Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2089

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00974 дүгээр шийдвэртэй

              

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох

 

11 770 386 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч          ХХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч           ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга            Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХХХ нь “ХХХХ” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж геотехникийн инженер албан тушаалд ажилласан бөгөөд 1 сарын цалин 2 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. ХХХХХ нь хөдөлмөрийн гэрээний дагуу 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг хангалттай сайн биелүүлж ажилласан, ХХХХ ХХК-д ажиллах хугацаанд 2014 оны 7, 8, 12 cap, 2015 оны 1, 2, 3 саруудад компанийн санаачлагаар сул зогсолт хийгдсэн. Уг сул зогсолтын үеийн олговрыг тооцож олгоогүй. Мөн тус компанид ажилласан хугацаанд 2014, 2015, 2016 онуудад жилийн ээлжийн амралтыг биечлэн эдлээгүй бөгөөд ээлжийн амралтын нөхөн олговрыг тус компаниас аваагүй болно. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тул компанитай хийх санхүүгийн тооцоог хийх явцдаа 2014 оны 7, 8, 12 cap, 2015 оны 1, 2, 3 саруудад компанийн санаачлагаар сул зогсолт хийгдсэн үеийн олговрыг үндсэн цалингийн 60 хувиар тооцон 1 200 000 төгрөгөөр тооцож холбогдох суутгалыг хийж олгох, 2014, 2015, 2016 онуудад жилийн ээлжийн амралтын олговрыг холбогдох суутгалыг хийж олгохыг тус шаардаж байна. Иймд "ХХХХ" ХХК-аас 2014 оны ээлжийн амралтын нөхөн олговор 1 410 547 (ээлжийн амралтын олговор 1 732 775 төгрөгөөс НДШ 10 хувь, ХХОАТ, татварын хөнгөлөлтийг тус тус хасч тооцсоноор) төгрөг, 2015 оны ээлжийн амралтын олговор 1 934 183 (ээлжийн амралтын олговор 2 379 238 төгрөгөөс НДШ-10%, ХХОАТ татварын хөнгөлөлтийг тус тус хасч тооцсоноор) төгрөг, 2016 оны ээлжийн амралтын олговор 818 881 (ээлжийн амралтын олговор 1 002 322 төгрөгөөс НДШ-10%, ХХОАТ. татварын хөнгөлөлтийг тус тус хасч тооцсоноор) төгрөг болон 2014 оны 7, 8, 12 дугаар сарууд болон 2015 оны 1, 2, 3 дугаар саруудын сул зогсолтын үеийн олговорт 5 874 000 (1 сарын сул зогсолтын үеийн олговор нь үндсэн цалингийн 60% болох 1 200 000 төгрөгөөр 6 cap тооцвол 7 200 000 төгрөгөөс НДШ-10%, ХХОАТ, татварын хөнгөлөлтийг тус тус хасч тооцсоноор) төгрөг нийт 11 770 386 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч "ХХХХ" ХХК-ийн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан тайлбартаа:

ХХХХХ нь тус компанид 2013 оны 12 дугаар сарын 6-ний өдрийн Б/02 тушаалаар Геотехник инженерийн албан тушаалд томилогдон 2013/02 тоот "Хөдөлмөрийн гэрээ"-г ажил олгогчтой байгуулан ажилд орсон ба түүний өөрийнх нь хүсэлтээр 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б-10 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. "ХХХХ" ХХК-ийн зүгээс ХХХХ-ын гаргасан сул зогсолтын нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Учир нь: ХХХХХ болон ХХХХХХ ХХК-ийн хооронд хийсэн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2013/02 тоот "Хөдөлмөрийн гэрээ" нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчөөгүй ба мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хамтын гэрээ байгуулаагүй бөгөөд ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан дээрх хөдөлмөрийн гэрээнд сул зогсолтын нөхөн олговор олгох тухай заагаагүй болно. ХХХХХ оос нэхэмжилж байгаа сул зогсолтын үед нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлага нь хууль болон 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2013/02 тоот Хөдөлмөрийн гэрээнд зааснаар олгох үндэслэлгүй болох нь хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, ажил олгогч, ажилтан нар нь хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа сул зогсолтын үед үндсэн цалинг хувилж олгох талаар харилцан тохиролцоогүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч ХХХХ ХХК-аас 10 389 034,57 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХХ од олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204 000 төгрөгийн 203 276 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 724 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч ХХХХ ХХК-аас 181 174 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХХХХХ од олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч "ХХХХ" ХХК-ийн төлөөлөгч ХХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдээгүйн улмаас Хариуцагч тал хуралдаанд оролцож, өөрийн байр суурь, бодит нөхцөл байдлыг тайлбарлах, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүх процессын зөрчил гаргасан байна. Шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн тухай баримт иргэний хэрэгт авагдаагүй ба шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй болно. Хариуцагч талын шүүхэд гаргасан тайлбар дээр тодорхой дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаагүй, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй "үндэслэл"-ийг баримтлан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн хуульд ажил олгогч нь хамтын гэрээг заавал байгуулах ёстой гэж заагаагүй ба ажил олгогч ажилтны төлөөлөл нарын хооронд огт хийгдээгүй, хамтын гэрээгээр зохицуулах ёстой олговрын асуудлыг гэрээ хийх ёстой байсан мэтээр буруу дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181 /ШШ2016/00974 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч "ХХХХ" ХХК-д холбогдуулан 2014-2016 оны ээлжийн амралтын болон 2014 оны 7,8,12, 2015 оны 1, 2, 3 дугаар саруудын сул зогсолтын үеийн олговорт 11 770 386 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж, хариуцагч байгууллага ээлжийн амралтын олговорт 4 515 034.57 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч үлдэх шаардлагыг эс зөвшөөрөн маргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХХХХХ нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 10 389 034 төгрөг болгон багасгажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч "ХХХХ" ХХК нь нэхэмжлэгч ХХХХХ нар 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан нэхэмжлэгч нь тус байгууллагад геотехникийн инженерээр ажиллаж байсан байна. /Хэргийн 42-57 дугаар тал/

 

Ажил олгогч "ХХХХ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар ажилтан ХХХХХ той байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалжээ. /Хэргийн 40 дүгээр тал /

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ХХХХХ нь 2014-2016 оны ээмжийн амралтын олговор болон 2014 оны 7, 8, 12 сар, 2015 оны 1, 2, 3 дугаар саруудад сул зогсолтын үеийн олговрыг өгөөгүй гэсэн үндэслэлээр хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй байна.

 

Уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

                         

            Харин хариуцагч "ХХХХ" ХХК нь нэхэмжлэгч ХХХХ-ын 2014-2016 оны ээлжийн амралтын олговорт 4 515 034.57 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд   анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

            Нэхэмжлэгч ХХХХХ нь сул зогсолтын үеийн олговор гаргуулах тухай шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор гаргаагүй, мөн хуулийн 129.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэх байдлаа нотлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00974 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар “ХХХ” ХХК-аас 4 515 034.57 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХХ од олгож, Хөдөлмөрийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс 5 874 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

шийдвэрийн 2 дахь заалтын “ХХХ” ХХК-аас 181 174 төгрөг гаргуулж ХХХХХ од олгож” гэснийг “ХХХ” ХХК-аас 112 910 төгрөг гаргуулж ХХХХХ од олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ХХХХ” ХХК-ийн төлсөн 108 930 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                       

                                                      ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА                                                                                                                                              

Ц.ИЧИНХОРЛОО