Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 383

 

 

 

 

 

   2020       03          05                                      2020/ШЦТ/383

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Насанд хүрээгүй хохирогч Л.Дүнчингийн хууль ёсны төлөөлөгч Х.Бөхчулуун,

Шүүгдэгч Н.Ба, түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр /ҮД:2983/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бад холбогдох 1903 01354 0014 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг гэх, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4 дүгээр хэсгийн 1858-Б тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан, Ж овогт Нийн Ба /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.Ба нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Амгалан” захын урд замд Хонда Фит маркийн 13-95 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д “Гэрэл дохио дараах утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар ногоон гэрлээр гарч явсан зорчигч 16 настай Л.Дүнчинг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Л.Дүнчингийн хууль ёсны төлөөлөгч Х.Бөхчулууны өгсөн: “Шүүгдэгч нь осол гарсан өдрөөс эхлэн хүүхдийг маань эмнэлгээр дагуулж үзүүлж, анхан шатны тусламж үзүүлж хагалгаанд орсон. Шүүгдэгч нь 3.100.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Хохирогчийн бие гайгүй болж байгаа...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.5-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бөхчулууны өгсөн: “... Би Л.Дүнчингийн ээж нь, ... 2003 онд Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, 87 дугаар сургуулийн 9 дүгээр анги хүртэл яваад сургуулиас гараад барилга дээр ажил хийж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 24-нд зам тээврийн осолд орсон, одоо биеийн байдал гайгүй, 11 дүгээр сарын 25-нд нурууны хагалгаанд орсон, толгой жоохон хавантай байна гэсэн, одоо зүгээр, өөр гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Дүнчингийн өгсөн: “... гэр лүүгээ явах гээд Амгалан захын урд автобусны буудал дээрээс автобусанд суух гэж хойд талаас явган хүний гарцаар ногоон гэрлээр гараад, 4 эгнээ замын хойд 3 эгнээ дуусч 4 дэх буюу 1 дүгээр эгнээн дээр нэг машин хурдтай орж ирээд дайрсан Би доошоо хараад унасан...” гэх мэдүүлэг /хх.19/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14183 дугаартай:

“1. Л.Дүнчингийн биед бүсэлхийн нурууны 2 дугаар нугалмын их биеийн хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хх.35/,

Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 62055 дугаартай: “Хонда Фит маркийн 13-95 УБР улсын дугаартай автомашины ... урд салхины шил бүрэн хагарч бяцарсан байгаа нь ослын үед үүссэн эвдрэл гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.41-46/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 574 дугаартай: “Хонда фит маркийн 13-95 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч Н.Ба нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. Явган зорчигч Л.Дүнчин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт /хх.51/,

Хохирлын баримтууд /хх.63-68/,

Хохирог нөхөн төлсөн баримтууд /хх.107-109/,

Хохирлын талаар эвлэрсэн баримт /шинээр гаргасан 1 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.Ба нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Амгалан” захын урд замд Хонда Фит маркийн 13-95 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д “Гэрэл дохио дараах утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар ногоон гэрлээр гарч явсан зорчигч 16 настай Л.Дүнчинг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.5-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бөхчулууны өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 24-нд зам тээврийн осолд орсон, одоо биеийн байдал гайгүй, 11 дүгээр сарын 25-нд нурууны хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Дүнчингийн өгсөн: “... Амгалан захын урд автобусны буудал дээрээс автобусанд суух гэж хойд талаас явган хүний гарцаар ногоон гэрлээр гараад, 4 эгнээ замын хойд 3 эгнээ дуусч 4 дэх буюу 1 дүгээр эгнээн дээр нэг машин хурдтай орж ирээд дайрсан. Би доошоо хараад унасан...” гэх мэдүүлэг /хх.19/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14183 дугаартай:

“1. Л.Дүнчингийн биед бүсэлхийн нурууны 2 дугаар нугалмын их биеийн хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хх.35/,

Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 62055 дугаартай: “Хонда Фит маркийн 13-95 УБР улсын дугаартай автомашины ... урд салхины шил бүрэн хагарч бяцарсан байгаа нь ослын үед үүссэн эвдрэл гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.41-46/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 574 дугаартай: “Хонда фит маркийн 13-95 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч Н.Ба нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. Явган зорчигч Л.Дүнчин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт /хх.51/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Н.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Насанд хүрээгүй хохирогч Л.Дүнчингийн хууль ёсны төлөөлөгч Х.Бөхчулуун нь баримтаар нийт 1.616.224 төгрөг нэхэмжилж,  шүүгдэгч Н.Ба нь хохиролд нийт 3.125.415 төгрөг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Сарангуа нь гомдолгүй гэжээ.

Насанд хүрээгүй хохирогч Л.Дүнчин, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Бөхчулуун нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Баас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Н.Бад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Н.Бад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Н.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Ж овогт Нийн Быг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Н.Бад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Бад сануулсугай.

          5. Н.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 3.125.415 төгрөг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Сарангуа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Насанд хүрээгүй хохирогч Л.Дүнчин, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Бөхчулуун нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР