| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00511/И |
| Дугаар | 553 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 553
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ч.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 7-р ангийг 1972 онд төгсөөд мал малласан. Тэгээд 1978 оны 06 дугаар сараас 1981 оны 06 дугаар сарын хооронд цэргийн алба хаасан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн юм. Иймд намайг 1972 оны 06 дугаар сараас 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би 1974 онд тэргүүний төлчин болоод Залуучуудын үнэн сонин дээр бичигдэж байсан. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Надад өөр баримт олдохгүй байна. Харин хэрэгт миний 1981-1987 онд жолоочоор ажиллаж байсан талаарх баримтууд хавсаргагдсан байгаа. Би энэ хугацааг тогтоолгох гээгүй, илүү хавсаргасан байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* нь 1972 оны 06 дугаар сараас 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1538 дугаартай лавлагаа,
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын лавлагаа,
-1974 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Залуучуудын үнэн сонины хуулбар,
-Гэрч Г.*******гийн Ч.******* нь 1972 оноос Ховд аймгийн сумын Шинэ зам нэгдлийн 4-р бригадад аав, ээжийнхээ хамт мал маллаж байсан. Тэрээр 1992 он хүртэл нэгдэлд мал малласан. Би мөн нэгдэлд мал маллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч С.ын Ч.******* нь 1972 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл мал малласан. Би тэр үед нэгдлийн бригадын дарга, тоо бүртгэгч байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Ч.******* нь 1972 оны 06 дугаар сараас 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын 3-р бригадад малчнаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн аймгийн архивын тасгаас Ч.*******д дээрх хугацаанд холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1538 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ч.*******ыг 1972 оны 06 дугаар сараас 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын 3-р бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь хэрэгт 1981-1987 онуудад ажиллаж байсан байдлын талаарх баримтуудыг хавсаргасан байх бөгөөд хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа энэ хугацаанд ажиллаж байсан талаарх байдлаа тогтоолгохгүй, илүү хавсаргасан баримтууд байна гэж тайлбарлаа. Иймд хавтаст хэргийн 4, 10-15 дугаар хуудаст авагдсан баримтуудыг үнэлээгүй болно.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ыг 1972 оны 06 дугаар сараас 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын 3-р бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА