Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0149

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ү.А нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаар шийдвэртэй, Б.Г-н нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сонгуулийн хороонд холбогдох, захиргааны хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн дахь  захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай Төлөөлөгчөөс түдгэлзүүлэх тухай” тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Г-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн сонгуулийн хороонд холбогдох  захиргааны хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд тус хэргийн шүүх хуралдаан 2021 оны 01-р сарын 06-ны өдөр цахимаар явагдсан болно.

Улмаар шүүгчийн зүгээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн хэдий ч тус шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөвөөр дүгнэж чадаагүй, мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ийм хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын сонгуулийн хорооны дарга Д.Б миний бие 2021 оны 01-р сарын 06-ны өдрийн дугаар 01 шүүхийн шийдвэрийг 2021 оны 01-р сарын 19-ны өдөр гардан авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгч хэргийн бодит нөхцөл байдлыг буруу үнэлэн, хуулийг буруу хэрэглэж, хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан тухайд: Нэхэмжлэгч иргэн Б.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” хэмээн заасанчлан Аймаг, нийслэл, сум, дүүргийг иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд оролцох, өрсөлдөх энэхүү эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Гагцхүү ийнхүү Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэхдээ хуулийн шаардлагыг бүрэн хангасан байх ёстой юм.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” хэмээн заасанчлан нэхэмжлэгч Б.Г өөрийн сонгогдох эрхийг эдлэхдээ бусад эрхийг зөрчих огт болохгүй бөгөөд Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуульд ч энэхүү агуулгыг маш тодорхой тусгагдсан.

Тухайлбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:”, мөн зүйлийн 28.3.1-д “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөр зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх” хатуу хуулийн шаардлагыг тусгасан.

Энэхүү хуулийн зохицуулалт нь тухайн нэр дэвшигч хуулийн дээрх шаардлагыг зайлшгүй ханган сонгуульд өрсөлдөх ёстой тухай заасан бөгөөд зөвхөн нэр дэвшигчээр бүртгүүлэхээр сонгуулийн хороонд тус хуулийн 31.2.1-31.1.12-т заасан баримт бичгийг сонгуулийн хороонд ирүүлэх үед энэхүү шаардлага тавигдана гэх ойлголт байхгүй бөгөөд сонгуулийн бүхий л үе шатанд тухайн нэр дэвшигч хуулийн дээрх хатуу шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл, нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт 21,671,181 төгрөгийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй болох сонгуулийн санал хураалт явагдаж дууссаны дараа тогтоогдсон бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлшгүй нотлогдсон.

Тодруулбал, хэргийн материалд авагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Х-ийн 2020 оны 04-р сарын 16-ны өдрийн дугаар 176 захирамж, тус шүүгчийн 2020 оны 09-р сарын 10-ны өдрийн дугаар 1462 “Шүүхийн шийдвэрийг  албадан гүйцэтгүүлэх тухай захирамж”, тус шүүхийн 2020 оны 09-р сарын 10-ны өдрийн дугаар 362 “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас”, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн гүйцэтгэх гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 10-р сарын 07-ны өдрийн “ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2020 оны 09-р сарын 30-ны өдрийн 01/1041 тоот албан бичиг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 12-р сарын 18-ны өдрийн 03/2074 тоот албан бичиг зэргээр нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авч, зээлээ эргэн төлөөгүйн улмаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж, төрийн байгууллагаас түүний төлөх ёстой төлбөрийг албадан төлүүлсэн болох нь хэрэгт авагдсан эдгээр баримтын хүрээнд хангалттай тодорхой нотлогдож байна.

Гэвч шүүхийн зүгээс нотлох баримтаар бүрэн нотлогдсон энэхүү нөхцөл байдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасанчлан үнэлэлгүйгээр, Үндсэн хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн, тухайн нөхцөл байдлаа нэр дэвших үедээ нуун дарагдуулсан этгээдийн зөв мэтээр хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй болохыг харуулж байна. Түүнчлэн, сонгуульд нэр дэвших үедээ өөрийн өр төлбөртэй нөхцөл байдлаа Сонгуулийн хорооноос нуун дарагдуулж, тухайн нөхцөл байдал нь сонгуулийн санал хураалт явагдсаны дараа илэрмэгц өр, төлбөрөө төлж барагдуулсан этгээдийг иргэдийн төлөөлөгч сонгогдсонд тооцох нь Үндсэн  хууль болон Аймаг, нийслэл,сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд огт нийцэхгүй болохыг дахин дурдъя

2. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд Шүүхийн зүгээс 2021 оны 01-р сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу иргэн Д.Д-ийг гэрчээр асуусан байх бөгөөд тухайн гэрч нь " ... миний барьцаа хөрөнгө хүрэхгүй байсан тул Б.Г-ийг сум хөгжүүлэх сангаас зээл аваад өгөөч гэж гуйсны дагуу 20.000.000 төгрөгийн зээл авахуулсан. Тэр үед Б.Г санал тавихад зөвшөөрч зээл авч өгсөн” тухай мэдүүлсэн байна. Энэхүү нотлох баримтыг шүүхийн зүгээс шүүх хуралдааны өмнөх өдөр цахимаар явуулсан болно. Үүнтэй холбогдуулан хариуцагч Д.Байгалмаа миний хууль ёсны өмгөөлөгч Ү.Амарбатын зүгээс шүүх хуралдааны өдөр 1.Гэрчийг хэргийн оролцогчдын байлцуулан дахин асуулгах, 2. Энэхүү нөхцөл байдалтай холбоотой нотлох баримтыг холбогдох шүүхээс гаргуулах хүсэлтийг гаргасан хэдий ч шүүгч энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгон шууд шүүх хуралдааныг явуулсан болно.

Захиргааны хэргийн шүүхийн зүгээс шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлсэн гэрчийг асуусан хэдий ч тухайн гэрчийг хэрэг оролцогчдыг байлцуулан дахин асуух боломж байсаар байхад ийнхүү хуульд нийцүүлэн дахин гэрчийг асуулган, шүүхийн мэтгэлцэх зарчмыг хангаж ажиллагаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна.

Мөн, тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэснээс хамааран эрх, хууль ёсны ашиг Сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох иргэн тухайн сонгуульд оролцон Б.Г-т ялагдсан иргэн Б.Д болон бусад нэр дэвшигчид, тэдгээрийг төлөөлөх намын хороо зэрэг этгээдүүд энэхүү маргаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг бичгээр гарган шүүхэд ирүүлсэн байх хэдий ч шүүгчийн зүгээс энэ тухай мэдээллийг хэргийн оролцогчдод шүүх хуралдааны үед мэдээлсэн бөгөөд тэдгээр этгээд нь шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн эсэх нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

Тэрчлэн, шүүх хуралдааны өмнөх өдөр шүүгчийн туслахын зүгээс хэргийн материалыг хэргийн оролцогчдод бүхэлд нь ирүүлсэн хэмээн утсаар мэдэгдсэн боловч цахимаар ирүүлсэн материалууд нь ямар ч дугаарлалтгүй, мөн гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гарсан талаарх баримт болон шаардлагатай бусад баримтуудыг бүрэн дүүрэн ирүүлээгүй болохыг шүүх хуралдааны үед мэдсэн зэрэг нь хэргийн оролцогчид хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцаж, түүн дээр үндэслэн, шүүх хуралдаанд үндэслэл бүхий мэтгэлцэн шүүх хуралдаанд орох эрхийг мөн зөрчсөн болно. Зүй нь бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцсэн, хэргийг хянан хэлэлцэх явцад шаардлагатай бүхий л ажиллагааг хийж, талуудын оролцоог сайтар ханган ажиллаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ, "мөн зүйлийн 6.2-т “ Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” хэмээн заасанчлан бүхий л үе шатанд мэтгэлцэх зарчмыг шүүх ханган ажиллах ёстой юм. Гэтэл шүүхийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд бүрэн ажиллалгүй, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлсэн атлаа хариуцагч болон бусад үйл баримттай холбоотой нотлох баримтыг хэрэгт бүрэн бэхжүүлэлгүйгээр хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хуульд нийцэхгүй байна.

Иймд, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01-р сарын 06-ны өдрийн дугаар 01 шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул тус шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, анхан шатны шүүхээс хууль буруу хэрэглэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч Б.Г-ээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын сонгуулийн хорооны даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Мандал сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10, 11 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          1.Маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 10 дугаар тогтоолоор[1] “нэхэмжлэгч Б.Г-ийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” урьд гаргасан 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр тогтоолоо[2] хариуцагчаас хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Б.Ганжигүүрийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасч” шийдвэрлэсэн байна.

          Харин маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Төлөөлөгчөөс түдгэлзүүлэх тухай” 11 дүгээр тогтоолоор[3] “Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 10 өдрийн 1462 дугаар захирамжаар хугацаа хэтэрсэн өр төлбөртэй болох нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэгч Б.Г-ийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцохоос түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчээс “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг хүчингүй болгох хуулиар заасан үндэслэлд хамааралгүй үндэслэлээр акт гаргасан, төлөөлөгчөөс түдгэлзүүлэх хуулийн заалт байхгүй” гэж, хариуцагчаас “нэр дэвшихдээ хуулийн шаардлагыг хангаагүй байсан, өр төлбөртэй байснаа нуун дарагдуулсан,  шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөртэй болох нь сонгуулийн санал хураалт явагдаж дууссаны дараа тогтоогдсон” гэж тус тус маргажээ.

          Шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23135 тодорхойлолтоор[4] “Б.Ганжигүүр нь шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй” гэж тодорхойлсон, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшихдээ нэхэмжлэгч Б.Ганжигүүр нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өр төлбөрийн мэдүүлгийн баримтад[5] “...хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих ...батлан даалтын өр төлбөргүй” гэж мэдүүлжээ.

          Гэвч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 196 дугаар захирамжаар[6] “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 21,671,281 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Г төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэж, уг шүүгчийн захирамжийг Б.Г сайн дураар биелүүлээгүй учир Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1462 дугаар захирамжаар[7] албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол 2020 оны 10 дугаар сарын 07-ны гарч, үүний дараа төлбөрөө төлж барагдуулсан[8] үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсонд тооцсон[9] байна.

          Эдгээр баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч Н.Г нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор нэр дэвшигчээр бүртгүүлэх үед буюу 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр[10] Сэлэнгэ аймгийн Засаг даргад зээлийн өр төлбөртэй байсан гэдэг нь тогтоогдож байна.

          Гэтэл анхан шатны шүүхээс “нэр дэвшигчийг бүртгэж дуусах хугацаа буюу 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Б.Г нь бусдад хугацаа хэтэрсэн өр төлбөртэй болох нь тогтоогдохгүй байна.” гэж маргааны энэхүү үйл баримтыг буруу дүгнэсэн, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй боловч энэ үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

          Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1.-д “Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна: бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана:32.1.2.энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй,  32.2Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болно.”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.” гэж тус тус заасан.

          Харин уг хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Нэр дэвшигч энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо уг нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.”,  74.3-д “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.”, 74.6-д “Энэ хуулийн 74.3-т заасны дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулна. гэж тус тус зохицуулжээ.

          Эдгээр хуулийн зохицуулалтаас дүгнэхэд, уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтаар “нэр дэвшигчийг бүртгэх үед” бүртгэхээс татгалзах, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтаар “нэр дэвшигчийг бүртгүүлсний дараа” нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдвол “нэр дэвшигчийг бүртгэсэн” шийдвэрээ сонгуулийн хороо хүчингүй болгох, 74.2 дахь заалтаар энэ хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн нь “санал хураалтын дүн гаргахаас өмнө” шүүхийн шийдвэрээр тогтоогдвол сонгуулийн хороо “нэр дэвшигчийг бүртгэсэн тухай” шийдвэрээ хүчингүй болгохоор,  харин 74.3 дахь заалтаар энэ хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн болох нь “санал хураалтын дүн гарсны дараа” шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол сонгуулийн хороо “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” шийдвэрээ  хүчингүй болгох талаар тухайн тохиолдол бүрд ялгаатай байдлаар нарийвчлан зохицуулсан байна.

          Маргааны тохиолдлын хувьд, маргаан бүхий 10, 11 дүгээр актууд гаргах үед  сонгуулийн хорооноос нэхэмжлэгч Б.Г-ийг Сэлэнгэ аймгийн Баянхангайн 6 дугаар тойрогт 700 санал буюу 56.45 хувийн санал авсан үндэслэлээр “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 09 дүгээр тогтоол гаргасан байснаас үзэхэд цаг хугацааны хувьд “санал хураалтын дүн гарсны дараа” акт гарсан тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д заасан үндэслэл байгаа тохиолдолд хариуцагч сонгуулийн хороо Б.Ганжигүүрийг “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгох бүрэн эрхтэй.

          Харин хариуцагч сонгуулийн хорооноос маргаан бүхий 10 дугаар тогтоолыг гаргахдаа “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.4-д заасан “тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох шийдвэр гаргах, сонгуулийн дүн, шийдвэрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”-тэй холбоотой хуулийн заалтуудыг баримтлан “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” өмнө нь гаргасан 09 дүгээр тогтоолоо хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Б.Ганжигүүрийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуулийн нарийвчилсан зохицуулалтад нийцээгүй бөгөөд хуульд заагаагүй үндэслэлээр “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” шийдвэрийг хүчингүй болгосон, уг бүрэн эрхийг хуулиар хариуцагч сонгуулийн хороонд олгоогүй байна.

          Түүнчлэн  хариуцагч сонгуулийн хорооноос маргаан бүхий 11 дүгээр тогтоолыг гаргахдаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, 74.6-д заасныг баримтлан нэр дэвшиж сонгогдсон нэхэмжлэгчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцохоос түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь мөн дээрхи хуулийн нарийвчилсан зохицуулалтад нийцээгүй бөгөөд хуульд заагаагүй үндэслэлээр “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцохоос түдгэлзүүлэх шийдвэр” гаргах бүрэн эрхийг хуулиар хариуцагч сонгуулийн хороонд мөн олгоогүй.

          Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.3-д заасан энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг нэхэмжлэгч зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдал тогтоогдоогүй байхад маргаан бүхий 10, 11 дүгээр тогтоолууд гарсан байна.

          Үүнээс үзэхэд, маргаан бүхий 10, 11 дүгээр тогтоол нь хуульд нийцээгүй бөгөөд эдгээр актуудын улмаас нэхэмжлэгчийн “төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдох” эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй тул маргаан бүхий 10, 11 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

          Хэдийгээр нэхэмжлэгч Н.Ганжигүүр нь нэр дэвшигчээр бүртгүүлэх үедээ “өр төлбөргүй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байсан боловч “санал хураалтын дүн гарсны дараа” буюу маргаан бүхий актууд гарсан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өр төлбөрөө барагдуулсан буюу өр төлбөргүй байсан гэдэг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор[11] тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

          2.Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д заасны дагуу гэрч Д.Д-ийг 2021 оны 01 дүгээр сарын 04 өдөр гэрчээр асууж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг нь сануулж, гарын үсэг зуруулж, тэмдэглэл хөтөлсөн, мөн гэрч Д.Д-оос дахин мэдүүлэг авах хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, хэргийн материалтай танилцан гэрчийн мэдүүлэгтэй танилцан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбар гаргах боломжтой байдлаас үзэхэд хариуцагчийн гомдолд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүхээс зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

          Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн зүйлийн 22.1-д заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Монгол Ардын Намын Хорооны дэд даргаас гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг анхан шатны шүүхээс хянаад хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж[12] гаргасан, иргэн Б.Д-с гуравдагч этгээдээр оролцох хүсэлт ирүүлснийг анхан шатны шүүхээс хүлээн авч “хэрэг хянан шийдвэрлэсний дараа уг хүсэлтийг ирүүлснийг шүүх хүлээн авах боломжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар хэргийн оролцогчдын зүгээс гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргаагүй” гэсэн хариуг[13] хүргүүлсэн, шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 02 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан “давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” үндэслэлээр гомдлыг буцаасан[14] нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйл, 96 дугаар зүйлийн 96.2, 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээргүй, мөн хэргийн материалыг файл болгон хүргүүлсэн тэмдэглэлүүд[15],  баримтууд[16] зэргээс хариуцагч талд шүүхээс хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй нөхцөл байдал тогтоогдоогүй  бөгөөд энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

          Эдгээр үндэслэлээр маргаан бүхий актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “81 дүгээр зүйлийн 81.3-т” гэснийг “74 дүгээр зүйлийн 74.3-д” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                              А.САРАНГЭРЭЛ

         

 

[1] Хэргийн 45-46 дахь тал

[2] Хэргийн 43-44 дэх тал

[3] Хэргийн 4 дэх тал

[4] Хэргийн 34 дэх тал

[5] Хэргийн 29 дэх тал

[6] Хэргийн 51 дэх тал

[7] Хэргийн 50 дахь тал

[8] Хэргийн 70-72 дахь тал

[9] Хэргийн 68 дахь  тал

[10] Хэргийн 110 дахь тал

[11] Хэргийн 68 дах тал

[12] Хэргийн 105-108 дахь тал

[13] Хэргийн 138 дахь тал

[14] Хэргийн 189 дэх тал

[15] Хэргийн 125, 139 дэх тал

[16] Хэргийн 120 дахь тал