Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 6083

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг 13 гудамж, 228 тоотод оршин суух Бор овогт Болдын Гантулга /Регистрийн дугаар МЗ86081816/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байр, 77 тоотод оршин суух Буян овогт Паламдоржийн Цэрэнбаатар /Регистрийн дугаар АЮ82091173/-д холбогдох,

Төлбөр барагдуулах гэрээний дагуу 10,052,800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Паламдоржийн Цэрэнбаатар нь иргэн Болдын Гантулга надаас 218,34 тонн цементийг 1 тонныг 177,000 төгрөгөөр авсан. Нийт үнийн дүн нь 38,500,000 төгрөг болсон. Энэ цементийг П.Цэрэнбаатар нь Ланд 200 маркийн машинаа барьцаалж үлдээгээд 7 хоногийн дараа мөнгийг чинь өгье гэж хэлээд аваад явсан. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ хйихээс өмнө 5,000,000 төгрөгөөр хоёр удаа манай компанийн дансанд хийсэн. Тэгж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Приус 30 маркийн машиныг 11,500,000 төгрөгөнд бодож өгье гэж гуйсан. Тэгэхэд нь зөвшөөрөөд үлдэгдэл 8,240,000 төгрөг үлдсэнээс, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1,240,000 төгрөгийг өгнө гэж байсан боловч өгөлгүй байсаар одоо үлдэгдэл 8,240,000 төгрөгийг авах дутуу бөгөөд хоног тутам 0,5 хувь алданги төлөхөөр харилцан тохирсон. Иймд үндсэн төлбөр болох 8,240,000 төгрөг, гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас бодогдсон алданги 1,812,800 төгрөг, нийт 10,052,800 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч П.Цэрэнбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч П.Цэрэнбаатарт холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд дээрх нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хийж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд цемент худалдан авсантай холбоотой төлбөр тооцоог бүрэн хийж дуусгасан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Гантулга нь Төлбөр барагдуулах хэлцлийн дагуу цементийн төлбөрийн үлдэгдэл 8,240,000 төгрөг, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас алданги 1,812,800 төгрөг, нийт 10,052,800 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч П.Цэрэнбаатар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч П.Цэрэнбаатар нь нэхэмжлэгч Б.Гантулгаас цемент худалдан авахаар харилцан тохиролцож, уг тохиролцоогоо 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6448 дугаартай Зээлийн гэрээ байгуулж баталгаажуулсан байна. Уг гэрээгээр 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 210 тонн цементийг нийт 37,000,000 сая төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлөхөөр, барьцаанд П.Цэрэнбаатарын өмчлөлийн TOYOTA LANDCRUISER 200 маркийн автомашиныг барьцаалсан байна. /хавтаст хэргийн 15 дахь тал/

Талууд харилцан тохиролцсоны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 31,02 тонн; 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 29,3 тонн; 31,7 тонн; 31,88 тонн; 31.9 тонн; 31,32 тонн; 31,52 тонн; нийт 218,64 тонн цементийг нэг тонныг 177,000 төгрөгөөр тооцон бодож хүлээлгэн өгч, хүлээн авсан байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан зарлагын баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 5-11 дэх тал/

Хариуцагч нь цементийн төлбөрт 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг харилцах дансаар тус тус шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 12, 13 дахь тал/

Б.Гантулга, П.Цэрэнбаатар нар нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” байгуулсан байна. Уг хэлцлээр П.Цэрэнбаатар нь Б.Гантулгаас 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр авсан 218,34 тонн цементийн төлбөрт 18,760,000 төгрөгийг бэлнээр өгсөн. П.Цэрэнбаатар нь өөрийн өмчлөлийн 75-62 УБВ улсын дугаартай, Toyota Prius маркийн автомашиныг 11,500,000 төгрөгөөр үнэлэн төлбөрт тооцон өгсөн. Үлдэгдэл 8,240,000 төгрөгний 1,240,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, дээрх хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байна. /хавтаст хэргийн 16 дахь тал/

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

Зохигчид цемент худалдан авахаар харилцан тохиролцож, 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6448 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, баталгаажуулсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Б.Гантулга, П.Цэрэнбаатар нарын хооронд худалдсан цементийн төлбөрийн үнийн дүн болох 37,000,000 төгрөг зээлэх, зээлдүүлэх тухай гэрээ байгуулагдсан байгаа хэдий ч уг өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлэн өгөөгүй, зээл олгогдоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 6448 дугаартай Зээлийн гэрээний дагуу шаардлага гаргаагүй тухай тайлбарыг гаргасан.

Зохигчид нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр худалдаж, худалдан авсан цементийн төлбөрийн талаар “Төлбөр барагдуулах хэлцэл” байгуулсан байна. Энэ хэлцэл нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино”, 199.2 дахь хэсэгт “хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино” гэсэн заалтад нийцэж байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу хариуцагчаас цементийн төлбөрийн үлдэгдэл 8,240,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алдангид 1,812,800 төгрөг, нийт 10,052,800 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нь “цемент худалдан авсантай холбоотой төлбөр тооцоог бүрэн хийж дуусгасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй”  гэх тайлбарыг өгсөн боловч өөрийн тайлбартай холбогдох баримтыг ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт  зааснаар нотлох баримтаар нотлоогүй болно.

Хариуцагч П.Цэрэнбаатар нь худалдан авсан 218,34 тонн цементийн төлбөрт 38,500,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн ба төлбөрт 18,760,000 төгрөгийг бэлнээр, автомашиныг 11,500,000 төгрөгөөр үнэлэн төлбөрт тооцон, нийт 30,260,000 төгрөгийг Б.Гантулгад өгсөн байна. /хавтаст хэргийн 16 дахь тал/ Үлдэгдэл 8,240,000 төгрөгийг 2 хувааж төлөх үүргийг хүлээсэн боловч үүргээ хугацаанд гүйцэтгээгүй байна.

Зохигчид “Төлбөр барагдуулах хэлцэл”-д үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулсан байх шаардлагад нийцэж байна.

 

Хариуцагч П.Цэрэнбаатар нь худалдан авсан 218,34 тонн цементийн төлбөрт 38,500,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс төлбөрт 18,760,000 төгрөгийг бэлнээр, өөрийн өмчлөлийн 75-62 УБВ улсын дугаартай, Toyota Prius маркийн автомашиныг 11,500,000 төгрөгөөр үнэлэн төлбөрт тооцон, нийт 30,260,000 төгрөгийг төлсөн байх тул уг мөнгийг төлбөрөөс хасч, төлөгдөөгүй үлдсэн үүрэг 8,240,000 төгрөг байна. Хариуцагч нь худалдан авсан цементийн төлбөрийн үлдэгдэл 8,240,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Гантулгад төлөх үүрэгтэй байна.

Зохигчдын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”-д заасны дагуу төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг Б.Гантулгад төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч Б.Гантулга нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч нь төлбөр төлөх хугацаа дууссан өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 44 хоногоор  алдангийг тооцож 1,812,800 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Зохигчдын хооронд хүлээлгэн өгч, хүлээн авсан цементийн тооцоо нь хэрэгт авагдсан баримтаар нийт 218,64 тонн байгаа боловч /хавтаст хэргийн 5-11 дэх тал/ зохигчид 218,34 тонн цемент өгч, авалцсан гэж хэлцэл байгуулсан нэхэмжлэгч Б.Гантулга нь хэлцлийн дагуу 218,34 тонн цементийн төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар нэхэмжилсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэргийн хариуцагчаар иргэн П.Цэрэнбаатар татагдсан, хариуцагч нь иргэн С.Үлэмжид итгэмжлэл олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

Шүүх хариуцагчаас цемент худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 8,240,000 төгрөг, алданги 1,812,800 төгрөг, нийт 10,052,800 төгрөг  гаргуулж  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:                                                                                               

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч П.Цэрэнбаатараас 10,052,800 /арван сая тавин хоёр мянга найман зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гантулгад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,708 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 86 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж, хариуцагч  П.Цэрэнбаатараас 175,794 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гантулгад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР