Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 23

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Г.Д,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигин овогт Ганболдын Г.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911025991279 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх захын 51 дүгээр лангуун дээр мах зардаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 дугаар хэсэгт Сургуулийн 1352-а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Ганболдын Г.Д /РД: ЗЮ81011205/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ яллагдагч Г.Д нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан, үйл ажиллагаа явуулдаг "Хүчит шонхор" худалдааны төвд хохирогч Ж.Цэвэлмаатай маргалдан, улмаар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "...Тус өдрийн өглөө 06 цагийн үед Хүчит шонхор зах дээр очиж Нанжаа гэх хүнд үхрийн мах захисан байсан болохоор махаа авах гээд очсон чинь Цэвэлмаа гэх эмэгтэй би энэ махыг авна гэж хэлээд зогсож байсан бөгөөд Нанжаа "Дулмаа махаа аваарай" гэж хэлсэн болохоор машин дээрээс махаа буулгах гээд байж байсан чинь Цэвэлмаа гэх эмэгтэй урдаас харж зогсож байгаад "Би энэ махыг авна, авах гэж байсан юм" гэж хэлээд 2 гараараа намайг түлхсэн бөгөөд тухайн үед миний уур хүрээд зөрүүлээд барьж явсан тортой зүйлээрээ саваад бие хэсэгт нь цохих үед Цэвэлмаа гэх эмэгтэй гараараа хаагаад би гар луу цохиод эргэж хараад явж байсан чинь араас толгойн тус газарт гараараа цохихоор нь эргэж хараад Цэвэлмаатай хэрэлдээд бид хоёр муудалцаад бие бие лүүгээ дайрсан чинь тэр хавьд явж байсан үл таних эрэгтэй бид хоёрын дундуур орж ирээд салгасан бөгөөд тухайн үед Цэвэлмаа гэх эмэгтэй "чи миний гарыг ийм болгочихлоо шүү дээ" гээд надад харуулж байсан. Миний барьж явсан цэнхэр торонд "Safequard" гэдэг нэртэй 225 мл савалгаатай хуванцар савтай гарын шингэн саван, 2 дөрвөлжин хайрцагтай эмэгтэйчүүдийн өдөр тутам байсан. Би гартаа барьж явсан цэнхэр тортой зүйлээрээ Цэвэлмаагийн бие хэсэгт 2 удаа цохисон..."

"...Тухайн хэрүүл маргаан гарч байх үед Нанжид, Ганбаа гэх хүмүүс байсан. Цэвэлмаагийн биед дээрх гэмтлүүдийг би гартаа барьж явсан тортой зүйлээрээ 2 удаа цохисон бөгөөд тухайн үед үүссэн гэж бодож байна. Мөн бид хоёр бие бие лүүгээ дайрах үед гарыг нь маажсан байж магадгүй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 17-20х/

хохирогч Ж.Цэвэлмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би "Нарантуул-2" зах дээр махны худалдаа эрхэлдэг бөгөөд өглөө бүр "Хүчит шонхор" зах дээр очиж шинэ малын мах авдаг юм. Тус өдрийн өглөө 06 цагийн үед "Хүчит шонхор" зах дээр Нанжид гэх хүнээс үхрийн мах авах гээд ярилцаж байгаад Нанжид гэх хүнд "За би нэг тойроод хүрээд ирье, 7.400-д өгвөл авъя" гэж хэлээд зогсож байсан чинь Хандаа гэх эмэгтэй хүрч ирээд "Би энэ үхрийг авмаар байна, би урьд шөнө Нанжид руу яриад хэлсэн байсан юм" гэж хэлээд надтай мах булаацалдаад байсан бөгөөд над руу ойртоод зогсоод байхаар нь тохойгоороо түлхээд эргэж хараад явах гэсэн чинь араас Хандаа гэх эмэгтэй миний толгой руу цохихоор нь би эргэж хараад "яаж байгаа юм бэ, яагаад миний толгой руу цохиж байгаа юм" гэж хэлсэн чинь "яадаг юм бэ" гэж хэлээд намайг маажих гээд гараа сарвайлгаад дайраад урдаас орилж байгаад гартаа барьж явсан цэнхэр тортой зүйлээрээ миний зүүн мөр, зүүн гар луу цохисон бөгөөд тэр үед миний зүүн гарын дунд хуруу үе хэсгээрээ нуглараад тэнийхгүй байхаар нь Хандаа гэх эмэгтэйд "чи миний гарыг ийм болгочихлоо, чи хардаа" гэж хэлсэн чинь "одоо яах вэ дээ" гэж хэлээд над руу дайраад миний баруун гарыг татаж байгаад маажаад яваад өгсөн. Миний харснаар цэнхэр торон дотор нь ундааны сав харагдсан өөр юу байсан талаар мэдэхгүй байна. Намайг цохих үед их том хатуу зүйлээр гар, мөр лүү савж цохисон. Би Хандаа гэх эмэгтэйг нэг удаа тохойгоороо бие рүү нь түлхсэн бөгөөд над руу дайраад орилоод миний гар, мөр лүү цохих үед нь би нэг удаа хөлний шилбэ хэсэгт нь өшиглөсөн. Махны худалдаа хийдэг Ганбаа гэх залуу Хандааг "болиоч ээ, эмэгтэй хүн байж" гэж хэлээд холдуулж байсан болохоор намайг цохисон талаар харсан байх. Тухайн хэрүүл маргаан болсон газар хяналтын камер тусдаггүй мухар газар байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 13х/

гэрч Д.Нанжидсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тус өдрийн өглөө Цэвэлмаа манайхаас үхэр авна гэж 06 цагийн үед ирээд мах "үнэтэй байна, доошоо ярих уу, за за би авахаа болилоо" гээд л эргэж буцаад манай бөөний дэлгүүрийн ойр хавиар эргэлдээд байж байх хооронд Хандаа гэх эмэгтэй хүрч ирээд Цэвэлмаагийн авна, авахгүй гээд байсан махыг би авах гэж байсан юм, би авна гэж хэлээд тэр 2 махнаас болоод хэрэлдээд эхэлсэн бөгөөд миний харснаар Цэвэлмаа Хандааг 1 удаа нүүр лүү нь алгадаад авсан чинь Хандаа Цэвэлмааг түлхээд тэр хоёр бие биенээ хэл амаар доромжлоод орилоод байсан ба тэр үед нь би ажлаа хийж байсан юм. Нэг мэдсэн чинь тэр хоёр хэрүүл хийхээ болиод Хандаа хүрч ирээд надаас махаа аваад яваад өгсөн. Хандаа гэх эмэгтэй гартаа жижиг цүнх барьсан байсан. Ямар өнгөтэй байсанг нь санахгүй байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23х/

гэрч Ж.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би махны худалдаа "Хүчит шонхор" зах дээр Нанжидсүрэнтэй хамт хийдэг юм. Тухайн өдөр Цэвэлмаа гэх худалдан авагч үхрийн мах авна авахгүй гэж бөөн юм болж болж байгаад сүүлдээ 100 төгрөг буулгачих гээд зогсож байх үед Г.Д гэх худалдан авагч ирээд тухайн үхрийн махыг худалдаж авахаар болох үед Цэвэлмаа гэх хүн Г.Дад "би энэ махыг авах гэж байна, чи яах гээд байгаа юм" гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байх шиг байсан бөгөөд би тухайн үед ажлаа хийж байсан болохоор төдийлөн анзаараагүй юм. Гэнэт цохисон уу, алгадсан уу, мэдэхгүй гэнэт тас, няс гэж дуу гарсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25х/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 11705 дугаартай дүгнэлт: "... "...Ж.Цэвэлмаагийн биед зүүн сарвууны дунд хуруу, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, /хх-ийн 27х/

Нэмэлтээр хийсэн шинжээчийн 1377 дугаартай "...Ж.Цэвэлмаагийн биед нэмэлтээр зүүн сарвууны дунд хурууны нугалагч шөрмөсний урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой. Ж.Цэвэлмаагийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна..." гэх дүгнэлт, /хх-ийн 32-33х/

Шинжээч Ш.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Ж.Цэвэлмаагийн биед учирсан зүүн сарвууны дунд хурууны нугалагч шөрмөсний урагдал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох, мушгих үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлийг хохирогч гараараа хүний толгой руу цохих үед үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь нэг удаагийн мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой..." гэх мэдүүлэг  /хх-ийн 36х/  болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Г.Дын хохирогч Ж.Цэвэлмаатай үл ялих шалтгааны улмаас маргалдан, улмаар харилцан зодолдох явцадаа түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Цэвэлмаад учирсан хохиролын нэхэмжлэлээс хавтас хэрэгт баримтаар авагдсан нийт 258.150 төгрөгийг, шүүгдэгч Г.Даас гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв. Харин хохирогч Ж.Цэвэлмаа бусад нэхэмжлэл, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг холбогдх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх нь эрхтэйг дурдаж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Г.Дад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугайй хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Боржигин овогт Ганболдын Г.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дыг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Г.Дыг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Даас нийт 258.150 /хоёр зуун тавин найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Цэвэлмаа /РД:УГ72043003/-д олгосугай.

 

6. Хохирогч Ж.Цэвэлмаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардал зэргээ холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Дад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ