Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2021/0146

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэртэй, “Х” ХХК-ийн” нэхэмжлэлтэй, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгч сонгон шалгаруулах Ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Арьс өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт холбогдох “Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Дүнгийн нэгтгэл-ийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Д тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “..:Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан мөн эсэх тухайд: Нэхэмжлэгч нь “түрээслэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2020 оны 3 сарын 27-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнгийн нэгтгэлийг хүчингүй болгуулах...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба энд дурдсан “дүнгийн нэгтгэл-д Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 37 дугаар зүйлүүдэд заасан захиргааны актын шинж огт байхгүй байхад захиргааны хэргийн шүүхэд харьяалуулсан эрх зүйн маргаан гэж дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал Хэдийгээр хариуцагч нь өөрөө төрийн өмчит хуулийн этгээд мөн боловч төрийн өмчит хуулийн этгээдийн зүгээс бусад этгээдтэй харьцаж байгаа эрх зүйн харилцаа болгон захиргааны эрх зүйн харилцаа байх ёстой биш. Төрийн өмчит хуулийн этгээд бусадтай иргэний эрх зүйн харилцаанд оролцох бүрэн боломжтой. Ер нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүйгээс энэ хэрэг маргаан буруу харьяаллын шүүхэд хэрэг үүсгэгдэн улмаар буруу шийдвэрлэгдээд байна. Хариуцагчийн зүгээс нийтэд хандан талбай түрээслүүлэх гэрээний саналаа илэрхийлсэн. Уг саналд хэн ч түрээслэгчээр оролцохоор хариу санал өгөх эрхтэй. Гэхдээ олон этгээд түрээслэгчээр гэрээ байгуулах санал ирүүлж магадгүй учраас битүүмжилсэн үнэ хаялцуулах ажиллагаа явуулах аргаар түрээслэгчийг сонгон шалгаруулсан. Зарчмын хувьд үнэ хаялцуулах ажиллагаанд хамгийн өндөр үнийн санал хэлсэн нь нь ялах ёстой. Ер нь сонгон шалгаруулалтанд шалгарсан түрээслэгч тухайн өрөө талбайг зориулалтын дагуу ашиглаад, гэрээнд заасан түрээсийн төлбөрөө саадгүй төлж гэрээний үүргээ биелүүлж байвал бусад зүйл нь чухал биш. Өөрөөр хэлбэл тухайн түрээслүүлсэн байр талбайд эмийн сан хэвийн ажиллахгүй байсан ч Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хэвийн үйл ажиллагаанд ямар нэгэн сөрөг үл дагавар үүсгэхгүй юм.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 50,51 дүгээр тогтоолууд нь зөвлөмжийн шинжтэй болох тухайд: нэхэмжлэгч талаас түрээслэгч сонгон шалгаруулах ажиллагааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын  2020 оны 50, 51 дүгээр тогтоолуудын дагуу явагдаагүй, хариуцагчийг сонгон шалгаруулалтанд оролцож шалгарсан компанитай сонирхлын зөрчил үүсгэсэн гэсэн байр суурь илэрхийлж мэтгэлцсэн. Харин хариуцагч болон гуравдагч этгээд нь уг тогтоолуудыг зөвлөмжийн шинжтэй буюу заавал дагаж мөрдөх үүрэг хүлээлгээгүй байх тул сонгон шалгаруулалт явагдахдаа уг тогтоолуудын дагуу явагдаагүй байсан ч сонгон шалгаруулалт хүчингүй болох үндэслэлгүй, мөн хариуцагч нь гуравдагч этгээдтэй хэрхэн яаж сонирхлын зөрчил үүсгэсэн гэдгийг нэхэмжлэгчийг баримтаар нотлох шаардлагатай гэдгийг сануулж мэтгэлцсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдсөн тухайд: Анхан шатны шүүх уг хэргийг 2021 оны 01 сарын 05-ны өдөр хянан хэлэлцэхдээ хуулиар болон хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу шүүх хуралдаан явагдаагүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан ажиллагааг явуулаагүй. Тодруулбал нотлох баримт шинжлэх судлах ажиллагаа явагдсаны дараа зохигчдоос нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж, дарааллын дагуу нэхэмжлэгч тал нэмж тодруулах зүйлээ хэлсэн ба үүний дараа хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нараас нэмж тодруулж хэлэх зүйл байгаа эсэхийг асуугаагүй, үг хэлэх боломж олголгүйгээр шүүх хуралдааныг завсарлуулсан.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн байдал гэх мэт бүхий л талаасаа нэхэмжлэл хангагдах ямар ч үндэслэлгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Нэг.Шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн тухайд:

Шүүхийн шийдвэрт “...хариуцагч Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийнхэн үүрэгт ажилдаа хайнга хандаж, “Д” ХХК-ийн бүрдэл хангагдаагүй материалыг хүлээн авсан ... энэ нь Сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох хэсгийн 4.3-т заасан нөхцөлийг хангасан гэж үзэхээр байна” гэжээ.

Манай компани нь түрээслэгчийг сонгон шалгаруулах зарын дагуу шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн өгсөн, хариуцагч байгууллага уг өгсөн баримтын хүрээнд үнэлж манай компанийг шалгаруулсан гэж үзэж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт ямар тохиолдолд сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож болохыг зөвлөсөн байдаг ба анхан шатны шүүхээс 4.3-т заасан нөхцөл бүрдсэн гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй юм.

Тодруулбал, уг тогтоолын 4.3-т “Ажлын хэсгийн гишүүд нь түрээслэгчийн сонгон шалгаруулалтанд оролцож буй иргэн, хуулийн этгээдэд давуу байдал үүсгэсэн нь тодорхой болсон, сонгон шалгаруулалтыг дүгнэх маягтын дагуу үнэлгээг хийгээгүй” гэж заасан байна.

Гэтэл Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд тус бүр сонгон шалгаруулалтыг дүгнэх маягтын дагуу үнэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан гишүүдийн үнэлгээний хуудсаар тогтоогдож байгаа, түүнчлэн ажлын хэсгийн 5 гишүүн уг үнэлгээг өгөхдөө хараат бусаар өгсөн талаар Н.С-аас авсан тайлбараар тогтоогдож байхад анхан шатны шүүх уг баримтыг огт үнэлээгүй болно.

Нөгөөтэйгүүр Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс нэхэмжлэгч компаниас татгалзсан цор ганц үндэслэл нь түрээслэх үнийн санал бага байна гэдэг үндэслэл байтал нэхэмжлэгчийн зүгээс уг үндэслэлийг няцаасан тайлбар огт хийдэггүй бөгөөд энэ нь маргашгүй үйл баримт байтал энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

Хоёр. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болох тухайд:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлохдоо “Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгч сонгон шалгаруулах Ажлын хэсгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн сонгон шалгаруулалтын “Дүнгийн нэгтгэл”-ийг хүчингүй болгуулах” гэжээ. Уг дүнгийн нэгтгэлээр “Д” ХХК, “Х” ХХК, “А” ХХК-иудын ирүүлсэн материалын хүрээнд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд тус бүрийн дүгнэсэн оноог нэгтгэж тавьсан юм. Нэхэмжлэгчийн хувьд уг дүнгийн нэгтгэлтэй бүхэлд нь маргаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “А” ХХК-ийг оролцуулах ёстой байтал уг ажиллагааг хийгээгүй болно.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагч Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгч сонгон шалгаруулах Ажлын хэсгийн гишүүн Н.С, Б.Б нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхдээ хариуцагч болон гуравдагч этгээдэд огт танилцуулалгүй хангаж шийдвэрлэсэн юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, 37.10-д “Дараахь хүнийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй”, 37.10.1-д “Үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч” гэж тус тус заасан.

Уг заалтын дагуу нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдаж буй 2 гэрч гэх хүмүүс уг хуулийн шаардлагыг хангахгүй талаар тайлбарласаар байтал Н.С-г гэрчээр асуусан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Гурав. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно” гэж заасныг хариуцагч зөрчсөн гэж тайлбарладаг, анхан шатны шүүх ч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг тайлбарлахдаа уг заалт зөрчигдсөн гэж тайлбарласан атлаа шүүхийн шийдвэрт энэ талаар огт тусгаагүй болно.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримталсан бөгөөд уг заалтуудыг тайлбарлахдаа Арьсны өвчин судлалын үндэсний төв төрийн өмчөөр баригдсан орон сууцыг түрээслүүлэхтэй холбоотой захиргааны чиг үүргийг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээд гэх агуулгаар тайлбарласан байна.

Хэргийн оролцогчийн хэн аль нь хариуцагч байгууллагыг захиргааны чиг үүргийг хэрэгжүүлж байгаа эсэхтэй маргаагүй байхад уг маргаанд огт хамааралгүй дээрх хуулийн заалтуудыг баримталсан нь ойлгомжгүй.

Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 50, 51 дүгээр тогтоолууд нь зөвхөн зөвлөмжийн шинж чанартай байхад анхан шатны шүүх зөвлөмжийн шинжтэй уг тогтоолыг дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ

ХЯНАВАЛ:    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, харин хууль буруу хэрэглэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

“Х” ХХК-иас Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэгт холбогдуулан гаргасан “Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгч сонгон шалгаруулах Ажлын хэсгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн сонгон шалгаруулалтын “Дүнгийн нэгтгэл”-ийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгчийг сонгон шалгаруулах Ажлын хэсгээс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тендерийн (сонгон шалгаруулалтын) урилгыг сонинд[1] гаргаж, Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн байрны 1 давхарт байрлах 25 мкв өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэх түүрээслэгчийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 50, 51 дүгээр тогтоолын дагуу сонгон шалгаруулахаар, улмаар сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх баримт бичиг, түрээсийн үнийн доод хэмжээ 1м2-ийг 100,000 байхаар зааж, баримт бичгийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад нээхээр тус тус тогтоожээ.

Урилгын дагуу нийт зургаан компани баримт бичгээ ирүүлснээс “А” ХХК, “Д” ХХК, “Х” ХХК-иудын ирүүлсэн баримт бичгийг үнэлгээнд оролцох баримт бичгийг шаардлага хангасан гэж үзжээ[2].  

Эдгээр гурван компанийн ирүүлсэн баримт бичгийг үндэслэн Ажлын хэсэг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 50, 51 дүгээр тогтоолын дагуу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сонгон шалгаруулалтыг явуулж, 97.6 оноогоор “Д” ХХК-ийг шалгаруулж, Дүнгийн нэгтгэлийг гаргасан байна[3].  

Нэхэмжлэгчээс “материалыг зарласан цагт биш 18 цагийн дараа нээсэн, нээлтийн үеэр оролцогчдын үнийн санал, мэдээллийг зарлаагүй, “Д” ХХК”-ийн материал дутуу байхад сонгон шалгаруултад тэнцсэн, нэг оролцогчид давуу байдал олгож үнэлгээг тавьсан” гэж маргажээ.

Харин хариуцагчаас “сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдоос нэгийг шалгаруулаад  бусад нь сонгон шалгаруулалтад тэнцээгүйг тогтоосон дүнгийн нэгтгэл нь захиргааны акт биш, захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш иргэний эрх зүйн маргаан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 50, 51 дүгээр тогтоол нь заавал дагаж мөрдөх шинжгүй, зөвлөмжийн шинжтэй, ашиг сонирхлын зөрчилтэй үнэлсэн нь тогтоогдоогүй” гэж, гуравдагч этгээдээс “дүнгийн нэгтгэл ямар хууль тогтоомж зөрчсөн нь тодорхойгүй, их оноо өгсөн нь ямар хууль тогтоомж зөрчсөн нь тодорхой бус” гэж тус тус маргажээ.

1. Маргааны үйл баримт нь түрээсийн гэрээ байгуулах эрх олгохтой холбоотойгоор төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах, тэр дундаа “сонгон шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу явуулах үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй бол сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохтой” холбоотой харилцаа байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д “..., төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно”, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ын 8-д “... төр өөрийн өмчийн эд хөрөнгийг зөвхөн нэг этгээдэд түрээслүүлэх бол түрээслэгчийг сонгон шалгаруулна”, 10-д “...түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар батална.” гэж, мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан журмаас үзэхэд “сонгон шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу явуулах үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй бол сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохтой”-той холбоотой харилцааг зохицуулсан гэж үзэхээр байна.

Захиргааны байгууллага болох Арьс судлалын үндэсний төвөөс төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор сонгон шалгаруулалтын урилга гаргаж, сонгон шалгарлуулалт явуулж, түрээслэгчийг шалгаруулсан.

Тодруулбал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулсан үйлдэл буюу маргаан бүхий “Дүнгийн нэгтгэл” нь нийтийн эрх зүйн хүрээнд буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдах харилцаанд хамаарч, мөн гадагш чиглэсэн, төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх эрх олгох шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захирамжилсан үйл ажиллагаа байгаа учир Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 заасан захиргааны актад хамаарахаар байгаа бөгөөд уг акттай холбоотой маргааныг Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1-д тус тус заасны дагуу захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байна.

Иймээс хариуцагчийн “Дүнгийн нэгтгэл” нь захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны эрх зүйн харилцаа болон захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаанд хамааралгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.Хариуцагч захиргааны байгууллагаас “тендерийн урилгыг” Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолыг үндэслэн гаргасан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 50, 51 дүгээр тогтоолын дагуу гаргаж, уг тогтоолд заасан журмыг үндэслэн сонгон шалгаруулалтыг явуулахаар тогтоосон.

Иймд хариуцагч, гуравдагч этгээдийн гомдолдоо дурдсаны дагуу “зөвлөмжийн шинжтэй, заавал дагаж мөрдөх шинжгүй” байхаас үл хамааран сонгон шалгаруулалт нь үндэслэл болгож буй журамд нийцсэн, уг журмыг зөрчөөгүй байх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ.

Гэтэл “тендерийн урилгад” заасан баримтаас гуравдагч этгээд “Д” ХКК-ийн ирүүлсэн баримтад “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “бага эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн тодорхойлолт байхгүй, ажлын туршлагын талаарх тухайн чиглэлээр 5-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан, өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбарыг хавсаргаж ирүүлээгүй, ажиллах хүчний нийгмийн даатгалын тодорхойлолт шаардлага хангаагүй” байтал хариуцагчаас гуравдагч этгээдийн бүрдэл хангаагүй баримтыг хүлээн авч, сонгон шалгаруулалтад оролцуулан материалыг дүгнэн, ялагчаар тодруулжээ.

Энэхүү хариуцагчийн үйлдэл нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолын 2.2.3 “Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтын материалыг нээж, бүрдлийг шалган тэмдэглэл үйлдэнэ”, 2.2.4 “Сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг үл маргах журмаар хасна”, 2.3.2 “ажлын хэсгийн гишүүн бүр сонгон шалгаруулалтын материалтай бүрэн танилцсаны үндсэн дээр энэхүү зааврын дагуу дүгнэнэ”, 2.3.3 “Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан, ажлын хэсгийн гишүүдийн нийлбэрээр оролцогчийг шалгаруулж, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчээр сонгон шалгаруулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байгаа бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн хариуцагчаас “Д” ХКК-ийн бүрдэл хангаагүй баримтыг хүлээн авч, сонгон шалгаруулалтад оролцуулан материалыг дүгнэн, үнэлгээний хуудсаар[4] бүрдэл дутуу материалд 13-15 оноо өгч, улмаар нийт 97.6 оноо өгч, тус компанийг шалгаруулсан байгаа нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолын 3-д “Сонгон шалгаруулалтын материалыг дүгнэх үнэлгээний хуудсны маягтад заасан материалын бүрдэлд 15 оноо байх”, мөн “түрээслэгчийн сонгон шалгаруулалтад оролцогчдын бүрдүүлбэл зохих материалыг хангасан оролцогчийн материалыг дүгнэх”-ээр заасантай тус тус нийцэхгүй.

Үүнээс гадна, хариуцагчаас материалын бүрдэл хангаагүй гуравдагч этгээд материалыг хасалгүйгээр хүлээн авч, материалыг дүгнэн, үнэлгээний хуудсаар бүрдэл дутуу материалд өндөр оноо өгч шалгаруулсан нь тус компанид давуу байдал бий болгож, сонгон шалгаруулалтыг дүгнэх маягтын дагуу үнэлж, дүгнээгүй гэж үзэхээр байх тул энэ үндэслэлээр уг журмын 4.3-д заасны дагуу сонгон шалгаруулалтыг буюу “Дүнгийн нэгтгэл”-ийг хүчингүй болгох үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн “ямар ашиг сонирхлын зөрчил гаргасныг баримтаар нотлох шаардлагатай” гэх гомдол, гуравдагч этгээдийн “51 дүгээр тогтоолын 4.3-т заасныг зөрчсөн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байгаа, давуу байдал үүсгэсэн, маягтын дагуу үнэлгээ хийгээгүй нь тогтоогдохгүй, үнэлгээний хуудас нь зөрчилгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

Мөн гуравдагч этгээдээс “нэхэмжлэгчийн үнийн санал бага байсан” гэж маргаж байгаа боловч материалыг дүгнэх үнэлгээний хуудас[5] нь зөвхөн үнийн саналаас бүрдээгүй харин материалын бүрдэл, туршлага, ажиллах хүчний чадвар, санхүүгийн чадвар, түрээслэх үнийн санал зэрэг таван үнэлгээний шалгуур үзүүлэлттэй байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс “Д” ХКК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсантай холбогдуулан “Дүнгийн нэгтгэл”-ийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байхад “А” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй үндэслэлээр анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.” гэсэн шаардлагад нийцэхгүй учир энэ талаарх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй.

Гэрч Н.С-аас гэрийн мэдүүлэг авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.1-д “Дараахь хүнийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй: үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч;” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Учир нь нэхэмжлэгч талаас үнэлгээ өгсөн ажлын хэсгийн 4 гишүүнээс гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасан, эдгээр 4 гишүүнээс мэдүүлэг авахаар шүүхээс гэрч дуудах ажиллагааг хийсэн боловч зөвхөн Н.С нь шүүхэд хүрэлцэн ирж гэрчийн мэдүүлэг өгсөн, нэхэмжлэгчээс “гуравдагч этгээд “Д” ХКК-ийн бүрдэл хангаагүй баримтыг хүлээн авч, сонгон шалгаруулалтад оролцуулан материалыг дүгнэн, шалгаруулсан гэсэн үндэслэлээр Дүнгийн нэгтгэлийг хүчингүй болгуулахаар” маргаж байна.

Уг материалыг дүгнэж, шалгаруулалтад оролцсон гишүүн буюу  Н.С-аас гэрчээр мэдүүлэг авах нь маргааны үйл баримтыг үнэн зөв байдлыг тодруулахад ач холбогдолтой гэж үзсэн, харин түүнийг “үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч”-ийн хувиар буюу үүрэг гүйцэтгүүлсэн этгээдийн санаачлагаар гэрчийн мэдүүлэг өгсөн гэж үзэхээргүй байна.

Хариуцагч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууна.” гэж заасны дагуу шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судалсны дараа хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэмж тодруулж, хэлэх зүйл байгаа эсэхийг асуугаагүй, үг хэлэх боломж олголгүйгээр шүүх хуралдааныг завсарлуулсан гэх гомдол үндэслэлтэй боловч энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, гуравдагч этгээд талууд нь бичгээр тайлбараа гаргаж, шүүх хуралдааны явцад амаар тайлбараа гаргасан, шүүхээс нотлох баримтыг цуглуулсан, уг баримтуудтай хариуцагч, гуравдагч этгээд талууд танилцсан, нотлох баримт шинжлэн судлах ажиллагаанд оролцсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.”, 7.2-д заасан “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй.” зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг шүүхээс зөрчөөгүй байна.

Эдгээр үндэслэлээр “Дүнгийн нэгтгэлийг” хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтийн “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т“ гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 6 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас, 56-60 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 66 дахь тал, 2-р хавтас 69 дэх тал

[4] Хэргийн 2-р хавтас 64-68 дахь тал

[5] Хэргийн 2-р хавтас 64-68 дахь тал