| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06144/и |
| Дугаар | 6144 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 6144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 49 гудамж, 733-2 тоотод оршин суух Хөндий овогт Дамдинсүрэнгийн Батчулуун /Регистрийн дугаар ЦГ84101787/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар хороолол, 33б дугаар байр, 17 тоотод оршин суух Боржигон овогт Болдбаатарын Зоригт /Регистрийн дугаар ЦГ84080774/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, охин З.Номинчимэгийг 18 насанд хүртэл сар бүр 100,000 төгрөгийн тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Батчулуун, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагч Б.Зоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Зоригт бид хоёр арван жилийн нэг анги, 2000 оноос эхлэн үерхэж, 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэг гэрт орж, 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр охин З.Номинчимэг төрсөн, 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид хамтдаа нэг гэрт хоёр жилийг нь эхнэр, нөхөр шиг байж өнгөрүүлсэн. Нэг гэрт орсноос хойш зан ааш илт хувирч, архи уух нь ихэсч, гадуур хонож, охин бид хоёрыг доромжилж, гэрээсээ хөөж, сүүлдээ зоддог болсон. Ийм дээрэлхүү, бүдүүлэг, эхнэр хүүхдээ гэсэн сэтгэлгүй үйлдлийг тэвчиж чадахгүй байсан тул сүүлийн 2 жил гаруй хугацаанд би нөхрийнхөө гэрээс охинтойгоо хамт явж, ээжийндээ амьдарч байна. 2007 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр анх өшиглөж, цохиж зодож эхэлсэн. Энэ үед охин минь хажууд байсан. 2008 онд согтуу орж ирчихээд сүх барьчихаад гэрийнхээ тавилгаа эвдэж, намайг зодож тэр шөнөжингөө номхон зогсоож, нүүр лүү минь ус цацаж хоносон. 2009 онд найзуудынхаа дэргэд буудалд согтуу байхдаа зодсон, мөн оны зун намайг зодсоноос болж баруун гарны яс цуурсан байсан. Энэ мэтчилэн хана мөргүүлэх, алгадах, түлхэж унагаах, хоолой багалзуурдах, боох нь удаа дараа болж байсан. 2012 оны 05 дугаар сард охин минь бэртэж Эх нялхаст хэвтэхэд цөөн удаа эргэсэн, тэгэхдээ дандаа согтуу, эмнэлэгт агсан тавьж намайг цохиж байсан. Тэр болгонд миний буруу, би гэрээ, нөхрөө, хүүхдээ халамжилж авч явж чадахгүй байна гэж өөрийгөө буруутгаж, гэрийнхнээсээ зөрж эхнэр нь болчихоод хов зөөж гомдол мэдүүлээд яахав гэж нэг хэсэг нууж явсан. Сүүлдээ тэвчихээ байж ээжийндээ очиж байдаг болсон. Нөхрийгөө сайхан зүйл амлаж, уучлалт гуйгаад ирэхэд нь уучлаад дагаад явдаг байлаа. Цаашид бид хамт амьдрах сэтгэл, бололцоо, боломж, хүсэлгүй, охиныхоо хүмүүжил, сэтгэл санаа, зан араншинд санаа зовж байгаа тул доорхи шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна...” гэсэн агуулга бүхий нэхэмжлэл гаргахад тус шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2016/09049 дугаартай захирамжинд Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам хангаагүй үндэслэлээр нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан. Тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлахад хандаж зохих арга хэмжээ авсан болно. Мөн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх явцад Б.Зоригтыг өөр эмэгтэйтэй амьдарч, дундаасаа хүүхэдтэй болж, хүүхэд нь 5 орчим сартай гэдгийг мэдсэн. Иймд бид хамт амьдрах боломжгүй, охиныхоо хүмүүжил, сэтгэл санаа, зан араншинд санаа зовж байгаа тул доорхи шаардлагыг гаргаж байна. Иргэний хууль, ИХШХШТХ, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй тул Б.Зоригтоос гэрлэлтээ цуцлуулах, охин З.Номинчимэгийг өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, охин З.Номинчимэгийг 18 нас хүртэл нь сар бүр тэтгэлэг болгож 100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.
Нэхэмжлэгч Д.Батчулуун, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Бид нар буруу ойлголцсон байсан байна. Тухайн үед эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явагдаж байхад тэтгэлгээс гадуур 100,000 төгрөгийг өгөх гэж байна гэж ойлгосон. Анх нэхэмжлэл гаргахдаа байрны урьдчилгаанд 30,000,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байсан ч хариуцагч нь боломжгүй тул сар бүр 100,000 төгрөгийг гаргуулж байхаар хэлэлцэн тохиролцсон, сар бүр 100,000 төгрөгийг хадгаламжийн дансанд хийлгэж байхыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчийн ажлын нөхцөл байдлыг харгалзан жил бүрийн 3-11 сард тэтгэмж төлөх саналыг нь хүлээн зөвшөөрч байна. Сар бүр хэн нэгэнтэйгээ холбогдож мөнгө төгрөгөө өгөөч гэх зэргээр холбогдох хүсэлгүй байх тул шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв“ гэв.
Хариуцагч Б.Зоригт шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Б.Зоригт би тус шүүхэд Д.Батчулууны гэр бүл цуцлах тухай гаргасан иргэний нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие хариуцагчийн эрх, үүргийг ойлгож мэдсэн. Нэхэмжлэгч Д.Батчулуунаас тусдаа амьдарч байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэгч Д.Батчулуун бид хоёрын гэрлэлтийн баталгааг цуцалж, охин З.Номинчимэгийг ээж Д.Батчулууны асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэмжийг хариуцагч Б.Зоригтоос гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч Б.Зоригт шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Охиндоо сар болгон 100,000 төгрөг өгнө гэдгийг хүүхдийн тэтгэлгийг хэлж байна гэж ойлгосон байсан, хуралдааны явцад тусад нь нэхэмжилж байгааг ойлголоо. Ярилцаж байгаад шийдвэрлэх хүсэлтэй байна. Би зах дээр лангуу ажиллуулдаг. Өвлийн улиралд гүйлгээ бараг хийгддэггүй, 12 дугаар сараас 3 дугаар сар хүртэл орлого муу байдаг тул төлөх боломжгүй, бусад сард нь төлөх боломжтой” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батчулуун нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, охин З.Номинчимэгийг 18 нас хүртэл нь сар бүр тэтгэлэг болгож 100,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч Б.Зоригт хүлээн зөвшөөрчээ.
Зохигч болох Д.Батчулуун, Б.Зоригт нар 2005 оны 03 дугаар сарын 01-нд гэр бүл болсныг 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 665 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн 0046804, Г-665 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 6 дахь тал/, тэдний дундаас 2006 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин З.Номинчимэг /Регистрийн дугаар УК06211481/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 0146810, Г-686 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 8 дахь тал/, хүүхэд эрүүл өсч бойжиж, суралцаж байгаа нь “Энх энэрэл” өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 9 дэх тал/, Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 243 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 10 дахь тал/ болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.
Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 395 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, 2014 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох охин З.Номинчимэгийг төрсөн эх Д.Батчулууны асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон /хавтаст хэргийн 28 дахь тал/, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч зөвшөөрч байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Зоригтоор хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Охин З.Номинчимэгийг төрсөн эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эх Д.Батчулуун нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг Б.Зоригтод саад учруулахгүй байх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Д.Батчулуун нь охин З.Номинчимэгийг 18 нас хүртэл нь сар бүр тэтгэлэг болгож 100,000 төгрөгийн тэтгэмж гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Б.Зоригт нь эрхэлж буй ажлын онцлогоос хамаарч жил бүрийн 3 дугаар сараас 11 дүгээр сард 100,000 төгрөгийн тэтгэмж өгөх боломжтой гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул охин З.Номинчимэгийг 18 нас хүртэл нь жил бүрийн 3 дугаар сараас 11 дүгээр сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгийн тэтгэмжийг эцэг Б.Зоригтоос гаргуулах нь зүйтэй байна.
Зохигчид өөр эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэжээ. Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар 2016 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 183,700 төгрөгөөр тогтоосон тул хариуцагчаар нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Хөндий овогт Дамдинсүрэнгийн Батчулуун /Регистрийн дугаар ЦГ84101787/, Боржигон овогт Болдбаатарын Зоригт /Регистрийн дугаар ЦГ84080774/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин З.Номинчимэгийг төрсөн эх Д.Батчулууны асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан, хариуцагч Боржигон овогт Болдбаатарын Зоригт /Регистрийн дугаар ЦГ84080774/-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2006 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин З.Номинчимэг /Регистрийн дугаар УК06211481/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг баримтлан охин З.Номинчимэгийг 18 нас хүртэл нь жил бүрийн 3 дугаар сараас 11 дүгээр сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгийн тэтгэмжийг эцэг Боржигон овогт Болдбаатарын Зоригт /Регистрийн дугаар ЦГ84080774/-оос гаргуулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Батчулуун хариуцагч Б.Зоригтыг эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, 33,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Зоригтоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 26,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батчулуунд олгох, хариуцагч Б.Зоригтоос хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 31,003 гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Б.Зоригтоос гаргуулах хүүхдийн тэтгэлэг, тэтгэмжийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР