Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0155

 

“ДХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Номуулин, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “ДХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8/-д заасныг баримтланДХ ХХК-иас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 550 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 149 дэх хүснэгтэд заагдсан ДХ ХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ДХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г давж заалдах гомдолдоо: “Манай компани цахилгааны зардал өндөр гарч байсан тул өөрийн хөрөнгөөр барьж ашиглаж байсан цахилгаан хангамжийн 2*680 кВа буюу ХТП дэд өртөөний барилгыг гадна цахилгаан кабель шугамуудын хамт үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэлтээ 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д илэрхийлсэн боловч хуульд заасан 30 хоногийн хугацаанд хариу илүүлээгүй бөгөөд энэ талаар шийдвэр гаргаагүй гэж бодсоор ирсэн.

... Гэтэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 550 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 149 дэх хүснэгтэд манай компанийн дээрх дэд өртөөний барилгыг гадна цахилгаан кабель шугамуудыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэсэн байсан.

... Бүртгэхдээ Төрийн өмчит хуулийн этгээд эд хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журамд заасан ажиллагаануудыг хийгээгүй, холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, акт огт гаргаагүй, сонсох ажиллагааг хийгээгүй байтал анхан шатны шүүх журмыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн.

... Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “ДХ ХХК-аас “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 550 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 149 дэх хүснэгтэд заагдсан ДХ ХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“ДХ” ХХК 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн хөрөнгөөр барьж ашиглаж байсан цахилгаан хангамжийн 2*680 кВа буюу ХТП дэд өртөөний барилгыг гадна цахилгаан кабель шугамуудын хамт үнэ төлбөргүй шилжүүлэх тухай” хүсэлтийг[1] “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хүргүүлжээ.

Улмаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр тогтоол[2]-оор “Байгууллага, иргэд өөрийн хөрөнгөөр барьсан орон сууцны барилгуудын цахилгаан эрчим хүчний хангамж болох хаалттай дэд станц, цахилгаан дамжуулах кабель шугамыг эрчим хүч түгээх, хангах тусгай зөвшөөрөлгүй, ашиглалт засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх боломжгүйгээс уг хөрөнгийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөх 7.177.914.339 төгрөгийн үнэ бүхий цахилгааны зориулалттай эд хөрөнгө, тоноглолыг үнэ төлбөргүй шилжүүлэн авах асуудлыг дэмжсэнд нэхэмжлэгч “ДХ” ХХК-ийн “цахилгаан хангамжийн 2*680 кВа буюу ХТП дэд өртөөний барилга, түүний гадна цахилгаан кабель шугамууд” багтжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8/Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах”-аар олгосон бүрэн эрхийн хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар тогтоолоор баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ын “Гурав”-ын 3.2-т “Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрийн чиг үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эд хөрөнгийн жагсаалтыг гарган хуульд заасан хугацаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулна” гэж зохицуулжээ.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нэхэмжлэгч “ДХ” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн цахилгаан хангамжийн 2*680 кВа буюу ХТП дэд өртөөний барилгыг гадна цахилгаан кабель шугамуудын хамт үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэлтийг нь хүлээн авч, тухайн эд хөрөнгийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн авсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр барьж, ашиглаж байсан эд хөрөнгөө үнэ төлбөргүй төрийн өмчид шилжүүлэх хүсэл зоригоо эрх бүхий байгууллагад илэрхийлсэн, улмаар тухайн хүсэл зориг нь биелэгдсэн энэ тохиолдолд хариуцагч төрийн захиргааны байгууллагын маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.

Үүнээс гадна “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 24/1021 дүгээр албан бичгээс үзвэл нэхэмжлэгч “ДХ” ХХК “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай 2015 оны 02 дугаар сарын 23-нд гэрээ хийснээс хойш уг дэд станцыг 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд трансформаторын 3184628.7 төгрөгийн хоосон явалт тооцогдсон, үүнээс хойш буюу тухайн эд хөрөнгийг төрийн өмчид хүлээлгэн өгснөөс хойш хоосон явалтын төлбөр тооцож байгаагүйгээс үзвэл тухайн эд хөрөнгийг төрийн өмчид шилжүүлснийг нэхэмжлэгч “ДХ” ХХК мэдээгүй байсан гэж үзэх боломжгүй.

Нөгөөтээгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 /иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд/-д хуулийн этгээдийн өргөдлийг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагааг хийхгүй байж болохоор хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр барьсан эд хөрөнгөө үнэ төлбөргүй шилжүүлэн өгөхөө илэрхийлсэн хүсэл зориг хангагдсан тул хариуцагчийг сонсох ажиллагааг хийгээгүй гэж буруутах үндэслэлгүй.

Эдгээр нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ДХ” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

[1] Хэргийн 35 дахь тал.

[2] Хэргийн 167 дахь тал.