Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 22

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,  

нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Рашааныхан овогт Батсуурийн Б.Тт холбогдох эрүүгийн 1911017871191 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Малчны 1б тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Рашааныхан овогт Батсуурийн Б.Т /РД: ВЮ84092672/

                                                                                                                                 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын 1-51 тоотод оршин суух хохирогч Б.Тэгшдүүрэнгийн өвлийн сууцны вакум цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, 43 инчийн "Самсунг" загварын зурагт хулгайлж, нийт 329.760 төгрөгний хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Тын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө нь цагдаагийн байгууллагад гаргасан гэрчийн мэдүүлэгтээ айлаас зурагт хулгайлж аваагүй гэж худал мэдүүлэг өгсөн юм. Би одоо болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх гэж байгаа тул дахин гэрчийн мэдүүлэг өгөх гэж байна. Би 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Алтай хотхоны урд байрлах барилгын газарт өдрөөр ажиллаж байгаад тэр өдөр 7-8 хоног ажилласан хөлс болох 400.000 төгрөгний цалинг бэлнээр аваад замаараа хамт ажиллаж байсан хоёр хүнтэйгээ Саппорогийн буудлын ойролцоо бааранд хүний нэг нэг шил пиво, 1 шил хараа нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Би тухайн үед хамтран амьдрагч Б.Тэгшдүүрэнтэй гар утсаар холбогдоод хүүгээ аваад 21 дүгээр хороололд дүү Лутбаатарын гэрт хүрээд ирээч гэхэд ирэхгүй байхаар нь би Чингэлтэйн Тахилт гэх газар луу очоод байшингийх нь хаалгыг нүдээд онгойлгохгүй болохоор нь байшингийнх нь вакум цонхыг хөлөөрөө жийхэд онгойсон ба би байшин руу ороод зурагтны тавиур дээр байсан нимгэн хар зурагтыг хулгайлж авч гараад 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ханын материалын ойролцоо байдаг Өндөр настны автобусны буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг ломбарданд эхлээд 60.000 төгрөгөөр дараа нь нэмж 10,000 төгрөг авсан. Би тус зурагтыг ломбарданд тавьчихаад хөдөө ажлаар явсан байсан тул ээж Чимэг рүү гар утсаар холбогдоод 2 удаа сунгуулсан. Би ээж Чимэгт хүний зурагт байгаа юм гэж хэлсэн ба айлаас хулгайлсан гэж хэлээгүй. Би 2019 оны 08 дугаар сарын сүүлээр хөдөө ажлаасаа ирээд тус ломбарднаас мөнгийг нь өгч аваад танил Данзан гэх залууд миний өөрийн зурагт гэж хэлээд 100,000 төгрөгөөр зарсан. Би тухайн гэрт амьдардаггүй ба тэнд өмнө амьдарч байгаагүй. Тухайн зурагтыг захиран зарцуулах эрх байхгүй. Би бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 37х/,

хохирогч Б.Тэгшдүүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ...20 цаг 30 минутийн үед хүү Хишигдаваагийн толгой нь хөдөлсөн байсан тул ээж Цэдэнхоролын хамт бариач явж бариулсан. Тэгээд 23 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн цонх нь онгорхой байсан. Тэгээд гайхаад хаалга онгойлгоод ортол манай Самсунг брендийн зурагт алга болсон байсан. Би өөрийн хуучин нөхөр Б.Тыг сэжиглэж байна... ... 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр утсаар Б.Ттай яриад хүүхэдтэйгээ уулзах гээд манай гэр лүү ирэх гэж байна гэж хэлж байсан. Тус алдагдсан зурагт миний эзэмшлийн зурагт. Тус зурагтыг хэрэгцээ гарвал миний ээж Цэдэнхорол, миний дүү Лхагвадорж нар л захиран зарцуулах эрхтэй. Түүнээс Б.Тт захиран зарцуулах эрх байхгүй. Манай гэр бүл 2018 оны 11 дүгээр сараас тухайн хаяганд байрлаж байгаа байшинд амьдарч байгаа. Б.Т тус байшинд амьдарч байсан удаа байгаагүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. 8 гэж дугаарлаж авсан мөр нь Б.Тын баруун гарын алгаар үүсгэгдсэн цонхны гадна талаас авсан мөр байна гэсэн дүгнэлт гарсан байсан. Тухайн дүгнэлттэй санал нийлж байна. Б.Т нь зурагт алдагдсан байшинд надтай амьдарч байгаагүй ба цонхны гадна талд гар нь хүрэх ямар ч үйлдэл хийгээгүйг би болоод миний ээж Цэдэнхорол дүү Лхагвадорж нар гэрчилнэ..." гэх мэдүүлэг /хх-ийн 24, 26х/,

гэрч О.Чимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Миний санаж байгаагаар наадмаас нилээд хойно байхаа манай хүү Б.Т хөдөө явахдаа энэ зурагтыг алдчихгүй сунгуулж байгаарай гээд нэг ломбардны бичиг үлдээгээд намайг иртэл сунгуулаарай би ажлаасаа бууж ирээд авна шүү хүний зурагт байгаа юм гээд явсан. Харин 2019 оны 09 дүгээр сард ирэхээр нь нөгөө зурагтын хугацаа чинь дуусах вий гэхэд хүү маань би очоод зурагтаа аваад хүнд нь өгчихсөн гэж хэлсэн. Ямар брендийн зурагт байсныг би мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 39х/,

Криминалистикийн шинжээчийн 3615 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн "8" дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000710010150 дугаараар бүртгэгдсэн Батсуурийн Б.Тын баруун гарын алгаар үүсгэгдсэн..." гэх дүгнэлт /хх-ийн 46х/,

Шинжээч Э.Сүхболдийн "...2019 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 3615 дугаартай шинжээчийн дүгнэлт нь миний гаргасан дүгнэлт. 3615 дугаартай дүгнэлтийн 3 дугаар заалтанд "шинжилгээнд ирүүлсэн 8 дугаартай гарын мөр нь Б.Тын баруун гарын алгаар үүсгэгдсэн" нь Б.Тын баруун гарын алганы хээний урсгалууд, түүнд агуулагдах дүрсийн онцлог шинж тэмдгүүдийн харилцан байрлалууд нь цэгц байдлаараа адилтгалын ач холбогдол өндөр дахин давтагдашгүй хоорондоо тохирч байгаа тул уг хүний баруун гарын алгаар үүсгэгдсэн гэж үзэж дүгнэлт гаргасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 41х/,

Дамно ХХК-ий "...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 06 дугаарсарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 329,760 төгрөгөөр үнэлэв..." гэх Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-54х/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17-18х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Тыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүний байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тэгшдүүрэнд учирсан хохирол болох 329.760 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” загварын зурагтыг, шүүгдэгч Б.Т нь тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Тт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохиролоо бүрэн нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шйидвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Рашааныхан овогт Батсуурийн Б.Тыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Тын цагдан хоригдсон нийт 14 /арван дөрөв/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Т бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ