| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0131/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 152
2020 02 19 2020/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж /ҮД0931/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Монгол овгийн Пүрэвжавын П.Гад холбогдох эрүүгийн 1911031260045 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Геомандал” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Жаргалантын 29-473а тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овгийн П.Г, регистрийн дугаартай;
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч П.Г нь архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Титан" гэх нэртэй караокед үйлчлүүлээд гарахдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд зүйлийг авч, бусдад 325.760 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-9/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх 11/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 12/,
Мөнгө, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 13/,
Хохирогч З.Баттулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 04-ний шилжих шөнө манай караокений цонх, хаалга ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй хулгай орж хяналтын камерийн Эн ви ар бичигч 1 ширхэг, хард диск 1 ширхэг, свич салаалагч 2 ширхэг /8 оролт бүхий/ Армане гэх нэртэй виски 1 ширхэг, 2 боодол спермент бохь дотроо 5 ширхэг, бэлэн мөнгө 183.500 төгрөг зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан юм. Манай Энхтуяа, Отгонцэцэг гэх хоёр зөөгчийн хэлж байгаагаар 1 дүгээр давхарын 1 дугаарын өрөөний цонх онгорхой байсан. Уг хүн манай караокед үйлчлүүлж байгаад дотор талд нь үлдсэн байх боломжтой шиг санагдаж байгаа. Хаалга үүд, цонхонд эвдрэл байхгүй. 1 дугаартай өрөөний цонх онгорхой байсан...” гэх мэдүүлэг /хх 17-22/,
Шүүгдэгч П.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Би найзуудтайгаа караокед дуулах зорилготой орсон. Намайг хулгай хийж байсан талаар хамт караокед орсон найзууд мэдээгүй. Би сэрээд л тэндээс хулгай хийгээд гарсан. Уг нь хулгай хийх зорилготой уг караокед ороогүй юм. Би хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 26-27/,
Гэрч Наранбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Нэг цаг караоке орж дуулах уу гэж ярилцаж байгаад бид 5 хамт 21 цаг өнгөрч байх үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Титан” гэх нэртэй караоке орж 21 шил пиво авч 3 цаг дуулж суух болсон юм. Бид нар пиво ууж байгаад цаг дуусахаас өмнө Гунгаабуу яваад өгсөн харин П.Г согтоод буйдан дээр унтаад байсан. Харин Давгадорж, Болд-Эрдэнэ бид гурав дуулаад нилээд суусан. Гэтэл П.Г цаг дуусах дөхөж байхад сэрээд явлаа гэж хэлээд хувцасаа өмсөөд гарч явсан. Бид гурав дуулж байгаад цаг дуусаад гарах гээд ариун цэврийн өрөө орсон чинь П.Г ариун цэврийн өрөөний хаалгыг дотор талаас нь түгжсэн, дотор нь унтаж байсан. Бид гурав П.Г сэрээх гэж хаалгыг нь нүдсэн боловч огт тайлж өгөөгүй. Тэгээд бид гурав дотор юм чинь осгож даарахгүй байх, сэрээд гараад явна биз гэж бодоод үлдээгээд тооцоогоо хийж гараад гэртээ харьцгаасан...” гэх мэдүүлэг /хх 28-29/,
Гэрч Б.Болд-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би тэр талаар мэдээгүй цагдаа нараас сонссон. П.Г караокед унтаж байгаад сэрэх үедээ эд зүйлийг нь авч гарсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх 31-32/,
“Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх 33-34/,
Шүүгдэгч П.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн үед би ганцаараа караокед үлдсэн байхаар нь айгаад хулгай хийсэн юм. Би хулгай хийсэн эд зүйлээ хохирогчид хүлээлгэн өгсөн байгаа. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх 63-64/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 73/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 67/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 68/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоол /хх 98/, шүүгдэгч П.Г гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 88/, хохирогч З.Баттулгын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 87/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Г нь архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Титан" гэх нэртэй караокед үйлчлүүлээд гарахдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд зүйлийг авч, бусдад 325.760 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-9/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх 11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 12/, мөнгө, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 13/, хохирогч З.Баттулгын “...Уг хүн манай караокед үйлчлүүлж байгаад дотор талд нь үлдсэн байх боломжтой шиг санагдаж байгаа. Хаалга үүд, цонхонд эвдрэл байхгүй. 1 дугаартай өрөөний цонх онгорхой байсан...” гэх мэдүүлэг /хх 17-22/, шүүгдэгч П.Г “...Би хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 26-27/, гэрч Наранбаярын“...Бид гурав П.Гыг сэрээх гэж хаалгыг нь нүдсэн боловч огт тайлж өгөөгүй. Тэгээд бид гурав дотор юм чинь осгож даарахгүй байх, сэрээд гараад явна биз гэж бодоод үлдээгээд тооцоогоо хийж гараад гэртээ харьцгаасан...” гэх мэдүүлэг /хх 28-29/, гэрч Б.Болд-Эрдэнийн“...Би тэр талаар мэдээгүй цагдаа нараас сонссон. П.Г караокед унтаж байгаад сэрэх үедээ эд зүйлийг нь авч гарсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх 31-32/, “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх 33-34/, шүүгдэгч П.П.Гын“...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн үед би ганцаараа караокед үлдсэн байхаар нь айгаад хулгай хийсэн юм. Би хулгай хийсэн эд зүйлээ хохирогчид хүлээлгэн өгсөн байгаа. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх 63-64/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч П.Г-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ
Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон улсын яллагчийн гаргасан шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэхэд татгалзах зүйлгүй гэсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Хохирогч З.Баттулга нь “...эд зүйл болон мөнгийг хүлээн авсан одоо ямар нэгэн хохирлын маргаан байхгүй, гомдол саналгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч П.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Шүүгдэгч П.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ