Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00404

 

 

Н.С, Д.Днарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/02604 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2376 дугаар магадлалтай,

Н.С, Д.Днарын нэхэмжлэлтэй

Ц.Г, Р.Тнарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Н.Сд 38 780 000 төгрөг гаргуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25 000 000 төгрөг Д.Дид гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Г, Р.Тнарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Нацагдорж, Д.Гантөмөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, хариуцагч Ц.Г, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Хишигбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Г нь манай гэр бүлийн өмч болох экскаваторыг 120 000 000 төгрөгөөр худалдаад авчих, жилийн дотор өөрийн зардлаа нөхнө гэхэд нь түүнд итгэж, худалдан авахаар болсон. Ингээд хашаа. байшингаа зараад 43 000 000 төгрөгийг төлсөн. Төлбөрийг гүйцэд төлөх боломжгүй болмогц тэрээр 60 000 000 төгрөгийг нь яаж ийгээд төлчих, экскаватораа ажиллуулаад үлдэгдэл мөнгийг өөрөөр нь төлүүлчихье гэсэн. Гэвч манай гэр бүлийн санхүүгийн боломж болохгүй байсан тул тэрээр өөрийн үеэл Н.Дамдинбазараас 25 000 000 төгрөгийг гаргуулж, экскаватораа ажиллуулан үлдэгдэл төлбөрийг төлүүлэх замаар 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2005 УН улсын дугаартай экскаваторыг бид хоёрын дундын өмч болгож өгөхөөр 2014 оны 05 дугаар сард ярилцан тохиролцож, уг мөнгийг үеэлээсээ авсан. Ц.Г нь уг экскаваторыг 2014 оны хавар Дундговь аймаг руу ажилд авч яваад одоог хүртэл холбоо барихгүй байгаа ба урьд төлсөн мөнгийг эгүүлэн болон ярилцсан тохиролцсон экскаватораа өгөхгүй байх тул урьдчилан төлсөн мөнгөө нэхэмжлэн тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нараас 43 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа 4 220 000 төгрөгөөр багасгаж хариуцагч нараас 38 780 000 төгрөг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эксковаторыг түрээслүүлэх хэлцэл огт хийгдээгүй. Экскаваторыг худалдан авсан учраас худалдан авсан үнийг төлөхөөр богино хугацаанд их хэмжээний мөнгийг шилжүүлсэн. Хэдийгээр худалдах, худалдан авах хэлцэл хийсэн, гэрээ хийсэн бичгийн баримт байхгүй ч гэсэн их хэмжээний мөнгийг шилжүүлсэн баримт нь талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн болохыг нотолж байна. Хэрвээ түрээсийн гэрээ хийсэн бол тийм их хэмжээний мөнгө орж ирж байхад ямар учиртай мөнгө болохыг асуух ёстой ч хариуцагч нар чимээгүй байсан. Тийм өндөр үнээр эксковатор түрээслүүлдэг гэж бодохгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Г нь 2014 оны 05 дугаар сард иргэн Ж.Баяраад 120 000 000 төгрөгөөр өөрийн эзэмшлийн экскаваторыг худалдахаар тохиролцож, төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд Ж.Баяраагийн эзэмшилд шилжүүлэн өгөхөөр тохиролцож Эрдэнэт хотод экскаваторыг зориулалтын трейлэр машинаар тээвэрлүүлэн хүргүүлсэн. Ингэхдээ хариуцагч Ц.Г нь иргэн Ж.Баяраатай эхний ээлжид эксковаторын үнийн 50 хувийг нь төлөөд, үлдэгдэл 50 хувийн төлбөрт Эрдэнэт хотод экскаваторыг цаашид ажиллуулж олсон орлогын 50 хувийг cap бүр хийж барагдуулахаар тохиролцсон. Ийнхүү тохиролцсны дагуу иргэн Ж.Баяраа нь өөрийн гар дээр бэлэн мөнгө хараахан байхгүй байсан тул хариуцагч Ц.Гтай тохиролцсон хэлцлээ надад тайлбарлан 25 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээч, гэхдээ энэ мөнгөө шууд Экскаваторын төлбөрт Ц.Г, Р.Тнарын дансанд хийцгээе гэсэн юм. Бид Экскаваторын төлбөрийг бүрэн дуусгаад Баяраа эзэмшилдээ шилжүүлэн авсны дараагаар Экскаваторыг ажиллуулж олсон орлогоо хувь тохирч хувааж авч байхаар тохирсон юм. Ингээд экскаваторын төлбөрт тооцуулан 25 000 000 төгрөгийг дараах байдлаар хариуцагч Р.Тын Хаан банк дахь 5462074345 дугаартай дансруу шилжүүлсэн. Үүнд: 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Ц.Гын төрсөн дүү Ц.Нямсүрэнгийн Хаан банк дахь 5017112473 дугаартай дансаар дамжуулан 19 500 000 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөгийг, Ж.Баяраагийн эхнэр Н.Сгийн дансаар дамжуулан 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд Ж.Баяраа ч удалгүй өөрийн эзэмшлийн машин, хашаа байшин зэргээ худалдаж 43 000 000 төгрөг, нийт 68 000 000 төгрөгийг экскаватор худалдан авахаар шилжүүлээд байтал, хариуцагч Ц.Г, Р.Тнар нь Экскаваторыг ямар нэгэн шалтгаангүйгээр Өмнөговь аймаг руу буцаан авч явсан. Үүнээс хойш бидэнд Экскаваторыг буцаан өгөхгүй, тохирсон хэлцлээсээ буцаж,Экскаваторын төлбөрт шилжүүлсэн мөнгийг бид маш олон удаа буцаан олгохыг нэхсэн боловч өгөхгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан эксковатор худалдан авахаар шилжүүлсэн 25 000 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү томъёолсон нь хариуцагч нараас худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардаж бус харин тэдгээрт шилжүүлсэн өөрийн мөнгийг буцаан гаргуулах шаардлага байсан. Д.Д нь Ж.Баяраагийн тэрээр Ц.Гтай экскаватор худалдан авах хэлцэл хийж байгаа, төлбөрийг төлж дуусгасны дараа экскаваторыг ажиллуулж олсон орлого хувь тохирч хувааж авах гэх саналыг хүлээн зөвшөөрч 25 000 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн байдаг. Харин шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нараас шилжүүлсэн мөнгийг түрээсийн гэрээний төлбөрт тооцсон, худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй гэх тайлбарыг мэдсэн. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргаж байгаа үндсэн зорилго нь тэдгээргээс худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардаж бус өөрийн хариуцагч нарын дансанд шилжүүлсэн 25 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буюу хариуцагч нар нь нэхэмжлэгчийн 25 000 000 төгрөгийг авсан хэрнээ буцаан өгөхгүй байгаа буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Нэхэмжлэгч Д.Дийн өмгөөлөгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Д болон хариуцагч Ц.Г, Р.Тнарын хооронд үүрэг үүсээгүй тул хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Г, Р.Тнар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Р.Т, Ц.Г бид Дундговь аймгийн Хултад экскаватораа түрээсэлж сард 18 000 000 төгрөгийн орлоготой ажиллаж байхад Н.Сгийн нөхөр н.Баяраа Эрдэнэт хотод би 24 000 000 төгрөгийн ажил авчихлаа та хоёр 18 000 000 төгрөгөө аваад бид 6 000 000 төгрөгийг авуул бидний ахуй амьдрал дээшлэх гээд байна гэж удаа дараа гуйхаар нь зөвшөөрөөд Дундговь аймгаас Эрдэнэт хот дахь ажил руу экскаватораа зөөж тухайн газар ажиллуулсан билээ. Н.С, түүний нөхөр н.Баяраа бидэнд түрээсийн мөнгө дутуу өгсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд түрээсийн гэрээ бодитоор байгуулагдсан. Гэвч эх хувиар нь гаргаж өгч чадахгүй байна. Харин Түрээсийн гэрээний загвар нь ямар байсныг нотлох зорилгоор иргэн Ж.Баяраа гэж бичсэн, Ж.Баяраа өөрөө гарын үсэг зураагүй гэрээний төслийг шүүхэд гаргаж өгсөн. Талууд худалдах, худалдан авах хэлцэл, гэрээ хийгээгүй, Д.Дийн мөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/02604 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Ц.Г, Р.Тнарт холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 38 780 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Сд олгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Дид олгуулах тухай нэхэмжлэгч Н.С, Д.Днарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Сгийн төлсөн 373 000 төгрөг, нэхэмжлэгч Д.Дийн төлсөн 282 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2376 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/02604 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Т, Ц.Г нараас 38 780 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Сд олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Р.Т, Ц.Г нараас 24 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Ц.Г, Р.Тнараас улсын тэмдэгтийн хураамжид 351 850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Сд олгож, хариуцагч Ц.Г, Р.Тнараас улсын тэмдэгтийн хураамжид 280 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Н.Сгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373 000 төгрөг, нэхэмжлэгч Д.Дийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Р.Т, Ц.Г нар хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсье. Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2376 дугаар магадлал ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар шуух хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэл байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байгаа. 1. ...Дээрх 3000LC-7 маркийн Экскаваторыг Д.Баясгалангаас 120 000 000 төгрөгийг худалдан авах мөнгөгүй байсан Ж.Баяраа /нэхэмжлэгч Н.Сгийн нөхөр/ нь 2014 оны 3 сараас Ц.Г, Р.Тбидэнрүү удаа дараалан утасдаж, “...Экскаватор худалдан авах боломжгүй болсон. Та хоёр өөрсдийнхөө 2900LC-7 маркийн Экскаватороо түрээсэлчих би Орхон-Уул аймагт “Их хаадын цуваа” ХХК-тай хамтран ажиллахаар гэрээ байгуулчилаа. Энд чиний Экскаваторыг ашиглаж мөнгө олох боломжтой байна. Чи Экскаватороо нэг сарын 24 000 000 төгрөгөөр надад түрээслээч, зөрүү 6 сая төгрөгийг нь бид авая, 18 сая төгрөгийг нь Ц.Г чи авчих, ах дүү хүмүүс байна бие биендээ туслаач...” гэдэг саналыг тэд удаа дараалан тавьсан. Бид тухайн үед дээр Дундговь аймгийн Хулд суманд дээр дурдсан иргэн Ч.Сайнерөөлтэй ажиллаж байсан ба түрээсийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан байсан учраас очих боломжгүй гэдэг хариуг өгсөөр 2014 оны 4 сар хүрсэн байдаг. Гэтэл Ж.Баяраа, төрсөн ах Ж.Шижирбаатар, миний төрсөн эгч Ц.Нямсүрэн нартай үгсэн тохирч удаа дараалан устаас холбогдож “...гэрээгээ цуцлаад хүрээд ирээч, төрөл садан хүмүүс байна бие биендээ нэг боломж олдсон дээр нь тусалмаар байна. Экскаватор зөөвөрлөж, тээвэрлэх 5 000 000 төгрөгийн зардлыг гаргая, Та хоёр маань наад ажиллаа өөр хүнд хариуцуулдаг ч юм уу, эсхүл гэрээгээ цуцлаад хүрээд ир, ядаж энд наана чинь түрээслүүлж байгаа түрээсийн төлбөрөөс өндөр учраас, унц нь илүү байна. Тэглээч 3-4 жилийн урт хугацаатай ажил байна ...” гэх мэтчилэн ятгалгыг, гуйлтыг хийсээр гэрээг цуцлуулах хэмжээнд хүргэсэн. Бид гэр бүлийнхээ ганц мөнгө олдог 2900LC-7 маркийн Экскаватороо хаана ч ажил хийгээд мөнгө олохоос хойш, ах дүү нартай, болон төрсөн эгчдээ туслая гэдэг сэтгэл зүрхэнд үүсч Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших Түймэрт цагаан гэх жоншны талбайд ажиллаж байсан Ч.Сайнерөөлтэй хийсэн түрээсийн гэрээг цуцлах тухайгаа хэлж, гэрээг цуцалж, гэрээг цуцалсны дагуу “Өнө орших маргад” ХХК-тай гэрээ хийж Хьюндай компанийн 2900LC-3 маркийн Robex Экскаваторыг түрээслэж, Дундговь аймгийн Хулд сумын Түймэрт цагааны жоншны ордод ажиллуулахаар үлдээж, Ч.Сайнерөөлтөөс урьдчилан авсан байсан түрээсийн төлбөр 10 сая төгрөгөө буцаан өгч, гэрээ цуцалсны дагуу төлбөр нэмж төлж ийм их хохиролтойгоор гэрээг цуцалсан. Энэ нь хэрэгт хавсарган өгсөн гэрээ, баримтуудаар нотлогддог. Мөн гэрчүүдийн мэдүүлэг, утсаар холбогдож ярьсан тэмдэглэл, тэд нарын тайлбар зэргээр анхан шатны шүүх дээр нотлогдсон. Ингээд бид Ж.Баяраад түрээслүүлэхээр харилцан тохиролцож тээвэрлэлтийн 5 000 000 төгрөг шилжүүлсний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 20-нд Ж.Баяраатай экскаваторыг түрээслүүлэхээр Эрдэнэт хотод хүргэж өгсөн. Ингэж хүргэж өгөхдөө Ж.Баяраад экскаваторыг хүлээлгэн өгч, түрээсийн гэрээг байгуулахаар өгсөн. Түрээсийн гэрээний төслийг өгч үлдээсэн. Ж.Баяраа нь “...гэрээт ажлуудаа тодорхой болгочоод зураад араас чинь явуулая гэж...” хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй, хавтаст хэрэгт ч гаргаж өгөөгүй байдаг. Үүнийг анхан шатны шүүх хуралдаан дээр гаргуулахаар хүсэлт гаргасан өмнө болон сүүлд болсон шүүх хуралдааны өмнө авахыг удаа дараалан шаардаж байсан. Нэхэмжлэгч Н.С өмгөөлөгч танд байгаа юу, манайд нэг хувь нь байгаа гэх зэрэг анхан шатны шүүх хуралдаан дээр ярьж байснаар нотлогддог. Бид өөрт байсан нэг хувиа хавтаст хэрэгт өгсөн байгаа. Анхан шатны шүүх дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хангалттай тодорхой уншиж танилцаж, 4-5 цаг хуралдан байж шийдвэр гаргаж, үнэн мөнийг олж хэргийг шийдвэрлэдэг. Харин давж заалдах шатны шүүх 20-30 минут хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг хангалттай тодорхой ойлгодоггүй, хэн хэний хооронд ямар харилцааг үүсээд байгаа ч сайн олж тогтоогоогүй. СД дээр буулгасан Баяраа, Н.С, Д.Д нарын яриаг судалдаггүй. Магадлалынхаа үндэслэлийг бичихдээ бүхэлд нь хянаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлийн талаар ерөөсөө хангалттай тодорхой үндэслэл бичдэггүй. Зөвхөн нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүх үндэслэлийг дурдан бичиж, бидний шүүхэд гаргасан өгсөн баримтуудыг нэг ч дурдалгүй магадлал гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр магадлал хэрэгт авагдсан баримт, дээр үндэслэл бүхий гарах хуулийн шаардлагыг огт хангаагүй болно. Төрийн байгууллагад ажилладаг Н.С бидний Экскаваторыг авч, аль заваар нь ажил хийлгүүлж ашиг олох гэдэг ойлгомжгүй тул бид Н.Сг Экскаватор түрээслэе гэж хэлсэн бол зөвшөөрөхгүй байх байсан. Харин насны хувьд адил Ж.Баяраа нь өөрөө гардан хийнэ. Мөн Ж.Шижирбаатар ах бидэнд итгэж болно. Ц.Нямсүрэн эгч чинь хүртэл дэмжиж байгаа, ах дүү нараа бодооч гэсэн гуйлтынх нь дагуу бид Экскаваторыг түрээслүүлсэн. Тэрнээс экскаваторыг худалдах хэлцэл хийх нь битгий хэл, амаар ч тийм тохироо хийгдээгүй байдаг. Үүнтэй холбоотой нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Зөвхөн үгсэн хувилдсан гэрч Ж.Шижирбаатар, Ц.Нямсүрэн нарын зөрүүтэй худал мэдүүлэг л байдаг. Энэ нь үгсэн хувилдсан бодит үнэнд нийцэхгүй худал мэдүүлэг учраас давж заалдах шатны шүүх үнэлж дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. 2. Robex 2900LС-7 маркийн экскаваторыг түрээслүүлсэн тухайд: 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс Эрдэнэт хотод ажил гүйцэтгэхээр аваачсны дагуу ажил гүйцэтгэж эхэлсэн. Эрдэнэт хот руу Экскаваторыг траллераар тээвэрлэхэд түрээслэгч талаас гаргах зардал 5 000 000 төгрөгийг Ж.Баяраа нь өөрийн эхнэр Н.Сгаар шилжүүлүүлсэн байдаг. Энэ нь түрээслэж буй тал өөрийн түрээсийн үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд Экскаватор тээвэрлэх зардлыг гаргадаг зарчмын дагуу явагдсан байдаг. Тэрнээс Экскаваторыг худалдаж байгаа тохиолдолд худалдагч нь худалдан авагчид шилжүүлэн өгөхтэй холбоотой зардлыг гаргуулдаггүй. Үүнийг хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбараараа нотолдог. Экскаваторын 2014.04 сараас 2014.11 сар хүртэл түрээслэх хугацаандаа түрээслэгч Ж.Баяраа нь түрээсийн төлбөрийг сар бүрийн эхэнд буюу түрээсийн үйл ажиллагаа эхэлсэн 2014.04.20, 05.20 гээд түрээсийн төлбөрийг өгөөд явах хуваарийг тохирсон байсан. Гэтэл Ж.Баяраа нь энэ хуваарийн дагуу түрээсийн төлбөрийг төлөөгүй. Энэ нь хэрэгт авагдсан бидний 5018055295, 5462074345 тоот Хаанбанкны дансны хуулгаас нэхэмжлэгчийн гаргасан банкны баримт, шүүх хуралдаан дээр гаргасан он сартай нь хэлсэн тайлбараас тодорхой харагддаг. 2014.06.07-ны өдөр бидний Хаан банкны 5462074345 тоот дансанд Нямсүрэнгээс 9 000 000 төгрөг, Д.Доос 5 000 000 төгрөг орж ирсэн. Баяраад энэ юун мөнгө орж ирсэн болохыг, өөр хүний данснаас мөнгө шилжүүлээд байна. Чи өөрийнхөө данснаас шилжүүл гэхэд Баяраа “...ажил сайн явж байгаа өмнөх сарын мөнгийг хоцроосон учраас 6 сарын мөнгийг мөнгө ороод ирэхээр нь урьдчилаад 14 000 000 төгрөг хийж байгаа юм. Үлдэх 4 сая төгрөгийг удахгүй шилжүүлнэ. Төрөл садан хүмүүс байна хэн ч шилжүүлсэн яах уу. Та Д.Дийг танина биздээ бид мөнгө аваад шилжүүлээ аваад байж бай гэдэг зүйлийг хэлээд өнгөрсөн. Түүний дараа 6 сарын 4 сая төгрөг, 7 сарын 18,000,000 сая төгрөгийг Ж.Баяраа огт өгөөгүй. Тэр хугацаанд Экскаваторт эвдрэл гэмтэл ганц хоёр хоног гарч миний бие Ц.Г Улаанбаатар хотоос сэлбэг авч Эрдэнэт орж засвар хийсэн. Үүнтэй холбоотой бүх фото зураг хэрэгт авагдсан. Хүн Экскаваторыг түрээслэсэн бол засвар үйлчилгээг нь хийгээд хариуцаад түрээслүүлэх ёстой. Гэтэл худалдсан бол хэнч засвар үйлчилгээ хийгээд яваад байх боломжгүй. Энэ нь бидний нийгэмд байгаа бодит хэлцэл, бодит зүйл. Засвар үйлчилгээ хийж байсан тухай Ж.Шижирбаатар ах ч мэдүүлэгтэй хэлсэн байдаг. 1 хавтаст хэргийн анхан шатны шүүхийн анхны шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа болно. Иймээс түрээсийн гэрээ байгуулагдаж байсан түрээсийн төлбөрөө цаг тухайд нь эхлээд сүүлдээ өгөхөө байсан гэдэг дээрх баримт, нотолгоогоор нотлогддог. Түүнээс хойш Ж.Баяраа Экскаваторын түрээсийн төлбөрийг төлөөгүй. Удаа дараа шаардаж очиход хийж байгаа ажлаа харуулаад энэ хүмүүс мөнгөө өгвөл шилжүүлчих нь гэдэг зүйлийг яриал явуулдаг байсан. Дээрх гурван хүнээс Экскаваторын түрээсийн төлбөрт нийтдээ 59 000 000 төгрөг шилжин орж ирсэн. Энэ нь 3 сар 5 хоногийн түрээсийн төлбөр байдаг. Траллерийн төлбөрийг түрээсийн төлбөрт оруулдаггүй. Харин Ж.Баяраа нь дээр дурдсан 3 хүнээс гадна өөрөөсөө Баяраа гэсэн гүйлгээний утгаар 2014.09.24-ний өдөр АТМ-ээс 500 000 төгрөгөөр 2 удаа нийт 1 000 000 төгрөг, 9.25-нд 1 200 000 төгрөг, 2014.09.30-нд Баяраа 980 000 төгрөг, 2014.11.10-ны өдөр Ж.Баяраа 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ нь нийт төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ нийт дээрх дөрвөн хүнээс 64 180 000 төгрөг Экскаваторын түрээсийн төлбөрт шилжиж орж ирсэн байдаг. Энэ нь 3 сар 15 хоногийн түрээсийн төлбөрийг 2014.04.20-2014.11.20-ны өдрийг хүртэл 7 сарын түрээсийн төлбөрөөс дутуу төлсөн байдаг. Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч Н.Сгийн нэхэмжилсэн мөнгийг ямар үндэслэлээр хангаж шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй. Ж.Баяраа, Нямсүрэн, Д.Д нар бүгд Экскаваторын түрээсийн төлбөрийг шилжүүлсэн байхад ганцхан Н.С нэхэмжлэх эрхтэй түүнд бид түрээсийн төлбөрөө худалдсан болгож буцаан өг гээд магадлал гараад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн бидний Экскаваторыг Ж.Баяраа өөрийн мэдэлдээ 2014.04.20-11.20-ны өдөр байлгаж, дээрх доор ажлуудыг хийсэн байдаг. Үүнд: -Орхон-Уул аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн сургуулийн буурь ухах ажил, -Ахмадын ордны суурь ухах ажил, Орхон аймгийн зээлийн хороололд барилгын суурь ухах ажил, Орхон-Уул аймгийн Баянцагаан багт ПДУ-гийн ажилчдын байрны цэвэр бохир усны шугам 450 метр газар шорооны ажил, -Орхон-Уул аймагт баригдсан Надежадаа хорооллын суурь, шугамын ажил гэх зэрэг, бусад ажлуудыг хийсэн болох нь шилжүүлгийн баримтууд, мөн анхан шатны шүүх хуралдаан дээр Н.С, Экскаваторыг түрээслэж олж байсан орлогоосоо Ц.Г, Р.Тнарт, түрээсэнд шилжүүлдэг байсан гэдэг тайлбараар нотлогддог. Мөн Ж.Баяраа нь Экскаваторыг түрээслэж Надежадаа хорооллын 20 дугаар байр, 1 дүгээр орц, 18 тоотод нэг өрөө байр, хувьдаа ковш зэрэг эд хөрөнгүүдийг түрээсэндээ авсан байдаг. Бид нэхэмжлэгч Н.Стай бус түүний нөхөр Ж.Баяраатай экскаваторыг зориулалтынх нь дагуу түрээслүүлэхээр ИХ-ийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний хэлцэл хийж, Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу амаар хэлцэл хийгдсэн, иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн үйл явдал бий болсон нь бодит нөхцөл байдлаар тогтоогдсон, биеллээ олсон ийм л харилцаа үүссэн. Гэрээг байгуулсан боловч шүүхэд өгөлгүй хорон муу санааг агуулж, түрээсэнд шилжүүлсэн мөнгөө, худалдсан болгож буцаан шаардаж байгаа нь хууль бус гэдэг нь илэрхий ойлгомжтой байна. Бодит нөхцөл байдал дээр түрээсийн төлбөрийг хэсэгчлэн шилжүүлж байсан талаарх баримт, гэрчүүдийн мэдүүлэг, түрээсийн төлбөрийг шаардаж байсан ярианы бичлэг, түрээсийн төлбөрөө шилжүүлнэ гэж байсан ярианы бичлэгүүд, түрээсийн төлбөрийг шилжүүлнэ гэж байсан нэхэмжлэгчийн нөхөр Ж.Баяраагийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар түрээсийн харилцаа үүссэн, энэ талаарх харилцааг дахин дахин тодорхойлж нотолсон баримтууд хэрэгт авагдсан байдаг. 4. Нэхэмжлэлийн шаардлагууд хангагдах үндэслэлгүй болохын тухайд: Нэхэмжлэгч Н.С нь анх нэхэмжлэл гаргахдаа 43 сая төгрөгөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Сүүлдээ тооцоо буруу хийсэн гээд 37 680 000 төгрөг болсон. УДШ- ээс анхан шатны шүүх рүү буцсаны дараа 38 700 000 төгрөг болсон. Чухам ямар үндэслэлээр ингэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр зохиож нэмээд хасаад байдаг нь ойлгомжгүй. Хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан баримтууд л хэрэгт бодитоор байхад чухам ямар үндэслэлээр 38 700 000 төгрөг болоод магадлалаар хангаад байгаа нь ойлгомжгүй үндэслэлгүй байдаг. Нэхэмжлэгч Н.С нь болохоор эхний ээлжинд 40 000 000 сая төгрөгийг өгчихвөл болно гэдэг зүйлийг ярьсан гэж хариуцагч нарыг хэлдэг. Гэтэл гэрч Ц.Нямсүрэн, Ж.Шижирбаатар нар 60 000 000 төгрөгийг өгчүүл болох гээд байна. Ж.Шижирбаатар би экскаваторыг хамтарч худалдаж авахаар тохирсон гэх зүйлийг ярьсныг шүүх магадлал гаргахдаа огт анхаараагүй. Анхны шаардлага, явцын дунд гаргасан шаардлага, урьдчилан төлсөн байхыг шаардсан үнэ зэрэг нь бүгд зөрүүтэй байдаг. Мөн Д.Дийн нэхэмжлэлийн үндэслэлдээ “Ц.Гтай Ж.Баяраа нь 80 000 000 сая төгрөгийг төлөөд үлдэх 40 сая төгрөгийг экскаваторыг ажлуулаад олсон орлогоосоо 50 хувийг сар бүр төлөөд барагдуулна...” гэж тохиролцсон зэрэг бүгд зөрүүтэй, бусдыг төөрөгдүүлсэн гэрчийн мэдүүлэг, үгсэн хувилдсан тайлбарыг гаргасаар байхад үндэслэлтэй гэж үзээд байгаа нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх нотлох баримт болж чадахгүй баримтыг үндэслэж магадлал гарчээ гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Д.Дийн нэхэмжлэлд нэхэмжлэгч Ж.Баяраа нь бэлэн мөнгө гар дээр нь байхгүй байсан тул Ц.Гтай тохирсон хэлцлээ надад тайлбарлан 25 000 000 төгрөгний хөрөнгө оруулалт хийгээч, гэхдээ энэ мөнгө экскаваторын төлбөрт Ц.Г, Р.Тнарын дансанд хийцгээе. Экскаваторын төлбөрийг бүрэн дуусгаад Баяраа эзэмшилдээ шилжүүлэн авсны дараагаар Экскаваторыг ажиллуулж олсон орлогоо хувь тохирч хувааж авч байхаар тохирсон гэж үндэслэлдээ бичдэг. Энэ бол Ж.Баяраагийн залилангийн гэмт хэрэг хийсэн асуудал байдаг. БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016.11.17-ны өдрийн 6690 дугаар шийдвэртээ “...нэхэмжлэгч Д.Д өөрийн хүсэл зоригийн үүднээс хариуцагч нартай хэлцэл хийж дурдсан мөнгийг шилжүүлээгүй, иргэн Ж.Баяраагийн хүсэлтээр түүний өмнөөс зохих төлбөрийг гүйцэтгэсэн нь нэхэмжлэгч Д.Д, иргэн Ж.Баяраа нарын хоорондын тохиролцоо, хэлцлийн үр дагаварыг хариуцагч нар хүлээхгүй, хариуцагч нарт хамааралгүй болохыг зөв дүгнэсэн. Мөн 2017.08.23-ны өдрийн 2604 дүгээр шийдвэрээр дээрх дүгнэлтийг дахин хийж, Д.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг Үндсэндээ бол Гэрч Ж.Шижирбаатар, Ц.Нямсүрэн, Н.С нар нь анхан шатны шүүх дээр Д.Дийн гэрт нь очиж 25 000 000 төгрөгийг зээлж авсан болохыг гэрчилдэг. Д.Дийн нэхэмжлэлийн шаардлага 25 000 000 төгрөг байж байгаад 24 500 000 болсныг Давж заалдах шатны шүүх магадлалдаа 1-р нүүрэнд шаардах эрхийг нь 25 000 000 төгрөг гаргуулах гээд байгаа юм бол 24 500 000 болгоод хангаж шийдвэрлээд алдаатай магадлал гаргаад байгаа нь ойлгомжгүй. Бид Д.Дийн анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаас харахад Ж.Баяраа нь бидний экскаваторыг бусдад худалдсан болж таарч байгаа юм. Энэ нь бусдын өмчлөлийн зүйлийг хууль бусаар бусдад худалдсан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүссэн байгаа болно. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарыг шүүх 2 жилийн хугацаанд хянан шалгаж, хэргийн оролцогчдоос гарч болох бүхий л баримтуудыг гаргуулан авч, Ц.Г, Р.Тнартай Д.Д, Н.С нар ИХ 243 дугаар зүйлд заасны дагуу гэрээ хийгдээгүй болохыг зөв үнэлж дүгнэсэн. Мөн Д.Д ИХ-д заасны дагуу өөрийн хүсэл зоригийн үүднээс хариуцагч нарт мөнгийг шилжүүлээгүй, Иргэн У.Баяраагийн хүсэлтээр түүний өмнөөс Ц.Г, Р.Тнарт шилжүүлсэн, Д.Д Ж.Баяраа нарын хоорондын тохиролцоо, хэлцлийн үр дагаварыг хариуцагч нар хүлээгүй, хариуцагч нарт хамааралгүй болохыг зөв үнэлж дүгнэсэн. Мөн нэхэмжлэгч нарын тайлбар, гэрч Ж.Шижирбаатар, Ц.Нямсүрэн нарын мэдүүлгээр Д.Доос 25 000 000 төгрөгийг Н.С, Ж.Баяраа, Ж.Шижирбаатар, Ц.Нямсүрэн бид очиж, зээлж авсан гэдгийг мэдүүлэгтэй өгсөн. Энэ нь бидэнд ямар ч хамаагүй, түрээсийн төлбөрөө өг гэхлээр нь Д.Доос мөнгө зээлж, хийж байгаа ажлаа үзүүлж, сард 24 сая төгрөг олдог гэж хэлэн авсан болох нь хангалттай нотлогдсон. Тиймээс Д.Д Ж.Баяраад зээлүүлсэн мөнгөө Ц.Г, Р.Тнараас шаардаж гаргуулан авах бус Ж.Баяраагаас гаргуулан авах нь зүйд нийцнэ. Мөн экскаваторыг түрээслэж төлбөрөө шилжүүлж байсан атлаа, худалдах гэж хэлцэл хийсэн болгож, үүнийгээ баримтаар нотлоогүй атлаа шаардлага гаргаж нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Зөв үнэлж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлд нийцсэн болно. 5. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйлийн 37.2 даь хэсэгт “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно...” гэж заасан тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж дүгнэж, Гэрч Ц.Нямсүрэнгийн экскаваторын төлбөрт 19 500 000, дараа нь 5 000 000 төгрөг Ц.Гын данс уруу шилжүүлсэн...” гэж тайлбар өгсөн байдаг. Гэвч бодит нөхцөл байдал дээр 5 000 000 төгрөгийг шилжүүлээгүй болохыг дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар Ц.Нямсүрэн шилжүүлээгүй болохыг дээр дурдсан байдаг. Мөн Ж.Шижирбаатарын гэрчийн мэдүүлэгт “...манай гэрийн хашаанд экскаваторыг авчирсан байсан...” гэдгийг нь тасдан авч бичсэн байдаг. Гэтэл Ж.Шижирбаатар нь “....Д.Баясгалан 3000LC-7 маркийн экскаваторыг өөрийнхөө хашаанд авчирсан болохыг гэрчийн мэдүүлэгтэй хэлснийг тасдан Robex 2900LC-7 маркийн экскаваторыг авчирсан мэтээр магадлалд бичсэн. Мөн магадлалд дурдсан Ц.Нямсүрэнгийн гэрчийн мэдүүлэгт “...Экскаваторыг эхлээд 60 000 000 төгрөг өгөөд ав, Ж.Шижирбаатарын мэдүүлэгт эхлээд 40 000 000 сая төгрөгийг өгчихвөл бусдыг нь хийсэн ажлаасаа төлчих...” гэсэн зөрүүтэй мэдүүлэг байхад шүүх анхаар ч авч үзээгүй. Мөн гэрч Н.Жаргалсайханы хавтаст хэргийн 116, 117 дугаар талд байгаа мэдүүлгээс тасдан авч, мэдэхгүй зүйлийнх нь төлөө мэдүүлэг авсныг Rоbех 2900LC-7 маркийн экскаваторыг яг таг худалдахаар тохирсон болгож бичээд байгаа нь өөрөө хэтэрхий нэг талыг барьж хэрэг маргааныг шийдвэрлэжээ. Гэрч Н.Жаргалсайханы мэдүүлэгт Дундговь аймгийн Хулд сумаас Эрдэнэдэт Rоbех 2900LC-7 маркийн экскаваторыг түрээслэхээр хүргэсэн, мөн Баясгалан 3000LC-7 маркийн экскаваторыг худалдахаар Ж.Шижирбаатарын хашаанд буулгасан гэдгийг бүгдийг нь гэрчилсэн байдаг. Мөн нэхэмжлэгч Н.С, Д.Днарын тайлбараар хариуцагч нарын Rоbех 2900LC-7 маркийн Экскаваторыг худалдаагүй, түрээслэсэн гэдэг тайлбар нь няцаагдаж, худалдан авах гэрээнээс татгалзаж мөнгөө буцаан шаардах эрхтэй болох нь нотлогдсон гэж дүгнэсэн. Бид түрээслэсэн зүйлээ нотлох баримт дээр үндэслэж түрээслэсэн гэж маргааныг үүсгэсэн. Энэ хүрээнд 3 шатны шүүхээр явж байгаа. Гэтэл шүүх бидний энэ үнэн бодит байдлыг үгсэн хуувилдсан гэрчийн мэдүүлэг, эсрэг тал Н.С, Д.Днарын тайлбарыг үндэслэж худалдаагүй, түрээслэсэн гэдэг тайлбар нь няцаагдаж байна гэж үнэлж дүгнээд байгаад шүүхийн магадлал шүүхээр хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй. Түүнчлэн Д.Д хариуцагч нартай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй боловч тэдэнд Ц.Нямсүрэнгээр дамжуулан 19 500 000 төгрөг, 5 000 000 төгрөг орсон гэжээ. Бодит байдал дээр Rоbех 2900LC-7 маркийн экскаваторын түрээсийн 4 сарын төлбөрийг Ж.Баяраа 2014.05.26-ны өдөр Ц.Нямсүрэнгийн 5017112473 тоот дансаар шилжүүлсэн. Үүнийг дээр дурдсан. Хэрэгт бүх баримтууд нь байгаа. Харин шүүхийн магадлалд дурдсан 5 000 000 төгрөгийг Ц.Нямсүрэн 2014.06.07-ны өдөр шилжүүлээгүй. Харин Д.Д өөрөө шилжүүлсэн байдаг. Энэ нь 1-р хавтаст хэргийн 209 дүгээр талд дээрээсээ 4 дэх догол мөрөнд Ц.Нямсүрэнгийн данс 5017112473 тоот болохыг лавлаж тодорхойлсоноор батлагддаг. Гэтэл шүүх хэрэгт авагдсан Хаанбанкны депозит дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг магадлан үзэлгүйгээр Ц.Нямсүрэнгээр бүх шилжүүлэг хийсэн гээд дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй болох нь эндээс мөн харагддаг. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьж ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйлийн 37.2 даь хэсэгт “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно...” гэж зааснаа дүгнэлтэндээ баримтлаагүй. Зөвхөн нэхэмжлэгч талуудын нотлох баримтуудыг тасдан авч дүгнэлт өгч, хариуцагч талын нотлох баримтуудыг дурдалгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй магадлал гарсан байна. Иймээс магадлалд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Энэхүү хэрэг маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримт хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг бүхэлд нь харгалзан үзэж үнэлэлт дүгнэлт өгч, дотоод итгэлээрээ нөлөөнд оролгүйгээр 2 ч удаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг тодорхойлж бусдын өмнө хүлээсэн үүргийг нь өөр этгээд хүлээх боломжгүй болохыг, худалдан авах гэрээ амаар болон бичгээр байгуулагдаагүй болохыг, нөхрийнхөө нэрийн өмнөөс мөнгө шилжүүлсэн мөнгөө авахаар би нэхэмжлэх эрхтэй гээд байгааг үндэслэлгүй болохыг, үгсэн хуувилдаж хүнийг олуулаа нийлж дийлдэггүй болохыг, Түрээслүүлэхээр шилжүүлсэн эд хөрөнгийг бусдад хөрөнгө оруулалт авах замаар худалдаж болдоггүй болохыг, шаардлагаа зөв тодорхойлж чадаагүй, холбогдох этгээдээсээ шаардлага гаргах ёстойг, худлыг үнэнд нийцүүлж шийдвэрлэж болдог болохыг баталсан шийдвэрийг гаргасан. Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн магадлал гарсан тул хуульд нийцээгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг ойлголгүй, талуудын хооронд ямар харилцаа үүссэн гэдэг нь ойлгомжтой байхад, хэт нэг талыг барьж дүгнэсэн, хэргийн тал бүрээс нь бүрэн бодитойгоор бүхэлд нь хянаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн бодитоор үнэлж дүгнээгүй магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, 2604 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Н.С хариуцагч Р.Т, Ц.Г нараас 38 780 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Д.Д нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, хариуцагч нараас 25 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэг хариуцагч нарт холбогдох Н.С, Д.Днарын  нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүх хариуцагч нараас 38 780 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Сд, 24 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дид тус тус олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэж, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Зохигчид өөрсдийн байгуулсан гэрээг худалдах худалдан авах гэрээ, түрээсийн гэрээ гэж өөр өөрөөр тодорхойлсон, “үүрэг үүсгэсэн эрх зүйн харилцаа” маргааны зүйл болсон байна.

Нэхэмжлэгч Н.С нь 2900 LC-7 маркийн эксковаторыг 120 000 000 төгрөгөөр худалдан авахаар хариуцагч нартай тохирч, эксковаторын үнэд 38 780 000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нар эд хөрөнгөө буцаан авсан тул гэрээнээс татгалзсан гэж үзэж шилжүүлсэн мөнгийг буцааж шаардсан, нэхэмжлэгч Д.Д нь 25 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “...Н.С болон Р.Т, Ц.Г нарын хооронд худалдах худалдан авах гэрээ бус түрээсийн гэрээ байгуулагдсан гэж маргасан тул уг мөнгийг шилжүүлэх ёсгүй байсан, ...Р.Т, Ц.Г нарын өмнө үүрэг хүлээгээгүй тул мөнгөө буцааж гаргуулна...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч нар эксковаторыг худалдаагүй, харин түрээслүүлэхээр нэхэмжлэгч Н.С, түүний нөхөр Ж.Баяраа нартай тохирсон, нэхэмжлэгч Д.Дтой гэрээ байгуулаагүй, Д.Д нь Ж.Баяраагийн төлөх төлбөрийг өмнөөс нь төлсөн гэсэн үндэслэлээр маргаж, зохигчид мэтгэлцсэн байна. 

Хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгч Н.С хариуцагч нараас ...эксковаторыг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээж авсан, Н.С 38 780 000 төгрөгийг, Д.Д 24 500 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч нар эксковаторыг буцааж авсан үйл баримт тогтоогдсон байна.

Давж заалдах шатны шүүх гэрч Ц.Нямсүрэнгийн “...Ц.Г эксковатораа зармаар байна, эхлээд 60 000 000 төгрөгийг өгчихвөл бусдыг нь ажлаа хийгээд ашгаасаа хувааж төлж болно гэж ярьсан. Ж.Баяраа, Н.С нар...хашаа байшингаа зарж байгаад тал мөнгийг нь олоод өгье гэсэн ...Д.Д нь хөрөнгө оруулаад Ж.Баяраатай хамтарч ажиллахаар Ц.Гаас худалдаж авч байгаа эксковаторын төлбөрт 19 500 000 төгрөг, дараа нь 5 000 000 төгрөгийг Ц.Гын данс руу шилжүүлсэн ...” /хх110, 209, 210/ гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Шижирбаатарын ”...манай гэрийн хашаанд Ц.Г эксковатор авчирсан байсан. Бид ярилцаад худалдаж авах тухай яриа үүссэн. Эхний 40 000 000 төгрөгийг өгчихвөл бусдыг нь хийсэн ажлаасаа төлчих гэдэг саналыг Р.Т, Ц.Г хоёр гаргасан. Тэгээд 40 000 000 төгрөгийг өгчихсөн байхад эксковаторыг очоод авчихсан...Манай эхнэр ах дүү нараасаа бас мөнгө зээлсэн. Н.С, Д.Дхоёр мөнгөө нийлүүлж эксковатор худалдаж авсан...” гэж, /хх 112, 211, 212/, гэрч Н.Жаргалсайханы “...2900LC-7 маркийн машиныг би зарахад дургүй байсан. Энэ хүмүүсийн хоорондын яриагаар эксковаторыг худалдаж авахаар болоод надаар буулгуулсан..” /хх116, 117/ гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч Н.С, Д.Днарын тайлбар зэрэг баримтад тулгуурлаж, зохигчдын хооронд 2900LC-7 маркийн эксковаторыг худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг худалдах, худалдан авах гэрээ гэж тодорхойлсон нь хэрэг байгаа баримтад тулгуурласан байна.

Зохигчийн хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдагч тал  гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний талууд өгсөн авснаа буцаах үр дагавартай болно.

Нэхэмжлэгч нь өөрийн шилжүүлсэн 38 780 000 төгрөгөөс гадна Д.Дийн шилжүүлсэн 24 500 000 төгрөгийг хамтатгаж тооцоход нийт 63 780 0000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нар нэхэмжлэгч Н.С, түүний нөхөр Ж.Баяраа нараас нийт 64 180 000 төгрөгийг түрээсийн төлбөрт авсан гэж маргасан байна. Эдгээр шилжүүлсэн мөнгө нь түрээсийн төлбөр бус эд хөрөнгийн үнэ тул гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд өгсөн авснаа буцаах үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч нартай гэрээ байгуулаагүй боловч хариуцагч нарт Ц.Нямсүрэнгээр дамжуулан 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 19 500 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 24 500 000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр уг мөнгийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна. Хариуцагч нарын зүгээс уг мөнгийг түрээсийн төлбөрт шилжүүлсэн тул Д.Д шаардах эрхгүй гэж маргасан хэдий ч Н.С болон Р.Т, Ц.Г нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээнээс татгалзсан тул хариуцагч нар мөнгийг буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Н.С нь 24 500 000 төгрөгийг шаардах Д.Дийн эрхийг маргаагүй байна.

Хариуцагчийн зүгээс “эксковатор түрээсийн гэрээгээр ажиллуулах тухай гэрээ” гэх баримтыг нэхэмжлэгчид өгсөн байсан, энэ нь түрээсийн гэрээ байгуулагдсан гэдгийг нотолно гэж мэтгэлцсэн боловч уг гэрээнд талууд гарын үсэг зураагүй, гэрээ байгуулагдаагүй тул түүний татгалзал үндэслэл муутай байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хэлцэл хийгдсэн гэж үзэх”-ийг заасан байдаг тул, энэ шаардлагыг хангаагүй хэлцлийг байгуулагдаагүй гэж үзнэ. 

Түүнчлэн хариуцагч нар Ж.Баяраатай ярилцсан ярианы бичлэг, Н.С, Д.Днартай тус тус ярьсан ярианы бичлэг гэх баримтыг СД хэлбэрээр, уг яриаг бичгээр буулгасан баримтыг шүүхэд гаргасан боловч уг баримтыг нэхэмжлэгч нар эсэргүүцжээ. Бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой аливаа мэдээлэл буюу нотлох баримт нь хуульд заасан арга хэрэгслээр бүрдэх хуулийн шаардлага байдаг тул дээрх баримтыг уг шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь ямар нөхцөл байдалд, яаж бичлэг хийсэн, энэ талаар хэн аль нь мэдсэн, бичлэг хийлгэхийг хүссэн эсэх зэрэг асуудал тодорхой бус, зохигчид уг баримтын талаар маргасан байв.

Хариуцагчийн хяналтын гомдолд заасан үндэслэлээр магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2376 дугаар  магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн   474 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА