Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2049

 

Б.Болорхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00910 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Болорхүүгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хобби бүрэн дунд сургууль” ХХК-д холбогдох,

 

Гэрээг хүчин төгөлдөр буст тоцуулах, 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Баяраа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн төрсөн хүүхэд Б.Анирланг төлөөлж 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр суралцагчийн төлөөлөгчийн хувиар “Хобби бүрэн дунд сургууль” ХХК-тай гэрээ байгуулж, 1 000 000 төгрөгийг тус байгууллагын дансанд нь урьдчилан байршуулсан.

Гэтэл гэрээнд заасны дагуу 2016-2017 оны хичээлийн жилд тус сургуульд суралцах боломжгүй болсон тул 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай хүсэлтийг тус сургуулийн захиргаанд албан бичгээр гаргасан. Гэвч тус сургуулиас гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т “Бүртгэлийн хураамжаа төлж гэрээ байгуулсан суралцагч өөр сургууль руу шилжин суралцах тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй” гэсний дагуу урьдчилан байршуулсан мөнгийг буцаан олгохгүй гэсэн хариу өгсөн.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу сурч боловсрох, суралцах сургуулиа чөлөөтэй сонгох нь хүний эрх байдаг. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй ба сургуулийн захиргаанд өргөдөл, холбогдох бичиг баримтыг гэрээний дагуу үйлчилгээ авахаас өмнө гаргаж өгсөн. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т заасан зохицуулалт нь дээрх 8 дугаар зүйлийн 8.2, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг зөрчсөн илт хууль бус зохицуулалт болжээ. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулагч нь гэрээнд өөрт ашигтай нэг зүйл заалтыг баримтлан гэрээлэгчид ямарваа нэг үйлчилгээ үзүүлээгүй байж урьдчилан төлсөн хураамжийг төлөхгүй гэдэг нь өөртөө давуу байдал бий болгож бусдыг мөлжих явуургүй арга байна гэж үзэхээр байна.

Гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.5, 202.2.8-д хүчин төгөлдөр бус байхаар заасан стандарт нөхцөлд хамаарч байх тул гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, урьдчилан төлсөн 1 000 000 төгрөгийг тус байгууллагаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Болорхүү нь өөрийн төрсөн хүүхэд болох Б.Анирлангийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд охиноо 2 дугаар ангид үргэлжлүүлэн суралцуулахаар “Хобби бүрэн дунд сургууль” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Уг гэрээний дагуу дараагийн хичээлийн жилд суралцуулах хүсэлтэй эцэг, эхчүүд бүртгэлийн хураамжаа төлөөд гэрээ байгуулдаг. Бүртгэлийн хураамжийг сургууль нь тухайн жилийн сургалтын үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангахад зарцуулдаг ба тухайн хичээлийн жилд хэдэн хүүхэд суралцах, хэдэн багш ажилтан ажиллуулах зэрэг олон талын төлөвлөгөө, тооцоо хийж, үйл ажиллагаа цаашид явагддаг юм. Гэрээг эрх зүйн бүрэн чадамжтай, эрх, үүрэг бүрэн ухамсарласан хоёр талын хүсэл сонирхол болон сайн дурын үндсэн дээр Иргэний болон бусад хууль тогтоомжийн зүйл заалтуудыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан гэж ойлгож байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулах үед гэрээний 6.4 заалтыг огт тайлбарлаагүй, сургуульд итгэсэндээ гэрээний зүйл заалтыг нягталж шалгаагүй гэх тайлбар нь бүртгэлийн хураамжийг буцааж авах үндэслэл болж чадахгүй. Гэрээний зүйл, заалт нэг бүрийг сайтар уншиж танилцах нь нэхэмжлэгчийн өөрийнх нь үүрэг.

Иймд гэрээний 6.4-т заасны дагуу Б.Болорхүүгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Хобби бүрэн дунд сургууль” ХХК-иас 1 000 000 төгрөг гаргуулж Б.Болорхүүд олгож, “Хобби бүрэн дунд сургууль” ХХК, суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах Б.Болорхүүгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлийг хоёр талын харилцан тохиролцсоноос өөрөөр, хэт нэг талыг барьж хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож шийдвэрлэсэн.

Гэрээнд заасан бүртгэлийн хураамжийг сургууль нь тухайн жилийн сургалтын үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангахад зурцуулдаг ба сургуулийн үйл ажиллагаа бүтэн жилийн турш тасралтгүй явагддаг. Энэхүү бүртгэлийн хураамж нь тухайн суралцагчийн сургалтын төлбөрт багтдаг юм. Зөвхөн тухайн суралцагчийн хичээлийн жилийн бэлтгэлд зориулагдсан гэсэн байдлаар нотлох хэцүү ба тухайн хичээлийн жилийн нийт суралцагч, ажилчид, багш нарын ажиллах, суралцах таатай нөхцөлүүдийг хангахад энэхүү бүртгэлийн хураамжийг зарцуулдаг.

Гэрээний 6.4 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Болорхүү нь хариуцагч “Хобби бүрэн дунд сургууль” ХХК-д холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, 1 000 000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Болорхүү болон “Хобби бүрэн дунд сургууль” ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бичгээр гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр хариуцагч байгууллага нь  2016-2017 оны хичээлийн жилд Монгол Улсын сургалтын стандартын шаардлага хангасан хөтөлбөр болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас баталсан англи хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөрийн дагуу суралцагчид монгол, англи хос хэлээр сургалт явуулах, нэхэмжлэгч нь суралцагчийг сургалтад хамруулах, сургалтын төлбөр 8 000 000 төгрөг төлөх ба үүний 1 000 000 төгрөгийг урьдчилан төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй, тэдний хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

                                            

Нэхэмжлэгч нь  гэрээнээс татгалзах хүсэлтийг хариуцагч байгууллагад 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан ба уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувиар эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн шаардлагыг хангаагүй ч хариуцагч уг үйл баримтын талаар маргаагүй, уг хүсэлтэд хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 81 тоот албан бичгээр хариу өгсөн нөхцөл байдлыг харгалзан үзвэл нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар талууд маргаагүй гэж дүгнэнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс хэдийд ч татгалзах эрхтэй бөгөөд гэрээний нөгөө тал болох хариуцагч байгууллага нь мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах хугацаа тогтоогоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсны үр дагавар болох гэрээний 5.2-т заасан бүртгэлийн хураамжийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь гэрээнээс татгалзсан тохиолдолд урьдчилгаа төлбөр болох 1 000 000 төгрөгийг буцаан төлөхгүй гэх тайлбараа талууд гэрээний 6.4 дэх хэсэгт зааснаар тохиролцсон гэж маргасан.

 

Гэрээний 5.2, зургаадугаар хэсгээс үзвэл 1 000 000 төгрөгийг талууд бүртгэлийн хураамж гэж тодорхойлжээ. Гэрээний талууд гэрээний нөхцөлөө өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч энэ тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн байх ёстой. Иргэний хуульд гэрээгээр бүртгэлийн хураамж авах эрхтэй талаар зохицуулаагүй, харин гэрээний үнэ төлөх, гэрээний үнийг урьдчилан төлөх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болох дэнчин тавих, баталгаа гаргуулах, нэг тал үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотойгоор нөгөө тал учирсан хохирлоо шаардах зэрэг иргэний эрх зүйн хариуцлагын талаар тохирч болох бөгөөд бүртгэлийн хураамжийн агуулга нь иргэний эрх зүйн хариуцлагын алинд нь хамаарч байгаа талаар хариуцагч байгууллага нь тодорхой тайлбар гаргаагүй байна.

 

Түүнчлэн хариуцагч байгууллага нь бүртгэлийн хураамж авах эрхтэй эсэхээ баримтаар нотлоогүй, 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн хүүхдийн сургалтад зориулж зарцуулсан эсэх талаарх баримтгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт заасан зайлшгүй зардалд тооцох боломжгүй юм.

 

Хариуцагч байгууллага нь сургалтын үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий этгээд тул гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөлийг хангах үүрэгтэй ба гэрээний 5.2, 6.4 дэх хэсэгт заасан бүртгэлийн хураамж төлөх нөхцөлийг мөн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар санал хүлээн авагчийн талд ашигтайгаар тайлбарлавал сургалтын урьдчилгаа төлбөр гэж дүгнэхээр байна.

 

Талууд гэрээг цуцалсан тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан өгөхгүй гэх тохиролцоо нь Иргэний хуульд нийцэхгүй тул гэрээний 6.4 дэх заалт хүчин төгөлдөр бус байхаас гадна гэрээний үнийн дүнгийн 12.5 хувийг зардалд тооцож суутгаж авах нь мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасан “гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон” гэж шүүх зөв дүгнэжээ.

 

Гэрээний нэг заалт хүчин төгөлдөр бус байх нь гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр буст тооцохгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00910 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Хобби бүрэн дунд сургууль” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

     ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

Э.ЗОЛЗАЯА