Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 17

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч С.А,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Сартуул овогт Сүрэнхүүгийн С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911030401330 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 58-740 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Сүрэнхүүгийн С.А /РД: ИХ83021216/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч С.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.А нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны шөнийн 23 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 59-778 тоотод хохирогч И.Батмөнхийг гэртээ хонуулсангүй, тэргүүнд гар хүрлээ гэх шалтгаанаар нүүрэнд нь 2-3 удаа гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь "зүүн нүдний доод зовхины шарх, цус хуралт, алимны салстын цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч С.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Би дахиад архи авахаар Батмөнхийн гэрээс гараад Хайлаастын эцсийн буудал дээр байрлах дэлгүүр лүү явж байгаад Батжаргалтай таарч, тухайн үед Батжаргал жаахан уучихсан, намайг архи авсныг хараад дагаад байх шиг байхаар нь Батмөнхийн гэрт оръё гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд авсан архиа бид гурав хүний нэг нэг хундага уучихаад Батмөнх архи ууснаа гэнэт уурлаад янз бүрийн хүмүүс дагуулж ирэхгүй шүү гээд миний толгойны тэргүүн лүү цохиод намайг уурлахад намайг гэнэтхэн түлхсэн, тэгэхээр нь би баруун талын гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Тэгээд Батжаргал намайг аваад гарсан..." гэх мэдүүлэг /хх-42-43/,

хохирогч И.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Алтангшагай надаас танай гэрт хоноё гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгсэн Алтаншагаай манай гэрээс гарч яваад буцаж орж ирэхдээ янз бүрийн хачин царайтай хүмүүс дагуулж ирэхээр нь би С.Агийн дагуулж ирсэн хүмүүсийг гэртээ оруулаагүй юм. Тэгээд С.Ад хандан чи одоо яв, маргааш ээж, хүүхдүүд ирнэ гэж хэлсэн чинь С.А надад юу гээд лалартаад байгаа юм бэ, чи намайг хонуулна гэсэн биз дээ гэхэд нь би С.Ад хандан би унтлаа, харь гээд түлхэх гэтэл урдаас С.А баруун талын гараараа нүүрэн тус газар цохиж, газар унагааж зүүн талын нүд, дух руу цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 13х/,

гэрч Г.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Тухайн үед И.Батмөнхийн гэрт ороход Батмөнх гэртээ ганцаараа нэлээн согтуу байсан. Ингээд авсан архиа задлаад бид гурав хүний нэг нэг хундага уучхаад байж байтал Батмөнх гэнэт гэрт янз бүрийн хүмүүс дагуулж орж ирлээ гээд С.А руу уурлаад, улмаар хоорондоо маргалдаад И.Батмөнх нь С.Алташагайнгийн хүзүү рүү хальт хүрсэн чинь С.А миний тэргүүнд хүрлээ гэж уурлаад босоод ирэхэд нь Батмөнх С.Аг чи одоо зайл гээд түлхсэн чинь С.А уурлаад Батмөнхийн нүүрэнд 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би дундуур орж салгаад С.Аг аваад гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13904 дугаартай "...И.Батмөнхийн биед зүүн нүдний доод зовхины шарх, цус хуралт, алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 34х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч С.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Сартуул овогт Сүрэнхүүгийн С.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Аг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар С.Аг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ