Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 03

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэйгээр,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Б.Цогтбаяр,

шүүгдэгч Ч.Ш, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чулууны Ч.Шд холбогдох эрүүгийн 1911019231121 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 13-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зойсгуард ХХК-д хамгаалагч ажилтай. Ам бүл 3, эхнэр 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-515г тоотод оршин суудаг, урьд Дүүргийн Эрүүгийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 437 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдсэн, Боржигон овогт Чулууны Ч.Ш /РД: ХЕ72121318/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Ч.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүгдэгч Ч.Ш нь 2019 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө    согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 20-515г тоотод хохирогч С.Гансүхтэй хамт архи ууж, хоорондоо маргалдан улмаар тусгайлан бэлтэгсэн зэвсгийн чанартай зүйл болох хайчаар хохирогчийн хэвлий тус газарт нь хатгаж бие махбодид нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, дух, хүзүүнд зулгарал бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь     

шүүгдэгч Ч.Шгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны  үед яллагдагчаар өгсөн /хх-ийн 36х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч С.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед би дэлгүүрээс нэг шил архи аваад Ч.Штэй утсаар ярьтал хүрээд ир гэж хэлсэн ба 5-н буудал ирээд Ч.Ш намайг тосоод авсан. Ч.Ш утсаа замдаа зараад дэлгүүрээс 2 шил архи аваад Ч.Шгийн гэр рүү нь явсан. Тэгээд гэрт нь очоод хувцасаа тайлаад мах чанасан байхаар нь хоол унд идчихээд авсан архиа хувааж уусан. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр байж байсан ... Бид 2 хамт архи уугаад байж байсан. Тэгээд цааш юу болсоныг мэдэхгүй байна ... Миний биеийн байдал сайн байгаа бөгөөд хагалгаанд орсон 330.000 төгрөг эм тарианы мөнгөө авчихвал надад гомдол санал байхгүй. Одоогоор надад 160.000 төгрөг өгсөн байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,

гэрч М.Алтантөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Энэ хайч бол зүгээр байсан ба ямар нэгэн байдлаар хагарсан, салдаг асуудал байхгүй ... 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нөхөр бид 2 зусландаа гарсан ба Жигжидийн зусланд гарсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр лагераасаа ирсэн. Би лагер гарснаасаа хойш наадмын дараа гэрээрээ ороод хүүхдийн ягаан дэвтрийг аваад гарсан өөр гэрээрээ ороогүй байж байгаад 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр лагераас ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 8940 дугаартай "...С.Гансүхийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалгах мэс заслын дараах байдал /2019.07.17/, дух, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 26х/,

Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "...Гансүхийн биед учирсан гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал хэвлийн хөндий нэвтэрсэн шарх нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд хүзүүнд, духанд учирсан зулгаралт гэмтэл нь мөн ир үзүүр бүхий үйлчлэлээр үүсгэгдэнэ... ир үзүүр бүхий зүйлд хэргийн газрын үзлэгийн зурагт үзүүлсэн хайч хамаарна..." гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 5101 дугаартай дүгнэлт /хх-ийн 32х/, эд мөрийн баримаар хураагдсан нийт урт 19см, цэнхэр өнгийн нэг бариул нь салсан хайч 1 ширхэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ч.Шгийн өөрийн найз хохирогч С.Гансүхтэй ахуйн хүрээнд архидан согтуурч, улмаар хоорондоо маргалдан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайчаар хохирогчийн хэвлий тус газарт нь хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Ш нь хохирогч С.Гансүхэд учруулсан хохирол болох эмчилгээний зардлыг төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн хохирогч С.Гансүх нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээрээ гомдол, саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна. Иймд Ч.Шг бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ч.Шд ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нийт урт 19см, цэнхэр өнгийн нэг бариул нь салсан хайч 1 ширхэгийг Ч.Ш нь гэмт хэрэг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл болгон ашиглаж хүний биед гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэв. 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Чулууны Ч.Шг тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Ч.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Шд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан Ч.Шгийн цагдан хоригдсон нийт 3 /гурав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Ч.Ш нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нийт урт 19см, цэнхэр өнгийн нэг бариул нь салсан хайч 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Шд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ

 

                   ШҮҮГЧИД                               Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                                         Б.ХАЛИУН