| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0002/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 02
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Ц.М
нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигин овогтой Цогтсайханы Ц.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911027501258 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд монетор ажилтай, ам бүл 3 эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 10а-11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Боржигин овогтой Цогтсайханы Ц.М /РД: УШ95060893/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Ц.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 03 цаг 55 минутын орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тайгер" баарны гадна сопууруупах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Билгүүнийг шүлсээ хаялаа гэх шалтгаанаар маргалдан, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Б.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 23 цаг өнгөрч байхад найз Галхүү манай гэрт ирсэн, тэгээр, гэрээсээ гараад хамтдаа "Тайгер" бааранд ороод нэг шил виски аваад үйлчлүүлж байгаад 03 цаг өнгөрч байхад гарсан, нэг шил вискигээ бүгдийг нь уугаагүй, талыг нь уучихаад цаг оройтсон байна гээд гарахаар болсон, тэгээд гарах гээд байж байтал Галхүү таньдаг хүнтэй таараад найзтайгаа уулзчихаад гарья гэхээр нь би түрүүлж гараад баарны урд боржуур дээр байтал хажуугаар нь 6 залуу өнгөрсөн, би тэр үед шүлсээ хаятал нэг залуугийх нь гутал юм уу урд нь хаячихсан чинь яагаад байгаа юм бэ гээд өөдөөс уурлаад хүрээд ирэхээр нь би өөдөөс нь бостол шуур, миний нүүрлүү цохиход би хойшоо газар уначихсан, тэгээд газар уначихаад толгой. нүүрээ хамгаалаад газар хэвтчихсэн байхад тэндээс энд тэндээс цохиод өшиглөөд байсан, нэг мэдсэн цагдаа ирчихсэн байсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-16х/,
гэрч Ш.Галхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...гадаа гартал цаана нэг хүн зодуулж байхаар нь арай Билгүүнийг гэж бодоогүй, тэгээд сайн хартал манай найз газар уначихсан, 4 залуу тойроод зогсож байхаар нь гүйж очоод хартал найз Билгүүн нүүрээ хамгаалаад атрилдаад хэвтчихсэн байхаар дээш нь босгоод хартал хамарнаас нь цус гараад нүүр нь цус болчихсон байсан, тэгээд найзыгаа хараад уур хүрээд эргэж хараад нөгөө залуучуудруу та нар манай найзыг яаж байгаа юм бэ гээд дайртал нэг өндөр, хар савхин богино куртиктэй залуу намайг заамдахаар нь зөрүүлээд заамдсан. Тэгээд хоорондоо барьцалдаж аваад ноцолдож байхад тал талаас салгах гэж байгаа нэрийдлээр намайг энд тэнд бага зэрэг хөндүүртэй байсан, тэгээд ноцолдож байх үед цагдаа нар ирээд бид нарыг авч яваад эрүүлжүүлэхэд хонуулсан ... мөн эрүүлжүүлэхэд нөгөө залуучуудын 2 залуу нь надтай хамт хоносон, тэр 2 залууг Цолмон, Ц.М, гэдэг юм байналээ. Цолмон нь хар савхитай, надтай ноцолдсон залуу байсан. Түүний биед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй байсан, харин Ц.М гэх залуугийн баруун гарын ядам хуруу нь хөхөрч хавдаад, цус болчихсон байсан, тэр залуу л угаасаа голлоод орилж чарлаад байсан, өөрөө ч эрүүлжүүлэхэд байхдаа найзыг чинь шүлсээ хаялаа гэх шалтгаанаар зодсон, миний буруу гэж ярьж байсан. Тухайн үед Билгүүний хамарнаас цус гарсан, цусаа угаасны дараа нүүрийг нь харахад хамар нь хугарсан байдалтай, мурийчихсан, зүүд нь нүд нь хөхөрчихсөн байсан, өөр ямар гэмтэл байсныг нь анзаарч хараагүй ..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-27х/,
гэрч Н.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Тухайн үед Ц.М Билгүүн гэх залуу дээр очоод чи яагаад бид нартай янз бүрийн юм яриад байгаа юм бэ, чи яагаад байгаа юм бэ гэтэл нөгөө залуу нь шууд нулимчихсан, тэгээд Ц.М уурлаад тэр залуугийн нүүрэн тус газар нь цохисон, дараа нь Галхүү гэх залуу гарч ирээд бид нарын найзыг нь зодсон гэж ойлгоод Цолмонруу дайраад агсраад байсан, бид нар бас л салгасан, тэгсэнээс зодоонд оролцоогүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12460 дугаартай шинжээч эмчийн "...Б.Билгүүний биед хамар ясны хугарал, дух, нүд, хамар, хацар, дээд уруул, хоолойн баруун хажуу талд, зүүн гарын сарвуунд шарх баруун гарын сарвуунд, баруун өвдөгт, шарх, цус хуралт, хаван, шалбаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..." дүгнэлт /хх-ийн 41х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ц.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигин овогтой Цогтсайханы Ц.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ц.Мыг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ