Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 765

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 

-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг , 

- Үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 02 дугаар Тендерээс татгалзах тухай дүгнэлт ,

- Үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 02 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтийг  тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага” бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , Р.Б , гуравдагч этгээд “Д ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн  “Т” ХХК-ийн захирал Ч.М , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 05 дугаар сарын 15-нд зарласан 2017/Х.1.3.2 дугаартай “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга худалдан авах” тендерийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах теднер нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас анх удаа зарласан. Тендерийг зарлахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт болох 101 дүгээр зүйлд зааснаар дотоодын үйлдвэрээс бараа худалдан авах Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор батлагдсан чанар стандартын шаардлага хангасан барааны жагсаалтын дагуу уг тендерийг явуулна гэж дурдсан. Энэ нь дотоодын давуу эрхийг тооцож үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн агуулгатай тендер зарлагдсан. Тиймээс бүхэлдээ дотоодын үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний баялаг бүтээгчдийг оролцох боломж бололцоо, нөхцөлөөр бүрэн хангасан тендер байсанд манай байгууллага талархалтай хүлээн авч, зохих бэлтгэлээ бүрэн хангаж оролцсон билээ.

 Тендерийг шалгаруулах хоёр үе шат байдаг. Эхлээд ирүүлсэн тендер шаардсан бүх зүйлийг хангаж бүрэн ирүүлсэн эсэхийг шалгаж үздэг. Үүний дараа шаардлагад бүрэн нийцсэн тендерийг үнэлж хамгийн бага үнэтэйгээс их үнэтэй рүү нь харьцуулдаг. Тендерийн баримт бичгийн “тендерийг хянан үзээд шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох” хэсгийн 31.1.г-д “тендерийн баримт бичигт тавигдсан бүх шаардлагыг хянан үзнэ” гэж заажээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тендерийн Үнэлгээний хороо манай тендерийг тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх заавар 12.1 (ё)-д заасан “нийлүүлэх барааны зураг ирсэн боловч үйлдвэрлэгчийн каталог ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй” гэсэн дүгнэлт гаргасан болохыг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-1/1665 тоотоор тус газраас хүлээн авсан юм.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны шийдвэр нь огт үндэслэлгүй, нэг компанийг ямар ч үнээр хамаагүй тендерт шалгаруулах гэсэн далд санаархал илт мэдрэгдсэн учраас уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яамны худалдан авах ажиллагааны газарт нягтлан шалгуулж магадлуулахаар манай байгууллагаас 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 307/2017 тоотоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан билээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн нь манай компанийн тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх заавар 12.1 (ё)-д заасан “үйлдвэрлэгчийн каталог”-ийг хэвлэлийн эх файлаас авч тендерийн материалын хамт цахимаар (цахим тендер учраас) илгээсэн бөгөөд энэхүү материал Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын худалдан авах ажиллагааны хэлтсийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын серверт очсон болохыг баттай мэдэж байсантай холбоотой юм.

Сангийн яамнаас ирүүлсэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/4504 тоот албан бичгийн гомдол хянан үзсэн хариунд “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааврын 12.1 (ё)-д заасныг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Мөн захиалагчийн хамгийн сайн тендер ирүүлсэн гэсэн “Д*******г” ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааврын12.1 (ё)-д заасныг хэд хэдэн үзүүлэлтээр мөн хангаагүй байх тул дээрх зөрчлийг арилгаж, уг тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй байна. Үүнтэй холбогдуулан хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу тендерийн хугацааг 30 хоногоор сунгаж байна гэжээ.”

Гэтэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А-1/2124 тоотоор манайд ирүүлсэн албан хариундаа “Сангийн яамны ирүүлсэн шийдвэрийг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-1/1665 тоотоор өгсөн хариу өөрчлөгдөөгүй болохыг мэдэгдэж байна” гэсэн нь Үнэлгээний хороо дахин хуралдаж хоёр компанийн тендерийн материалыг харьцуулан дахин сайтар нягтлаагүй болох нь (үнэлгээний хороо хуралдаагүй) эндээс дахин илт мэдрэгдэж байна. Нөгөөтэйгүүр манайх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгатай сурагчийн ширээ, сандал нийлүүлэх хоёр төрлийн ойролцоо хугацаанд зарлагдсан тендерт оролцсон бөгөөд дээрх тендерүүдэд тендер шалгаруулалтын баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааврын 12.1 (ё)-д мөн “үйлдвэрлэгчийн каталог" ирүүлэхийг шаардсан бөгөөд тендерийн үнэлгээний хорооны хариунд “үйлдвэрлэгчийн каталог” ирүүлээгүй тухай дурдаагүй нь тендерийн шаардлагыг бүрэн хангасан материал очсоныг давхар нотолж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Түүнээс гадна 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, тендерийн хорооны нарийн бичгийн дарга н.Дүүрэнжаргалын серверт “үйлдвэрлэгчийн каталог” ирсэн эсэхийг манай төлөөлөгч н.Дүүрэнжаргалын хамтаар нягтлан магадлахад “каталог” ирсэн болох нь бүрэн нотлогдсон болно. Эндээс дүгнэлт хийж үзэхэд манайхыг зориудаар тендерт унагах бодлого барьж, баримт бичгийн ямар нэгэн алдаа мадаг хайж, “Д*******г” ХХК-ийг тендерт ялуулах гэсэн нэг талыг барьсан сонирхол давамгайлсныг давхар нотолж байна.

Сангийн яамны 6-1/4504 тоотод дурдсан нэмэлт хоёр үндэслэлийн тухайд гэвэл тавилга нь Монгол улсын стандартыг хангасан тухай магадлан итгэмжлэгдсэн эрх бүхий Монголын ойчид, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны гэрчилгээг хавсаргасан болно. Түүнчлэн зөвхөн сандлын хувьд гадаадын үйлдвэрлэгчийн олон улсын чанарын шаардлага хангасан /150 9001/-ЫГ хангасан болохыг нотлох гэрчилгээг орчуулгын хамтад хүргүүлсэн байгааг дахин энэхүү нэхэмжлэлээр баталгаажуулж нотлох баримтыг хавсаргав. Тендертэй холбоотой болон дахин хянасан асуудлыг нягтлан үзэхэд төрийн байгууллагын ажилтнуудын хариуцлага, ажлын болон мэргэжлийн ур чадвар шаардлага хангахгүй болох нь илт харагдаж байна. 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар “Д*******г” ХХК-ийг Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны бүх тендер буюу 3 тэрбум гаруй төгрөгийн дөрвөн тендерт шалгаруулсан нь анхаарал татахгүй байхын аргагүй асуудал юм. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1 дэх заалт, 12.4 дэх заалт мөн 28.4.5 дахь заалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тендер шалгаруулах үйл ажиллагаанд зөрчсөн байна гэж үзэн хуулийн 56.2 дах заалтыг үндэслэн шүүхэд гомдол гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , Р.Б  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Засгийн газрын 2016 оны 152 дугаар тогтоолын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар 2017 оны 05 дугаар сард Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017/Х.1.3.2 тоот “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга худалдан авах” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/70 тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын яамнаас ирүүлсэн техникийн тодорхойлолтын дагуу тендерийг зарласан. Тендерийн баримт бичигт эаасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тендерийг нээхэд тус тендер шалгаруулалтад “С*******" ХХК, "К*******"ХХК, "Х*******" ХХК, "Т*******" ХХК, "Менд амор" ОСК, "ТСАА" ХХК, "Х*******" ХХК, "Х*******" ХХК, “А*******" ХХК, "Д*******г" ХХК тус тус санал ирүүлсэн. Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичгийг ашиглан тендерийн баримт бичгийг боловсруулсан.  

Тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу, мөн Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу үнэлгээг хийж “Хамгийн сайн” үнэлэгдсэн “Д ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тендерийн хүчинтэй хугацаа буюу хуульд заасан тендер нээснээс хойш 45 хоногийн хугацаанд багтаж 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-1/1671 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд Сангийн яамнаас 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/4129 тоот “Тр” ХХК-иас гомдол гаргасан тул гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлэх тухай албан бичиг ирсэн. Сангийн яамны 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 61/4504 тоот гомдол хянан үзсэн тухай албан бичгээр “Тр” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, захиалагчийн хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үнэлсэн “Д ” ХХК Тендер оролцогчдод өгөх зааврын 12.1/ё/-т заасныг хангаагүй байх тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй гэж мэдэгдсэний дагуу Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж “С*******" ХХК, "К*******"ХХК, "Х*******" ХХК, "Тр" ХХК, "Менд амор" ХХК/ТСАА" ХХК, "Х*******" ХХК, "Х*******" ХХК, “А*******" ХХК-иудын тендерүүдээс тус тус Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу татгалзаж "Д " ХХК тендерийн баримт бичгийн шаардлагыг бүрэн байсан тул үнэлгээний хороо хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулан “Д ” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдлийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 25 тоот албан бичгээр, гэрээ байгуулах зөвлөмжийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд 2017 оны 08 дугаар сарын 16-нд А-1/2215 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн. Үнэлгээний хороо “Д ” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17/361 дугаартай албан ТББ-ийн Тендерт оролцогчдод өгөх зааврын 12.1(ё)-д заасан MNS 6582:2016 чанарын гэрчилгээг хавсралтаар хүргүүлсэн тул тус компаниас тодруулга авах шаардлагагүй гэж үзсэн болно.  Үнэлгээний хорооны боловсруулсан тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааврын 12.1 (ё) нийлүүлэхээр санал болгож буй барааны фото зураг, үйлдвэрлэгчийн каталог ирүүлэх, /Зураг катологи нь өнгөт, тод/ байх гэж заасан заалтыг тус компани нийлүүлэх барааны зураг ирүүлсэн, үйлдвэрлэгчийн каталог ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй мөн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөренгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 27 дугаар зүйлийн 27.4-д тус тус заасны дагуу “Тр” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзсан болно. “Тр” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал 795,895,434.00 төгрөг ба дотоодын давуу эрхийн зөрүү тооцоод 738,624,686.81 төгрөг болсон. Үнэлгээний хороо 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж дахин үнэлгээ хийсэн болно. Энэ тендертэй ойролцоо зарлагдсан гэх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зарлагдсан “Ерөнхий боловсролын сургуульд сурагч ширээ, сандал худалдан авах" тендерийн ТББ-ын Тендерт оролцогчдод өгөх зааврын 12.1 (ё)-д үйлдвэрлэгчийн каталог биш нийлүүлэхээр санал болгож буй бүтээгдэхүүний загвар ирүүлэхийг шаардсан болно.

"Д ” ХХК-ийн ирүүлсэн тендер дотоодын давуу эрхийн зөрүү тооцуулах хүсэлт болон холбогдох материалыг ирүүлсэн Тендерт оролцогчдод өгөх зааврын 18.4 /а/-д "Тендерт оролцогч нь давуу эрх эдлэх хүсэлтэй бол албан хүсэлт, дэлгэрэнгүй нотлох баримт ирүүлэх ба Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоол /Сангийн сайдын 2007 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал”-ын дагуу тооцно гэж заасны дагуу тооцож хамгийн бага үнээр тухайн барааг нийлүүлэхээр болсон мөн ТШӨХ-д заасан бүх шалгуур үзүүлэлтийг хангасан учир “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзсэн. “Д ” ХХК-ийн ирүүлсэн үнийн санап 789,092,000.00 төгрөг дотоодын давуу эрхийн зөрүү тооцсон үнэ 718,295,000.00 төгрөг болж хамгийн бага үнийн саналтай болсон болно. Иймд “Тр” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд “Д ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зарласан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017/Х132 дугаартай тендерttj манай компанийг шалгаруулсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зарласан Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга худалдан авах тендерийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Д ” ХХК нь холбогдох бичиг баримтыг цахимаар бүрдүүлэн өгч тендерт оролцсон бөгөөд уг тендерийн хорооны шийдвэрээр “Хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-ээр шалгаруулсан тухай албан бичгээр мэдэгдсэн юм. “Тр” ХХК тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тус яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу тендерийн шалгаруулалтын үнэлгээг дахин хийж 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хоёр дахь шийдвэрийг гаргаж манай компанид мөн албан бичгээр хариу өгсөн. Үнэлгээний хороо хоёр дахь удаагаа хуралдаж гаргасан шийдвэрээр манай компанийг тендерт шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.4, 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн 28.4.5-д тус тус заасныг зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. 

Манай компани 2004 оноос хойш тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг тендерт зохих хуульд заасны дагуу оролцож шалгарсан бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тендер шалгаруулах үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Манай компани сандал, төмөр шүүгээг гадаадаас импортоор оруулж ирдэг. Сандлын нийлүүлэгчээс өгсөн иж бүрэн каталог, итгэмжлэл зэргийг материалдаа оруулсан байгаа. Төмөр шүүгээний каталогийг файл хэлбэрээр явуулсан. Манай компани 10.000 м.кв бүхий бүрэн автомат үйлдвэртэй Австрийн “Ийгр” брендийн хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ Германы “Ийгр” брендийн цавуу, хавтангуудыг хэрэглэдэг бөгөөд эдгээр бараа бүтээгдэхүүний эрүүл мэндийн шаардлага хангасан сертификатыг тендерийн материалдаа оруулж өгсөн нь манай компанийг шалгаруулах нэг шалгуур нь болсон гэж үзэж байна. Учир нь уг бараа бүтээгдэхүүний цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулж байгаа тул эрүүл мэндийн дэлхийн стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа гэдгээ нотолж харуулсан. Мөн үйлдвэрийнхээ хүчин чадлыг баримт бичигтээ бүрэн илтгэж харуулсан байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулга, фото зургийг каталогтоо оруулсан. Нэхэмжлэгч манай компанийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны бүх тендер буюу 3 тэрбум гаруй төгрөгийн дөрвөн тендерт шалгарсныг ямар ч үндэслэлгүйгээр анхаарал татаж байна гэж нэхэмжлэлд бичсэн нь ойлгомжгүй бөгөөд манай компани тендерт хэдэн удаа шалгарч байсан нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч “Тр” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн   итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь тус шүүхэд хандан 

-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг , 

- Үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 02 дугаар Тендерээс татгалзах тухай дүгнэлт ,

- Үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 02 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтийг  тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн А/70 дугаар тушаалаар  Х.1.3.2 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга худалдан авах” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулжээ.  

Үнэлгээний хороо уг төсөл арга хэмжээнд оролцох хуулийн этгээдүүдийн материалыг хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 02 дугаар дүгнэлтийг  гаргасан байна. 

Уг дүгнэлтээр “Т” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн, ТОӨЗ 12.1 ё-д заасан үйлдвэрлэгчийн каталоги ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр  тендерээс татгалзжээ. “Т” ХХК үнэлгээний хорооны дүгнэлтийг эс зөвшөөрч, урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Монгол улсын Сангийн яаманд гомдлоо  гаргажээ.

Нэхэмжлэгчийн гомдлыг Сангийн яам хянаад 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/4504 дугаар албан бичгээр : “Т” ХХК нь нийлүүлэхээр санал болгож байгаа тавилгуудын үйлдвэрлэгчийн каталогийг ирүүлээгүй, гадаадын үйлдвэрлэгчийн олон улсын чанарын шаардлага /ISO 9001/-ыг хангасан болохыг нотлох гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүй, тавилга болон хүүхдийн ширээ, сандал нь MNS:6582:2016 стандартыг хангасан эсэхийг нотолсон гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүй байх тул тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ12.1 ё-т заасныг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. 

Мөн захиалагчийн хамгийн сан тендер ирүүлсэн гэж үнэлсэн “Д ” ХХК нь гадаадын үйлдвэрлэгчийн олон улсын чанарын шаардлага /ISO 9001/-ыг хангасан болохыг нотлох гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүй байх тул тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1 ё-т заасныг хангаагүй байхыг анхаарна уу.

Иймд дээрх зөрчлийг арилгаж уг тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй байна... гэжээ.

Улмаар Тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг гаргаж, нэхэмжлэгч “Т” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн, ТОӨЗ 12.1 ё-д заасан үйлдвэрлэгчийн каталоги ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр дахин татгалзжээ.

Харин “Д*******г” ХХК-иас 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 17/361 дугаар албан бичгээр  ТОӨЗ 12.1 ё-д заасан чанарын гэрчилгээг хавсралтаар ирүүлсэн учир үнэлгээг хийсэн гэж байгаа  нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг баримтлаагүй, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар тендерийг хянаж, шаардлагад нийцсэн бүх тендерт үнэлгээ хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй. 

Тодруулбал нэгэнт гомдол гаргаж байгаа оролцогч болон тендерт шалгарсан оролцогч аль аль нь материал дутуу ирүүлсэн гэж үзээд дахин шалгаруулалт явуулах тохиолдолд тендерийг дахин хянан үзсэний дараа тендерүүдийг үнэлэх хуулийн зохицуулалттай. 

“Д*******г” ХХК нь тавилга болон хүүхдийн ширээ сандал нь MNS 6582:2016 стандартыг хангасан талаар гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүй болох нь тендерийн үнэлгээний хуудас , Сангийн яамны албан бичиг  зэрэг баримтуудаар тогтоогддог бөгөөд энэ талаар хариуцагч болон гуравдагч этгээд маргадаггүй. 

Харин нэхэмжлэгч “Т” ХХК нь гадаадын үйлдвэрлэгчийн олон улсын чанарын шаардлага /ISO 9001/-ыг хангасан болохыг нотлох гэрчилгээ болон тавилга болон хүүхдийн ширээ, сандал нь MNS:6582:2016 стандартыг хангасан эсэхийг нотолсон гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүй гэх боловч хэрэгт авагдсан тендерийн материалаас үзвэл дээрх гэрчилгээнүүдийг ирүүлсэн  нь тогтоогдож байна. 

Түүнчлэн Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1 ё-д нийлүүлэхээр санал болгож буй барааны фото зураг, үйлдвэрлэгчийн каталоги ирүүлэх  гэж заасны дагуу каталогио ирүүлээгүй гэж үзжээ.

Гэтэл шүүхээс цахимаар ирүүлсэн тендерийн материалд үзлэг хийхэд  үйлдвэрлэгчийн каталогийг нэхэмжлэгч ирүүлсэн байх бөгөөд хариуцагч уг каталогийг нийлүүлэх гэж буй бараа, материалын каталоги биш байсан учир шаардлага хангаагүй гэж үзсэн гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна. 

Дээр дурдсан тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1 ё-д зааснаас үзвэл нийлүүлэх гэж буй бараа материалын каталоги биш, үйлдвэрлэгчийн каталогийг шаардсан байх бөгөөд нийлүүлэхээр санал болгож буй барааны фото зургийг тусад нь шаардсаныг нэхэмжлэгчээс гаргаж өгчээ . 

Хариуцагчаас энэ тендертэй ойролцоо зарлагдсан “Ерөнхий боловсролын сургуульд сурагч ширээ, сандал худалдан авах” тендерийн ТББ-ийн ТОӨЗ 12.1 ё-д үйлдвэрлэгчийн каталоги биш нийлүүлэхээр санал болгож буй бүтээгдэхүүний загвар ирүүлэхийг шаардсан байдаг тул бид ийм шаардлага тавьсан  гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн 47.2.1-д зааснаар тендерийн баримт бичгийг боловсруулдаг бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.3-т зааснаар тендер нь тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг үнэлгээний хороо хянаж үздэг тул өөр тендерийн баримт бичгийн нөхцөлийг хариуцагч шаардаж байгааг хүлээн авах боломжгүй. 

Өөрөөр хэлбэл Үнэлгээний хороо тендерийн баримт бичиг боловсруулахдаа уг шаардлагыг оруулж өгөөгүй байна. 

Иймд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн 47.2.2-т заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэлгүй, “Т” ХХК-иас ирүүлсэн тендерийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзсан нь хууль бус байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай “Д*******г” ХХК 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ГэрээТТ-2017/Х.1.3.2 тоот гэрээг  байгуулж, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр захиалсан тавилгыг хүлээн авчээ .

Нэхэмжлэгч “Т” ХХК-иас тус шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасаны дараа маргаан бүхий захиргааны акт хэрэгжсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т зааснаар тодорхойлсон тул Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 03 дугаар шийдвэр хууль бус байсан болохыг тогтоож шүүх шийдвэрлэлээ.

Харин Үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 02 дугаар Тендерээс татгалзах тухай болон Гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтүүд нь захиргааны акт биш байна. 

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар  бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан байх бөгөөд дээрх 2 дүгнэлт нь Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудлыг мэдэгдэхээр гаргасан, бие даан захирамжилсан шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл нэгэнт Тендерийн үнэлгээний хороо хуулийн дагуу дүгнэлтээ тэмдэглэл хэлбэрээр гаргасан байхад түүний агуулгыг дахин давтан дүгнэлт гэсэн хуульд гаргахыг шаардаагүй бичгийг хариуцагч гаргах шаардлагагүй байжээ. 

Иймд Үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 02 дугаар Тендерээс татгалзах тухай болон Гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1 дэх заалтад зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр татгалзав.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн 47.2.1,  47.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 03 дугаар шийдвэр хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1 дэх заалтад зааснаар Үнэлгээний хорооны 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 02 дугаар Тендерээс татгалзах тухай болон Гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                  Л.ӨЛЗИЙЖАРГАЛ