| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00517/И |
| Дугаар | 561 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 561
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 6-р сард 8-р анги төгссөн. Тэгээд 1982 оноос эхлэн мал маллаж эхэлсэн. Иймд намайг 1982-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* нь 1982-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Л.*******гийн 1984 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр,
-1984 оны Үйлдвэрлэлд хуваарилагдагчдад олгох томилолт,
-Л.*******гийн 1988 онд шагнагдсан гэх баярын бичиг,
-Ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1410 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын ******* бригадын А.*******, С нарын нэр дээрх 1984-1989 онуудын 70-р дансны хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1594 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын ******* бригадын А.*******гийн нэр дээрх 1982-1983 онуудын 70-р дансны хуулбар,
-Гэрч Б.ын Л.******* нь 1981 оны хавар Ховд аймгийн ******* сумын сургуулийн 8-р анги төгсөөд аав, ээжийн хамт итгээлтээр мал маллахаар хөдөө гарсан. Тэрээр 1989 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад мал малласан. Тэр үед би ******* сумын ******* багийн малын эмч, бригадын даргаар ажиллаж байсан. Би мөн багийн эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан учир Л.******* миний гишүүнээр ирж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Д.ийн Л.******* нь Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд аав, ээжийн хамт 1989 оныг дуустал мал маллаж байсан. Би 1988 онд улсын аварга малчин болж байсан. Бид нар ойролцоо нэг голд мал маллаж, амьдардаг байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Л.*******г 1982-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******г 1982-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА