Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 6047

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Өнөр хороолол, 39 дүгээр байр, 33 тоотод оршин суух Шонхорынхон овогт Шонхорын Ганзориг  /Регистрийн дугаар ЧВ66122932/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Токиогийн гудамж-5 хаягт “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр, хууль тогтоомж зөрчиж гэрээ цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Миний бие Ш.Ганзориг нь хариуцагч Ус сувгийн удирдах газартай Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Контракт гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд заасан ажил үйлчилгээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу, ажлын сайн үзүүлэлттэйгээр гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/217 дугаартай “Ус сувгийн удирдах газар”-ын даргын тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцаллаа. Дээрх гэрээнд тусгасан үндэслэлээ Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийх, үнэргүйжүүлэх ажлын графикт хугацаанд нь хийлгээгүй, үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулах үүргээ удаа дараа зөрчсөн, ажил олгогчоос өгсөн удирдамж зааврыг биелүүлэхгүй байх зөрчлийг гаргасан гэсэн, Хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын зүгээс хангалттай ажиллаж байгаа талаар мэдэгдээд байхад дээрх шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр, хууль тогтоомж зөрчиж гэрээ цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвадорж шүүхэд гаргасан тайлбартаа: “Ус сувгийн удирдах газраас 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ш.Ганзоригтой контракт байгуулан ажилласан. 2016 онд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Төв цэвэрлэх байгууламжийн одоо байгаа тоног төхөөрөмжийн ашиглалтын төвшинг сайжруулахаар багц ажлыг хийж гүйцэтгэх ажлын график гарсан. Улсын төсөвт “Төв цэвэрлэх байгууламж дээр лаг боловсруулах технологийн дамжлага нэмэх” нэртэйгээр төсөл хэрэгжүүлэхээр суулгасан байдаг. Ус сувгийн удирдах газраас лаг боловсруулах технологийн дамжлага болох Центрфугийн технологийг суурилуулж техник технологийн шинэчлэлт хийх төлөвлөгөөг нийслэлийн удирдлагын зөвлөгөөнд танилцуулж дэмжигдсэн юм. Нэг ёсондоо төв цэвэрлэх байгууламжид хийгдэх техник технологийн шинэчлэлтийн ажил 2015 оны 12 сард эхэлсэн гэсэн үг юм. Гэвч Төв цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ш.Ганзориг нь дур мэдэн удирдах газрын шийдвэрийг зөрчин ОХУ-аас өөр технологи оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлээр энэхүү төсөл арга хэмжээг 2016 оны 07 дугаар сарын 01-нд дуусгах байсан боловч төслийн хамгийн чухал ажил болох лаг боловсруулах технологийг нэвтрүүлэх ажил нь Ш.Ганзоригийн буруутай шийдвэрээс болж өнөөг хүртэл хийгдээгүй, хийгдэх үгүй нь тодорхойгүй байдалд хүрээд байна. Улсын төсвөөр хийгдэх ажлын хүрээнд 21 ажил төлөвлөсөн бөгөөд одоогоор 12 ажил дууссан, 4 ажил нь одоо хийгдэж, 5 ажил нь огт эхлээгүй байдалтай байна. Энэ нь төлөвлөгөөт ажлыг хугацаандаа хийж дуусгаагүй Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагын буруу ажиллагаанаас болсон гэж үзэж байна. Төв цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ш.Ганзориг нь Ус сувгийн удирдах газрын зөвшөөрөлгүй ОХУ-д томилолтоор ажиллахдаа манай байгууллагын инженерийн бодлогын хүрээнд шийдэгдсэн технологийг дур мэдэн өөрчлөх, шинэ тоног төхөөрөмж авах буруу шийдвэрийг Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран гаргасан. Энэ талаар Ус сувгийн удирдах газрын удирдлагад танилцуулаагүй шийдвэрлэсэн бөгөөд ОХУ-ын “Экологическая химия” ХХК-аас Ультразвук, Электролиз гэх тоног төхөөрөмж авахаар болж гэрээ хийсэн байдаг. ОХУ-аас авах ёстой байсан тоног төхөөрөмжийг “Экологическая химия” ХХК-аас нийлүүлэх боломжгүй талаар мэдэгдэж, энэхүү ажил маань цаг хугацаа маш их алдсан ажил болсон. Тухайн үед гэрээ хийгдэж “Экологическая химия” ХХК-ийн Монгол дахь зуучлагч компани болох “И Си Си” ХХК руу тоног төхөөрөмжийн мөнгө шилжсэн байсан юм. Энэ асуудлаас үүдэн Ерөнхий менежер Б.Бадрал нь шинэ тоног төхөөрөмж судлахаар ХБНГУ руу явж тэндээс шинэ тоног төхөөрөмж авахаар гэрээ хийсэн байдаг. ОХУ-аас тоног төхөөрөмж авах үед монгол талын зуучлагч компаниар ажиллаж байсан “И Си Си” ХХК нь Герман компани руу шилжүүлэх төсвийн мөнгийг цаг хугацаа алдаж шилжүүлсэн. Энэ асуудлаар Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тус “И Си Си” ХХК-ийг эдийн засгийн цагдаад шалгуулахаар өгсөн байдаг. Эдгээр үйлдлүүд нь Ш.Ганзоригийг Төв цэвэрлэх байгууламжийн албыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж чадаагүй, төлөвлөгөөт ажлуудаа хугацаандаа хийж чадаагүй, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх байсан ажилд буруу шийдвэр гаргаж саад учруулж Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хохирол учруулсан уг албан тушаалд ажиллах шаардлагыг хангахгүй гэж үзэн контрактыг цуцалсан байна” гэжээ.

 

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ганзориг нь “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр, хууль тогтоомж зөрчиж гэрээ цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ нь Ш.Ганзоригтой байгуулсан контрактыг цуцалсан тушаал хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/217 дугаартай “Ш.Ганзоригтой байгуулсан контрактыг цуцлах тухай” тушаалд хуульд заасан хугацааны дотор буюу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

 Ажил олгогч “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-аас Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын албаны дарга Ш.Ганзоригтой 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр контракт байгуулан ажиллуулж байсан нь талуудын хооронд байгуулсан контракт гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй. /хавтаст хэргийн 3-5 дахь тал/

 

Контракт гэрээний 1.2 дахь заалтад Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын албаны даргын гүйцэтгэх үндсэн үүргийг “Улаанбаатар хотын хэрэглэгчдийн ахуйн болон үйлдвэрийн бохир усыг татан зайлуулж, экологийн тэнцвэрийг хадгалах шалгуурт тохирох усыг байгальд нийлүүлэх ажлыг удирдан зохион байгуулна” гэж тодорхойлжээ. /хавтаст хэргийн 3 дахь тал/

 

“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/217 дугаартай “Ш.Ганзоригтой байгуулсан контрактыг цуцлах тухай” тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх заалт, “Ус сувгийн удирдах газрын дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь заалтуудыг тус тус үндэслэн Ш.Ганзоригтой байгуулсан контрактыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /хавтаст хэргийн 8 дахь тал/

 

Хариуцагч нь Ш.Ганзоригтой байгуулсан контрактыг цуцлах тухай тушаалыг гаргахдаа контрактыг цуцлах үндэслэл болсон 3 зөрчлийг дурдан үндэслэл болгосон байх бөгөөд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлт хийх, үнэргүйжүүлэх ажлыг графикт хугацаанд нь хийлгээгүй, үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулах үүргээ удаа дараа зөрчсөн, ажил олгогчоос өгсөн удирдамж зааврыг биелүүлэхгүй байх зөрчлийг гаргасан гэж тушаалдаа дурдсан байна. /хавтаст хэргийн 8 дахь тал/

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нь Ш.Ганзоригтой байгуулсан контрактыг цуцалсан нь үндэслэлгүй байгаа талаар 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/1215 дугаартай албан бичгийг Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнд хүргүүлсэн байна. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр нь “Ус сувгийн удирдах газар“-ын дарга Ц.Төрхүүд хандан “...Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах төсөл арга хэмжээний 26 нэр төрлийн ажлыг хэрэгжүүлэхэд ажлын уялдаа холбоог хангах үүднээс Төв цэвэрлэх байгууламжийн ашиглалтын албаны удирдлагыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны А/43 тоот тушаалаар өндөржүүлсэн байдалд шилжүүлж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны шууд удирдлагад авсан. Гэвч тус төслийн хэрэгжүүлэх хугацаа, өндөржүүлсэн бэлэн байдал, шууд удирдлагаар хангах хугацаа дуусаагүй, байгууллагын үйл ажиллагаа хэвийн ажиллаж байх үед төслийг үр дүн муутай гэсэн үндэслэлээр ашиг сонирхлын зөрчилтэйгээр “Ус сувгийн удирдах газар” ОНӨҮГ-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/217 дугаар тушаалаар Төв цэвэрлэх байгууламжийн ашиглалтын албаны дарга Ш.Ганзоригийг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, контракт гэрээг цуцалсан байна. ...Иймд Төв цэвэрлэх байгууламжийн ашиглалтын албаны дарга Ш.Ганзоригийг үүрэгт ажилд нь эргүүлэн томилж, тус газрын хэвийн үйл ажиллагааг хэвийн ажиллуулах шаардлагатай байна...” гэсэн бичгийг хүргүүлсэн байна. /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/183 дугаартай “ОХУ-ын Калининград хотод томилолтоор ажиллуулах тухай” тушаалд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах дамжлага нэмэх ажлын хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн явц, холбогдох ажилтай танилцах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Анхбат, Ус сувгийн удирдах газрын Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын албаны дарга Ш.Ганзориг нарыг ОХУ-ын Калининград хотноо 2016 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд томилон ажиллуулсугай” гэж заасны дагуу Ш.Ганзориг нь нэр бүхий албан тушаалтнуудын хамт ОХУ-д томилолтоор ажилласан байна. /хавтаст хэргийн 20 дахь тал/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.

 

Ажил олгогч нь “Төв цэвэрлэх байгууламж дээр лаг боловсруулах технологийн дамжлага нэмэх” нэртэй төсөл хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ус сувгийн удирдах газраас лаг боловсруулах технологийн дамжлага болох Центрфугийн технологийг суурилуулж техник технологийн шинэчлэлт хийх ажлыг төлөвлөсөн бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ш.Ганзориг нь дур мэдэн удирдах газрын шийдвэрийг зөрчин ОХУ-аас өөр технологи оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн. Улсын төсвөөр хийгдэх ажлын хүрээнд 21 ажил төлөвлөснөөс 12 ажил дууссан, 4 ажил нь одоо хийгдэж, 5 ажил нь огт эхлээгүй байдалтай байна. Энэ нь төлөвлөгөөт ажлыг хугацаандаа хийж дуусгаагүй Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагын буруу ажиллагаанаас болсон. Ус сувгийн удирдах газрын зөвшөөрөлгүй ОХУ-д томилолтоор ажиллахдаа манай байгууллагын инженерийн бодлогын хүрээнд шийдэгдсэн технологийг дур мэдэн өөрчлөх, шинэ тоног төхөөрөмж авах буруу шийдвэрийг Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран гаргасан. Эдгээр үйлдлүүд нь Ш.Ганзоригийг Төв цэвэрлэх байгууламжийн албыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж чадаагүй, төлөвлөгөөт ажлуудаа хугацаандаа хийж чадаагүй, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх байсан ажилд буруу шийдвэр гаргаж саад учруулж Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хохирол учруулсан” гэх тайлбарыг өгсөн боловч өөрийн тайлбартай холбогдох баримтыг ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт  зааснаар нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 18 дахь заалтад “...Ажилтны контрактаар хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэхдээ өмчлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь контрактад тусгасан журмыг баримталж, ажилтныг байлцуулах үүрэгтэй ба хуулийн энэ зохицуулалтыг контрактад тусгасан үр дүн гараагүй байдал нь ажилтны өөрөөс хамаарах шалтгаанаар ажил үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хамааруулан ойлгоно. Контрактын эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ тухай дүгнэлтийг ажилтанд танилцуулан, гарын үсэг зуруулж, уг дүгнэлтийг ажилтан эс зөвшөөрвөл түүний тайлбарыг хавсаргасан байна...” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх заалтад “контрактаар ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон” бол контрактыг ажил олгогч санаачлан цуцлахаар заажээ.

 

Ажил олгогчийн зүгээс Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын албаны дарга Ш.Ганзоригийн контрактаар хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэж, үүрэг биелэгдээгүй болохыг баримтаар тогтоосон үйл ажиллагаа хийгдээгүй байна. Мөн тушаалын үндэслэлд зааснаар “контрактаар ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон” талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Дээр дурьдсан нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасан үндэслэлээр Ш.Ганзоригтой байгуулсан контрактыг цуцалсан нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэгч Ш.Ганзоригтой байгуулсан контрактыг цуцалсан тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ш.Ганзоригийг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын албаны даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэргийн хариуцагчаар “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ татагдсан, хариуцагч нь тус байгууллагын хуулийн зөвлөх Г.Лхагвадоржид итгэмжлэл олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвадорж нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

 

Энэ хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч шүүхээс эрх зүйн үйлчилгээ үзүүлсний зардлыг хариуцагчаас гаргуулахгүй байх үндэслэл болохгүй тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т хариуцуулах бөгөөд ингэхдээ ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хүрээнд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тодорхойлов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Шонхорынхон овогт Шонхорын Ганзориг  /Регистрийн дугаар ЧВ66122932/-ийг Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын албаны даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-аас 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР