Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 870

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох

“Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ө , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Д.Батхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ө  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Хэрэн гол-1 нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын М\/-011150 тоот тусгай зөвшөөрлийг 2006 оны 01-р сарын 19-ний өдөр “Х” ХХК-ний эзэмшилд олгосон бөгөөд манай компани 2012 он хүртэл ашиглалтын үйл ажиллагаа явуулж ирсэн.

“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” Монгол улсын хууль батлагдан гарч байсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрхэх тухай асуудал тодорхойгүй байсаар ашиглаж чадалгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой лавлагаа 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр амаар 

Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээнээс авсан.

Хариунд ашигт малтмалын ашиглалтын МУ-011150 тоот тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучнаар/-ийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар бүхий шийдвэрээр цуцлагдсан гэжээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаартай шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь хэсэгт "... хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн ...” гэж заасныг үндэслэн гарсан байна. Гэтэл нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанид бүрэн төлөөгүй, өгөөгүй, энэ тухай огт мэдэгдээгүй, хариу аваагүй мөртлөө ашигт малтмал ашиглах ашиглалтын 30 жилийн хугацаатай 011150А дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалж манай компанийн ашигт малтмал ашиглах эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гарсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Аливаа субъектив эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хуульд заасан журмын дагуу хязгаарлаж, түүнд халдаж болно. Олборлох эрх нь өмчлөлийн зүйл болох учир гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохих нөхөх олговор олгосны үндсэн дээр уг эрхийг хязгаарлах буюу дуусгавар болгоно. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлээр нөхөх олговрын үнэлгээг тооцоолон тогтоож, тогтоосон хэмжээний нөхөх олговрыг олгохоос өмнө олборлох эрх бүхий этгээдийг “.. уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг ...” тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд явуулахыг хориглосон нь бодит байдалд олборлох эрх буюу тусгай зөвшөөрлийг цуцалснаас өөрцгүй үр дагаврыг бий болгосон ба Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлд "... бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт ... үйл ажиллагаа зогсоохыг ...” гэж манай компанийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

Гэтэл “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-д заасан хилийн заагийг Засгийн газар 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийг албан ёсоор хилийн зааг нь тогтоогдоогүй байхад бүхэл бүтэн жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй хориглосон атлаа нөхөн олговор авах эрхийг хязгаарлаж “дуугүй байх нь зөвшөөрсний тэмдэг” гэсэн хандлагаар ажилласаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн тусгай зөвшөөрөл бүхий талбайг нөөц болон тусгай хэрэгцээнд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон зэрэг тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор төлөхөөр заасан дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон талбайд тусгай зөвшөөрөл шударгаар эзэмшиж байгаа этгээдийн хувьд тусгай зөвшөөрөл цуцлагдсан тохиолдолд зөвхөн нөхөх олговор авахаас өөр эрх байхгүй байхад нөхөх олговор авах хүсэлт гаргах хугацаагаар хязгаарлаж, тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагаа уг харилцаанд тэгш бус байдлыг бий болгосон байдаг. Мөн анхнаасаа ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүхэл бүтэн 30 жилийн хугацаатай олгосон мөртлөө уг хугацааны явцад өөрсдийн санаачлагаар цуцлахдаа хуульд байх ганцхан эрхээр нь хангалгүй тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасанд гомдолтой байдаг.

Ашигт малтмал, Газрын тосны газарт буюу дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан боловч 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2/6759 дугаартай албан тоотоороо цуцлагдсан нь хууль зүйн үндэслэлтэй байна, шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана ..." мөн хуулийн 14.2 дахь хэсэгт "... дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол ..." гэж заасны дагуу танай шүүхэд нэхэмжпэл гаргаж байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлийн 56.1.3-д зааснаас үзвэл заавал нөхөн олговрыг бүрэн төлсний дараа ашигт малтмалын ашиглалтын МУ- 011150 тоот тусгай зөвшөөрлийн талбайн урт нэртэй хуультай давхцалтай хэсгийг цуцалж, үлдсэн талбайдаа үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг мэдэгдэх ёстой байсан тул Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаартай шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, МV-011150 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Мөнхтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК-д Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Хэрэйн гол 1 нэртэй 72,97 га талбайд 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл анх олгосон байна. 

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг баталсан. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан. 

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эс, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хийлийн заагийг Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон. 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Хэрэн гол 1 нэртэй талбайд орших MV-011150  дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь дээрх Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор тогтоосон газрын хилийн заагт хамаарагдсан тул ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг хуулиар хориглосон болно. 

Ийнхүү хуулиар ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайд тухайн талбай хамаарагдсан тул Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан  бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн. 

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг баталсан. 

Уг журмын 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах хүсэлт гаргаагүй” бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй” гэж заасан. 

Энэ заалтын дагуу Ашигт малтмалын газар /хуучнаар/-ын Уул уурхай, судалгааны хэлтсийн даргын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7308 тоот албан бичгээр дээрх хуулийн хилийн заагт давхцалтай хэсэгтээ нөхөх олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны дотор ирүүлэхийг “Х” ХХК-нд мэдэгдсэн боловч заасан хугацаанд ашигт малтмалын ашиглалтын MV-011150 дугаартай тусгай зөвшөөрөл дээрээ нөхөн олговор авах тухай хүсэлтээ гаргаагүй байна. 

Нэхэмжлэгч нөхөн олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй тул Ашигт малтмалын газраас хүсэлт гаргаагүй аж ахуйн нэрсийн хамт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид “0” төгрөгөөр олгосонд тооцуулах тухай мэдэгдлийг  Сангийн яаманд хүргүүлснийг хянан үзээд 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичгээр хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн  нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй болохыг Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ мэдэгдсэн. 

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цуцлагдах үндэслэлийг үгүйсгэсэн нотлох баримтыг дээр заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул дээр дурдсан хууль, Засгийн газрын тогтоолын хүрээнд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын MV-011150 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль ёсны захиргааны акт болно. Дээрх “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг Ашигт малтмалын газар /тухайн үеийн нэрээр/ буюу төрийн захиргааны байгууллага өөрөө батлаагүй бөгөөд Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан эрх зүйн акт болно. 

Ашигт малтмалын газар / тухайн үеийн нэрээр/ нь хэрэгжүүлэгч агентлаг болохынхоо хувьд Улсын их хурлаас баталсан хууль, уг хуулийн хүрээнд гарсан Засгийн газрын тогтоолыг нэг мөр дагаж биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй ажиллаж байсан. 

Тиймээс нэхэмжлэгчийн Засгийн газрын тогтоолтой маргаагүй хэр нь түүнийг биелүүлсэн төрийн захиргааны байгууллагыг буруутгаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ . 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

“Х” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хэрэйн гол-1 73 га уурхайн эдэлбэр газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байх бөгөөд 2012 он хүртэл ашиглалтын үйл ажиллагаа явуулж ирсэн байна . 

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг баталсан. Уг хуулийн 4 дүгээр  зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж, мөн зүйлийн 4.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ. 

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон байна. 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Хэрэйн гол-1 нэртэй талбайд орших MY-011150 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь дээрх Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор тогтоосон газрын хилийн заагт хамаарагдсан нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн УУККСистемээс гаргасан тойм зургаар   нотлогдож байна. 

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр “Х” ХХК-ийн MV-011150 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Тийнхүү шийдвэрлэсэн үндэслэлээ Ашигт малтмалын газар /хуучнаар/-ын Уул уурхай, судалгааны хэлтсийн даргын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7308 тоот албан бичгээр дээрх хуулийн хилийн заагт давхцалтай хэсэгтээ нөхөх олговор авах хүсэлтээ ирүүлэхийг “Х” ХХК-нд мэдэгдсэн боловч заасан хугацаанд нөхөн олговор авах тухай хүсэлтээ гаргаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж заасан гэж тодорхойлсон  байх бөгөөд Сангийн яамны дэд сайдын 2012  оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичгийг мөн дурджээ. 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ашигт малтмалын газрын даргад хандан тусгай зөвшөөрлийг сэргээх тухай гомдлыг гарагхад, Ашигт малтмалын газраас тус өргөдлийг хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр “295  дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул гомдлыг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгжээ. 

Нэхэмжлэгч “Х” ХХК-иас “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу нөхөн олговрыг бүрэн төлсний дараа ашигт малтмалын ашиглалтын MY-011150 тоот тусгай зөвшөөрлийн талбайн урт нэртэй хуультай давхцалтай хэсгийг цуцалж, үлдсэн талбайдаа үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг мэдэгдэх ёстой байсан” гэж маргаж байгааг буруутгах үндэслэлгүй байна. 

Учир нь Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлээр нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөн олговор авах тухай хүсэлт гаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй” байхаар журам тогтоожээ. 

Журмын энэ заалтаас үзвэл “нөхөн олговор олгохгүй байх” тухай зохицуулсан болохоос тусгай зөвшөөрлийг цуцлахаар тогтоосон зохицуулалт биш байна. 

Тус журмын 5 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах харилцааг журамласны дотор буюу 5.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.2.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ. 

Харин Ашигт малтмалын тухай хуулиар Ашигт малтмалын газарт “нөхөн олговор олгоогүй” тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалтыг тусгаагүй байна. 

Иймд дээрх хуулийн зохицуулалт болон журмын дээрх заалт нь “нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах” эрхтэй байхад хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Сангийн яамны дэд сайдын албан бичгээр “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлтээ 90 хоногийн дотор гаргаагүй тул “00” төгрөгийн нөхөн олговор олгосноор тооцно” гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг “00” тэй тэнцүүлэн олгох эрхийг хариуцагч байгууллага болон бусад байгууллагад хуулиар олгоогүй байхад нэхэмжлэгч “Х” ХХК-ийг хүсэлтээ гаргаагүй гэсэн үндэслэлээр нөхөн олговрыг “00” гэж үзээд, түүнийгээ олгосонд тооцон зохих шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар 56.1 дэх хэсгийн 56.1.3-т заасныг зөрчсөн шийдвэр болсон байна.  

Мөн хариуцагч захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргахдаа мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж зааснаар тус зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн  нэгжид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болох нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн архивт хийсэн үзлэгээр  тогтоогдож байна. 

Тодруулбал үзлэгээр 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 5-1535 тоот албан бичгийг хүргүүлэхээр шуудангийн ажилтанд өгсөн боловч “Монгол шуудан” ХХК-иас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/40 тоот тушаалын дагуу устгагдсан тул шүүж өгөх боломжгүй талаар хариу ирүүлсэн байх тул нэхэмжлэгч хүлээж авсан нь тогтоогдохгүй байна.    

Харин 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5-769 дугаар, 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7308 тоот албан бичгүүдийг хүргүүлсэн талаарх бүртгэл явуулсан баримт бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй ажээ. 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийг “нөхөн олговор авах хүсэлтээ ирүүлээгүй” гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцалж шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэр хууль бус ажээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 56.2, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд буцаан олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ