Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2048

 

Э.Алуунгоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00732 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Алуунгоогийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Цэцэгээд холбогдох,

 

Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байрны 01 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202020599 дугаарт бүртгэгдсэн, 000278945 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, “Ориент инвест ББСБ” ХХК-ийн болон Л.Энхтүвшин нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 14/4019 тоот Хөрөнгө барьцаалах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баясгалан, Б.Бадрах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Алуунгоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Цэцэгээгийн төрсөн охин, төрсөн цагаас хойш одоог хүртэл бид нэг гэрт хамт амьдарч байгаа, нэг гэр бүлийн гишүүд юм. Бид нар одоо Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байр, 10 тоот хаягт хамт оршин суудаг.

Би ажил хөдөлмөр эрхэлж, орлого олох болсон цагаас эхлэн өөрийн олсон орлогоо гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулж, гэр бүлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг шинээр барьж байгуулах, худалдан авах зэргээр бий болгоход өөрийн зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн ба  бид хамтран Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байрны 01 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн  Ү-2202020599 дугаарт бүртгэгдсэн, 000278945 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2003-2007 оны хугацаанд шинээр барьж, ашиглалтад оруулсан.

Гэтэл манай ээж Ч.Цэцэгээ нь уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахдаа зөвхөн өөрийн нэрийг бүртгүүлж, ганцаараа тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон байна.   

Улмаар ээж Ч.Цэцэгээ уг үл хөдлөх эд хөрөнгийг “Ориент инвест ББСБ” ХХК болон Л.Энхтүвшин нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 14/2009 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд барьцаалах зөвшөөрөл, итгэмжлэлийг Л.Энхтүвшинд олгож, Л.Энхтүвшин нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Ориент инвест ББСБ” ХХК-тай байгуулсан байна. Гэтэл Л.Энхтүвшин нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас “Ориент инвест ББСБ” ХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаар шийдвэр гарч, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд тус үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэгдэж, албадан дуудлага худалдаагаар худалдагдах дээрээ тулаад байна.

Энэ нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөх эрхээ шүүхийн журмаар тогтоолгож, өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна. Хариуцагч Ч.Цэцэгээ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, надад мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр миний хамтын хөдөлмөр, үйл ажиллагаанаас олсон орлогоор бий болгосон үл хөдлөх эд хөрөнгийг “Ориент инвест ББСБ” ХХК болон Л.Энхтүвшин нарын хооронд байгуулсан 14/2019 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд барьцаалсан. Иймд тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн нөхцөлийг хангаж байна.

Намайг уг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, “Ориент инвест ББСБ” ХХК болон Л.Энхтүвшин нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан 14/4019 тоот Хөрөнгө барьцаалах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Цэцэгээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эрчим-Арт” ХХК-иар 2003-2007 оны хооронд шинээр бариулж ашиглалтад оруулсан. Уг барилгыг барих үед миний охин Э.Алуунгоо Япон улсад суралцаж байсан бөгөөд барилгын ажилд тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан болон миний үр хүүхэд гэдэг утгаараа уг үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ уг барилгын ихэнх санхүүжилтийг би өөрийн хөрөнгөөр бий болгож, барьж ашиглалтад оруулсан. Барилга ашиглалтад орох үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг охин Э.Энхцэцэгийн нэр дээр гаргаж /охин Э.Алуунгоо Япон улсад суралцаж байсан/, дараа нь өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Э.Алуунгоод хэлэлгүй шилжүүлэн гаргасан бөгөөд “Эрчим-Арт” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол 72 дугаар хотхонд барьж байгаа барилгын ажлыг санхүүжүүлэхээр 2014 оны 01 дүгээр сард “Ориент инвест ББСБ” ХХК-д барьцаалж зээл авсан.

Уг зээлийг барилгын ажлыг дуусгаад төлж барагдуулсан барьцаа хөрөнгийг чөлөөлж авах бодолтой байсан боловч барилгын санхүүжилт саатаж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Ингээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас удаа дараа хүмүүс ирж мэдэгдэл өгч сонинд албадан дуудлага худалдааны зар гарснаар охин Э.Алуунгоо энэ талаар мэдсэн.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь “Ориент инвест ББСБ” ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа тул Э.Алуунгоог хамтран өмчлөгчөөр тогтоох болон барьцааны гэрээг хүчингүй болгох боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ч.Цэцэгээ байсан. Энэ нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлийн газраас олгосон гэрчилгээгээр нотлогдож байгаа юм. Иймд хамтран өмчлөх эрхийг нь зөрчсөн гэж үзэхгүй байна. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар бусдын хөрөнгө байж болох тул Л.Энхтүвшин нь барьцаалсан байгаа. Иймд тус хөрөнгийг Ч.Цэцэгээгээс хууль ёсны дагуу итгэмжлэл аваад 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэлийг нь авсан байдаг. Энэхүү итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасан хэлбэрийг хангасан. 

2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Ориент инвест ББСБ” ХХК болон Л.Энхтүвшин нарын хооронд байгуулсан хөрөнгө барьцаалах гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т заасан хэлбэрийг хангасан. Мөн Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт өөрийн эзэмшилд шилжүүлж авсан этгээд нь барьцаат бичгийн хүлээх үүргийг хариуцна гэж заасан байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө нь бусдад шилжүүлсэн бол эд хөрөнгө хэний эзэмшилд шилжсэн байхаас үл хамааран түүнээс төлбөрийг гаргуулна гэж заасан байгаа. Хөрөнгө барьцаалах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байгаа. Энэхүү шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байр, 01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэр гүйцэтгэх журмаар албадан дуудлага худалдаа явуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж заасан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамж болон гэм буруугийн талаар дурдсан байх юм бол иргэний хэргийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргана гэж заасан байдаг.

Иймд Э.Алуунгоогийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэвийн үргэлжлүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Ч.Цэцэгээд холбогдох Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 19а байрны 1 тоот үйлчилгээний зориулалттай 158,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох болон Л.Энхтүвшин, “Ориент инвест ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хөрөнгө барьцаалах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Э.Алуунгоогийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Алуунгоогоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 028 200 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Би Япон улсад суралцаж байхдаа уг маргаан бүхий орон сууцыг барихад зориулж ээждээ мөнгө шилжүүлдэг байсан бөгөөд хариуцагч миний шилжүүлсэн мөнгийг хүлээн авч уг байранд ашиглаж байсан, мөн тэрээр шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа энэхүү үл хөдлөх эд хөрөнгө миний өмчлөх эрх байх ёстойг, уг үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн хамтын үйл ажиллагаанаас бий болсон гэдгийг тус тус хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй байхад шүүх нотлох баримтыг үнэлээгүй, хэт нэг талыг барьсан, зохигчдын тайлбарыг харьцуулж үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй шийдвэрлэсэн байна.

Мөн уг үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Цэцэгээ нь бусдад шилжүүлэхээс өмнө намайг өмчлөх эрхээ хангуулах шаардлага тавих ёстой байсан гэсэн тайлбар хийсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь хэний нэр дээр байгаагаас үл хамаарч миний дундын өмчлөлийн эрх хэвээр байхад миний өмчлөх эрхийг хангаагүй байна.

Иргэний хуульд гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөл нь заавал тухайн хөрөнгөд өөрийн хувь нэмрээ оруулсан байхыг шаардахгүй байдаг. Гэсэн хэдий ч миний бие уг хөрөнгөд өөрийн хувь нэмрээ оруулж байсныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байхад заавал хувь нэмрээ оруулсан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэсэн шалтгаанаар шийдвэр гаргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй бөгөөд уг хөрөнгөд хувь нэмэр оруулаагүй байсан ч миний дундын өмчлөлийн эрх хэвээр хадгалагдах болохыг шүүх анхаарч үзээгүй байна.

Дээр дурдсан миний дундын өмчлөлийн эрхийг хангаагүйн улмаас “Ориент инвест ББСБ” ХХК болон Л.Энхтүвшин нарын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хөрөнгө барьцаалах 14/4010 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Э.Алуунгоо нь хариуцагч Ч.Цэцэгээд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байрны 01 тоот хаягт оршин байх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, “Ориент инвест ББСБ” ХХК-ийн болон Л.Энхтүвшин нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 14/4019 тоот Хөрөнгө барьцаалах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Э.Алуунгоо нь хариуцагч Ч.Цэцэгээгийн төрсөн охин болох талаар талууд маргаагүй бөгөөд тэд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байрны 10 тоот орон сууцанд хамтран амьдардаг болох нь иргэний үнэмлэх, тус хорооны Засаг даргын 2016 оны 498 тоот тодорхойлолтоор тогтоогдоно.

Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байрны 01 тоотод оршин байх 158.6 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020599 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Цэцэгээгийн өмчлөлд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн газраас Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000278945 гэрчилгээг олгосон.

 

Уг үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Э.Энхцэцэгийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй байсан /хх118 дах тал/ ба Э.Энхцэцэг, Ц.Цэцэгээ нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг үндэслэн өмчлөх эрхийн бүртгэлд өмчлөгчөөр Ч.Цэцэгээг бүртгэсэн байна. /хх 121, 122 дахь тал/

 

Энэ үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөд хамаарахгүй тул мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болно.

 

Талуудын хооронд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан байхгүй, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй тул нэхэмжлэлээр шийдвэрлэх маргаанд хамаарахгүй юм. Улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан талаар баримтгүй байна.

 

Харин улсын бүртгэлд өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ саад болж болно.

 

“Ориент инвест ББСБ” ХХК-тай Л.Энхтүвшин нь 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхийг Ч.Цэцэгээ нь 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Л.Энхтүвшинд олгосон итгэмжлэл үйлдсэн. Итгэмжлэл нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд хүчин төгөлдөр бус гэж тооцогдохооргүй байгаа ба уг итгэмжлэлийг үндэслэн байгуулсан барьцааны гэрээг мөн хүчин төгөлдөр бус гэж тооцох боломжгүй юм.

 

Учир нь барьцаалагч “Ориент инвест” ХХК нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн үнэн зөв байх зарчмыг үндэслэн барьцааны гэрээ байгуулсан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйлдлээс учирсан хохирлоо шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00732 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Алуунгоогоос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 028 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

     ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

Э.ЗОЛЗАЯА