Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2016/01083

 

 

 

 

 

           2016 оны 11 сарын 17 өдөр

         Дугаар 182/ШШ2016/01083

        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

   Нэхэмжлэгч: Л.Б

Хариуцагч: “С” ХХК

үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 182.72 м кв талбайтайгаар захиалагчийн нэр дээр гаргуулахыг даалгах, 800.403.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Т.М, Г.Б, гэрч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Л.Б нь 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “С” ХХК-тай Худалдаа, үйлчилгээний барилгын хөрөнгө оруулалтын 12/0106 дугаартай гэрээг байгуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын 12 дугаар давхрын 1207, 1208 тоотод байрлах нийт 212.6 м.кв оффисын зориулалттай талбайг 1 м.кв-ыг нь 2.700 ам.доллараар тооцож, нийт 574.020 ам.доллараар худалдаж авахаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан юм. Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 155.367 ам.доллар буюу 220.127.073 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бэлнээр төлж, үлдсэнийг графикийн дагуу бүрэн төлж дуусгасан.

Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт: "... энэ гэрээний 1.1-т дурьдсан барилгын 12 давхарын 7, 8 тоот, 212.6 м.кв-ыг иж бүрэн, чанар сайтай барьж 2012 оны 01 дүгээр улиралд багтаан хөрөнгө оруулагчид өгнө... ” гэж заасан боловч гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, захиалагчийн зүгээс төлбөрөө бүрэн төлж худалдаж авсан тайлбайгаа ашиглах боломжийг олгохгүй бүтэн нэг жил гаруй хугацаанд хүлээлгэн чирэгдэл учруулж сэтгэл санааны болон эдийн засгийн хувьд маш их хохироож байна.

“С” ХХК-ийн зүгээс 12/0106 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу 2013 оны 03 дугаар сарын 15-нд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьсны дагуу нэмэлт гэрээ байгуулсан. Энэхүү нэмэлт гэрээгээр гүйцэтгэгч буюу “С” ХХК нь “...үндсэн гэрээний 3.1-д заасан ажлын үр дүнг хөрөнгө оруулагчид 2013 оны 03 дугаар сарын 15-нд хүлээлгэж өгөх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгөх ба хэрэв тогтсон хугацаанд гаргаж өгөөгуй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн төлбөрийн 0.1 хувиар алдангийг хөрөнгө оруулагчид төлнө...” гэж тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй чирэгдүүлсээр байна. Оффисын гэрчилгээгээ авахаар удаа дараа шаардсан боловч “...аливаа асуудлаар шүүхэд гомдол гаргахгүй гэж гарын үсэг зурсан тохиолдолд бичиг баримтыг хүлээлгэж өгнө...” гэсээр өнөөдрийг хүргээд байна.

Захиалагчийн зүгээс дээрх оффис, үйлчилгээний талбайн хэмжилтийг 9011121029 улсын бүртгэлийн дугаартай, 5168465 perистрийн дугаартай, ЗТ19-136/13 тусгай зөвшөөрлийн дугаартай “Инжкон” ХХК-аар 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хэмжилт хийлгэхэд цэвэр ашигтай талбайн хэмжээ 182.72 м.кв буюу гэрээнд заасан хэмжээнээс даруй 29.88 м.кв талбай дутуу байсан нь тогтоогдсон.

Дутуу олгосон 29.88 м.кв-д талбайг худалдаж авахад зориулж Улаанбаатар хотын банктай 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр №ОСЗГ0001/130528 зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан 230.000.000 төгрөгийг жилийн 15.60 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд энэхүү зээлийн гэрээний хүүд 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 31 cap буюу 2 жил 7 сарын хугацаанд нийт 33.980 ам.долларын хүү төлсөн бөгөөд энэ нь гүйцэтгэгч талын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэж байна. Учир нь худалдан авсан оффис үйлчилгээний талбай нь 212.6 м.кв бус 182.72 м.кв хэмжээтэй гэдгийг мэдсэн бол 230.000.000 төгрөгийн зээл авах хэрэгцээ, шаардлага захиалагчид гаргахгүй байсан.

Мөн нэмэлт гэрээний 1 дэх хэсэгт гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн төлбөрийн 0.1 хувиар алданги тооцож, хөрөнгө оруулагчид төлнө гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн хоногийг 2013 оны 07 дугаар сарын 15-наас хойш тооцвол 860 хоногийн 493.657,2 ам.долларын алдангийг захиалагчид төлөх үүрэгтэй боловч үндсэн төлбөрийн 50 хувь буюу 287.010 ам.долларын алдангийг гүйцэтгэгч нь захиалагчид төлөх үүрэгтэй байна.

Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хэмжээнээс дутуу талбай өгсөн буюу захиалагчаас илүү авсан 29.88 м.кв талбайн үнэ болох 80.676 ам.доллар, гэм хорын хохиролд зээлийн хүүнд төлсөн 33.980 ам доллар, алданги 287.010 ам.доллар, нийт 401.666 ам.долларыг төлөх үүрэгтэй байгаа бөгөөд Монгол банкны 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ам.долларын ханш 1992.71 төгрөгт тооцож 800.403.850 төгрөгийг захиалагчид төлөх, мөн “Peace Tower’’-ын 12 давхарт байрлах № 7,8 тоот оффис үйлчилгээний ашигтай талбай болох 182.72 м.кв-ын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагч талд хүлээлгэж өгөх үүрэгтэй юм.

Иймд хариуцагчид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 182.72 м кв талбайтайгаар захиалагчийн нэр дээр гаргуулахыг даалгах, илүү төлсөн болон хохиролд нийт 800.403.850 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2012-01-06-нд хийсэн гэрээндээ барилгын 12-р давхрын 7, 8 тоот 212.6 м кв талбайг, үүнд нь нийтийн эзэмшлийн талбай орж байгаа, авахаар тохиролцсон. 2015-03-11-нд гэрээ дүгнэж акт үйлдэж, түүнд нэхэмжлэгч гарын үсгээ зурсан. 2015-05-25-нд Инжкон компаниар талбайн хэмжилт хийлгүүлсэн гэх боловч нормын дагуу хэмжилт хийгээгүй, оффис үйлчилгээний зориулалтай барилгын талбайд хөлийн өрөөний талбайг оролцуулж тооцоогүй. Хөлийн өрөө гэдэг маань өрөө рүү явж орох коридорын талбай юм. Зураг дээрээс харахад хөлийн өрөөний хэсгийн талбай 81.41 м кв ба ашиглаж 9 өрөөнд хувааж, нэг өрөөнд 9.26 м кв, 7, 8 тоот өрөөнүүдэд 18.52 м кв оногдож байгаа юм. Шүүхээс талбайн хэмжээг гаргуулахаар шинжээч томилсон боловч өөр компани хэмжсэн, хэмжих багаж нь баталгаажсан нь харагдахгүй, ямар багажаар хэмжсэн нь тодорхойгүй, мөн баримталбал зохих норм дүрмийг баримтлаагүй байна.

            Ер нь 2013 оны 07 дугаар сараас талбайгаа ашиглаад эхэлчихсэн. Хэрэглээний төлбөр төлж байсан баримтаар тогтоогдож байгаа. Түүнээс өмнө ч авсан байдаг.

Өмчлөх эрхийн гэрчилгээний хувьд нэхэмжлэгч өөрөө гэрчилгээгээ хөөцөлдөж авах байсан. Бид өөрсдийн зүгээс холбогдох бичиг баримтыг Эрхийн бүртгэлийн газарт 2013 оны 12 дугаар сард явуулсан. 2013 оны 12 дугаар сард тооцоогоо нийлж гэрчилгээгээ гаргуулж авах талаар худалдан авагчдадаа хэлж байсан. Манайхыг ямар бичиг баримт өгөөгүй гээд байгааг ойлгохгүй байна, авъя гэсэн үед нь тооцоо дууссан гэсэн бичиг, гэрээ дүгнэсэн актыг өгсөн. Өөр биднээс нэхсэн зүйл ч байхгүй. Одоо өөрсдөө хүсэлтээ гаргаад өмчлөх эрхээ бүртгүүлэх ёстой. Хаягийн тодорхойлолтыг Пийс тауэр компани хариуцна. 2013-07-24-нд улсын комисс хүлээн авсан барилга. Санхүүгийн хямралаас болж манай компани хүнд нөхцөлд орсныг Худалдаа аж үйлдвэрийн танхим нотолсон байгаа.

2013 оны эхэн үеэс талбайгаа хүлээн авч ашиглаж эхэлчихээд одоо талбайн зөрүүний асуудал, алданги, хохирлын асуудал ярьж буй нь үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр Б.Гүнжээг шүүх хуралдаанд оролцуулж гэрчээр асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

            Шүүх нэхэмжлэл, хөрөнгө оруулалтын гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, “С” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ,  “С” ХХК-ийн тодорхойлолт, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай улсын комиссын акт, барилгын зураг, Улс төрийн тойм сонины “С” ХХК-д хандсан хүсэлт, байрны ашиглалтын төлбөрийн нэхэмжлэх болон төлж байсан баримтууд, “Инжкон” ХХК-ийн үйлчилгээний талбайн хэмжилтийн тайлан, холбогдох баримт, компанийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ, хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Л.Б хариуцагч С ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 182.72 м кв талбайтайгаар захиалагчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах, барилгын дутуу талбай өгсний буюу захиалагчаас илүү авсан 29.88 м.кв талбайн үнэ болох 80.676 ам.доллар, дутуу талбай өгсөн болон үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хохирол гэж зээлийн хүүд төлсөн 33.980 ам доллар, алданги 287.010 ам.доллар, нийт 401.666 ам.долларыг, 1 ам.долларыг 1992.71 төгрөгөөр тооцон, бүгд 800.403.850 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ үндэслэхдээ С компаниас авсан барилгын 1207, 1208 тоот талбайнуудын хэмжээ 212.6 м кв байх байтал 182.72 м кв болсон гэж “Инжкон” ХХК-ийн хийсэн хэмжилтийг ирүүлжээ.

9011121029 улсын бүртгэлийн дугаартай, 5168465 perистрийн дугаартай, ЗТ19-136/13 тусгай зөвшөөрлийн дугаартай “Инжкон” ХХК-аар нэхэмжлэгч өөрийн хүлээн авсан талбайд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хэмжилт хийлгэхэд тус оффисын зориулалттай талбай нь 182.72 м кв болсон байна.

            Мөн ийм бага хэмжээтэй талбай авах байсан бол ийм зээл авч хүү төлөхгүй байсан гэж Улаанбаатар хотын банктай байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 230.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, холбогдох баримтын хамт нэхэмжлэгч ирүүлсэн.

Мөн түүнчлэн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гаргуулж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэгч мөн өдрөөс алданги тооцон нэхэмжилжээ.

Хариуцагч анх худалдах талбайн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайн хэмжээг оруулж худалдсан, хэмжилт хийсэн компаниуд MNS 6058:2009 стандарт, “БНбД 31.03.03 олон нийт иргэний барилга”-т заасан норм стандартыг мөрдөөгүй, оффисийн зориулалтай байрны талбайд хөлийн өрөөг (коридор) оруулах байтал оруулаагүй, талбайн хэмжилтийг өөр компани хийсэн, нэхэмжлэгчид гэрээнээс бага талбай өгөөгүй, нэхэмжлэгч талбайгаа 2013 ондоо ашиглаж эхэлсэн, гэрчилгээг гаргуулахад хариуцагчийн зүгээс саатуулсан зүйлгүй, иймд хохирол, алданги төлөх үндэслэлгүй  гэж тайлбарлан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч “С” ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын 12 дугаар давхрын 1207, 1208 тоотод байрлах нийт 212.6 м.кв оффисын зориулалттай талбайг 1 м.кв-ыг нь 2.700 ам.доллараар тооцож, нийт 574.020 ам.доллараар авахаар тохиролцсон байна. Энэ нь худалдах худалдан авах гэрээ байна.

Талууд 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээндээ нэмэлт өөрчлөлт хийж, 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажлын үр дүнг хүлээн авах, өмчлөлийн гэрчилгээ гаргахтай холбоотой бичиг баримтыг 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэгч гаргаж өгөх, өгөөгүй тохиолдолд үндсэн төлбөрийн 0.1 хувиар хоног тутамд алданги тооцох, захиалагч үлдэгдэл төлбөр 160.735 ам долларыг 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх, хугацаа хэтрүүлбэл мөн хэмжээгээр алданги тооцохоор тохиролцсон байна.

Үүний өмнө нэхэмжлэгч Л.Б өөрийн ажиллуулж байсан Улс төрийн тойм сониноо байр ашиглалтанд орж буй энэ үед 1207, 1208 тоотод оруулах, үлдэгдэл төлбөр 160.735 ам долларыг 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүсэж 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр С компанид албан бичиг явуулж байжээ.

Явуулж байсан албан бичиг, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан өдөр ажлын үр дүнгээ (талбайг) хүлээлгэн өгөхөөр заасан зэргээс үзэхэд гэрээ хийгдэх үед нэхэмжлэгч талбайг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна.

2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс байрны ашиглалтын төлбөр төлж байсан харилцагчийн гүйлгээний баримт хэрэгт авагдсан ба талбайг ашиглаж байснаа нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Л.Б нь гэрээний үүргээ биелүүлж графикт заасны дагуу төлбөрөө хугацаанд нь шилжүүлж байсан гэж тайлбарладаг ба хариуцагч энэ талаар маргадаггүй.

Хариуцагчийн гэрээгээр хүлээлгэн өгөх ёстой талбай 212.6 м кв ба нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талбай зөрүүтэй байна.

Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс  2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дээрх барилгыг ашиглалтанд хүлээн авсан нь актаас харагдаж байна.

Шүүхээс Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан ба нэхэмжлэгчийн ашиглаж буй талбайн хэмжээ “Инжкон” ХХК-ийн хэмжилттэй ижил гарчээ.

Шинжээч талбайн хэмжилт хийхдээ өөр компанийг татан оролцуулсныг буруутгах боломжгүйн дээр хэмжилт хийсэн компаниуд аль аль нь дээрх дүрэм стандартыг баримталсан, гэхдээ талбайг зөвхөн 1207, 1208 тоот өрөөнүүдийн ашиглаж буй хэмжээгээр гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэгчтэй анх гэрээ хийхдээ хөлийн өрөө (коридор)-ний талбайн хэмжээг оруулж үнэлж худалдахаар тохиролцсоныг буруутгах боломжгүй ба одоо тогтоогдоод байгаа 1207, 1208 тоот өрөөнүүдийн талбайн хэмжээ дээр хөлийн өрөөнөөс (коридороос) ногдох 18.52 м кв талбайг нэмбэл 201.24 м кв талбайтай болж байх ба энэ нь худалдахаар тохиролцсон 212.6 м кв-аас 11.36 м кв-аар бага байна. Хөлийн өрөөний талбайн хэмжээ 83.41 м кв болох нь барилгын зургаас харагдаж байх ба талуудын тайлбарласан коридорыг ашиглаж буй 9 өрөөнд хуваахад нэг өрөөнд 9.26 м кв, 1207, 1208 тоот талбайнуудад 18.52 м кв оногдож байна. Ийм аргачлалаар бодож оффисын зориулалттай талбайг худалдсаныг хариуцагч тайлбарлаж байна.

Иймд талбайн зөрүүгийн үнэ 43.456.703 (11.36х2700х1992.71) төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж олгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ бүртгүүлж, гэрчилгээгээ авах нь хариуцагчаас шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хариуцагч барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан тухай баримт (акт, план зураг, худалдсан талбай, худалдан авсан хүн зэрэг)-ыг Эрхийн бүртгэлийн газарт 2013 оны 12 дугаар сард явуулсанаа тайлбарлаж байна. Энэ талаар гэрч Б.Гүнжээ ч мэдүүлсэн болно. Нөгөө талаар, хүсэлт тавьж байгаад талбайгаа нэмэлт гэрээ байгуулсан  өдөр хүлээн авсан, 2013 оны 07 дугаар сараас байрны ашиглалтын төлбөрийг төлж байсан нь нотлох баримтаар тогтоогдож байх ба барилгын талбайн эзэмшил бодитоор нэхэмжлэгчид шилжиж ашиглаж байсан байх тул зөвхөн гэрчилгээг гаргуулаагүй гэдгээр үндсэн үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчаар алданги төлүүлэх үндэслэлгүй байна.

Мөн банкнаас авсан зээлийн хүүг байрны талбай бага болсонтой холбоотойгоор хариуцагчаар төлүүлэх үндэслэл харагдахгүй байна. Банкны зээлийг авах үед барилга баригдсан, Л.Б талбайг хүлээн авч ашиглаж байсан үе байна.

Хариуцагч нэхэмжлэгчид хөлийн өрөөний (коридор) талбайг оруулан худалдсан талбай 201.24 м кв бөгөөд хөлийн өрөө (коридор) нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар дундын өмчлөлийн талбайд орох тул нэхэмжлэгчийн худалдан авч өмчилсөн 1207, 1208 тоот талбайнуудын хэмжээ 182.72 м кв байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг зөвтгөн гэрчилгээг гаргуулах нь хариуцагчийн үүрэг байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж ажиллуулсан тул түүний хөлс 300.000 төгрөгийг С ХХК-д хариуцуулав.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

                                                                                                         ТОГТООХ НЬ:

1.Монгол улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан “С” ХХК-иас 43.456.703 төгрөгийг гаргуулж Л.Бд олгож, нэхэмжлэгчийн 756.947.147 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-ыг баримтлан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан барилгын 12 дугаар давхрын 1207, 1208 тоотод байрлах оффисын зориулалттай талбайн өмчлөлийн гэрчилгээг 182.72 м кв талбайтайгаар нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг С ХХК-д даалгасугай.

3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 4.159.970 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С ХХК-иас 375.233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, шинжээчийн ажлын хөлсөнд 300.000 төгрөгийг гаргуулж Мөнх-Оргил трейд ХХК-д тус тус олгосугай.

4.Шийдвэр хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5649 дугаар захирамжийн үйлчлэл зогсохыг мэдэгдсүгэй.

 

5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД