяр, Хандам, Сэрчинмаа, Ц, Наранцацралт, Бямбадорж, Чаминтөгс, Насанжаргал, Алтансувд бид нар явсан. Бид приус-20 нэг автомашин, стана маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 4 хүн явсан. ... Жолоочийн хажуу талын суудалд Насанжаргал эгч сууж байсан. Жолоочийн арын суудалд Сэрчинмаа, Ц, Ганбаяр бид нар суусан. Бид нарын арын суудалд Чаминтөгс, Хандам, Алтансувд, Наранцацрал нар сууж явсан. Хамгийн арын суудал дээр  бид нар өөрсдийн ачаа тээшээ тавьсан байсан. ... Жолооч Б архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ... Осол болсны дараа Хандам, Насанжаргал, Ц бид нар гэмтэл авсан байсан. Бусад хүмүүст ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан. Гэмтэл авсан 4 хүн нь приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Норовлин сумын эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмнэлгийн анхны тусламж авсан. Дараа нь Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр Хандам, Ц, Насанжаргал, Сэрчинмаа, Чаминтөгс, Бямбадорж бид нар явсан. Алтансувд, Наранцацрал, Ганбаяр нар бэртэл гэмтэл аваагүй, эмнэлэгт үзүүлэхгүй гээд буцаад Цагаан-Овоо сум явсан. Сэрчинмаа, Бямбадорж хоёр гэмтэл учраагүй зүгээр гээд үзүүлээгүй, зураг авахуулаагүй. Насанжаргал, Ц, Хандам, Чаминтөгс бид нар компьютерт томографийн шинжилгээ хийлгэсэн. ... Би осол болох үед унтаж байсан болохоор мэдэхгүй байна. Осол болоод намайг машин дотроос гаргасан байсан. ... Тийм ээ. Бид Б гэдэг хүний автомашиныг түрээслэж зугаалгаар явсан. Би Б гэдэг хүнийг хэн түрээслэж авсан талаар мэдэхгүй байна. Бид нарын амралт зугаалгыг Сэлэнгэ гэх эгч хариуцаж явсан. Бид нар ажилчид өөрсдөө ярилцаж байгаад зугаалахаар болсон. Компаний зүгээс биднийг дэмжсэн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43 тал/

Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Энэ ослын улмаас 2019 оны 08, 09 дүгээр саруудад ажлаа хийж чадаагүй. Тийм учраас 2 сарын цалин болох 1.300.000 төгрөг, үүн дээр эмчилгээнд зарцуулсан 200.000 төгрөг гээд нийт 1.500.000 төгрөг нэхэмжилнэ. Нэхэмжлэлтэй холбоотой баримтуудаа гаргаж өгнө. ... Яг осолд орсны дараа Б ах Улаанбаатар хот руу авч явж гэмтлийн эмнэлэгт үзүүлж компьютер томографикийн зураг авахуулж өгсөн. Мөн Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу явах унааны зардалд 50.000 төгрөг өгсөн. Өөр бол эмчилгээнд зарцуулж мөнгө, төгрөг өгөөгүй, ахиж уулзаагүй. Залгахаар утсаа ердөө авдаггүй. Сүүлдээ утсаа унтраачихдаг болсон. ... Гомдол санал бол алга аа. Ямар санаатай надад гэмтэл учруулсан биш дээ. Болгоомжгүй л ийм асуудал болсон. Гэхдээ Б ахаас цалин хөлс болон эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 тал/

2. Хохирогч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сард Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд Stedde gold ХХК-ний Penin гэр үйлчилгээний компанид ажиллаж байгаад 2019 оны 08 дугаар сарын 01-ний өглөө 97-83 ДОР улсын дугаартай, цагаан өнгийн стана машинд яг жолоочийн ард урагшаа хараад цонхон талд суугаад Дадал сум руу зугаалгаар явсан. Машинд нийтдээ бараг 10 хүн явсан. Тэгээд унтаад явж байгаад нэг мэдэхэд жолоочийн талаар машин дээш харж хажуулдаж унаж онхолдсон. Хүмүүсийг машины арын хаалгаар гадагш хүмүүс гаргаж байсан. Миний зүүн гарнаас татахад зүүн эгэм яс хугарсан байсан тул маш хүчтэй өвдөлт өгөхөд би сэрсэн. Тэгээд хамгийн сүүлд нь машинаас гарсан. Тэгээд Г, Хандам, Насанжаргал бид дөрвийг приус машинаар Хэнтий аймгийн Норовлин сумын эмнэлэгт Хүрлээ ах хүргэж эмнэлгийн яаралтай тусламж авч 1 хоног хяналтад хэвтэж хоносон. Тэгээд 13А маягтаар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахад үзүүлж рентген зураг авахуулахад зүүн эгэм хугарсан байсан. Тархины томографикийн зураг авахуулсан. Гэмтлийн гар сарвууны ангид үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай гэсэн тул хүүхдийн гар сарвууны тасагт хагалгаанд орж эмчлүүлсэн. Ийм асуудал болсон. ... Миний зүүн эгэм яс нэг удаа хугарч, гэмтсэн. Өөр ямар нэгэн гэмтэл, учраагүй. Ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. Одоо миний эгэм өвдөх үедээ өвддөг. Ер нь эмзэглэлтэй, бүрэн эдгээгүй. Хадаас авахуулах хагалгаанд орно. Хүнд юм өргөж болохгүй байгаа. ... Гомдолтой байна. Миний анхны хагалгааны төлбөр 250.000 төгрөгийг Б төлсөн. Мөн томографикийн шинжилгээний үнийг төлсөн. Иймд нэхэмжлэх зүйлийн талаар бичиж Хэнтий аймаг руу хүргүүлье... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49 тал/

Хохирогч Б.Цын мөрдөн шалгах ажиллааганы явцад дахин өгсөн: “... Миний эгэм хугараад мэс засалд орсон. Эмчилгээний бүх зардлыг М.Б төлж барагдуулсан. Одоогоор бол ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна. Гэхдээ эдгэрэлтээс шалтгаалаад 6-12 сарын хугацаанд ахиж мэс засалд орж эгэмний хадаасаа авахуулах юм. Тийм учраас тухайн үед хийгдэх эмчилгээний мөнгийг нь нэхэмжилнэ. Яг хэдэн төгрөг болохоо бол одоо сайн хэлж мэдэхгүй байна. Миний багцаагаар 500.000 орчим л болох байх... Нэг их айхтар гомдоод байгаа зүйл ч алга даа... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 тал/

3. Шүүгдэгч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Миний хамаатны хүн Нарантуяа гэдэг хүн “Стиппе Голд” ХХК-д тогооч хийдэг юм. Нарантуяа надтай утсаар яриад манайхан ажлаараа амралтанд явна. 2019 оны  08 дугаар сарын 02-ны өдөр бэлэн байгаарай гэсэн. Би өөрөө Дорнод аймгийн Баян-Уул суманд амьдардаг юм. 2019 оны 08 дугаар сарын 01-ний орой Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас баруун зүгт 30 гаран км зайд байх Стиппе Голд ХХК-ний үйл ажиллагаа явууж байгаа газар би очсон. Би хувьдаа стана маркийн 97-83 ДОР улсын дугаартай автомашинтай юм. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн орчим Стиппе Голд ХХК-ны үйл ажиллагаа явуулж байгаа газраас зорчигч нарын ачаа тээш болон зорчигч нарыг суулгаад хөдөлсөн. Намайг дагаж приус-20 маркийн автомашин ажилчид дагаж явсан. Приус машинд Стиппе Голд ХХК-ний ажилчид сууж явсан. Хэнтий аймгийн Норовлин сумаас зүүн урагш 10 гаран км зайд явж байхад  зам дээр ус тогтож шавар үүссэн байсан. Шаврыг тойрч гарах гэтэл шарваж машин хажуу талаараа унасан. Зам хамар өндөртэй шороон зам байсан. Би 60 км цагийн хурдтай явсан. Би тээврийн хэрэгслийн 3 дугаар араагаар явж байсан. ... Би архи уугаагүй эрүүл байсан. Зорчигчид зарим нь архи, пиво уусан байсан. ... Би зорчигч нарыг тухайн үед танидаггүй байсан. Осол болсноос хойш танидаг болсон. Приус-20 маркийн автомашинд 4-5 хүн сууж явсан. ... Осол болсны дараа бүгд Хэнтий аймгийн Норовлин суманд ирсэн. Зарим хүмүүс нь гэмтэл аваагүй зүгээр ямар ч асуудал байхгүй гээд Норовлин сумаас буцаад явсан. Улаанбаатар хот руу Ц, Г, Хандам, Насанжаргал, Сэрчинмаа, Бямбадорж нар очиж үзүүлсэн, томографикийн зураг авахуулсан. Сэрчинмаа, Бямбадорж хоёр зүгээр гээд Улаанбаатар хотод үзүүлээгүй...   ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/

4. Хэнтий аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Базаррагчаагийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №36 дугаартай: 

“...1. 97-83 ДОР улсын дугаартай автомашины жолооч М.Бнь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.

   2. Жолооч М.Бнь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болоход нөлөөлсөн байх үндэслэлтэй байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 55 тал/

5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №407 дугаартай: 

   “...1. Б.Цын биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

   2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

   3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

   4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

   5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 65 тал/

6. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №405 дугаартай: 

   “...1. Б.Гийн биед зүүн далны сэртэнгийн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

   2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

   3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

   4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

   5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 73 тал/

7. Шүүгдэгч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн эзэмшлийн 97-83 ДОР улсын дугаартай Истана маркийн автомашинаар “Стиппе Голд” гэдэг байгууллагын ажилчдыг Хэнтий аймгийн Дадал сум руу аваачих маршруттай явж байгаад Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг “Шар хөлт” гэх газарт замын шалбааг тойрох гэж байгаад машинаа шарвуулаад машин маань жолооч талаараа хажуулдсан. Тэгээд ослын улмаас Г, Ц гэх 2 эмэгтэй гэмтсэн. Бусад сууж явсан хүмүүсийн биед нь ямар нэгэн гэмтэл учраагүй. Би дээрх хүмүүсийг бүгдийг нь Улаанбаатар хот руу өөрийн зардлаар авч явж эмнэлэгт үзүүлж харуулж эм тариаг нь авч өгсөн. ... Хохирогч нартайгаа дахиж уулзалдаагүй байна. Гэхдээ эмчилгээ хийлгэх шаардлага гарвал тухай бүрт нь эмчилгээний зардал мөнгийг нь би төлж барагдуулна. ... Бараг 20-иод жил машин тэрэг жолоодож байна. 1997 онд Ерөнхий Боловсролын Сургууль төгсөөд 2006 он хүртэл уул уурхайгаар явж экскаватор бульдозерчин хийж байлаа. Тэгээд 2006 оноос хойш бол нийтийн тээвэрт өдийг хүртэл явж байна. Анх бол хувиараа сумаасаа Дорнод аймгийн төв рүү эсвэл Улаанбаатар хот руу нийтийн тээвэрт явдаг байсан. Сүүлд сумынхаа удирдлагатай албан ёсоор гэрээ байгуулж сумынхаа нийтийн тээвэрт албан ёсоор явдаг болсон юм...  “ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 133-134 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г, Б.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь шүүгдэгчид гомдол саналгүй /хх-ийн 44, 50 тал/, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг болон тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн  хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бод тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосугай.  

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  М.Бод анхааруулсугай.

5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч М.Бын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Бод авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                            Д.ГАНЗОРИГ