Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 356

 

 

 

 

 

   2020       03          03                                      2020/ШЦТ/356

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Хохирогч Б.Батбаатар,

Шүүгдэгч Р.Ба, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг /ҮД:1554/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Бад холбогдох 1906 04697 0011 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхон суманд 1968 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 22 дугаар гудамжны 112 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 198 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Б овогт Рийн Ба /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Р.Ба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 хороо Баяндөхөмийн 21 дүгээр гудамжны 5 тоотод иргэн Б.Батбаатарыг орон дээр дарж унагаан, түүний нүүрэн тус газар олон удаа цохиж, цээжин тус газар 1 удаа өшиглөж, нүдийг сохолно гэж хуруугаараа нүд лүү чичин, хоолойг боож багалзуурдан зодож, зулайн хуйханд шарх, баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн дал, бугалганд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Бын өгсөн: “Тухайн өдөр би н.Хэрлэн гэдэг хүнтэй ажлаасаа буугаад автобусны буудал дээр тааралдсан. Дэлгүүрээс 1 шил архи аваад  н.Хэрлэн нь “манайд очиж архи ууя” гэж хэлээд намайг дагуулж н.Хэрлэнгийнд очоод архи уусан.Тухайн үед Б.Батбаатар босож ирээд “намайг юун хүн бэ?” гэж асуухад би “н.Хэрлэнгийн худ” гэж хэлэхэд “намайг ална” гэж хэлсэн. Би Б.Батбаатарт архи хундагалж өгөөд хундага авахад намайг хазсан. Би хазсан болохоор нь завж руу нь гараараа татаж нүд рүү хатгасан нь үнэн. Би гараад явсан чинь араас гарч ирээд хөлнөөс хазсан. Гадаа байхад шүүхийн хувцастай 3 эмэгтэй, 2 эрэгтэй хүн болон худган дээр байсан хүмүүс харсан. Би тэр өдрөөс хойш Б.Батбаатартай уулзаагүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батбаатарын өгсөн: “Энэ хүний мэдүүлэг болсон үйл явдалтай таарахгүй байна. Би Хэрлэнгийнд унтаж байхад энэ хүнийг орж ирснийг би мэдээгүй. Намайг сэрэхэд энэ хүн надаас юм асуусан “чи хаана байдаг вэ?” гэж асуусан. Би архинаас нь уугаагүй тэр хоёр уусан. Намайг орон дээр хэвтэж байхад энэ хүн учир зүггүй цохиод боосон. Би салгах гээд дийлээгүй. Бид хоёрыг Хэрлэн салгасан. Босоод байж байтал аймхай руу хөшиглөсөн. Намайг суух гэж байтал намайг газар унагааж цохиод “чиний нүдийг сохолно” гээд гараа миний нүд рүү хийсэн. Би салгах гээд гарыг нь хазсан. Хэрлэн бид хоёрыг салгаад би  гарч зугатсан. Хойноос гарч ирээд намайг зодсон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батбаатарын өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртад автобусны буудал дээр Хэрлэнтэй тааралдаад гэрт нь очиж 1 шил архи хувааж уусан. Гэртээ ирэхэд ээж Базардагий “архи уулаа” гэж загнаад байсан. Тэгэхээр нь Хэрлэнгийнд унтах гэж очиход Тулгаа гэх залуугийн хамт байсан. Тулгаа надаас “юун залуу, хаанахын залуу вэ” гэхээр нь би “багаасаа энд өссөн, Хэрлэнг таньдаг” гэж хэлсэн. Тэгтэл Тулгаа учир зүггүй агсам тавиад намайг барьж аваад орон дээр дарж боож байгаад нүүрэн тус газар олон удаа цохиж зодсон. Би гарыг салгаж байгаад дийлдэхгүй болохоор гарыг нь хазсан. Тэгээд Хэрлэн голоор ороод салгасан. Би босож ирээд орон дээр сууж байхад цээж дээр өшиглөхөд би газар унасан. Газар унасан байхад дээрээс дэвсэж өшиглөөд, ална гэж дайраад байсан. Нүдийг чинь сохолно гээд хуруугаа нүд рүү чичиж хийгээд байсан. Тэгээд ална гээд хоолой боож багалзуурдаад байсан. Хэрлэн дахин орж ирээд салгасан. Тэгээд дахиад орон дээр дарж нүүрэн тус газар цохисон. Хэрлэн сүүлдээ дийлэхээ байгаад зүүн талынхаа орон дээр очоод суусан. Тулгаа дээрээс цохиод байсан. Гудамжинд гарвал хүн таарах байх гээд гарахад Тулгаа хашаа налуулж байгаад дахин зодсон. Би нүүрээ дараад газар суухад толгой руу цохиод байсан. Машин ирж зогсоод нэг залуу салгаад цагдаа дуудсан... Чих дүнгэнээд, гар, цээж, нүүр, нүд, уруул, хацар битүү хавдаж хөхөрсөн. Толгой хагарсан байсан... Хэрлэн, Тулгаа бид гурав байсан... Маргалдаагүй, Тулгаа агсам тавиад байсан... Гомдолтой байна. Тухайн үед ажилдаа явж чадахгүй ажлаасаа халагдсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 9632 дугаартай:

“1. Б.Батбаатарын биед зулайн хуйханд шарх, баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн дал, бугалганд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хэрлэнгийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртын автобусны буудал дээр найз Батбаатартай тааралдсан. Тэгээд хоёулаа 1 шил архи аваад манай гэрт очиж уусан. Уучихаад манай гэрт унтсан. Унтаж байгаад сэрэхэд манай худ Ба ороод ирчихсэн байсан. “Энэ юун хүн юм” гэхээр нь “манай найз байгаа юм” гэж хэлсэн. Батбаатарыг хэвтэж байхад Ба ирээд цохиж авсан. Тэрнээс болоод хоорондоо маргалдаж зодолдоод байсан. Би салгах гээд дийлэхгүй байсан. Быг салгахад Батбаатар гэрээс гараад явсан. Удалгүй Ба гэрээс гараад явсан... “Энэ юун хүн юм” гэснээс болоод хоорондоо маргалдсан... Бие рүү нь цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Бын яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртын автобусны буудал дээр Хэрлэнтэй тааралдсан. Тэгээд 1 шил архи аваад гэрт нь очсон. Гэрт нь нэг хүн унтаж байсан. “Хэн юм” гэхэд “манай хуурай дүү Батбаатар байгаа юм” гэж хэлсэн. Намайг “юун залуу юм” гэхээр нь би “Хэрлэнгийн худ байгаа юм” гэж хэлсэн. “Хэрлэнгийн дүү Одког таних уу, танина” гэж хэлсэн. Тэгтэл Батбаатар “найзууддаа хэлж байгаад хачин болгоно шүү” гэж хэлсэн. Би архиныхаа хундагыг өгөхөд Батбаатар миний баруун гарыг хазсан. Тэгэхээр нь би зүүн гараараа Батбаатарын нүд рүү цохиж, завьжнаас нь татаж салгасан. Би гараад явсан. Батбаатар гарч ирэн зууралдаад байсан. Тэгээд зууралдаад байхаар нь би барьж аваад тонгорч шидсэн. Хашаанаас гарахад бас зууралдаад байсан. Тэгээд тэрүүгээр явж байсан хүмүүс салгасан... Амнаас нь цус гарч байсан... Би учруулсан хүлээн зөвшөөрч байна... Гар хазагдсан байсан. Тухайн үед ажилтай байсан, цагдаа болоод яахав гэж бодсон. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Хөдөө ажилтай байж байгаад ирсэн... Архи хэрэглэсэн байсан. Гэхдээ согтоогүй байсан. Батбаатар ч нэг их согтоогүй байсан...” гэх мэдүүлэг /хх.28/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Р.Ба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 хороо, Баяндөхөмийн 21 дүгээр гудамжны 5 тоотод иргэн Б.Батбаатарыг орон дээр дарж унагаан, түүний нүүрэн тус газар олон удаа цохиж, цээжин тус газар 1 удаа өшиглөж, нүдийг сохолно гэж хуруугаараа нүд лүү чичин, хоолойг боож багалзуурдан зодож, зулайн хуйханд шарх, баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн дал, бугалганд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батбаатарын өгсөн: “... Тулгаа учир зүггүй агсам тавиад намайг барьж аваад орон дээр дарж боож байгаад нүүрэн тус газар олон удаа цохиж зодсон... Би босож ирээд орон дээр сууж байхад цээж дээр өшиглөхөд би газар унасан. Газар унасан байхад дээрээс дэвсэж өшиглөөд ална гээд дайраад байсан. Нүдийг чинь сохолно гээд хуруугаа нүд рүү чичиж хийгээд байсан. Тэгээд ална гээд хоолой боогоод багалзуурдаад байсан... Тэгээд дахиад орон дээр дарж нүүрэн тус газар цохисон... Тулгаа дээрээс цохиод байсан. Гудамжинд гарвал хүн таарах байх гээд гарахад Тулгаа хашаа налуулж байгаад дахин зодсон. Би нүүрээ дараад газар суухад толгой руу цохиод байсан... Чих дүнгэнээд, гар, цээж, нүүр, нүд, уруул, хацар битүү хавдаж хөхөрсөн. Толгой хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 9632 дугаартай:

“1. Б.Батбаатарын биед зулайн хуйханд шарх, баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн дал, бугалганд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хэрлэнгийн өгсөн: “... Батбаатарыг хэвтэж байхад Ба ирээд цохиод авсан. Тэрнээс болоод хоорондоо маргалдаад зодолдоод байсан... Бие рүү нь цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Бын яллагдагчаар өгсөн: “... Би архиныхаа хундагыг өгөхөд Батбаатар миний баруун гарыг хазсан. Тэгэхээр нь би зүүн гараараа Батбаатарын нүд рүү цохиж, завьжнаас нь татаж салгасан... Тэгээд зууралдаад байхаар нь би барьж аваад тонгорч шидсэн... Амнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.28/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батбаатарын өгсөн: “... Намайг орон дээр хэвтэж байхад энэ хүн учир зүггүй цохиод боосон... Босоод байж байтал аймхай руу хөшиглөсөн. Намайг суух гэж байтал намайг газар унагааж цохиод “чиний нүдийг сохолно” гээд гараа миний нүд рүү хийсэн... Хойноос гарч ирээд намайг зодсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Р.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Р.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Б.Батбаатар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Р.Быг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Р.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Р.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Р.Бад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

   Шүүгдэгч Р.Бад оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Р.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Рийн Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Баттлугад 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Р.Бад сануулсугай.

          4. Р.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд марийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                     С.ӨСӨХБАЯР