Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 710

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Дэлгэрмаа,

ялтан Б.Ц- /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Батболд,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Ц-, түүний өмгөөлөгч Г.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ц-д холбогдох 2016 2503 0618 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б.Ц, 1965 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, оршин суух хаягийн бүртгэлгүй гэх,

- Дундговь аймгийн шүүхийн 1984 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 1, 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 900 төгрөгөөр торгох ялаар,

- Дундговь аймгийн шүүхийн 1984 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 53 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 5 жилийн хорих ялаар,

- Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 241 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 жилийн хорих ялаар,

- Төв аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 175 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 241, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 cap 15 хоногийн хорих ялаар,

- Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 capын хорих ялаар,

- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ЕЮ65102811/,

 

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр: Б.Ц- нь онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдон ялтай байх хугацаандаа шунахай сэдэлтээр, давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар:

1. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шим” худалдааны төвийн гадна 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Д.Г-с “чулуу авах гэсэн юм” гэж 300.000 төгрөгийг,

2. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шим” худалдааны төвийн гадна 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр И.Б-с “урт цагаан орж хүнээс юм худалдаж авна” гэж 300.000 төгрөгийг,

3. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шим” худалдааны төвийн гадна 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Ц.Б-с “Замын-Үүдээс хямд будаа оруулж ирнэ” гэж 1.000.000 төгрөгийг,

4. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шим” худалдааны төвийн гадна 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Т.Э-н 3.440.000 төгрөгийг,

5. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шим” худалдааны төвийн гадна 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр М.Б-с “молбиден худалдан авч хятадуудад үнэтэй зарна” гэж 560.000 төгрөгийг,

6. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шим” худалдааны төвийн гадна 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ө.С-с “молбиден худалдаж авна” гэж 560.000 төгрөгийг,

7. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А.Н-с “нөхрийг чинь том тэргэнд жолоочоор явуулж өгнө” гэж 1.550.000 төгрөгийг,

8. Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр О.Г-с “мах худалдана” гэж 3.750.000 төгрөгийг,

9. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астра” худалдааны төвийн гадна 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Л.Б-с “юм худалдаж авах гэсэн мөнгө дутаад байна, түр зээлүүлээч” гэж 500.000 төгрөгийг,

10. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астра” худалдааны төвийн гадна 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Г.Д-с “алттай шороо худалдаж мөнгийг чинь өсгөж өгнө” гэж 750.000 төгрөгийг,

11. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Д.Ц-с “тамхи худалдах нэрийдлээр” гэж 600.000 төгрөгийг,

12. Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Н.А-с “чулуу худалдах гэсэн мөнгө дутаад байна” гэж 300.000 төгрөгийг,

13. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн орчим 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Д.Б-с “чулуу авах гэсэн мөнгө дутаад байна” гэж 260.000 төгрөгийг, нийт 13.870.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Б.Ц- нь онц аюултай гэмт хэрэгтэн шунахай сэдэлтээр 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 29 дүгээр байр, 26 тоотод суух Д.У-н гэрээс алт болон монетон 2 ширхэг бөгж хулгайлж 1.148.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Ц-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ц-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж, Б.Ц-ийг бусдын эд хөрөнгийг байнга залилах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Ц-д 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 жилийн хорих ялаар тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-ийн урьдчилан хоригдсон 244 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Ц-ээс 300.000 төгрөгийг хохирогч Д.Г-т, 300.000 төгрөгийг хохирогч И.Б-д, 1.000.000 төгрөгийг Ц.Б-д, 3.440.000 төгрөгийг Т.Э-д, 560.000 төгрөгийг М.Б-д, 1.550.000 төгрөгийг А.Н-т, 1.755.500 төгрөгийг О.Г-д, 500.000 төгрөгийг Л.Б-д, 750.000 төгрөгийг Г.Д-д, 600.000 төгрөгийг Д.Ц-д, 300.000 төгрөгийг Н.А-д, 260.000 төгрөгийг Д.Б-д, 1.148.000 төгрөгийг Д.У-т тус тус гаргуулан олгож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Ялтан Б.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие байцаагч Баттөрд маш их гомдож байна. Миний учруулсан нийт хохирол 13.870.000 болсон. Үүнээс хохирогч Ө.С-т 620.000 төгрөг, хохирогч О.Г-д 1.750.000 төгрөг өгснийг хохирлын хэмжээнээс хасаагүй. Би өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 1 удаа яллагдсан. Гэтэл намайг залилах гэмт хэргээр 2 удаа яллагдсан гэж прокурор буруу дүгнэлт үйлдсэн. Мөн залилах гэмт хэргээр амьдралын эх үүсвэр болгосон гэдэг. Би үнэндээ амьдралын эх үүсвэр болгоогүй. Би Дорноговь аймагт том оврын ачааны машин барьж сарын 850.000 төгрөгийн цалин авдаг байсан. Миний бие гэмт хэрэг үйлдсэн нь үнэн боловч амьдралын эх үүсвэр болгох шалтгаан байхгүй. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ туйлын их харамсаж байна. Иймд дээр дурдсан бүх нөхцөл байдлыг тал бүрээс нь судлаж, хууль зүйн дагуу үнэнээр шийдвэрлэж өгнө үү. Үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байна. Ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү ...” гэв.

 

Ялтан Б.Ц-ийн өмгөөлөгч Г.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 286 тоот шийтгэх тогтоолын зарим хэсгийг нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Б.Ц-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус   зааснаар гэм буруутайд тооцсон.

Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1. Анхан шатны шүүхээс Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн” шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль тохирох зүйл хэсгүүдэд нийцүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцож, хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Харин Б.Ц-ийн 2015 оны 10 дугаар сарын 29-нөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ныг хүртэлх хугацаанд үйлдэгдсэн нийт 13 удаагийн гэмт үйлдэлд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуульд шинээр нэмэгдэж орсон “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон” гэх объектив шинжид хамааруулан, зүйлчлэлийг хүндрүүлэн үзсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх бус эсрэгээрээ эрх зүйн байдлыг улам дордуулсан тул гомдол гаргаж байгаа болно. Өөрөөр хэлбэл:

Б.Ц-ийн 13 удаагийн залилангийн үйлдлүүд нь 2017 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө үйлдэгдсэн. “гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралынхаа эх үүсвэр болгох” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн аль ч хэсэгт байгаагүй.

Тиймээс Б.Ц-д оногдуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Б.Ц-д холбогдох хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлсэн тохиолдолд шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг удирдлага болгон эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж заасан” мөртлөө яг ямар үндэслэлээр хаалттай хорих байгууллагад эдлүүлэх болсон нь тодорхойгүй байдаг.

Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэлээ” бичээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад Б.Ц-ийг хаалттай хорих ангид ял эдлүүлэх үндэслэл тогтоогдохгүй.

Дээрх бүгдийг харгалзан үзэж Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдуулсныг 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

 

Прокурор Д.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Анхан шатны шүүхээс Б.Ц-ийн эрх зүйн байдал дээрдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, ял шийтгэл оногдуулсан нь зөв тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалтад зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх Б.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан байна.

                                                                                                                                                                                 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд, Чингэлтэй дүүргийн прокурорын хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан 230 дугаар шүүхийн тогтоол гарсан байна.

 

Хэрэгт шүүх хуралдааныг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр явуулсан талаар нотлох баримт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан шүүх хуралдааны тэмдэглэл авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүх, шүүх хуралдааныг тогтоосон хугацаанаас хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр явуулж шийтэх тогтоол гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 5. 6. 8 дахь хэсгүүдэд тус тус заасан зохицуулалтаас үзэхэд шүүх хуралдааныг явуулж, шүүгдэгч гэм буруутай эсэхийг зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэсний дараа гэм буруутай гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг явуулж мөн зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэхээр байна.

 

Гэтэл анхан шатны шүүх Б.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлээгүй атлаа шүүгдэгчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 11.00 цаг хүртэл завсарлуулсан нь ойлгомжгүй, завсарлах хугацаа тогтоогүй, шүүх хуралдааныг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 11.00 цагт үргэлжлүүлэн явуулсан байна.

 

 Иймд анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул дээрх зөрчлийг арилгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр  Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                     Д.ОЧМАНДАХ

 

                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ