Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 709

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Д.Агар,

Шүүгдэгч Д.Б- өмгөөлөгч Б.Отгонтөгс,

            Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1017 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 5/22 дугаартай эсэргүүцлээр, Д.Б-д холбогдох эрүүгийн 2016 2501 3076 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Б, 1986 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Залуус” хорооллын 48 дугаар байрны 999 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:МХ86011819/;

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Жи-Эс-Паб” караокены гадаа найз А.А-тай маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь цохиж, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Б-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн буюу хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор мөрдөгчийн шийдвэр гаргана” гэжээ.

Шүүх өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн заримыг хүлээн авч хангаж нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

1. Д.Б- сэтгэцийн байдалд шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах тухай,

2. “Их Засаг” Их сургуулийн захиргаанаас гэрч Б.Баярсайханы ажилд орсон, ажлаас халагдсан тушаал зэрэг баримт хэрэгт нотлох баримтаар авах хүсэлтүүдийг хүлээн авч бусад хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Д.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 159 дугаартай шүүхийн тогтоолоор буцаасан боловч прокурор уг тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 469 дугаартай магадлалаар талуудын хүсэлтээр гэрч, хохирогч, шинжээч эмчийг оролцуулан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч Д.Б- гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул өмгөөлөгчийн гаргасан бусад хүсэлтүүдийг хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад тодруулах боломжтой тул хангахгүй орхих нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхииг тогтоолгохоор  шинжээч  томилох  хүсэлтииг шүүхэд  гаргана” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Б- сэтгэцийн байдал эргэлзээтэй байгаа нь Цагдан хорих 461 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 188 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд Д.Б- урьд нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан эсэх, мөрдөн байцаалтын явцад эсэх, зан байдлын шинж, явц ямар байдалтай байгаа, хэрэг хариуцах чадвартай эсэх талаар сэтгэцийн эмгэг судлалын шинжээч нарыг томилон дүгнэлт гаргуулах, “Их Засаг” их сургуулийн захиргаанаас гэрч Б.Б-ы ажилд орсон, ажлаас халагдсан тушаал зэрэг баримтыг хэрэгт нотлох баримтаар авч хавсаргах нь зүйтэй байна.

Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй ...” гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэргийг анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч хэлэлцээд 1017 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг эс зөвшөөрч доорх үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. Шүүгч Д.Б- сэтгэцийн байдалд шинжээч томилж дүгнэлт гаргуулах гэжээ. Хэрэгт авагдсан “Шүүх сэтгэц эмгэг судлалын 907 тоот дүгнэлтэд “... Д.Б- нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан. Тэр үед өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Д.Б- нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.Б- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Б- нь хэргийн талаар асуусан асуултад хариулах чадвартай байна. Д.Б- нь хэрэг хариуцах чадвартай ...” гэх дүгнэлтээр Б.Бямба-Эрдэнэ нь хэрэг үйлдэх үед ямар нэгэн сэтгэцийн өвчингүй, өмнө ямар нэгэн сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хэрэв шүүгдэгч шүүхийн шатанд сэтгэцийн өвчинтэй болсон гэж үзэх үндэслэл, эргэлзээтэй байвал шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дахь хэсэгт зааснаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах эрхтэй.

2. “Их Засаг” их сургуулийн захиргаанаас гэрч Б.Б-ы ажилд орсон, ажлаас халагдсан тушаал зэрэг нотлох баримтыг авч хэрэгт хавсаргах гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 8 дугаар сарын 27-аас 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Жи Эс паб” караокед амь хохирогч А.А- нь Б.Б-тай маргалдаж улмаар бие биенээ нэг нэг удаа өшиглөсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог, гэвч дээрх зодооны улмаас А.А- биед гэмтэл учраагүй, гэрч нарын мэдүүлгээр ил харагдах гэмтэл байхгүй, амь хохирогч А.А- нь “гавал тархины битүү гэмтэл, тархины баруун зулай, чамархай, дух, суурийн хэсгийн тархины хатуу хальсан доорх цус хураа, тархи дарагдал, тархины дагз хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт” гэмтлийн улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт байцаалтаар тогтоогддог ба гэрч Б.Баярсайханы талаарх баримтыг хэрэгт авч хийх нь хэргийг шийдвэрлэхэд ямар нэгэн ач холбогдолгүй юм.

 

Хэргийг өмнө улсын яллагчийн эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хянаж “талуудын хүсэлтээр гэрч, хохирогч шинжээч эмчийг оролцуулан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч Д.Бямба-Эрдэнийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн шийдвэрлэх боломжтой” гэж үзэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр заасан байхад шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн шатанд гаргасан сэтгэцийн шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэлгүй хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Б- өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шүүгдэгч Д.Б- сэтгэцэд өөрчлөлт гарсан байх магадлалтай тул нарийн мэргэшлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай. Мөн гэрч Б.Б гэгч нь хохирогч А.А-тай урьд өмнөх зан байдлын таарамжгүй харьцаатай, хамт ажиллаж байх хугацаанд хохирогчийн удирдлага дор ажиллаж байсан бөгөөд ажлаас халагдсан, буцаан ажилд авах гэх мэт урьдын өс хонзонгийн асуудал байх магадлалтай гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх Д.Б-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох хүсэлтийг шүүхэд гаргана”, 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл шинжээч томилно” гэж хуульчилсан байх бөгөөд дээрх хуулийн заалтуудаас үзвэл шүүх шүүгдэгч Д.Б- сэтгэцийн байдлыг тогтоолгохоор шинжээч томилох боломжтой байна.

 

Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх урьд нь шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн дүүргийн шүүхэд буцаасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн хуулийн заалтыг ноцтойгоор зөрчжээ.

 

Иймд шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх …”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1017 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

 

                                                                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ