Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 864

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Д.М  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, иргэн С.Ц, Х.Ч, О.Н, С.Д, Ц.Н, Н.Б, Г.И, Г.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б , Л.Б , П.М  нарын нэхэмжлэлтэй “нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А******* дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ч.Б, П.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Б.Б, С.В гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н , П.С, гуравдагч этгээд М.Б , гуравдагч этгээд М.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, гуравдагч этгээд М.Б ийн өмгөөлөгч Б.Н , иргэдийн төлөөлөгч Д.Ц  гэрч Х.М  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чингис нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Л.Б, П.М  нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны баруун талын 1921 м2 талбай бүхий уг байрны сууц өмчлөгчидөд зориулагдсан орчны газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болж байгаа нь уг байрны оршин суугч, сууц өмчлөгчдийн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх, орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг эзэмших, ашиглах эрхийг ноцтойгоор зөрчиж байгаагаас гадна орон сууцны байшингийн насжилт, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дээрх захирамжийн дагуу газар эзэмших эрх олж авсан даруйдаа “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-д заасны дагуу иргэн Д.Б  уг төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. 14 дүгээр байрын 288 өрхийн оршин суугч нараас санал авах байтал оршин суугч иргэдээс албан ёсоор санал аваагүйгээр төслийн ажлыг хариуцуулан өгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь иргэн Д.Б тэй 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 01 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байна. Иргэн Д.Б  нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хашаа барихаар хүч түрэн орж ирэхийг завдсанаар дээрх нөхцөл байдлыг мэдэж иргэд оршин суугч бид өөрсдийн зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Мөн Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэхээр заасан байдаг ч иргэн Д.Б  гэдэг хувь хүний ашиг олох, бизнесийн хэрэглүүр болж байгаа нь уг хуулийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

“Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд Авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-д заасны дагуу уг байрны 288 өрхийн 70 хувиас доошгүй өрхийн зөвшөөрсөн саналыг авсан гэх боловч уг саналын хуудас нь 130-аад хүнийг хамарсан байдаг. Үүнээс огт иргэний үнэмлэхгүй, тухайн байранд амьдардаггүй 40-өөд хүний саналын хуудас байгаа нь дээрх журмыг баримтлаагүй хуурамч материал бүрдүүлсэн байгаа нь нотлогддог. Оршин суугчдаас нь санал авч оршин суугчид нь дэмжсэн тохиолдолд үйл ажиллагаа явуулж болохоор эдгээр тогтоолууд нь гарсан. Дээрх байр ашиглалтад орсноос хойш дундын өмчлөлийн эд хөрөнгө, нийтийн эзэмшлийн гудамж талбай зэргийг сууц өмчлөгч бид өнөөдрийг хүртэл тасралтүй эзэмшиж, ашиглаж, арчлан хамгаалж, тохижуулж ирсэн билээ.

Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна, 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. 14 дүгээр байрны 288 өрхийн 600 орчим хүүхдийн аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж болзошгүй, ноцтой байдал үүсээд байна. Мөн оршин суугчид санал, гомдлоо өгсөөр байхад санаатайгаар нуун дарагдуулж төрийн шийдвэрт иргэдийн хүсэл зоригийг тусгуулаагүй нь баримтаар нотлогддог.

Газар барилгажилтын зөвлөл нь “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 3.2.3, 3.2.4-д заасан шаардлагыг хангаагүй иргэн Д.Б  материалыг хүлээн авч хэлэлцсэн, мөн хуралд оршин суугчид 100 хувь саналаа өгсөн гэсэн худал мэдээллийг шалгаж нягтлалгүй дүгнэлт гаргасан. 14 дүгээр байрны оршин суугчид бидний болон үр хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд өсч торних эрх ашиг зөрчигдөж болзошгүй болоод байна. Нэхэмжлэгчдийн зөрчигдөж болзошгүй эрх, ашгийг хамгаалж нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А******* дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м2 газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр гаргасан хариу тайлбар олон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А******* дүгээр захирамжаар батлагдсан Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 01 дүгээр хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтад дурьдсан 23 байршилд тохижилт бүхий газар доор авто зогсоолын зориулалтаар нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А******* дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон байна. Дээрх захирамжийн 2 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгосон байна.

Уг захирамж нь Газрын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэсэн. Төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулж газар олгосон. Энэ төслийг цаашид хэрэгжүүлж ажиллахын тулд газар эзэмших эрхийг нь Баянзүрх дүүрэгт шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны баруун талд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19/01 дүгээр тохижилтын ажлын зураг боловсруулах даалгавар батлагдсан байна.

Газрын тухай хуульд зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь тухайн орчны газраа хүсэлт гаргаад эзэмшиж, ашиглаж болно. “М-2” Сууц өмчлөгчдийн холбоо нь одоогийн байдлаар Нийслэлийн газрын алба болон Нийслэлийн Засаг даргад ямар нэг байдлаар орчны газраа эзэмшихээр гаргасан хүсэлт байхгүй. Газрын тухай хуульд зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалгүй байх ёстой. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон 1921 м2 газар нь ямар нэг байдлаар бусдын эзэмшилтэй давхцаагүй.

2015 оны 84 дүгээр тогтоолоор баталсан Журмын дагуу иргэн Д.Б ийн ирүүлсэн саналыг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, дүгнэлт гаргах үйл ажиллагаа явагдсан. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А******* дугаар захирамж нь Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн гарсан. Уг журмын 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар орон сууцны хороолол дундах талбайд авто зогсоол барих тохиолдолд мэдээлэл бүхий самбарыг барилгажих талбайд 7 хоногийн хугацаатай байршуулна гэж заасныг 14 хоног болгож өөрчилсөн. Энэ журамд зааснаар иргэдээс авах саналын хувийг зохицуулсан зүйл байхгүй. 2015 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан журам нь цуцлагдсан зүйл байхгүй хэрэгжиж байгаа. 175 дугаар тогтоолоор уг журам дээр нэмэлт өөрчлөлт орсон. Нэмэлт өөрчлөлт нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлсэн байсныг Дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлдэг болсон. Мөн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа этгээд нь иргэн бүрээс санал авах байсныг болиод иргэдээс бичгээр санал авахгүй болгосон.

2014 оны 5/14 дүгээр Журмын 4 дүгээр зүйлийн 4.11-д зааснаар нийт санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно гэсэн. Эсэргүүцсэн санал ирүүлсэн тохиолдолд нийт санал өгөх иргэдийн 70 хувь нь саналаа ирүүлсэн бол хүчинтэйд тооцно гэж ойлгоно. Зөвшөөрөөгүй санал нь 70 хувьд хүрэхгүй. Газар доорх барилга байгууламжид хоорондын зай хэмжээ авдаг норм дүрэм байхгүй.

Иймд нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А******* дугаар “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “Нийслэлийн Засаг дарга “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан байна. Иймд маргаан бүхий газар болох Баянзүрх 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 14 дүгээр байрны баруун талын 1921 м2 талбай бүхий газрыг эзэмшүүлэх эрхийг нийслэлийн Засаг дарга эзэмшүүлэх бүрэн эрхтэй болно.

Сууц өмчлөгчдийн холбоонд орчны газрыг  ашиглуулахдаа Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд орон сууцны орчны газар хамаарахгүй тул маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дахь хэсэгт заасан зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон нийтийн эзэмшлийн газар тул төрийн мэдлийн, өмчийн газар байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх замаар авто замын түгжрэлийг бууруулах, оршин суугчдын эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоол гаргаж “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол барьж байгуулах журам”-ыг баталсан байдаг. Тус журамд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан журмын 1 дүгээр зүйлийн 1.8-д “Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшил, өмчлөлийн газар дээр авто зогсоол барих тохиолдолд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”-ын 3-7 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ” гэж заасан байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 4 дүгээр зүйлийн 4.11-д “Санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно” гэж заасныг нэхэмжлэгч нар баримтлан маргаж буй нь үндэслэлгүй юм.

Учир нь дээрх журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Баригдах барилгын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх 3х2м хэмжээтэй самбарыг барилгажих талбайд тод харагдахуйцаар 7-оос доошгүй хоног байршуулна”, 4.6 дахь хэсэгт “Баригдах барилгын талаарх саналыг бичгээр, эсвэл зөвлөлийн хуралд төлөөллөө оролцуулах замаар гаргаж болно” 4.10 дахь хэсэгт “Зөвлөлийн хуралд төлөөллөө оролцуулаагүй, саналаа ирүүлээгүй тохиолдолд тухайн байршилд барилгажихыг дэмжиж саналаа өгсөнд тооцно”, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан журам зэргээс үзэхэд нийтлэг журам нь мэдээллийн самбар байрлуулсан 14 хоногийн хугацаанд холбогдох байрны оршин суугчдын 20-иос илүү хувь нь үндэслэл бүхий татгалзсан саналыг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд ирүүлээгүй л бол Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцэж, газар эзэмших эрх олгох боломжтой юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан шиг оршин суугч тус бүрээс зөвшөөрсөн саналыг бичгээр авах үндэслэлгүй юм.

Тус журмын 2, 3 дугаар зүйлд зааснаас үзэхэд авто зогсоол барьж байгуулах нь нийслэлийн ерөнхий төлөвлөгөөны газраас төлөвлөлт гаргасны дагуу нийтэд төсөл сонгон шалгаруулах, төлөвлөсөн байршлаас бусад байршилд иргэн, хуулийн этгээдээс санал гаргасны дагуу авто зогсоол барьж байгуулах гэсэн 2 хэлбэртэй байна.

Маргаан бүхий газрын хувьд иргэн Д.Б  нь журамд заасны дагуу санал гаргаж авто зогсоол барихаар болж, журмын 1.5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар газар эзэмших эрх гарсан байна. Энэ талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10/618 дугаар албан бичгээр иргэн Д.Б өд санал дэмжигдэж, захирамж гарсан тул журмын дагуу дүүргийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулахыг хүссэн байна. Мөн тус газраас 2016 оны 03 дугаар сарын 10-нд 10/590 дүгээр албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулах хүсэлт гаргасан, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан журмын 3 дугаар зүйлийн 3.10 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2016/01 дугаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан болно.

Хэдийгээр журамд зааснаар иргэдээс заавал бичгээр зөвшөөрөл авахыг шаардаагүй боловч дүүргийн Засаг даргын зүгээс анхаарал хандуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Б******* баталсан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А******* дугаар захирамжаар хэрэгжих 8 байршлын төсөлд санал өгсөн иргэдийн материалыг шалгаж, бататгах ажлын удирдамж”-ийн дагуу Ажлын хэсэг байгуулагдаж, тус дүүрэгт иж бүрэн тохижилттой хүүхдийн тоглоомын талбай болон газар доорх авто зогсоол барих тухай иргэдээс авсан саналын дагуу саналыг хүлээн зөвшөөрсөн оршин суугч тус бүрээс утсаар лавлан асууж, тэмдэглэл хөтлөн тайлан бэлтгэх ажил хийгдсэн байна. Энэ бүгдээс үзэхэд тус захирамж нь ямар нэг эрх зүйн зөрчилгүй, хууль ёсны дагуу гарсан байна.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Газар барилгажилтын зөвлөл нь тус барилгын насжилтад төсөл хэрэгжүүлснээр нөлөөлөх эсэхийг судалсны үндсэнд иргэний төслийг дэмжсэн байх тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх боломжгүй юм. Түүнчлэн тус газрыг ашиглах асуудлыг Газрын тухай хуулийн 441 дэх хэсэгт заасны дагуу аливаа зөвшөөрөл тус байрны сууц өмчлөгчдийн холбоонд байхгүй, маргаан бүхий газар нийтийн эзэмшлийн газар болно. Харин ч дээр дурдсанчлан нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх замаар авто замын түгжрэлийг бууруулах, оршин суугчдын эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тус журмыг баталсан байдаг тул нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөж байна хэмээн маргаж буй нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Д.Б  нь шүүхэд бичгээр ирүүлсэн болон болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Гуравдагч этгээд Д.Б  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Б  миний бие 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 84 дүгээр тогтоолын дагуу Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 14 дүгээр байрны баруун талын талбайд газар доороо авто зогсоол дээрээ иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай ажлыг хийж гүйцэтгэхээр 2015 оны 8 дугаар сараас эхлэн тус байрны хэсэг оршин суугчдын саналын дагуу байршлын зураг (3D) болон санал авах хуудсын хамт (НЕТГ-аас баталсан саналын хуудас) оршин суугчдаас санал авч эхэлсэн. Тус журмын 3.2.3-т заасны дагуу 2015 оны 09 сарын 16-ны өдөр НЕТГ-аас баталсан мэдээлэл бүхий самбар байршуулах ёстой байсан. Гэтэл 15-16-нд шилжих шөнө НЕТГ-аас баталсан самбар байршсан байсан. Энэ тухай 16-ны өглөө ажил эхлэхэд НЕТГ-т очиж уг асуудлыг тавихад тус байранд оршин суугаа Ууганбаяр гэгч хүн самбар байршуулсан байна. Иймд та самбар дахин байршуулах шаардлага байхгүй, НЕТГ-ын баталсан нэг л загвар самбар байдаг. Харин 2 өрсөлдөгч байгаа болохоор тус тусдаа хувь санал аваад журмын дагуу материалаа бүрдүүлж өгөх боломжтой гэсэн. 2015 оны 09 дүгээр сарын 16-наас би 8 дугаар орцон талаас эхлэн санал авч эхэлсэн. Үүнээс өмнө СӨХ-д орон төслөө танилцуулан тус СӨХ-өөс “намайг айл өрхөөр орж санал авахад хяналт тавьж явах хүн томилж өгнө үү” гэсэн хүсэлтийн минь дагуу хүн томилуулан айл өрхөөр цуг орж төслөө танилцуулан санал авсан.

Нийт оршин суугчдаас 175 айл өрх дэмжсэн, мөн татгалзсан 12, түрээс 45, хамааралгүй 13, огт эзэнгүй 12, түр эзэнгүй 30 зэрэг үзүүлэлттэй тус журмын 3.2-т заасан шаардлагыг ханган 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр НЕТГ-т материалаа өгсөн боловч хянаад төсөв 80 хувьд хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар хүлээн аваагүй. Үдээс хойш нь зохиосон 817 сая төгрөгийн төсвийг (уг төсвийн дагуу жаран хувиа тушааж бэлдсэн байсан.) нийт материалын хамт хүлээлгэн өгсөн. Оршин суугчдаас санал авч явахдаа гэр бүлийн гишүүддээ тайлбарлаж хэлээрэй, мөн зөвшөөрвөл давхар (гэр бүлээ төлөөлж) гэдэг үгийг бичвэл сайн байна гэсэн саналыг хэлж байсан. Ер нь санал авч явахад 100 айлаар ороход 7 айл нь эсэргүүцэн бүгд өндөр сэтгэлээр дэмжсэн. Тус газар нь авто зам нь битүү, нарийн, эвдрэлтэй мөн хүүхдийн тоглоомын талбай нь хуучирч муудсан, сандал нь хэмхэрсэн, тоглоом нь эвдэрсэн, модон тоглоомын суурьтай, сүүдрэвч нь ужирч муудсан, авто машин хүмүүс нь холилдсон. Хүний эрүүл аюулгүй орчинд жинхэнэ сөргөөр нөлөөлөх газар гэж дүгнэхэд хүргэж байна.

Шинэ СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга Ч.Б , эхнэр О нар нь оршин суугчдад хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барих гэж байна гэж ташаа ойлголт төрүүлэн улмаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Э******* дээр очиж барилга барих мэтээр ойлгуулсан байсан. Бид Ж.Э гишүүн дээр очиж төслөө танилцуулахад зөв зүйтэй байна. Ташаа ойлголт авч улмаар албан тоот өгсөн тухайгаа ярин өөрийн мэдээллээ татан залруулга бичсэн байдаг. Энэ 2 хүн нь: Хашаа барих гэж очиход л мэдсэн гэж улаан цайм худал хэлэх юм. Тус журмын 3.2.3-т заасны дагуу санал авсан ба тухайн үед хэрэглэгдэж байсан 84 дүгээр тогтоолд хувь заагаагүй байсан. Тус журамд “Оршин суугчдаас бичгээр санал авах” гэж заасан байгаа нь төсөл хэрэгжүүлэгч санал авах юм уу аль эсвэл оршин суугчид нь саналаа өөрсдөө өгөх юм уу гэдэг тодорхойгүй байсан учир хөрөнгөө гаргаж бүтээн байгуулалт хийж байгаа иргэний хувьд хувь санал авсан.

2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төсөл ажил эхлэх тухай оршин суугчдад мэдэгдэх зорилгоор орцны үүдэнд төслийн талаар товч бичин шаардлагатай бол бичиг баримттай танилцаж болох талаар бичсэн. Утасны дугаараа тавьсан. Маргааш нь барилгын түр хашаа барих гэж очиход оршин суугчдаас барилга барих гэж байгаа учир хашааг нь бариулж болохгүй гэж хашгирцгааж байсан. Дараа нь дахин очиход мөн л барьж чадаагүй. Гэтэл Б ийн эхнэр О манай найз дээр очиж 200 сая төгрөг өгвөл бид өөрсдөө хашааг чинь бариад өгье. Эс тэгвэл бариулахгүй гэж шантаажилсан байсныг бичлэг болгож авсан. Миний хувьд тухайн үед мөрдөгдөж байсан журмын дагуу л материалаа бүрдүүлсэн. Баянзүрх дүүрэгт хийгдсэн 3, 4 газар байдаг.

Тус төсөл хэрэгжсэнээр эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Битүү зам нь ордог, гардаг болох, мөн өргөсөх, автомашинаас тусгаарласан орчин үеийн хашлага, хаалга, гэрэлтүүлэг, камер, бүх тохижилттой байхаар төлөвлөгдсөн. Хотын төвд одоо үед нийтийн эзэмшлийн гудамж зам талбайгаас 82 оршин суугч өөрийн гэсэн нэртэй үл хөдлөх хөрөнгөтэй болно гэдэг бол хэзээ ч олдохгүй боломж гэж би боддог. Хуучин орон сууцны дунд авто зогсоол байхгүйгээс болж машин тавих зай ч байхгүй, орсон л бол ухарч байж гардаг, хулгайд эд зүйлээ алддаг, хохирдог байдлаас салах боломж гэж боддог. Намайг болиулж өөрсдөө буюу Ч.Б  гуай өөрөө барих санаа өвөрлөн байгааг оршин суугчид нь надад утсаар хэлдэг. Мөн өөрсдийнх нь харьцдаг Фэйсбүүкээс хувилж өгдөг. Энэ төсөл ажлаас болж хэн яаж хохирчихоод байгааг ойлгохгүй байна. Миний санахад энэ ажил нь олон нийтэд хүртээмжтэй, өгөөжтэй, одоо үед зайлшгүй шаардлагатай гэж ойлгож явдаг. 

Анхан шатны шүүхэд намайг гэрчээр оруулсан зөвхөн асуултад хариулах тухай сануулсан. Үүний дагуу асуугдахад надад хэлэх ярих маш олон зүйл байсан боловч надад хэлэх ярих ямар ч боломж гараагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь тухайн үед мөрдөгдөж байсан журмын утга үйлийг сайн ухаж ойлгоогүй гэж ойлгож байна. 2020 оныг хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгаагүй гэж худал ярьсан гэж үзэж байна. Мөн тус өмгөөлөгч нь 2015 оны 10 сарын 15-ны өдөр гаргасан 175 дугаар тогтоолыг ялгаж салгалгүй хамтад нь хэрэглэж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Тус газар нь нийслэл болон дүүргээс тохижилт хийгдээгүй мөн СӨХ нь шинэчлэлт, сэргээн засварлалт хийдэггүй, модон тоглоомууд нь хуучирч, ужирч муудсан хүүхдийн нүд, ам, гар, хөлөнд хохирол учруулсан зэрэг нь ноцтой байдалд хүргээд байна.

Ямар нэгэн байгууллага болон хэн нэгэн хүний газар эзэмшилтэй давхцаагүй оршин суугчдын эрх ашигт мөн хохирол учруулаагүй, харин ч орчин үеийн шийдэлтэй амрах ая тухыг хангасан бүтээн байгуулалт гэж үзэж байна. Иймд уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх С.Ц, Х.Ч, О.Н, С.Д, Ц.Н, Н.Б, Г.И, Г.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б , Л.Б , П.М  нарын нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А******* дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын улмаас маргаан бүхий газар автозогсоол барихаар гэрээ байгуулсан  иргэн Д.Б , маргаан бүхий захиргааны актаар газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А******* дугаар  захирамжаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байрны баруун талд 1921 м.кв талбай бүхий газрын тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт тохижолт бүхий автозогсоолын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж,  2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, мөн оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 000438777 дугаар гэрчилгээ олгосон байна.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10/590 дүгээр  албаны бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргад маргаан бүхий газар болох 14 дүгээр байрны баруун талд иргэн Д.Б тэй тохижолт бүхий газар доорх авто зогсоол барихаар хамтран ажиллах гэрээ байгуулахыг мэдэгдсэн байна.

Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга болон иргэн Д.Б  нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2016/01 дугаар “Хамтран ажиллах гэрээ”  байгуулагдаж, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус  олгожээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбараар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байрны баруун талд хамаарах маргаан бүхий газрыг тус 14 дүгээр байрны сууц өмчлөгчдийн холбоо нь  Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т ”Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно” гэж заасны дагуу ашиглахаар зохих хүсэлтийг захиргаанд гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байна. 

Гэвч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “орчны газар” гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхлийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг“, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т ”нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” гэж заасны дагуу 14 дүгээр байр руу орсон орон сууцны хороолол доторх туслах авто зам болон 147 дугаар цэцэрлэгийн дунд орших ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам бүхий газар нь 14 дүгээр байрны орчны газарт хамаарах нийтийн эдэлбэр газар гэж дүгнэх үндэслэлтэй тул гуравдагч этгээд Д.Б ийн тохижолт бүхий газар доорх авто зогсоол барих үйл ажиллагаа нь 14 дүгээр байрны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд хамааралтай болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд  авто зогсоол төлөвлөх барьж байгуулах журам”-н 3.9-д “Санал өгвөл зохих иргэдийн 80 хувь дэмжсэн тохиолдолд иргэн, хуулийн этгээдээр авто зогсоол барихаар ирүүлсэн саналыг “Газар барилгажилтын зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу 14 дүгээр байрны нийт 288 орон сууцны дийлэнх олонх буюу 80 хувь болох 230 өрх өөрийн орчны газарт хамаарах нийтийн эдэлбэр газарт тохижолт бүхий газар доорх авто зогсоол барихыг “дэмжсэн” санал өгсөн байх шаардлагатай. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын архивын хувийн хэрэг 1, 2 хавтаст авагдсан иргэн Д.Б ийн “Баригдах барилгын заагдсан хязгаарт санал авах хуудас”-р авсан саналд 14 дүгээр байрны оршин суугчдаас газар доорхи авто зогсоол  барихыг 98 өрх зөвшөөрч, 2 өрх татгалзсан санал өгсөн ба энэ нь тус байрны нийт 288 орон сууцнаас 34 хувь нь “дэмжсэн” санал өгч, үлдсэн 178 өрхөөс санал аваагүй болох нь тогтоогдож байх тул Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах” зарчмууд зөрчигдсөн байна. 

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан орлогчийн “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А******* дугаар захирамжаар хэрэгжих 8 байршлын төсөлд санал өгсөн иргэдийн материалыг шалгаж бататгах удирдамж”-н 4 дэх хэсэгт “Баянзүрх дүүрэгт иж бүрэн тохижолттой хүүхдийн тоглоомын талбай болон газар доорх авто зогсоол барих тухай иргэдээс авсан саналын дагуу саналыг хүлээн зөвшөөрсөн оршин суугч бүрээс утсаар бататган лавлан асууж тэмдэглэл хөтлөн тайлан бэлтгэнэ” гэж  зохицуулснаар 14 дүгээр байрны 29 оршин суугчдаас “...иргэдийн дэмжсэн саналыг утсаар ярьж баталгаажуулсан тэмдэглэл” хөтөлжээ. Гэвч нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт болох 14 дүгээр байранд оршин сууж буй иргэдийн “дэмжихгүй” санал гаргасан 188 оршин суугчдын  саналтай дээрх 29 оршин суугчдын 20 санал нь зөрүүтэй байх тул “дэмжсэн” иргэдийн саналыг баталгаажсан гэж үзэх боломжгүй болно.

Тухайлбал 17 тоот Б.А , ... тоот Ш.Д , .. тоот Ч.А , .. тоот Ц.Ц , ... тоот С.Г , ... тоот С.Н  , ... тоот  Д.Г, ... тоот Р.И , ... тоот Ж.Ж , .. тоот Б.Б , ... тоот Г.Б , ... тоот Ц.Ц-А ,... тоот Д.У, ... тоот С.А , ... тоот Э.С , ... тоот Ж.Ү, ... тоот Д.Д , .. тоот Д.Б , ... тоот Д.Н , ... тоот С.П  зэрэг.

Мөн Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэлээр “...нийт 288 өрхөөс 15 нь дэмжихгүй бусад нь дэмжиж байгаа” гэх бодит байдалд нийцэхгүй танилцуулга хийгдсэн нь 14 байрны оршин суугчдын саналыг бодитоор үнэлээгүй гэж үзэхээр байна. 

Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагад хамаарах маргаан бүхий захиргааны акт биш хэдий боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд  авто зогсоол төлөвлөх барьж байгуулах журам” нь нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэдийн саналыг авах, тэдгээрийг  сонсох үйл ажиллагааг хангалтгүй, шаардагдах хэмжээнд зохицуулаагүй байгааг дурдах нь зүйтэй юм.

Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол”,  36 дугаар зүйлийн 36.2-т ”Барилгын үйл ажиллагаанд хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлага болон иргэний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа талаар хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад санал, хүсэлт, гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу иргэд  өөрсдийн амьдарч буй орчны газарт автозогсоол бариулах, эс бариулах шийдвэр гаргах эрхтэй болно.   

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” бол захиргааны актыг хүчингүй болгохоор хуульчилсны дагуу нийтийн ашиг сонирхолд харш, эрх ашгийг нь хөндсөн шийдвэр болох Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А******* дугаар  захирамжийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байрны баруун талд 1921 м.кв талбай бүхий газрын тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.6, 6 дугаар зүйлийн 6.4, 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 36 дугаар зүйлийн 36.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  иргэн М.А , Н.Б , Г.Б , С.Д , Г.И , Ц.Н , О.Н , Х.Ч , С.Ц  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б , Л.Б , П.М  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А******* дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ТӨМӨРБАТ

                      ШҮҮГЧ                             Л.БАТБААТАР

                            ШҮҮГЧ                              Б.МӨНХЭРДЭНЭ