Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 6052

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Япон улс, Нагоя хот, Морияама дүүрэг, Хакүсан 711 тоотод байрлах “Итами жидоүшяа” хувьцаат компани /компанийн бүртгэлийн дугаар 1800-01-000133/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж, 36б байрны 75 тоотод оршин суух Хадынхан овогт Одсарын Оюунцэцэг /Регистрийн дугаар ЧТ64011068/-т холбогдох,

 

Худалдан авсан автомашины төлбөрийн үлдэгдэл 2,840,000 иен буюу 55,891,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагч О.Оюунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Бүдханд,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, С.Батбаяр нар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Япон улсын “Итами Жидоүшяа” хувьцаат компани нь автомашин худалдаа, зуучлалын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. 2004 оноос Монгол улсын иргэн, хуулийн этгээдэд Япон улсаас хуучин болон шинэ автомашин худалдан авахад зуучилж, зөвлөгөө, тусламж үзүүлж хамтран ажиллаж ирсэн. 2004 онд хариуцагч нь нэхэмжлэгч компанийн захирал Итами Күнио-той танилцаж, Япон улсаас хуучин автомашин худалдан авахад хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2006 онд өөрийн дүү О.Ганболдыг, 2007 онд өөрийн нөхөр Б.Бат-Очир нарыг Итами Күнио-д тус тус танилцуулж, автомашин худалдан авахад зуучлуулж байсан. Хариуцагч О.Ганболд, Б.Бат-Очир нар нь Япон улсад очиж хуучин автомашин худалдаалдаг хуулийн этгээдүүдээс худалдан авах автомашинаа сонгож, ийнхүү сонгосон автомашины төлбөрийг тухайн үед нь нэхэмжлэгч төлж, Монгол улс руу ачуулдаг байсан. О.Ганболд, Б.Бат-Очир нар автомашины төлбөр болон Япон улс дахь дотоодын тээврийн зардал, даатгалын зардал, зуучлалын хөлс зэргийг 1-2 сарын дотор нэхэмжлэгчид төлдөг байсан. Ийнхүү тэдний хооронд худалдааны итгэлцэл үүсч, хамтран ажиллаж байсан. Гэтэл хариуцагчийн нөхөр Б.Бат-Очир 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 12 автомашин худалдан авсан ба автомашины үнэ болох 3,340,000 иен төлөөгүй удааширсан. Нэхэмжлэгч энэхүү төлөөгүй төлбөрийг төлүүлэхийн тулд ихээхэн хэмжээний зардал гаргаж, хохироод байна. Нэхэмжлэгч компанийн захирал нь Б.Бат-Очироос төлбөр гаргуулахаар  дөрвөн удаа Монгол улсад биечлэн ирсэн, мөн төлбөр гаргуулах ажиллагааг тасралтгүй шуурхай явуулах үүднээс Монгол улсад итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, түүнийг цалинжуулсан байдаг. Нэхэмжлэгч компани Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст намайг Монгол улсын иргэд залилан мэхэллээ гэж гомдол гаргасан байдаг. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байх явцад Б.Бат-Очир нь 500,000 иен шилжүүлсэн байдаг. Үүний үр дүнд Б.Бат-Очир болон хариуцагч автомашины үлдэгдэл төлбөрийг төлөх тухай баталгааг Санамж бичиг гэж галиглан бичсэн бичгээр гаргасан. 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 500,000 иен төлсөн бөгөөд үлдэгдэл 2,840,000 иенийг 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө төлнө хэмээн баталсан. Энэхүү баталгаанд хариуцагч 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд төлбөрийг бага багаар төлж барагдуулахыг баталсан. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөгдөөгүй байна. Б.Бат-Очирт холбогдуулан шүүхэд хандахад Монголд байхгүй байсан тул Б.Бат-Очирын худалдан авсан автомашины төлбөрийг төлөхийг зөвшөөрч баталгаа гаргасан хариуцагч О.Оюунцэцэгээс нэхэмжилж   байна. Иймд хариуцагч О.Оюунцэцэгээс худалдан авсан автомашины төлбөрийн үлдэгдэл болох 2,840,000 иен буюу 55,891,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч О.Оюунцэцэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Оюунцэцэг би 2004 оноос Японы Нагоя хотоос машин оруулж ирэн худалдаалдаг байсан. 2006 онд О.Ганболдыг би Итами-д танилцуулаагүй, О.Ганболдын эхнэрийн дүүтэй холбогдож байгаад танилцаж байсан. Мөн Итами Улаанбаатар хотод ирсэн байх үедээ техникийн зах дээр өөрөө явж, “надаас машин аваач” гэж хүмүүстэй уулзаж явахдаа Б.Бат-Очиртой таарч танилцсан, би албан ёсоор энэ хоёрыг Итамид танилцуулаагүй. Би Итамитай хамтран ажиллаж байхад хэцүү зүйл их гардаг байсан бөгөөд энэ хүн Монголчуудыг их дорд үздэг дээрэлхүү, залуучуудыг тэнэг мангараар дуудах, бас тооцоог бэлнээр нь авдаг, янз бүрийн юм тоочиж байгаад илүү их мөнгө авах ба дансаар мөнгө гуйвуулахгүй, мөнгөний баримт албан ёсоор өгдөггүй, тооцоо хийж байхад орчуулагч хүнээ байлгадаггүй тийм хүн яагаад ямар зорилгоор хүнд илүү машин өгсөн болоод одоо маргаан гарч байгааг би гайхаж байна. Надыг явдаг байхад 1 саяын ч зээл өгдөггүй байсан. Сураг сонсоход сүүлийн үед Итами Монголд улайран маш их эвдрэл, гэмтэлтэй машиныг зүгээр гэж хууран мэхэлж монголчуудыг чадаж байсан  сонсогддог, энэ хүн тийм сайн хүн байсан бол одоо хүртэл хүмүүс авч л байх байсан, бүгд Итами сантай харьцахаа больсон, энэ хүний ямарыг нь таниад бүгд больцгоосон сурагтай. Би Итамитай харьцахаа болиод олон жил болж байна, энэ нь олон шалтгаантай: цуг ажиллахад, очоод байр нь гэж нурж унах шахсан тийм газар монголчуудыг олноор нь байлгаж, хүн болгоноос буудлын мөнгө их авна, дээр нь намайг ганц нэгээрээ очсон үед амраахгүй оролдон, янз бүрийн дарамт үзүүлдэг байсан, үүний улмаас би больсон. Өөр хүнээс зуучлуулаад машин авах гэхээр Японд орох эрхийг чинь би хасуулна, надаас л ав гэж дарамталдаг байсан. Б.Бат-Очирт энэ хүн яагаад машин зүгээр өгсийн, багахан эвдэл, гэмтэлтэй машинаа шахчихаад хүнийг өрөнд оруулсан гэж бодож байна. Б.Бат-Очир өвгөнтэй харьцснаасаа хойш надтай цуг байхаа больсон, янз бүрийн асуудлаар гадуур явж, Япон явахаараа хориод хоног болно, үүний улмаас бид хоёр аль эрт салсан. Энэ хоёрын хоорондох тооцоог би мэдэхгүй. Итами яагаад надыг Б.Бат-Очирыг батлан даасан гэж байгааг би гайхаж байна, хэзээ ч би батлан даагаагүй, олон жил уулзаагүй байж 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай дэлгүүрийн лангуун дээр орчуулагч залуутайгаа ирж Б.Бат-Очирыг асуусан, би мэдэхгүй, та өөртэй нь уулз даа гэсэн, би тааралдахгүй байна гэхээр нь гадны хүнд салсан сарниснаа тэр болгон яриад байх биш, би мэдэхгүй, та өөртэй нь ярь гэж хэлсэн чинь “Би мөнгөний авлагатай байгаа, чи мэдэх үү” гэсэн. Би юу ч мэдэхгүй байсан болохоор мэдэхгүй л гэсэн. “Чи гоё хувцас зардаг юм байна, наймааны тухай асууж байгаад Японд очиж амьдраач гэсэн, би хүүхдийг чинь сургуульд оруулж өгч туслана шүү гэсэн. Би үгүй эндээ л амьдарна гэсэн, машины наймаа хийгээч гэсэн, би за баярлалаа үгүй л гэсэн. Тэгээд юм ярьж байгаад “Чи Бат-Очиртой уулзвал (бага багаар) өрөө өгөөрэй гэж хэлж өгөөч гэж гуйсан. Би “за тааралдвал хэлээд өгье дөө л гэсэн. Чи энэ цаасан дээр бага багаар төлнө гээд бичээд өгөөч гэхээр нь үгүй гэсэн, хажуунаас орчуулагч залуу нь та бичиж өгөөд явуулчихаач, яав л гэж, Б.Бат-Очир ахтай таарвал хэлээд өгчихгүй юу, энэ өвгөний санааг  амраагаад явуулаад өгчихгүй юу даа гээд олон хүний дэргэд дэлгүүр дээр бичиг баримт барьчихаад байгаад байхаар нь за би дамжуулаад хэлээд өгөхийг бодъё доо гээд бичиж өгсөн. Дараа нь янз бүрийн юм болоод надаас асуугаад байв, би мэдэхгүй шүү гэж сануулж хэлсэн, (орчуулагчаар нь) Тэр залуу эгчээ зүгээрээ юу л болов гэж хэлсэн. Итами сан мэдсээр байж надаас энэ зүйлийг нэхэмжлэнэ гэж би бодоогүй их л сайхан зан гаргаад байсан. Дээр нь Б.Бат-Очирыг энэ янзаараа их чадсан, цаана нь их учир байна гэж бодож байна. Би энэ хоёрын хоорондох мөнгөний асуудлыг мэдэхгүй тул хариуцахгүй, хэлж өгөөч гэж гуйж байгаад бичүүүлчихээд, үг гуйвуулж ашиглаж байгаад харамсаж байна. Итами их зальтай болохоороо надыг чадахаар ирж, янз бүрээр ярьж байгаад сүүлдээ энэ аргыг хэрэглэсэн байна. Би Итамид Б.Бат-Очирыг хэзээ ч батлан даалт гаргаж байгаагүй, энэ хүнээс болж бид хоёр салсан, одоо би хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа, амьдрал маань хэцүү л байна. Итамитай уулзвал бүгдийг нь би хэлж өгнө, их зальтай, энэ хүн яагаад ингээд  яваад надыг хүртэл мэдэхгүй зүйлд энэ олон жилийн дараа худал үнэн нь мэдэгдэхгүй нэхэмжлэл гаргаад байгааг гайхаж байна. Би Итамид ямар ч өр тавьж байгаагүй, нас биенд хүрсэн хүмүүс байж хоорондоо учраа олно биз. Б.Бат-Очирын худалдан авсан автомашины төлбөрийг төлөхийг зөвшөөрч баталгаа гаргасан гэж ор үндэсгүй зүйлээр гүжирдэн нэхэмжилж байгааг О.Оюунцэцэг би хариуцахгүй, баталгаа гаргаагүй. Би юу ч мэдэхгүй байж юун баталгаа гаргах вэ, арай дэндүүлсэн байна. Б.Бат-Очиртой салаад удаж байна, ямар ч холбоогүй байгаа. Би энэ өр зээлийг Б.Бат-Очирын өмнөөс төлнө гэж бичээгүй, түүний тавьсан өр зээлийг төлж чадахгүй, төлөх ч үндэслэл байхгүй. Би Итами Күниотой гэрээ байгуулж зээл аваагүй, түүний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй учраас надад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“  гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Итами жидоүшяа” хувьцаат компани нь Худалдан авсан автомашины төлбөрийн үлдэгдэл 2,840,000 иен буюу 55,891,200 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч О.Оюунцэцэг нь нэхэмжлэгчээс автомашин худалдан аваагүй, ямар нэгэн төлбөр төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Япон улсын “Итами жидоүшяа” хувьцаат компани нь Монгол улсын иргэн О.Оюунцэцэгээс түүний нөхөр болох Б.Бат-Очирын худалдан авсан автомашины төлбөрийн үлдэгдэл болох 2,840,000 иен буюу 55,891,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Оюунцэцэг нь Б.Бат-Очирын төлбөр төлөх үүргийг хүлээж гарын үсэг зурсан тул хариуцагчаар татсан гэх тайлбарыг гаргасан.

Хариуцагчийн нөхөр болох Б.Бат-Очир нь Япон улсын иргэн Итами Күнио-оос 2013 оны 04 дүгээр сарын 15-ний өдрөөс 19-ний өдрийн хооронд NISSAN TIIDA C11-069865 автомашиныг 200,890 иенээр, PRIUS NHW10-0018952  автомашиныг 237,850 иенээр, TOYOTA NOAH AZR65-0087980 автомашиныг 165,400 иенээр, COROLLA NZE120-3043740 автомашиныг 253,075 иенээр,  NISSAN TIIDA SNC11-135357 автомашиныг 341,590 иенээр,   FIELDER NZE121-0271348  автомашиныг 158,575 иенээр, PRIUS NHW20-3107176 автомашиныг 394,825 иенээр, PRIUS NHW20-0063468 автомашиныг 307,150 иенээр, PRIUS NHW20-7767777 автомашиныг 416,350 иенээр,  VOLKSWAGEN TOUAREG WVGZZZ7LZ5D046800 автомашиныг 664,150 иенээр, NISSAN TIIDA NC11-102492  автомашиныг 303,790 иенээр, MITSUBISHI AIRTREK CU2W-0303797 автомашиныг 275,440 иенээр худалдан авч, үүнээс 04 дүгээр сарын 22-нд 379,085 иенийг төлж, үлдэгдэл 3,340,000 иенийг төлөөгүй байгаа талаар “SANAMJ BICHIG /BATALGAA/” гэсэн бичгийг 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үйлдэж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Уг бичгийг компьютерээр шивж, англиар галиглан бичсэн  байх бөгөөд бичвэрийн доод талд “2015 оны 1-р сарын 1 дотор тооцоо дуусгана. 2014 оны 03 сарын 04-нд 500,000 иен ITAMI-ийн Япон дахь дансанд шилжүүлсэн, үлдэгдэл 2,840,000 иенийг 2015 оны 1 сарын 1-ний дотор тооцоо дуусгана” гэж монгол хэлээр гараар бичсэн байна./хавтаст хэргийн 12 дахь тал/ Б.Бат-Очир нь төлбөр төлөх тухай дээр дурдсан бичгийг бичиж Япон улсын иргэн Итами Күнио-д өгсөн байна.

 Итами Күнио нь Б.Бат-Очир төлөх ёстой төлбөрөө төлөхгүй байсан учраас түүний эхнэр О.Оюунцэцэгийн ажил дээр нь 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр орчуулагчийн хамт очиж Б.Бат-Очирын бичиж өгсөн “SANAMJ BICHIG /BATALGAA/” гэсэн бичиг дээр “Бага багаар төлнө” гэж бичүүлэн гарын үсгийг нь зуруулж, “2017/7/23, ODSAR OYUNTSETSEG, Tursun on sar udur 10 Jan.1964” гэсэн бичиглэлийг Итами Күнио бичсэн нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Япон улсын иргэн Итами Күнио, Монгол улсын иргэн Б.Бат-Очир нарын хооронд хийгдсэн тохиролцооноос үзэхэд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасны дагуу Зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээх үүрэгтэй ба Б.Бат-Очир нь 12 автомашин худалдан авч, түүний төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тооцоог дуусгах  үүргийг хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч О.Оюунцэцэг Б.Бат-Очирын төлбөр төлөх тухай бичигт гарын үсэг зурж, түүний өмнөөс баталгаа гаргасан тул Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөх үүрэгтэй гэж маргасан.

Хариуцагч О.Оюунцэцэг нь Б.Бат-Очирын бичсэн “SANAMJ BICHIG /BATALGAA/” гэсэн бичигт дурдсан 12 автомашиныг Итами Күнио-оос худалдан аваагүй байх бөгөөд уг бичигт “бага багаар төлнө” гэж бичиж гарын үсэг зурснаар автомашины төлбөрийн үлдэгдлийг төлөх үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй “SANAMJ BICHIG /BATALGAA/” гэх бичиг нь Монгол улсын иргэн Б.Бат-Очир, Япон улсын иргэн Итами Күнио-оос 12 автомашин худалдан авч, түүний төлбөрийг төлөх тухай байх бөгөөд Япон улсын “Итами жидоүшяа” хувьцаат компанид төлбөр төлөх тухай дурдаагүй байна. /хавтаст хэргийн 12 дахь тал/

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд Япон улсын “Итами жидоүшяа” хувьцаат компани, Япон улсын иргэн  Итами Күнио болон хариуцагч О.Оюунцэцэг нарын хооронд автомашин худалдан авах талаар байгуулагдсан ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй тул талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа сонгох эрхтэй боловч хариуцагчаар О.Оюунцэцэгийг татсан нь үндэслэлгүй байх тул худалдан авсан автомашины төлбөрийн үлдэгдэл 2,840,000 иен буюу 55,891,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

                       

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Итами жидоүшяа” хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, С.Батбаяр нарын  нэхэмжлэлтэй хариуцагч О.Оюунцэцэгт холбогдох худалдан авсан автомашины төлбөрийн үлдэгдэл 2,840,000 иен буюу 55,891,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д д зааснаар нэхэмжлэгч “Итами жидоүшяа” хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 94 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч “Итами жидоүшяа” хувьцаат компанид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР